Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/970

 




 

2022           10              06                                     2022/ДШМ/970

 

Ц.Ц холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ц.Ц , түүний өмгөөлөгч Д.О , И.Э ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О , И.Э  нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ц холбогдох эрүүгийн 2110000001239 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

............  овгийн Ц.Ц , .............  оны .... дугаар сарын ... -ний өдөр............    аймгийн ............   суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, , ............  ам бүл .... , эхнэр, хүүхдийн хамтаар ............   дүүргийн ...  дугаар хороо, ............  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, / РД: ............  /, 

Шүүгдэгч Ц.Ц нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн ............  ............ албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Эрэлийн 36 дугаар байрны зоорийн давхарт хүн эхнэрээ зодоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч Б.С “олон нийтийн газар зөрчил гаргасан учир зөрчлийн хуулиар торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны байранд байрлах өөрийн албан өрөөнд бэлэн 100,000 төгрөгийг авч “1074264” дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулж 25,000 төгрөгийг Төрийн сангийн .................  дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл болох 75,000 төгрөгийг өөртөө авч залилан, хохирогч Б.С 75,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Ц- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “шүүгдэгч Ц.Ц г албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц- г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Ц гээс 75.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С олгохоор  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О , И.Э  нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо болон өмгөөлөгч И.Э  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Хохирогч, гэрчийн мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй байхад анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт өгч шийдвэрлээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.  Өөрөөр хэлбэл, гэрч Ань “манай ажлын хүмүүс цагдаа дээр мөнгө төгрөгтэй очихгүй бол гаргахгүй шүү, 100.000 төгрөгөөр гаргадаг, янз янз байдаг гэхээр нь урд өдөр цалин буусан учраас картнаасаа 100.000 төгрөг аваад Цагдаа дээр очсон” /1хх-48/ гэж мэдүүлдэг. Гэтэл А нь 1 дүгээр хавтаст хэргийн 180 талд  “цагдаагийн албан хаагч 100.000 төгрөгөөр торгоно гэсэн учраас 100.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлдэг. Эдгээр мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй буюу А мэдүүлгээр анхнаасаа Цагдаагийн албан хаагч 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлээгүй байхадА нь өөрийн санаачилгаар 100.000 төгрөг авч очсон нь харагдаж байгаа. А , АТМ-ээс мөнгө авсан баримт нь Ц.Ц мөнгө өгсөн гэх баталгаа биш бөгөөд хүн АТМ-ээс мөнгөө аваад юунд ч зарцуулсан байж болох бөгөөд А, С нар нь анхнаасаа худал мэдүүлэг өгч мэдүүлэг нь хоорондоо зөрсөн байдаг. А , С нараас Мөрдөгч мэдүүлэг авахад Ц.Ц нь таныг /1хх-189/ 25.000 төгрөгөөр торгосон уу гэж асуухад С нь 25.000 төгрөгөөр огт торгоогүй 100.000 төгрөгөөр торгосон гэж мэдүүлэг өгдөг боловч хэргийн явцад 25.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас гарч ирсэн бөгөөд тэр хуудсан дээр С нь өөрөө гарын үсгээ зурсан байдаг. Шүүгдэгч Ц.Ц нь албаныхаа чиг үүргийн хүрээнд 25.000 төгрөгөөр торгож төрийн санд мөнгөө тушаасан байхад С  ,А нар нь 25.000 төгрөгөөр торгоогүй гэж худлаа мэдүүлэг өгсөн нь харагдаж байхад анхан шатны шүүх энэхүү гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй шууд яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлд заасан залилангийн гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг. ... Гэтэл гэмт хэргийг зүйлчлэхдээ өрсөлдөх хэм хэмжээг нэг бүрчлэн шалгаж, хууль зүйн фактад эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэж чадаагүй байна. Учир нь, Ц.Ц нь олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд 75.000 төгрөгийг төрийн санд тушаах байтал өөртөө завшиж, 25.000 төгрөгийг тушааж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчлэгдэх буюу залилан мэхлэх гэмт хэргийн өрсөлдөх хэм хэмжээг судлаагүй шууд дүгнэлт өгч байгаа нь хэргийг зөв зүйлчлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Ц.Ц нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Б.С ын үйлдлийг шалгаж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгон шийтгэх хуудас бичиж тухайн шийтгэлийн орлогыг тушаах эрхтэй. Гэтэл өөртөө авсан үйлдэл гэж үзвэл итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших шинжтэй байхад өрсөлдөх хэм хэмжээг шалгах ёстой байсан. ... Цагдаагийн байгууллагын шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/247 тоот журмын 812.4.6-р зүйлд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагчид олгосон шийтгэлийн хуудсыг хариуцсан албан хаагч /эд хариуцагч/-тай тооцоо үүсгэж бүртгэнэ. Мөн журмын 812.4.9-р зүйлд “шийтгэлийн хуудас, тооцоот маягтын тооцоог байгууллагын санхүүтэй хийх боломжгүй алслагдсан цэгт ажиллаж байгаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагч нар орлого зарлагын баримтаараа сард 1-ээс доошгүй удаа өөрийн биеэр тооцоо хийнэ” гэж заасны дагуу Ц.Ц итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө нь шийтгэлийн хуудас байх боломжтой байна. ... Шүүх өрсөлдөх хэм хэмжээг нэг бүрчлэн шалгаж хууль зүйн фактад эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ц.Ц гийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.7-р зүйлийг хэрэглэх боломжтой тул Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Иймд Ц.Ц холбогдох зөрчил нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасныг баримтлан 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү’’ гэв.

Шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч Д.О  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний үйлчлүүлэгч 100.000 төгрөг аваагүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас мэдүүлсээр ирсэн. Хохирогч “огт торгуулаагүй, гарын үсэг зураагүй” гэж мэдүүлсэн боловч 25.000 төгрөгөөр торгуулж гарын үсгээ зурсан байдаг. Энэ үйл баримт нь хэрэгт хамгийн ач холбогдолтой үйл баримт тул үүнийг анхаарах ёстой. Миний үйлчлүүлэгчид бэлэн мөнгөтэй харьцах, түүнийг хураах, төрийн санд тушаах эрх хуулиар олгогдсон. Зөрчил болон эрүүгийн гэмт хэрэг нь энэ зүйл нь 300.000 төгрөгөөр зааглагдаж, ялгагдаж байна гэж ойлгож байгаа. Энэ агуулгаас үзэхэд энэ хэрэг нь зөрчлийн хэрэг гэж харагдаж байна. Миний үйлчлүүлэгч 29 настай, цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ийм залууг ийм асуудлаас болж цагдаагийн албанаас чөлөөлөх нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан” гэв. 

Прокурор Л.Төгс-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдал нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Баттөгсийн илтгэх хуудас, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай материал, гэрч А мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Дээрх нотлох баримтуудаар Ц.Ц нь Хан-Уул дүүргийн нийтийн хэв журам сахиулах тасгийн хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байхдаа С т 1074264 дугаартай шийтгэх хуудсаар шийтгэл оногдуулсан. Хэдийгээр ингэж шийтгэл оногдуулсан ч хохирогчийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан олон нийтийн газар танхайрах зөрчил гаргасан тул 100.000 төгрөгөөр торгоно гэж хуурч бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 1074264 дугаартай шийтгэх хуудсаар халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өөрийн албан байрандаа 100.000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, засварласан байдал харагддаг учир 1074264 дугаартай шийтгэх хуудсаар халхавчилсан гэж үзсэн. Түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзсэн. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцдаа мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй. Энэ эрхээ С ыг залилан түүний 75.000 төгрөгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан болох анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус дүүргийн 1 дүгээр хороонд “хүн эхнэрээ зодоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу С т холбогдуулан шүүгдэгч Ц.Ц зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн шинжгүй үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзах шийдвэр гаргасан хэр нь 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан баримт албаны шалгалтаар илэрсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2 төрлийн шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарласан. Тайлбарлахдаа “...би хууль мэддэггүйгээсээ болоод ийм шийдвэр гаргасан...” гэсэн байдаг. Зөрчлийн тухай хуульд зааснаар Ц.Ц нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд бөгөөд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Ц.Ц нь С ыг Зөрчлийн тухай хуульд заасан олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгож, 100.000 төгрөгийг бэлнээр авсан нь хавтаст хэргийн 18, 19 дүгээр талд авагдсан С ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 24, 25 дугаар талд авагдсан А гэрчээр өгсөн мэдүүлэг, 1074264 дугаар шийтгэлийн хуудасны хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогч С , гэрч А нараас мэдүүлэг авахдаа тэдгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрх үүрэг, гэрчийн эрх үүргийг тайлбарлаж, баталгаа гаргаж мэдүүлэг авсан. Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч, гэрч нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Ц.Ц гийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн эс үйлдэхүйг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хохирогчийн 75.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгссөн. Нийгмийн аюулын хэр хэмжээний талаар яригдлаа. Төрийн албан хаагчийн хувьд нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг алдагдуулж, төрийн албаны нэр хүндийг олон нийтийн дунд үнэгүйдүүлж байгаа үйлдлээр тогтоодог учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзэхгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.Ц нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан Цагдаагаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36 дугаар байрны зоорийн давхарт хүн эхнэрээ зодоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч Б.С “олон нийтийн газар зөрчил гаргасан учир зөрчлийн хуулиар торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны байранд байрлах өөрийн албан өрөөнд бэлэн 100.000 төгрөгийг авч “1074264” дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулж, 25.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн .................  дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл болох 75.000 төгрөгийг өөртөө авч залилан, хохирогч Б.С 75.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.С нь шүүгдэгч Ц.Ц мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч Б.С ын “...Тухайн үед манайх ХУД-ийн 1-р хороо, Эрэлийн 36-р байрны 00 тоотод амьдарч байсан. 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манай найз Ж, нөхрийнхөө хамт манай гэрт ирсэн. Бид Ж нөхрийнх нь төрсөн өдрийг тэмдэглэж архи ууцгаан дуулж найралсан. Нэг мэдсэн би эрүүлжүүлэх байранд байсан. Ямар ч байсан дуу дуулцгаасан. Арай хэтэрхий чанга дуулцгаасан юм шиг байгаа юм. Юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь буюу 2020 он 5 дугаар сарын 17-ны өдөр залуухан цагдаагийн албан хаагч манай эхнэр А  бид 2-оос мэдүүлэг тайлбар авч, цагдаагийн албан хаагчид манай эхнэр гомдол саналгүй гэх хүсэлт гараар бичиж өгсөн. Тэгээд уг цагдаагийн албан хаагч намайг олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, зөрчил гаргасан учраас 100.000 төгрөгийг уг цагдаагийн албан хаагч авсан. Тэгээд бид 2 харьсан. Дахин цагдаагийн байгууллагаас дуудаж уулзаагүй. Эрх бүхий албан тушаалтан Ц.Ц намайг 25.000 төгрөгөөр торгосон асуудал байхгүй. Намайг олон нийтийн газар зөрчил гаргасан учраас 100.000 төгрөгөөр торгоно гээд манай эхнэр А ээс бэлэн 100.000 төгрөгийг уг цагдаагийн албан хаагч авсан ... ” /2 хх 24-25/ гэх мэдүүлэг нь: 

Гэрч О.А ийн “ ... Цагдаагийн албан хаагч Ц.Ц манай нөхрийг 25,000 төгрөгөөр торгоно гэж огт хэлж яриагүй. Харин зөрчил гаргасан гээд 100,000 төгрөгөөр торгодог гээд надаас бэлнээр 100,000 төгрөг авсан. Манай нөхөр Б.С цагдаагийн албан хаагчид мөнгө өгөх үед хажууд хараад зогсож байсан. Би уг цагдаагийн албан хаагчид 10.000 төгрөгийн 10 ширхэг мөнгөн дэвсгэртээр нийт 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед манай нөхөр Б.С ын цалин буусан, бид 2 бэлэн мөнгөтэй байсан. Манай нөхрийн Хаан банкны 5315368880 дугаарын данснаас тодорхой харагдана. Өмнө нь бид нар дансны хуулгаа гаргаж өгсөн. Манай нөхөр бид хоёрыг гарын үсгээ зур гээд зуруулаад байсан болохоос 25.000 төгрөгөөр торгох талаар тайлбарлаж, танилцуулсан асуудал байхгүй. ... ” /2 хх 27-28/,

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Б 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “ ... Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36-р байрны пудвольд “зодоон болоод байна” гэх гомдол мэдээллийг зөрчлийн 2751 дугаар бүртгэж, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Ц шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  зааснаар зөрчлийн шинжгүй гэж татгалзсан ... ” гэх илтгэх хуудас /1 хх 11-21/

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 799 дугаартай тогтоолоор “ ... иргэн Б.С нь эхнэр О.А ийг  цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл тогтоогдохгүй ...” гэж 91929382-аас гаргасан гомдлыг хүлээн авах татгалзаж, ямар нэгэн торгууль оногдуулсан талаарх баримт авагдаагүй Зөрчлийн хэргийн материал /1 хх 96-102/, 

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 26к2/2821 дугаартай албан бичиг /1 хх 250/, 

Торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, гудамж талбайд архидан согтуурсан байх тул Зөрчлийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгосон” гэх зөрчлийн бүртгэл, шийтгэлийн хуудас  /2 хх 1-13/, 

Б.С ын эзэмшлийн Хаан банк дахь 5315368880 дугаартай данснаас “100.000 төгрөг” шилжүүлсэн тухай дансны хуулга /2 хх 18-19/,

Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5б/3563 дугаартай албан бичиг, хавсралт /1хх 121-153/, 

Албан тушаалын тодорхойлолт /1 хх 123-127/, Ажил байдлын тодорхойлолт /1 хх 150-151/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Ц г албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “ ... Миний үйлчлүүлэгч Цагдаагийн байгууллагын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/247 тоот журамд заасны дагуу бэлэн мөнгөтэй харьцах, түүнийг хураах, төрийн санд тушаах эрхтэй. ... Хэрвээ хохирогчийн мөнгийг авсан гэж үзвэл шүүх өрсөлдөх хэм хэмжээг дүгнэх ёстой буюу Ц.Ц гийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 8.7-р зүйлд заасан “Хөрөнгө завших” зөрчлөөр зүйлчлэх байсан. ...” гэх  агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг.

Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөртөө авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны чиг үүрэг, эрх мэдлийг ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Аливаа гэмт хэрэг нь хүний гэмт үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг бөгөөд энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ц.Ц г цагдаагийн албаны үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хохирогч Б.С ын холбогдсон үйлдэлд зөрчлийн хэрэг нээгээгүй атлаа Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан мэтээр түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг  далимдуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 100.000 төгрөгийг авч “1074264” дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж 25.000 төгрөгийг төрийн санд шилжүүлж, үлдэгдэл 75.000 төгрөгийг өөртөө авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-т “ “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;”, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авилгын эсрэг хуулийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;” гэж тус тус заажээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 13 дугаар зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн”-г төрийн тусгай албан тушаалд хамааруулахаар хуульчилсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн байцаагчаар томилогдсон байх бөгөөд тэрээр өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг сахиулах, хяналт тавих үүрэгтэй төрийн тусгай албан тушаалтан байхдаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:” 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Ц гийн үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан бага бус хэмжээний хохирол байх боловч түүний дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байх тул хохирлын хэмжээ шаардахгүй юм. 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзэв. 

Иймд шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч Д.О , И.Э  нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О , И.Э  нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Т.ӨСӨХБАЯР 

ШҮҮГЧ           М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН