| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 1911014131167 |
| Дугаар | 2022/ДШМ/967 |
| Огноо | 2022-10-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/967
2022 10 06 2022/ДШМ/967 № Т M № 546
З.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярчимэг,
хохирогч Д.Э-,
шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Б-т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З.Б- нь “Хятадад тавилга захиалгаар хийлгэж, хүргүүлнэ” гэж Д.Э-ыг хуурч, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50,000 юань буюу 19,300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 51,400 юань буюу 21,123,100 төгрөг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч З.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд .......... аймгаас ажил хөдөлмөр эрхлэх, яаралтай эмнэлэгийн тусламж авахаас бусад тохиолдолд зорчихгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ээс 40,423,100 төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар З.Б- болон Д.Э- нарын хооронд тавилга захиалгаар хийлгэх, тээвэрлэхтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаанд мөн хуулийн 210, 242 дугаар зүйлд зааснаар Майкаар үүрэг гүйцэтгүүлэхийг Д.Э- зөвшөөрсөн байна.
Өөрөөр хэлбэл Д.Э- нь гэрээний харилцааг үргэлжлүүлж 11 нэр төрлийн барааг хүлээн авснаас гадна тэдгээрийг өөртөө захиран зарцуулсан. Гэрээний зүйл доголдолтой бол засуулах буюу арилгуулах, эсхүл үнийг бууруулах боломжтойгоос гадна гэрээнээс татгалзаж авсан, өгсөн зүйлээ харилцан буцаахаар Иргэний хуулиар зохицуулсан байхад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэсэн үндэслэлгүй.
З.Б-ийн хувьд энэ төрлийн үйл ажиллагаа байнга явуулдаг, үүргийг шилжүүлж авсан этгээд 11 нэр төрлийн барааг З.Б- тэрхүү тавилгыг нь хийлгэх шаардлага үүсэхгүй бөгөөд Майк болон Д.Э- нарын хооронд харилцсан мэдээллээр тавилга захиалгаар хийлгэсэн болох нь харагддаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаарх нөхцөл байдлыг тодруулахаар хэргийн үйл баримттай холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх... баримтлах үүрэгтэй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэсний дагуу анхан шатны шүүх дүгнэлтэд өмнө эргэлзэж байгаагаа тодорхой дурдаж байсан бөгөөд дүгнэлттэй холбоотойгоор Д.Э-ыг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн шударга бус шийдвэр гаргасан.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчийн мэдүүлгүүд, шүүгдэгч З.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг, гэрч Н.Н-н мэдүүлэг, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар З.Б- нь хохирогчтой анх ярилцсан ёсоор хохирогчийн нэгэнт захиалга өгсөн байсан үйлдвэр дээр очиж уулзахгүйгээр, “Таны тавилга бэлэн болсон” гэж боож бэлтгэсэн тавилга бүхий видео бичлэг хийж харуулах замаар хохирогчид итгүүлэн тавилгын мөнгийг өөрт шилжүүлэн авч, бодит байдал дээр хохирогчийн тавилга захиалсан үйлдвэрт мөнгийг тушаагаагүй залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдсон. Энэ бодит байдлыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. З.Б-ийн илгээсэн гэх зүйл нь хохирогчийн захиалсан тавилга биш, түүнчлэн тавилга гэж үзэх боломжгүй зүйлүүд байсан болох нь холбогдох шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон. Энэ нь тавилгын үйлдвэрээс хохирогчийн захиалсан тавилгыг аваагүй болох нь давхар нотлогддог. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харьцангүй хөнгөн ял оногдуулсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Барааны ажлын гүйцэтгэлийг би ... гэх хятад хүнд өгсөн. Надтай нэг ангид сурч байсан Эрдэнэ-Оюун гэх хүн намайг Майктай танилцуулсан. Тухайн үед миний хүүхэд өвдсөн, эмнэлэгт үзүүлж байсан тул Майкад итгээд мөнгийг шилжүүлсэн.” гэв.
Хохирогч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд тайлбар ирүүлсэн байгаа. Үүнийг харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэмт хэрэг үйлдэгдээд 4 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би хуулийн байгууллагууд, Гадаад харилцааны яам, Хятадын элчин сайдын яам, Хятадад байх Монголын элчин сайдын яам гэх мэт холбогдох бүхий л байгууллагаар хөөцөлдсөн. Энэ хугацаанд валютын ханшны зөрүүнээс үүдэлтэй 7,700,000 төгрөгийг хохирол учирсан. Зээлийн хүү хамгийн багаар бодоход 20,000,000 гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Надад учирсан хохирол 2 дахин нугарсан байгаа. Сэтгэл санаа, бие махбодын хувьд ч маш их хохирсон. Хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн. Залилсан гэмт хэрэг үйлдсэн тухай баримтыг мөрдөгчид бүрдүүлж өгсөн. Мөрдөгч дүн шинжилгээ хийсэн. Өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө мөн гэдгээ нотолсон. Хэдийгээр шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч шүүгдэгчийн өмгөөлөгчтэй холбогдох этгээд хэдий ч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэсэн итгэл үнэмшилтэй байна. Мөн шүүгдэгчийг ахуй амьдрал, хувь хүнийх нь хувьд өрөвдөж анхан шатны шүүх хуралдаанд хөнгөн ял оногдуулах талаар саналаа хэлж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг энэ төрлийн ажлыг олон жил хийж байгаа, өнөөдрийг хүртэл хийж байгаа талаар мэдүүллээ. Өмнө мөнгөтэй, орлоготой гэдгийг нь нотолж цүнх дүүрэн материал гаргаж өгч байсан. Үүнээс үзэхэд шүүгдэгч миний 40,423,100 төгрөгийг төлөх бүрэн боломжтой атлаа өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаад гайхаж байна. Иймд дээрх асуудлуудыг харгалзан үзэж асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.Б-, хохирогч Д.Э- нарын хооронд Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй. Хохирогч Д.Э- БНХАУ-ын тавилгын үйлдвэртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Ингээд хохирогч Д.Э- нь шүүгдэгч З.Б-т итгэл үзүүлэн захиалсан барааны үлдсэн мөнгийг шилжүүлээд, бэлэн болсон тавилгыг Монгол Улс руу ачуулах талаар харилцан тохиролцсон. Гэтэл шүүгдэгч З.Б- нь хохирогчийн итгэлийг эвдэж тавилгын үйлдвэрт үлдэгдэл мөнгийг шилжүүлээгүй, хямд тавилгын газруудаар тавилга хийлгэж Монгол Улс руу ачуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. З.Б- тавилга үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаггүй. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр Хятадаас Монгол руу бараа материалыг тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг учир хохирогч Д.Э- нь шүүгдэгч З.Б-т тавилга үйлдвэрлэх захиалга өгөөгүй нь ойлгомжтой байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл хохирогч Д.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын .... тоот хаягт байрлах тавилгын үйлдвэртэй, мөн сарын 19-ны өдөр Хятад Улсад гэр ахуй, гал тогооны тавилга үйлдвэрлэлийн “...” ХХК-тай тавилга захиалгын гэрээ байгуулж, нийт 2,600 юанийн урьдчилгаа төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 234, 234, 2 дугаар хавтаст хэргийн 99, 100 дүгээр талд авагдсан гэрээ, түүний баталгаат орчуулгын баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Э-ын “Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Гуанжу хотод бүх Хятадын бизнес эмэгтэйчүүдийн хуралд оролцсон. Буцахын урьд өдөр тавилгын дэлгүүрүүдээр явж Хятадын хоёр компанид гал тогтооны иж бүрдэл, унтлагын болон зочны өрөөний мебель тавилга захиалаад 2,600 юанийн урьдчилгаа төлсөн. Захилга авсан компаниуд “бид ачааг Монгол руу явуулах боломжгүй, та өөрөө тээвэр зуучийн компани ол” гэсэн. Уулзалтанд БНХАУ-д байх Монгол оюутны холбооны гишүүд орчуулга хийсэн тул тэднээс тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг хүн сураглахад Б- гэх эмэгтэйн .... гэсэн утасны дугаарыг өгсөн. Би түүгээр холбогдоход Б- нь чадна гээд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний байрлаж байсан зочид буудалд ирж уулзаад “Тээвэр зуучийн ажлыг олон жил хийж байгаа, таны захиалсан барааг нэг бүрчлэн шалгаад дахин гадуур нь боож баглаад Монгол руу ачуулж чадна” гэж хэлсэн. Тэгээд би Монгол руу буцсан. Монголд ирээд мөнгөө шилжүүлэх, цагаан сарын баярын өмнө ачаагаа авахаар тохиролцсон. Би мөнгө шилжүүлэх гээд Б-ээс яаж шилжүүлэх талаар асуухад “Монголчууд .... гэсэн We сhat хаягтай хүнээр дамжуулаад мөнгөө шилжүүлүүлдэг юм. Энэ хүнээр дамжуулаад мөнгөө шилжүүл” гэсэн. Тэр хүнтэй холбогдож 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50,000 юань буюу тухайн үеийн ханшаар 19,300,000 төгрөгийг С.Б-гийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. Мөнгө хийсэн тухай баримтын зургийг Б-ийн We сhat хаягт явуулсан. Б- над руу “Тавилга бэлэн болсон. Цагаан сарын баяраас өмнө яаралтай ачуулах шаардлагатай байна. Үлдэгдэл мөнгөө шилжүүл, та мөнгөө шилжүүлэхдээ “...” гэдэг нэртэй We Chat хаягтай хүний данс руу хийгээрэй” гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 51,400 юань буюу тухайн үеийн ханшаар 21,123,100 төгрөгийг ... гэсэн Хаан банкны данс руу шилжүүлж, тэр даруй ... нь энэ мөнгийг авсан талаар хариу зурвас үлдээсэн. Ингээд би нийт 101,400 юань шилжүүлсэн. Энэ нь зөвхөн тавилга, цахилгаан барааны мөнгө байгаа юм. ... гэдэг нь Б-тэй хамтарч ажилладаг, бараа захиалгыг хариуцсан хүн гэж Б- надад хэлсэн. Үүнээс хойш Б- янз бүрийн шалтаг хэлээд ... Б- нь энэ барааг ... хариуцаж шийдэх ёстой гээд нөгөөх нь болохоор Б- рүү бүх мөнгийг шилжүүлсэн, тавилга бэлэн болсон гэсэн мөртлөө үйлдвэрийн нэрээ өгөөч гэхээр өгөхгүй, баримтаа явуул гэхээр явуулахгүй байгаа.... , Б- бид гурав групп чаттай бөгөөд түүгээр Б- нь ...-г асуудлыг шийдээч гэдэг. Гэтэл ... нь Б- рүү бүх мөнгийг шилжүүлсэн гэдэг ...” /1-р хх 34-35/,
“... Б-тэй танилцаад “Би энд тавилга авах гэрээ хийсэн, миний өмнөөс энд хариуцаад мөнгийг төлөөд Монгол руу тээвэрлээд явуулж чадах хүн байна уу” гэхэд Б- “Би каргоны үйл ажиллагаа явуулдаг. Таны өмнөөс гэрээний чинь дагуу мөнгийг төлөөд тавилгыг Монгол руу бүрэн бүтэн явуулаад өгье” гэж тохиролцоод дугаар, We сhat хаягаа солилцсон. Монголд ирээд бараа захиалгын мөнгөө Б-ийн явуул гэсэн данс руу шилжүүлсэн. Гэтэл тэрээр мөнгө шилжүүлснээс хойш “одоо явууллаа”, “бараа бэлэн болсон”, “одоо Монгол руу таны тавилгыг явууллаа”, “би тавилгыг үзлээ дээд зэргийн гоё тавилга болж байна” гэсээр байгаад 2019 он бараг дундаа орсон...” /1-р хх 233/,
гэрч З.А-ийн “...Би ... гэсэн We сhat хаягтай, ... нарыг танихгүй. Харин Д.Э-, З.Б- нарыг танина. Д.Э- эгчтэй Хилийн чанд дахь Монголчуудын зөвлөлийн чиглэлээр анх 2016 онд танилцаж одоог хүртэл холбоотой байдаг. 2018 оны 12 дугаар сард Д.Э- эгч “Хятадын Гуанжу хотод орчуулга хийгээд өгөх хүн байна уу, эгч нь тавилга авах гэсэн юм” гэхээр З.Б-ийн We chat-ын ... гэх хаягийг өгч танилцуулж байсан. З.Б-тэй 2016 онд Гуанжу дахь Монголчуудын мессенжерийн группээр танилцаж байсан бөгөөд уулзаж байгаагүй... Э- эгч Гуанжу хотод байхдаа “Над руу залгаад тавилга захиалсан, Монголоос наашаа юань шилжүүлэх хэрэгтэй байна, чи шилжүүлээд өгөөч” гэсэн. Би өөрийн ашигладаг дансны дугаар өгөөд 20 гаран сая төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр би Найман шарга вальютын газарт очиж мөнийг юань болгоход 51,400 юань болж байсан. Тэгээд Э- эгчийн өгсөн 617-оор эхэлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын данс руу шилжүүлсэн. Э- эгч Монголд ирсний дараа “Б- миний тавилгыг явуулахгүй байна” гэхээр нь Б-ийн ... гэх We сhat хаягаар холбогдож нөхцөл байдлыг хэлэхэд “Би хамтран ажилладаг хятад ажилтан руу тавилгын мөнгийг шилжүүлсэн чинь алга болчихлоо, Хятадад хайж байна” гэж надад хэлсэн...” /1-р хх 40/,
гэрч Н.Н-ийн “... Би энэ хэргийн талаар сонссон. Охин З.Б- рүү залгаж асуухад “Би Э-аас 100,000 юань авсан нь үнэн. Тухайн мөнгийг нь хамт ажилладаг ... гэх Хятад хүн рүү явуулаад тавилгын үйлдвэрт захиалга хийсэн. Хамгийн гол нь Э-ын захиалга өг гэсэн үйлдвэрт захиалга өгөлгүй, өөр үйлдвэрт захилга өгчихсөн юм билээ ...” /1-р хх 43/,
шүүгдэгч З.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Хохирогч Д.Э-ын “... Би анх 2018 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Гуанжу хотод ажлаар очоод 2018 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хоёр өөр тавилгын үйлдвэрт гал тогоо, унтлагын өрөөний тавилга авах гэрээ хийж захиалга өгсөн. Гэрээ хийх үедээ 200, 2,400 юанийг тус тус төлсөн. Ингээд гэрээ байгуулсны дараа З.Б-тэй танилцаад “Би энд тавилга авах гэрээ хийсэн. Миний өмнөөс энд хариуцаад мөнгийг төлөөд Монгол руу тээвэр явуулж чадах уу” гэхэд З.Б- “Би каргоны үйл ажиллагаа явуулдаг, таны өмнөөс гэрээний чинь дагуу мөнгийг төлөөд тавилгыг чинь Монгол руу бүрэн бүтэн явуулаад өгье” гэж тохиролцон Ви чат хаяг, дугаараа өгөөд холбогдохоор болсон ...” гэж мэдүүлсэн үйл явц болсон. Хохирогчийн энэ мэдүүлгийг хүлээн зөвшөөрч байна ...” /2-р 14-15/ гэсэн мэдүүлгүүд
хохирогч Д.Э-аас 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкны ... тоот данснаас Б-гийн ... тоот дансанд 19,300,000 төгрөг “гал тогоо, зочны өрөөний мебель” гэсэн гүйлгээний утгаар, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А-ийн 000 тоот дансанд 21,123,100 төгрөгийг “Э-аас юань” гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн банкны төлбөрийн баримт /1-р хх 239-240/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 18-22/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Б- нь хохирогч Д.Э-ын Хятад Улс дахь тавилгын үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу захиалгын төлбөрийг төлөх, бэлэн болсон бараанд захиалагчийн хяналт тавих, Монгол Улс руу ачуулахаар тохиролцсон боловч хохирогчоос 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 50,000 юань буюу 19,300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн 51,400 юань буюу 21,123,100 төгрөгийг өөртөө авч ашиглан, оронд нь чанар, ашиглалтын шаардлага хангахгүй эд зүйлс явуулсан хэргийн үйл баримт нотлогджээ.
Шүүгдэгч З.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, итгэлийг эвдэх аргаар эд хөрөнгийг нь шилжүүлсэн авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Тавилга захиалга, тээвэрлэлтийн гэрээг эрүүгийн залилах гэмт хэргээр шийдвэрлэлээ, шүүгдэгчийн илгээсэн тавилгыг хохирогчид үлдээж үндэслэлгүй хөрөнгөжих бололцоог бүрдүүлсэн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаж үзэв.
Гэрээгээр хүлээсэн үүргээр халхавчлан бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, буцаан өгөхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.
Харин гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний үүрэг, биелэлтийн талаар үнэн бодит мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж явсан боловч гэрээний нэг талын үүрэг зөрчигдсөн, гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй байдалд хүрсэн, улмаар нөгөө талд хохирол учирсан нь иргэний эрх зүйн маргааныг залилах гэмт хэргээс ялгах онцлог шинжүүдийг нэг болдог.
Шүүгдэгч З.Б- нь хохирогч Д.Э-ын Хятад Улсын тавилгын үйлдвэртэй байгуулсан гэрээний үүргийн дагуу түүний шилжүүлсэн мөнгөөр тавилгын үнийг төлөх, барааг хүлээж авах, тээвэрлэх үүргийг хүлээсэн боловч уг тавилгын үйлдвэртэй огт харилцалгүй тавилгын үнэд шилжүүлсэн мөнгийг өөртөө ашигласан байдал нь залилах гэмт хэргийн шинжийг илтгэж байна. Нөгөө талаар шүүгдэгч З.Б-, хохирогч Д.Э- нарын хооронд тавилга захилгын гэрээ байгуулагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хэмжээний хувьд хохирогч Д.Э-аас 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б-гийн .- тоот дансанд 19,300,000 төгрөг “гал тогоо, зочны өрөөний мебель” гэсэн гүйлгээний утгаар, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А-ийн -0 тоот дансанд 21,123,100 төгрөгийг “Э-аас юань” гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн банкны төлбөрийн баримт хэрэгт авагдсан, гэрч З.А хүлээн авсан мөнгөө З.Б-т шилжүүлсэн талаар, гэрч Н.Н уг мөнгийг шүүгдэгч З.Б- авсан гэдгийг өөрөөс нь сонссон талаар тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн төлөх төлбөрийг 40,423,100 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.
Харин хохирогчид илгээсэн тавилга одоо хаана байгаа нь тодорхойгүй байх тул шүүгдэгч З.Б- нь энэ талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар хохирогч Д.Э-аас жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, шүүгдэгч З.Б-ийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН