Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0606/З |
Дугаар | 221/МА2018/0032 |
Огноо | 2018-01-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0032
|
Д.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.О, Ц.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/1217 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.А давж заалдах гомдолдоо: Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчин нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудалд дүгнэлт хийлгүй, харин хэргийн оролцогчдын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр эрхэлж байсан Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрыг татан буулгаж байгаа учраас ажилгүй болж байна гэж ойлгосон учраас тэтгэмж авах хүсэлтдээ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг баримталсан. Харин би ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй. Гэтэл шүүх ямар үндэслэлээр "мэдэж байсан" гэх дүгнэлт хийгээд байгааг ойлгомжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.А миний эрхэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгуулалтын шинэчилсэн бүтцээр татан буулгасан гэж надад ойлгуулсан учраас энэ үндэслэлээр тэтгэмж авах тухай хүсэлтээ гаргасны дагуу надад тэтгэмж олгосон. Энэ талаар би маргаагүй.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгуулалтын шинэчилсэн бүтцийг харахад миний эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан тул 6/1217 дугаарын тушаалтай маргасан. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажил, албан тушаал өөрчлөгдөөгүй байхад энэхүү хадгалагдаж буй ажил, албан тушаалд намайг эгүүлэн томилох боломжтой байтал шүүх "... хадгалагдаж буй нэгжид томилогдон ажиллах боломжийг эдлэлгүйгээр ..." гэж нэхэмжлэгчийн эсрэг дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч Д.А миний ажиллаж байсан ажлын байр 2015 онд Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газар нэртэй байсан. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Тусгай ажиллагааны газар, мөн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/198 дугаар тушаалаар Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газар болж зөвхөн нэршил өөрчлөгдсөн боловч ажлын байрны чиг үүрэг, албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа.
Гэтэл шүүх "... маргаан бүхий акт боломжит хугацаанд бусад төрийн захиргааны байгууллагад ажиллахаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй, түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... А/198 дугаар тушаал, үүнтэй холбоотой гарсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/177 дугаар .... тушаалаар Тусгай ажиллагааны газрыг 11 сарын дараа "Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газар" болгон өөрчилсөн буюу дахин бий болгосонтой холбогдуулж, албан тушаалд томилуулах хүсэлтээ гаргаж, хууль журамд заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой байна" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Миний бие хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, нотлох баримтаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/198 дугаар тушаалаар Тусгай ажиллагааны газар хасагдаж батлагдсан байна гэж ойлгосон. Гэхдээ баримт дутуу ирүүлсэн учраас хариуцагчаас биш Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу ирсэн нотлох баримтаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/198 дугаар тушаал болон түүний хавсралтаар нэхэмжлэгч Д.А миний эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа болох нь нотлогдож байгаа. Мэдээж би өөр төрийн байгууллага болон төрийн бус байгууллагад ажилд орох эрх маань нээлттэй байна. Гэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчиж байгаа захиргааны акттай маргах нь миний эрхийн асуудал гэж үзэж байна.
Гэтэл шүүх маргаан бүхий акт боломжит хугацаанд бусад төрийн захиргааны байгууллагад ажиллахаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй гэж дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна.
Түүнчлэн Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дахин бий болгоогүй ба Тусгай ажиллагааны газрыг 2017 онд Тусгай ажиллагаа, аюулгүй байдлыг газар болгон нэрийг нь өөрчилсөн юм. Гэтэл шүүх Тусгай ажиллагааны газрыг 11 сарын дараа "Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газар" болгон өөрчилсөн буюу дахин бий болгосонтой холбогдуулж, албан тушаалд томилуулах хүсэлтээ гаргаж, хууль журамд заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой байна" гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Би хууль журамд заасны дагуу эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилдаа орох боломжтой гэж үзэж байгаа. Миний ажиллаж байсан ажил, албан тушаал ерөөсөө өөрчлөгдөөгүй, орон тоо хасагдаагүй, Харин ажлын газрын нэршил өөрчлөгдсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6/1217 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан.
Нэхэмжлэгч талаас хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргыг тушаал гаргах эрхтэй эсэхэд маргаагүй юм. Дээрх хуульд зааснаар агентлагийн дарга нь эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах эрхтэй. Хуульд зааснаар уг албан тушаалтанд ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах эрх холбогдох хуулиар олгогдсон байгаа. Гэхдээ дээрх хуульд зааснаар тушаал гаргах эрхтэй гээд хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар ч үндэслэлгүйгээр зөрчиж болохгүй. Агентлагийн дарга тушаал гаргахдаа ямар нэгэн шалтгаан, үндэслэлээ заах ёстой. Тэрхүү шалтгаан, үндэслэлд буюу маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6/1217 дугаар тушаалыг гаргасан үндэслэлд нэхэмжлэгч талаас маргасан юм. Гэтэл шүүх маргаагүй асуудалд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргыг тушаал гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн маргасан маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6/1217 дугаар тушаалын үндэслэлд огт дүгнэлт хийж чадсангүй.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6/1217 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч Д.А миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа. Би төрийн тусгай албанд 20 гаруй жил хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажиллаж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад үндэслэлгүйгээр 6/1217 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга энэхүү тушаалыг гаргахын өмнө үнэн зөв тайлбар мэдээлэл өгч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийх ёстой байсан.
Сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0847 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн б/1217 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газар, Шийдвэр гүйцэтгэх газрын зарим албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсний дотор Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.А багтсан байна.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр миний эрхэлж байсан Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргын ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж үлдсэн байхад төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж, харин хариуцагчаас “нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон газрын чиг үүргээс “аюулгүй байдал” хасагдаж өөрчлөгдсөн, нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хүссэний дагуу түүнд тэтгэмж олгосон” гэж маргажээ.
Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрыг Тусгай ажиллагааны газар болгон өөрчлөн зохион байгуулсан боловч Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ангилал, зэрэглэл /ТТ-16/, чиг үүрэг шинээр зохион байгуулагдсан Тусгай ажиллагааны газар /газрын дарга/-т хэвээр хадгалагдан үлдсэн.
Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй ажиллагааг хангаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах, салбар нэгжүүдийн шуурхайн бүлгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үйл ажиллагаа хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А-ыг шинээр зохион байгуулагдсан Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.
Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлэлгүй, нэхэмжлэгч Д.А-т “түүний эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдсан” гэж тайлбарлан, түүнийг Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/198 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог дахин шинэчлэн баталж, тус газарт Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрыг ажиллуулахаар шийдвэрлэсэн, мөн албан тушаалын хэрэгжүүлэх чиг үүрэг нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргын хэрэгжүүлэх чиг үүргээс өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийг А/198 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдсан Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх байдлаар хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу гаргасан тэтгэмж авах хүсэлтэд үндэслэн “...нэхэмжлэгч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тохиолдолд албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй нэгжид томилогдон ажиллах боломжийг эдлэлгүйгээр өөрөө тэтгэмж авах хүсэлт гаргасан...” гэсэн дүгнэлт хийж, захиргааны байгууллагын алдаатай шийдвэрийг зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд нэхэмжлэгч Д.А-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин болон нэмэгдлийг 1,773,895.22 төгрөгөөр тооцож[1], 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр /Нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сард ажлын 15 хоногийн цалин бодогдсон/-өөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 266 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 21,448,005.6 төгрөг /1,773,895.22 : 22 = 80,631.6, 80,631.6 х ажлын 266 хоног=21,448,005.6/-ийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталж, урьд үйлчилж байсан Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаар тушаалыг хүчингүйд тооцсонтой холбогдуулж, уг тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллаж байсан нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зайлшгүй байсан тул маргаан бүхий акт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Д.А-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрын даргын албан тушаалд томилохыг, нэхэмжлэгч Д.А-т 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 21,448,005.6 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн б/1217 дугаар тушаалын Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН