Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 446

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газар,

Цагдаагийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хороонд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Д.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр /дүгнэлт/-ийг хууль бус болохыг тогтоолгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тухай тендерийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0460 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0478 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, Цагдаагийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Ц, Б.Б, Ч.Б,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч В.И нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0460 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4, 47 дугаар зүйлийн 47.7, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тухай тендерийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх “Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр /дүгнэлт/-ийг хууль бус болохыг тогтоолгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0478 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0460 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 дүгээр албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Үнэлгээний хорооны шийдвэр, /дүгнэлт/-ийг хууль бус болохыг тогтоолгох, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр дараах шаардлага хангасан эсэх талаар тус бүр хянан үзэх шатанд тендерт оролцогч нарын захиалагчийн шаардлагыг тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т, 27.1-д заасан бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан.

4. Манай компаниас хүргүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерийн шаардлагад нийцсэн байсан болохыг Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 дүгээр албан бичгээр тогтоож, тендерийг дахин үнэлэхийг даалгасан. Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан боловч Сангийн яамны албан бичит заасны дагуу тендерийг үнэлэлгүйгээр өмнө гаргасан үндэслэлүүдээр тендерээс дахин татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус болсон, энэ нь хэрэгт авагдсан Сангийн яамны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/3683 дүгээр албан бичгээр мөн тогтоогдсон.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн тендер нь тендерийн шаардлагад нийцсэн нь нэгэнт тогтоогдсон байхад Тендерийн үнэлгээний хороо нь үнэлгээ хийгээгүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрхийг зөрчсөн.

6. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн тендер нь шаардлага хангасан тендер байсан талаар магадлалдаа зөв дүгнэсэн боловч “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхээс үл хамааран цаг хугацааны хувьд Цагдаагийн ерөнхий газраас зарласан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” ЦЕГ20182016 дугаар тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах боломжгүй болжээ гэсэн нь учир дутагдалтай юм. Учир нь:

6.1. “Б” ХХК нь тендерийн хүчинтэй байх хугацаанд удаа дараа тендерийн шаардлагад нийцсэн материалыг өгч байсан. Үүнтэй холбоотойгоор тендерийн шаардлагад нийцээгүй гэх тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг буруу буюу үндэслэлгүй болохыг Сангийн яамнаас 6-1/3064 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг.

6.2. Нэгэнт “Б” ХХК-ийн эрхийг зөрчиж, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан албан бичгийг хүртэл харгалзан үзэхгүйгээр тендерийн материалыг хүлээн авахгүйгээр татгалзаж байсан. Иймд “Б” ХХК нь өөрсдийн эрхийн хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тендерийн хүчинтэй хугацаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс нэгэнт тендерийн хүчинтэй хугацаанд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, түүнтэй холбоотойгоор хэргийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0478 дугаар магадлалд тендерийн хугацаа дууссан байна гэдэг нь үнэн боловч хугацаа дууссан асуудал нь “Б” ХХК-ийн ямар нэгэн буруутай үйлдлээс болоогүй.

7. Тус тендерийн үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй хугацаанд тендерийн шаардлага хангасан материалыг хүлээж авсан бол одоо ийм маргаантай асуудал гарахгүй байсан. Иймд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд ямар ч хугацаа алдалгүйгээр өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар зохих шатны байгууллагуудад хандаж зохих шийдвэрийг гаргуулсан байтал тус тендерийн үнэлгээний хорооны буруутай үйлдлээс болж зөрчигдсөн эрх ашгийг сэргээж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

9. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхээс үл хамааран цаг хугацааны хувьд /Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 тоот албан бичгийн дагуу/ Цагдаагийн ерөнхий газраас зарласан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” ЦЕГ201812016 дугаар тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах боломжгүй”-гээс гадна мөн Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан тендерийг хүчингүй болгуулах шаардлагыг ч мөн хангах боломжгүй болжээ.

10. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гомдлоор Сангийн яамны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4194 дүгээр шийдвэр гарсан байх бөгөөд түүнд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тендерийг дахин зохион байгуулахыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэн, уг шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэсний дагуу хүчин төгөлдөр болсон байна.

11. Сангийн яамны дээрх шийдвэр гарснаар түүний өмнөх 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 тоот шийдвэр болон хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарласан тендерийн /тендерийн урилгад тендерийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутад нэхээр заасан/ эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болж, бодит байдалд биелэгдэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

12. Харин нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар захиргааны акт хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн боловч ашиг сонирхол байгаа гэж үзсэн бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжтой байсныг дурдах нь зүйтэй.

13. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь дээр дурдсан /Үндэслэх хэсгийн 10-т/ Сангийн яамны эцсийн шийдвэр болохоос бус нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх зарлагдсан болон сунгагдсан тендерийн хүчинтэй байх хугацаа нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасны дагуу дуусгавар болсон үйл баримт биш юм.

14. “Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гомдол хянасан тухай 6-1/3064 дүгээр албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдан, албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцэн, дахин бүх саналыг шаардлагад нийцэхгүй гэж дүгнэн, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана: 30.1.1.шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй;” гэсэнтэй нийцсэн” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

15. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэр эцсийн байх бөгөөд Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 тоот албан бичигт Үнэлгээний хорооны татгалзсан үндэслэлийг буруу болохыг тодорхой заасан байхад дахин мөн үндэслэлээр татгалзсан нь хууль бус, иймд хариуцагчаас дахин зарласан тендерт нэхэмжлэгч оролцох тохиолдолд дурдсан хоёр үндэслэлээр нэхэмжлэгчийг тендерийн шаардлагад нийцээгүй гэж хасч болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ утгаараа уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

16. Гэвч дээр дурдсанчлан, нэхэмжлэгч нь Сангийн яамны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4194 дүгээр шийдвэрт маргаагүй, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, мөн маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсныг тогтоолгох” байдлаар өөрчлөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангах боломжгүй юм.

17. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0478 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ