| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03201/И |
| Дугаар | 181/ШШ2024/03933 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/03933
2024 10 21 181/ШШ2024/03933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:..................тоотод оршин суух, Д.У /регистрийн дугаар: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, ......... байрлах, НШШГГхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц., гэрч Д.Э.н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02538 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01990 дүгээр магадлалаар Д.У гаас 729.240.000 төгрөг гаргуулж Алаг-Уул ган ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 87а байрны эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шүүхийн шийдвэрт тусгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч тус байрнаас төлбөр авагчийн хүсэлтээр 11, 21, 31, 58 тоотод байрлах нийт 171.41 мкв бүхий орон сууц, В1 давхарын 6 авто зогсоол, үйлчилгээний зориулалттай 289 мкв талбайг тус тус битүүмжлэн хурааж 1.884.758.973 төгрөгөөр /орон сууцны талбайг 3.190.342, үйлчилгээний талбайг 4.029.399 төгрөг, авто зогсоолыг 28.512.000 төгрөгөөр/ үнэлсэн байгаа нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж байна гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Төлбөр төлөгч Д.У д холбогдох 24280311 дугаартай гүйцэтгэх баримтыг 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үүсгэж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч шүүхийн шийдвэр биелүүлээгүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр авагчийн хүсэлтээр бусдад шилжээгүй хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж талуудаас хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулсан талаар санал авахад зөрүүтэй санал гаргасан. Төлбөр авагч хүсэлт гаргаж, хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг үндэслэж талуудад хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02538 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01990 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00114 дугаар тогтоол, 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 181/ГХ2024/00219 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Сүлд үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, төлбөр төлөгчид хүргүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4-151/13515 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 2-38/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.У нь НШШГГхолбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02538 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01990 дугаар магадлалаар: Д.У гаас 729.240.000 төгрөг гаргуулж Алаг-Уул ган ББСБ ХХК-д олгох, хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 87а байранд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 3-29, 55-83/
3.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст үндэслэн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 32-33, 52-83, 84/
3.3.Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096052 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 87а байр 0 тоотод байрлах хөрөнгө нь 1096 мкв талбайтай, үйлчилгээ орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаар анх Д.У гийн өмчлөлд бүртгэгдсэн, өнөөг хүртэл бүртгэл хэвээр, барилга бүхэлдээ нэг гэрчилгээтэй байгаа болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 226 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /хх 51, 140/
3.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, улмаар барьцаа хөрөнгө болох Д.У гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220409..дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 87а байрнаас 11, 21 31, 58 тоот буюу 4 ширхэг орон сууц, В1 давхарт байрлах 6 ширхэг автозогсоол, 1 дүгээр давхарт байрлах 289 мкв үйлчилгээний талбайг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 24780311/151-02 тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24780311/151-03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. /хх 141-148/
Барьцааны зүйл бүхэлдээ нэг барилга байх бөгөөд тухайн барилгаас төлбөр авагч талын хүсэлтээр захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээгүй, гуравдагч этгээдэд өмчлөлд шилжээгүй хэсгээр ажиллагаа явуулах хүсэлт гаргасны дагуу хэсэгчилж, 4 ширхэг орон сууц, 6 ширхэг автозогсоол, нэг үйлчилгээний талбай хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж хариуцагч тайлбарласан. Нэхэмжлэгч дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч битүүмжлэх, хураах ажиллагааг гомдол гаргаагүйг дурдав.
4.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас битүүмжлэгдсэн хөрөнгөд үнийн санал ирүүлэх талаар 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр утсаар мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ гэж заасан тул шүүх энэ ажиллагааг буруутгах үндэсгүй. Улмаар төлбөр авагч Алаг-Уул ган ББСБ ХХК-иас төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож чадаагүй үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлжээ. /хх 150-153/
Тус газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5/174 тоот тогтоолоор Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Д.Энхтайваныг шинжээчээр томилжээ. /хх 154/
5.Шинжээчээс дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096052 дугаарт бүртгэлтэй, 87а байрнаас 4 ширхэг орон сууц, 6 ширхэг авто зогсоол, нэг ширхэг үйлчилгээний талбайг нийтдээ 1.884.758.973 төгрөгөөр үнэлжээ. Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Д.У д 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4-151/13515 тоотоор мэдэгдлээр, төлбөр авагчид мөн өдрийн 4-151/13515 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байна. /хх 116-117/
6.Шинжээч дүгнэлтдээ: дээрх 87а байр нь зоорийн давхраас дээш 12 давхар, 1 орцтой, 1 дүгээр давхартаа үйлчилгээтэй орон сууцны барилга талаар дурдаад,
Барилгаас үнэлэгдэх гэж буй хэсэг болох 11 тоот нь 2 дугаар давхрын 43,70 мкв талбайтай хоёр өрөө орон сууц, 21 тоот нь гуравдугаар давхрын 30,91 мкв талбайтай нэг өрөө орон сууц, 31 тоот нь дөрөвдүгээр давхрын 48,40 мкв талбайтай хоёр өрөө орон сууц, 58 тоот нь долдугаар давхрын 48,40 мкв талбайтай хоёр өрөө орон сууц байгааг, зоорийн давхрын авто зогсоол нь тус бүр 18 мкв талбайтай 2,5,8,9,10,11 тоот зогсоолууд байгааг, үйлчилгээний талбай нь нэгдүгээр давхрын 289,64 мкв талбай байгааг тус тус дурдаж, улмаар
-автозогсоол тус бүрийг 28.512.000 төгрөгөөр,
-үйлчилгээний талбайг нэгмкв тутмыг 4.027.998 төгрөгөөр тооцож 1.166.830.340 төгрөгөөр,
-орон сууцыг нэг мкв тутмыг 3.190.343 төгрөгөөр тооцож, 11 тоотыг 139.417.974 төгрөг, 21 тоотыг 98.613.491 төгрөг, 31 болон 58 тоот орон сууцыг тус бүрт 154.412.584 төгрөгөөр үнэлжээ.
Шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдлаас хамааруулан үнэлгээчний өөрийн мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурлан сонголт хийн ашигласан талаараа тайланд тусгасан байна.
Үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаарх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан шаардлагуудыг хангаагүй гэх байдал тогтоогдоогүйгээс гадна үнэлгээ хэт бага талаарх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГхолбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.У гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ