| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2017/0358/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 27.11.1., |
| Улсын яллагч | Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0358/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Э.Баярсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч Ч-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Өлзийбаатарын Чулуунбаатарт холбогдох 1718003110131 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өөлд овогт Өлзийбаатарын Чулуунбаатар /РД:ТА82121870/, 1982 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтан жолоо” хоршоонд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 5 гудамж 85б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ч-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 63-38 ДАХ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б, У, Н нарыг мөргөж Б- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 б.в-д заасныг зөрчин хэргийн газрыг жолооч зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 63-38 ДАХ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашин жолоодож яваад явган зорчигч Б, У, Н нарыг мөргөж Б биед тархины дунд зэргийн няцрал, баруун ухархайн гадна дотор, доод хананы хугарал, баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр болон баруун гуя, өвдөг, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхийн хүндэвтэр хохирол, Д.Уранчимэгийн биед баруун мөр, зүүн шилбэ, зүүн шагайны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэрэг, мөн хэргийн газрыг жолооч зориуд орхиж зугтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч- өгсөн: Би 2017.10.14-ний өдөр хадланд яваад ирэхдээ найзуудтайгаа 1 шил архи болон пиво уусан. Согтууруулах ундаа хэрэглэчихээд явж байхдаа Б, У, Н нарыг мөргөчихөөд зугтаасан. Би эхлээд хохирогч нарыг мөргөснөө мэдээгүй. Тухайн үед би машинаасаа бууж ирээд хохирогч нартай хэрэлдэж маргалдсан. Түүний дараа Д.Уранчимэг, Д.Нармандах нарт өөрийнхөө машины дугаарыг хэлчихээд гэр лүүгээ явсан. Намайг гэртээ байхад араас цагдаа нар ирсэн. Би Нармандахад 50,000 төгрөг, Д.Уранчимэгт 110,000 төгрөг, Э.Баярсайханд эмчилгээний зардал 2,061,000 төгрөг, эм тарианы мөнгө гэж 300.000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг боломжоороо төлнө. Хохирогчийн хэлсэн 8,000,000 төгрөгийг нэг дор гаргаж өгөх боломжгүй. Харин хэсэгчлэн хувааж өгөх боломжтой гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Баярсайханы өгсөн: Миний эрүүл мэнд тааруу байна. Би нүдний эмч Оюунгэрэлийн хяналтад байгаа. Заримдаа миний нүд бүрэлзэж, толгой өвддөг. Мөн доод зовхи болон амандаа оёдол тавиулсан. Шүүгдэгчээс 2.361.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаас гадна цалингаа нэхэмжилнэ. Би сард 570.000 төгрөгийн цалин авдаг байсан. Эмч намайг хүнд юм өргөж, доргиж болохгүй гэж хэлсэн. Осолд орсны дараа эмрайд зураг авахуулах гэтэл Ч-мөнгөгүй байсан тул зургаа авахуулж чадаагүй. Одоо нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Осолд орсноос хойш 6 сарын хугацаанд ажилдаа яваагүй тул дээрх хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлыг буюу нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Иргэний нэхэмжлэгч Д.Уранчимэгийн өгсөн: “... Хар замын гадна шороон хэсгээр зам дагаад гар лүүгээ зам талдаа хамгийн захад Баярсайхан, голд нь би, нөгөө захад Нармандах бид 3 зэрэгцээд алхаж байтал араас гэнэт хурдтай мөнгөлөг өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бид 3-ыг мөргөж осол гаргасан. Мөргүүлээд Баярсайхан мөргүүлсэн газраасаа нилээн хол шидэгдээд гутал нь сугарч, газарт шороон дээр ухаан алдсан байсан. Миний хувьд зүүн хөл гишгэж чадахгүй болоод өвдөөд байсан. Толгой өвдөөд цээж хөндүүр оргиод байсан. ...Ө.Чулуунбаатараас 110.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг/ хэргийн 62-65/,
Гэрч Д.Нармандахын өгсөн: Баярсайхан, Уранчимэг бид 3-ыг шинэ тавигдсан хар замын баруун талаар замын гадна шороо хэсгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт алхаж байхад араас маш хурдтай мөнгөлөг өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бид 3-ыг мөргөж осол гаргасан. Тухайн үед миний толгой өвдөж байгаад гайгүй болсон. Өөр гэмтсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 70-72/,
Гэрч Д.Бүдхандын өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 00 минутаас 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 цаг 00 минут хүртэл хугацаанд Дархан сумын 1-3-р баг буюу Тосгон чиглэлд 112 дугаарын дуудлагын станцтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг өнгерч 102-н ерөнхий жижүүрээс дотуур холбоогоор Дархан сумын 2-р баг Октябрь гудамжны орчим 3 хүнийг машин дайрч зам тээврийн осол гаргасан байна, яаралтай яваад оч, хохирогч иргэдтэй уулз, ослын газрыг хамгаалалтанд ав гэсэн үүрэг өгсөн. Ингээд тухайн газарт яваад очиход үл таних 2 эрэгтэй, 1 эмэгтэй машинд мөргүүлсэн гэсэн өөрсдөө түргэн тусламж дуудсан гэсэн ба нэг эрэгтэй газарт унасан ухаангүй байсан, харин эмэгтэйн куртик нь ардаа урагдсан, хөл нь гэмтсэн гээд босож чадахгүй ёолоод газарт сууж байсан. Арай нас залуу эрэгтэйн биеийн байдал гайгүй, гэмтсэн бэртсэн ил шарх гэмтэлгүй байхаар нь тэр залуугаас болсон явдлыг асуухад тухайн залуу- бид нарыг сонота-6 маркийн саарал өнгийн 63-83 сан уу тиймэрхүү улсын дугаартай машинтай жолооч замын гадна хэсэг /өөрсдийгөө дайруулсан газраа зааж үзүүлэхэд нь замын гадна хэсгийг зааж байсан/-т зэрэгцээ харих гэж явж байхад араас ирж дайраад жолооч нь машинаасаа бууж ирээд бид нарыг доромжилж байгаад зугтаад яваад өгсөн, жолооч нь согтуу байсан гэж хэлсэн. Машины дугаараар биечилсэн эрэн сурвалжлага хийхэд 63-38 ДАХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн сонота-6 маркийнн тээврийн хэрэгсэл болох нь тогтоож гэрийн хаягаар очиход Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 5-85 тоот айл байсан. Хашаанд нь 63-38 ДАХ улсын дугаартай соната-6 машин тавиатай байсан. Машины байдлыг ажиглахад осол гаргасан бололтой урд гупрын зүүн тал хагарсан. Баруун талын толь хагарсан, урд салхины шил баруун талдаа цуурч гэмтсэн байсан цуурч гэмтсэн байсан... гэх мэдүүлэг /хэргийн 73-75/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-10/,
-Зам тээврийн ослын талаарх тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 11-13/,
-Ч- согтуурлыг шалгахад 1.38 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдлоо гэх жолоочийн согтуурлын шалгасан тэмдэглэл /хэргийн 14/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 24-26/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 27-30/,
-Хохирогч Э.Баярсайханы өвчний түүхийн хуулбар /хэргийн 38-58/,
-Хохирол төлсөн баримт /хэргийн 60 67/,
-Э.Баярсайханы биед тархины дунд зэргийн няцрал, баруун ухархайн гадна дотор, доод хананы хугарал, баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр болон баруун гуя, өвдөг, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт, /хэргийн 77/,
-Д.Уранчимэгийн биед баруун мөр, зүүн шилбэ, зүүн шагайны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1019 дугаартай дүгнэлт, /хэргийн 83/,
-...Осол гарсан үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай дүгнэлт, гэрэл зураг, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 105-109/,
-“Жолооч Өлзийбаатар овогтой Чулуунбаатар Х.Соната маркийн 63-38 ДАХ улсын улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 2-р бүлэг 2.7-а /Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно./ гэсэн заалт, мөн дүрмийн 9-р бүлэг 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна./ гэсэн заалт, мөн бүлгийн 9.2 /Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна./ гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар МУ-ын ЗХД-ийн 2-р бүлэг 2.5-б /Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. гэсэн заалт мөн бүлгийн 2.5-в /зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх./ гэсэн заалтуудыг зөрчсөн. Явган зорчигч Э.Баярсайхан, Д.Нармандах, Д.Уранчимэг нар нь МУ-ын ЗХАБТХууль, ЗХД-ийн ямар нэг зүйл заалтыг зөрчөөгүй байна. Жолооч Өлзийбаатар овогтой Чулуунбаатар нь МУ-ын ЗХД-ийн 2-р бүлэг 2.7-а , 9-р бүлэг 9.1, 9.2 гэсэн заалтуудыг зөрсөн учир уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон. ...Өлзийбаатар овогтой Чулуунбаатар нь ТА:82121870 РД-тай 2010 оны 08-р сарын 23-ны өдөр жолооч болсон В ангиллын 654126 дугаартай жолооны үнэмлэхтэй. Уг үнэмлэх нь одоо хүчинтэй байна” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хэргийн 91/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ч-нь иргэний нэхэмжлэгч Д.Уранчимэгт төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Э.Баярсайхан нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 63-38 ДАХ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашин жолоодож яваад явган зорчигч Э.Баярсайхан, Д.Уранчимэг, Д.Нармандах нарыг мөргөж Э.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг жолооч зориуд орхиж зугтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... Миний эрүүл мэнд тааруу байна. Би нүдний эмч Оюунгэрэлийн хяналтад байгаа. Заримдаа миний нүд бүрэлзэж, толгой өвддөг. Мөн доод зовхи болон амандаа оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-10/, Зам тээврийн ослын талаарх тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 11-13/, Ч- согтуурлыг шалгахад 1.38 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдлоо гэх жолоочийн согтуурлын шалгасан тэмдэглэл /хэргийн 14/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 24-26/, Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 27-30/, Хохирогч Э.Баярсайханы өвчний түүхийн хуулбар /хэргийн 38-58/, Хохирол төлсөн /хэргийн 60 67/, Иргэний нэхэмжлэгч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...араас гэнэт хурдтай мөнгөлөг өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бид 3-ыг мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг/ хэргийн 62-65/, Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтад өгсөн “...араас маш хурдтай мөнгөлөг өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бид 3-ыг мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг /хэргийн 70-72/, Гэрч Д.Бүдхандын мөрдөн байцаалтад “...Хашаанд нь 63-38 ДАХ улсын дугаартай соната-6 машин тавиатай байсан. Машины байдлыг ажиглахад осол гаргасан бололтой урд гупрын зүүн тал хагарсан. Баруун талын толь хагарсан, урд салхины шил баруун талдаа цуурч гэмтсэн байсан цуурч гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 73-75/, Шинжээч эмч Э.Баярсайханы биед тархины дунд зэргийн няцрал, баруун ухархайн гадна дотор, доод хананы хугарал, баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр болон баруун гуя, өвдөг, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт, /хэргийн 77/, Д.Уранчимэгийн биед баруунн мөр, зүүн шилбэ, зүүн шагайны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1019 дугаартай дүгнэлт, /хэргийн 83/,
-...Осол гарсан үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай дүгнэлт, гэрэл зураг, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 105-109/, ...Жолооч Өлзийбаатар овогтой Чулуунбаатар нь МУ-ын ЗХД-ийн 2-р бүлэг 2.7-а , 9-р бүлэг 9.1, 9.2 гэсэн заалтуудыг зөрсөн учир уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хэргийн 91/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа боловч хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг ямар хэлбэрээр, хэрхэн яаж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь тодорхойгүй, хохирогч “гомдолтой” гэснийг ял оногдуулахдаа харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Ч- өмчлөлийн 63-38 ДАХ улсын дугаартай соната-6 маркийн авто машин битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 654126 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч- автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-нь иргэний нэхэмжлэгч У- төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б- нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч- эдлэх ялыг оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч- оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8-т шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Ч- өмчлөлийн 63-38 ДАХ улсын дугаартай соната-6 маркийн авто машин битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч- тээврийн хэрэгсэл жолоодож эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дуудсаны дараа тоолж эхлэхийг дурдаж, 654126 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн прокурорын газарт шийлжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ч- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ