Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, шүүгч Б.Саранчимэг, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, тус аймгийн *******,*******т холбогдох ***************************** *******д эзэмшүүлэхээр гаргасан аймгийн Засаг даргын А/305 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2010 оноос хойш эзэмших өргөдөл гаргаж буй ******* надад олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч аймгийн Засаг дарга, аймгийн ****************************** итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч Б.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* миний бие сүүлийн 10 гаруй жил ******* дэлгүүрийг ажиллуулж байна. 2010 онд аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын албанаас дэлгүүрийн орчиноо тохижуул гэж үүрэг өгч, үүний дагуу дэлгүүрийн хойд хэсгийг зүлэгжүүлэн хайс хийсэн. Өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгө мөнгө хугацаа зарцуулсан учир уг газрыг эзэмших хүсэлтийг 2010 оноос хойш жил бүр аймгийн Газрын албанд өргөдөл өгөхөд эхний үед өргөдөл аваагүй гэсээр амаар буцаадаг, өргөдөл авсан ч хариуг нь өгдөггүй байсан. 2014 оны 01 сард өргөдөл өгч хариуг нэхэхэд алга болсон байна гээд дахин бичүүлсэн. 2 удаа хариу бичгээр өгсөн. /2014.06.24/ эхлээд холбооны кабель байна гэсэн дараа нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн.

 ******* 2015 онд газар эзэмших эрхээ авчээ. Би 2010 оноос хойш өргөдөл гаргаж, ****** ХХК-иар 1350000 төгрөгөөр хайс хийж, зүлэгжүүлж байхад надад олгоогүй. Гэтэл Цэдэнбалд дээрх утга бүхий хариуг өгсөн хэрнээ 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буюу 6 хоногийн өмнө *******д тухайн газрыг аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А305 дугаартай захирамжаар өгсөн байсан.

 Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан зарчим буюу газрыг өмчлөх, эзэмших, ашиглахад нь шударга бус, тэгш байдлыг хангах зарчмийг зөрчиж Цэдэнбалын хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байна. Урьд нь манай дэлгүүрийн ард контейнер байсан. Тухайн контейнерийн зайд сунгасан, контейнер байх хугацаанд эзэмшүүлэх гэрчилгээгээ 55м2 газар гэж авсан. Эд хөрөнгийн гэрчилгээн дээр 37м2 газар гэж байсан, тэгэхээр нь гэрчилгээгээ хараад би өөрөө зөвшөөрөлгүй сунгачихлаа гэж бодсон. Гэтэл анх газар олгогдохдоо 55м2 газар олгогдсон байсан. Одоо манай нийт газар 50м2 газар байгаа.

 Иймд Есөнбулаг сум, Харзат баг 17 дугаар байрны урд байрлах ******* дэлгүүрийн хойт талын газрыг тус байрны 2-17 тоотод оршин суугч *******д эзэмшүүлэхээр гаргасан аймгийн Засаг даргын 2014 оны 06-р сарын 18-ны А/305 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.  Мөн ******* надад олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт зааснаар төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан. *******д өгсөн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Гэтэл яагаад *******д өгсөн бэ гэхээр өмнөх шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргаж байсан тайлбарт 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол дээр заагдсан 1168м2 газар 19 дүгээр байрны баруун талын газарт хамаарна, уг газарт багцлан оруулдаг гэж төрийн байгууллага нь тайлбарласан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө стандарт журмынхаа дагуу, кадастрын зураглалын дагуу гардаг. 1168м2 газарт “****”, “****************” ХХК-иуд нь барилга барих зөвшөөрөл авч аймгийн Засаг даргын захирамж, кадастрын зурагтайгаа гарсан. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ нь 0.07 га газраас илүүгүй байна гэж заасан.

       Уг хэмжээнээс илүү гарсан тохиолдолд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж 96м2 газрыг *******д олгосон. Энэ нь Засаг даргын захирамж болон хавсралтуудаас тодорхой харагдаж байгаа. Энэ байдлаа ямар аргаар цайруулсан бэ гэхээр гэрчилгээн дээрээ 0.07 га газар гэж олгуулсан. Гэхдээ бодит байдал дээр олгосон газар нь 91м2, 96м2 газар байгаа. Хэмжээнээс нь хэтрээд олгогдсон тохиолдолд Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэдэг. Тийм учраа *******д олгосон газар нь хууль бус, хүчин төгөлдөр бус газар гэж үзэж байна гэв. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд аймгийн Засаг даргын захирамж гарчихсан байхад, *******д 6 хоногийн дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх хариуг Газрын албанаас өгсөн байсан. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамжийг мэдээгүй харин ******* суурь тавиад эхлэхэд мэдэж, асуудал ярьсан. Иймд аймгийн Засаг даргын 2014 оны 06-р сарын 18-ны А/305 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.  Мөн *******д олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

        *******ын нэхэмжлэлтэй хэрэгт иргэн ******* нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* дэлгүүрийн баруун талд газар эзэмших санал өгсөн ба саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 тоот тогтоолоор төлөвлөгөөнд тусгагдан батлуулж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэн Харзат багийн иргэн *******д аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Харзат багийн ******* дэлгүүрийн баруун хойт талд 96м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна. 96м2 газарт дуудлага худалдаа явуулах шаардлага байхгүй. Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төлөвлөлтийг хийдэг. Төлөвлөлт хийхдээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй иргэдээс ирсэн саналын дагуу тухайн жил жилд нь төлөвлөлтийг хийгээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоол гарсаны үндсэн дээр олголтыг хийдэг.

 Иргэн ******* нь аймгийн Засаг даргад дээрх газрыг эзэмших талаар 2009 оноос хойш удаа дараа хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч ******* нь Есөнбулаг сумын Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 50 тоот захирамжаар 55 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн байна. 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дээрх эзэмшлийн газрыг сунгах өргөдөл аймгийн *******,*******т гаргасан байна. Дээрх өргөдөлд хуулийн дагуу хариу өгсөн. Мөн 2014 оны 05 дугаар сарын 13-нд ******* дэлгүүрийн баруун талын газрыг сунгах талаар дахин өргөдөл ирүүлсэн ба өргөдлийг судлан үзэж хуулийн дагуу хариу хүргүүлсэн.

Сумын Засаг дарга нь тухайн төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ явуулдаг хагас жилийн тодотголоор тийм хүсэлт ирээгүй жилийн эцсийн тодотголоор ирсэн захирамж гаргахдаа бүх агентлаг хэлтсийн дарга нараар танилцах хуудсанд гарын үсэг зуруулдаг. Тэгэхдээ тухайн үед Засаг даргаас саналыг нь аваад зөвшилцөөд шийдсэн. Алтай хотын 2015-2035 он хүртэлх хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу олголтыг хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.  Гуравдагч этгээд *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харзат баг 17 дугаар байрны урд байрлах ******* дэлгүүрийн хойт талын газрыг хүссэн өргөдөл 2008 оноос хойш эхлэн өгсөн. 2008 оны 4 сард аймгийн Засаг дарга *****т өөрийн биеэр өргөдөл барьж орж уулзсан, газрын албаны дарга *****д цохолт хийж явуулсан хариуг нь өгнө гэж хэлсэн боловч тухайн үед шийдэж өгөөгүй. 2009, 2010 онд дахин өргөдөл өгсөн 2013 оны 4 сард 2013 оны 11 сард, 2014 оны 04 сард удаа дараа өргөдлүүд өгч байсан. Уг хүсэлтийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 тоот тогтоолоор тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт зааснаар иргэн *******д аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 тоот захирамжаар 70м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 27-нд олгосон. Тус газар нь *******ын ******* дэлгүүрийн эзэмшлийн газрын гэрчилгээтэй давхцал байхгүй кадастрын зураг төлөвлөлтийн дагуу олгогдсон.

 ******* гэгч хүний эрх ашгийг хөндөөгүй болно. 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш А зэрэглэлийн газар аймгийн Засаг даргын захирамжаар олгогддог болсон.

Гэтэл ******* нь гэрчилгээгээ шинэчилж гаргуулаагүй, гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус мөн зөвшөөрөлгүй 3 метр газар дэлгүүрээ сунгасан. Дээрх 3 метр газарт ямар нэгэн зөвшөөрөл олгосон эрхийн акт гараагүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байдаг. Гэхдээ 30 хоногийн хугацааг нарийвчлаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газрын маргаантай асуудлыг Засаг даргын захирамж гарснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байна. Гэтэл энэ захирамж нь 2014 оны 06 дугаар сарын 14-ны өдөр гарсан байгаа. Иймд энэ нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Би зөвшөөрөлтэй энэ газартаа орон сууцны зориулалтаар барилга барихаар барилгын ажлын зураг төсөв, төлөвлөгөө хийлгэж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барилга барих ажлыг эхлэх зөвшөөрөл авсан. Нэгэнт хууль ёсны дагуу бүх зүйл хийгдсэн учраас дулааны улиралд орон сууц барихаар төлөвлөсөн.

****** ХХК-иар бариулахаар 2015 оны 06 дугаар сарын 10-нд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. 2015 оны 07 дугаар сарын 10-нд Хаан банкнаас 1.8 хувийн хүүтэй 7 жилийн хугацаатай 45.500.000 төгрөгний сард 1054.700 төгрөг төлөхөөр амины орон сууц барих зээл авсан. Мөн 5500.000 төгрөгний цемент 7400.000 төгрөгний тоосго, дээвэр сантехникийн материалд 2400.000 төгрөгөөр авч барилга барих 30 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Ийм учраас хууль ёсны дагуу надад олгогдсон газар тул *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

       Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг дарга, аймгийн *******,*******т холбогдох Есөнбулаг сум, Харзат баг 17 дугаар байрны урд байрлах ******* дэлгүүрийн хойд талын газрыг тус байрны 2-17 тоотод оршин суугч *******д эзэмшүүлэхээр гаргасан аймгийн Засаг даргын А/305 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч ******* нь 2004-03-31-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар  шийдвэрээр 060730008 дугаар бүхий  55м2   газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрчилгээ авчээ. Уг эзэмшлийн газрыг сунгах талаар нэхэмжлэгч нь 2013 оны 07-р сарын 15, 25 ны өдөр мөн 2014 оны 05-р сарын 13 ны өдөр дэлгүүрийн газрыг сунгуулах талаар аймгийн *******,*******т удаа дараа өргөдөл өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон өөрийн, мөн хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.  

 Гуравдагч этгээд Б. Чүлтэмсүрэн нь 2014 оны 04-р сарын 07 ны өдөр аймгийн **************т үйлчилгээний орон сууцны зориулалтаар 80м2 газрыг эзэмшихээр өргөдөл гаргаж 2014 оны 06-р сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын А/305 дугаартай захирамжаар 70м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар 060730092 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт,  мөн хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. 

       Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04-р сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж орон сууцны зориулалтаар шинэ эзэмшүүлэх газрын байршил хэмжээ тогтоох хавсралтаар Харзат багын 19-р байрны баруун талд 70 айлын орон сууцны зориулалттай 1168.0м2 газрыг олгохоор

тодотгож баталсаны дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 06-р сарын 18-ны А/305 газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтаар газар эзэмшигчийн эзэмших газрын зориулалт, байршил, хэмжээгээр гуравдагч этгээд *******д Харзат багийн ******* дэлгүүрийн баруун хойд талд орон сууцны зориулалтаар 96м2 эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

  Аймгийн Засаг даргын 2014 оны 07-р сарын 23-ны А/358 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтаар газар эзэмшигчийн эзэмших газрын зориулалт, байршил, хэмжээгээр ****** ХХК-нд орон сууцны зориулалтаар 584.0м2,  **** ХХК-нд орон сууцны зориулалтаар 584.0м2 газрыг Харзат баг *** байрны баруун талд 70 айлын орон сууц барихаар зохицуулсан байгаа нь дээрх хоёр ХХК-ны нийт хэмжээ нь 1168.0м2 байна. Иймд гуравдагч этгээд болох Б. Чүлтэмсүрэнгийн орон сууцны зориулалттай 91.0м2 газар нь энэ талбайд хамааралгүй болох нь мөн тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь тогтоогдож Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.

 Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасантай зөрчилдөж байна.

     Түүнчлэн нэхэмжлэгчийн ******* дэлгүүрийн хойд талын маргаан бүхий гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн орон сууцны зориулалтай газар нь 2014 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй , мөн газар эзэмших гэрээ болон газрын гэрчилгээн дээрх 70м2 газрыг 91м2 болгож үндсэн хэмжээнээсээ ихэсгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

       Энэ нь Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.” гэсэн заалттай зөрчилдөж байна.

        Нэхэмжлэгч Ч. Цэдэнбал нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох маргаан бүхий газрыг нэхэмжлэгч надад олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны үед татгалзсан хэдий ч тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлтээ аймгийн газрын албанд өмнө нь удаа дараа илэрхийлж байсан, тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших хүсэлтэй байгаа нь түүний нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт илэрхийлэгдэж байх тул түүний газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иймд аймгийн Засаг даргын 2014 оны 04-р сарын 07 ны өдрийн А/305 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

       Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****ын шүүх хуралд гаргасан тайлбартаа: *** байрны тэр хавийн газрыг багцлаад оруулсан байгаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Орон сууцны зориулалтаар шинээр газар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ-г тодотгож баталсан бөгөөд зөвхөн орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгууллалтын газрын дарга ******аас Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай мэдээлэлд ... орон сууцны зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр 5 нэгж талбарт 198850 м2 газрыг... 2014 оны төлөвлөгөөнд тодотголоор тусгуулахаар санал оруулж байсан зэргийг дурдах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын “нэхэмжлэл гаргах  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газрын маргаантай асуудлыг Засаг даргын захирамж гарснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 хоног гэсэн зохицуулалтаас илүү нарийвчилсан зохицуулалт гэсэн” үндэслэлийн тухайд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг аймаг, нийслэл , сум, дүүргийн Засаг даргаас хүчингүй болгосон тохиолдолд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт хэрэглэгдэхээр байх тул дээрх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан 10 хоногийн хугацаа нь нарийвчилсан зохицуулалт гэх гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

       1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга ****, тус аймгийн *******,*******т холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн иргэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ

                          ШҮҮГЧ                                 Ч. ЦЭНД-ОЧИР

                                  ШҮҮГЧ                          Б.САРАНЧИМЭГ