Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0049

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би, О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдох О******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн автомашины гарааштай спорт заалны барилгын суурь байгаа 3112 м.кв газрыг Х******* ХХК-д шилжүүлсэн Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл тооллого, хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ш*******ын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13-ны өдрийн 1/2172 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* ХХК, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шинэхүү, гуравдагч этгээд Х******* ХХК-ийн захирал Ц.О******* нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Талууд үүссэн маргааныг дараах нөхцөлөөр шийдвэрлэхээр харилцан тохиролцов. Үүнд:

2.1.1 Нэхэмжлэгч нь О******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн автомашины гаражтай спорт заалны барилгын суурь байгаа 3112 м.кв газрыг "Х******* ХХК-д шилжүүлсэн Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл тооллого, хянаптын газрын даргын үүргчйг түр орлон гүйцэтгэгч Б.Ш*******ын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13-1/2172 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны

06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 тоот захирамжийг хүчингүй болгуулах

 

нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

2.1.2 Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн автомашины гаражтай спорт заалны барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 40,716,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкин дахь 50*******тоот дансанд 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дотор шилжүүлнэ.

2.1.3 Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2016 оны 6 дугаар сарын 2 - ны өдрийн А/442 дугаар захирамжийн гүйцэтгэлийг бүрэн хангаж, Хан - Уул дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэрт эмнэлэг, сувиллын зориулалтаар 46759 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг "О******* ХХК-д гаргаж өгөх үүргийг хүлээнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О******* ХХК, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шинэхүү, гуравдагч этгээд Х******* ХХК-ийн захирал Ц.О******* нарын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр:

-Нэхэмжлэгч нь О******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн автомашины гаражтай спорт заалны барилгын суурь байгаа 3112 м.кв газрыг "Х******* ХХК-д шилжүүлсэн Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл тооллого, хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ш*******ын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13-1/2172 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж,

-Гуравдагч этгээд Х******* ХХК нь нэхэмжлэгчийн автомашины гаражтай спорт заалны барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 40,716,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкин дахь 50*******тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор шилжүүлэх,

-Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2016 оны 6 дугаар сарын 2 - ны өдрийн А/442 дугаар захирамжийн гүйцэтгэлийг бүрэн хангаж, Хан-Уул дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэрт эмнэлэг, сувиллын зориулалтаар 46759 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг "О******* ХХК-д гаргаж өгөх үүргийг тус тус хүлээжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийн Нэхэмжлэгч О******* ХХК, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шинэхүү, гуравдагч этгээд Х******* ХХК-ийн захирал Ц.О******* нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сайханзаяад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ