Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0059

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, М******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******, Н.Н******* нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож гуравдагч этгээд Т******* ХХК-ийг оролцоотойгоор эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...1.Ерөнхий нөхцөл.

1.1 Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрынхаа орц гарцыг гуравдагч этгээдээр шилжүүлэн суурилуулах, гуравдагч этгээдийн барьж байгуулах цэвэр усны шугамаас холболт хийхээр харилцан тохиролцож, талууд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээх нөхцөлийг Хариуцагч хүлээн зөвшөөрч Нэхэмжлэгчтэй эвлэрэв.

2. Талуудын үүрэг.

2.1 Гуравдагч этгээд дараах ажлуудыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэх үүрэгтэй. Үүнд:

2.1.1 Нэхэмжлэгчийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Автобус-2 компанийн баруун талд оршин нэгж талбарын 1863******* дугаартай, 14,315 м.кв хэмжээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай газрын орц, гарц болох 10 м урттай хашааны хаалгыг өөрийн зардлаар нүүлгэн шилжүүлж, суурилуулж өгөх /хаалгыг ертөнцийг зүгээс хойш нь татаж суурилуулна./

2.1.2 Нүүлгэн шилжүүлж суурилуулсан хаалганы доорх 232,75 /9,50 х 24,50/ м.кв талбайг бетондох, үүнтэй холбоотойгоор газрын хөрсийг тэгшилж, уг талбайд байгаа 2 ширхэг контейнерыг хуучин хаалга байсан газарт шилжүүлэн байрлуулах,

2.1.3 Төвийн шугамаас өөрийн эзэмшил газар хүртэл татсан цэвэр усны шугамыг Улсын комисст хүлээлгэн өгсний дараа уг шугамаас М******* ХХК шугам татаж, холболт хийх асуудлыг зохих журмы дагуу шийдвэрлэж, бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлнэ.

2.2 Нэхэмжлэгч дараах үүрэгтэй Үүнд:

2.2.1 Гуравдагч этгээд энэхүү гэрээний 2.1-т заасны дагуу орц гарцыг талууд тохиролцсон байршилд шилжүүлэн, шинээр суурилуулах, суурилуулсан хаалга болон хөршийн хэсгийн талбайг тэгшилж бетондох, контейнерүүдийг зөөвөрлөж байрлуулахад саад учруулахгүй байх, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх,

2.2.2 Гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшлийн цэвэр усны шугамаас өөрийн хэрэглээнд зориулан шугам татаж, холболт хийхтэй холбоотой бүх зардлыг бүрэн хариуцах,

2.2.3 Улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн хариуцах

2.3 Хариуцагч дараах үүрэгтэй. Үүнд:

2.3.1 Энэхүү гэрээнд дурдсан Нэхэмжлэгч, Гуравдагч этгээдийн тохиролцоог хүлээн зөвшөөрч, тэдгээрийг энэхүү гэрээний 2.1, 2.2-т заасан үүрэг биелүүлэхэд нь саад учруулахгүй байх,

2.3.2 Талуудын гэрээний үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих,

2.3.3 Гуравдагч этгээд Нэхэмжлэгч тал саад учруулснаас бусад тохиолдолд энэ гэрээнд 2.1.1-2.1.2-т заасан үүргээ 2.1-т заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй бол маргаан бүхий захиргааны актыг Т******* ХХК-д холбогдох хэсгээс М******* ХХК-ийн орц, гарыг хаасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн орц гарцыг чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

3 Маргаан шийдвэрлэх

3.1 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг харилцан нөгөө талаасаа шаардах эрхтэй бөгөөд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой аливаа маргааныг маргалдагч Талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

3.2 Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд гарсан аливаа маргааныг Хариуцагч өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд урьдчилан шийдвэрлэж болно. Талууд маргаагүй бол Хариуцагчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

3.3 Нэхэмжлэгч буюу Гуравдагч этгээд энэ зүйлийн 2-т заасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй эсхүл энэ гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой Нэхэмжлэгч, Хариуцагч хоёрын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэж чадаагүй бол маргааныг шүүхээр буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлнэ.

4. Бусад

4.1 Энэхүү гэрээг талууд хүсэл зоригоо чөлөөтэй, илэрхийлсэн сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт, дарамт нөлөөлөөгүй болно.

4.2 Энэхүү гэрээг байгуулснаар талууд хууль тогтоомжоор хүлээсэн аливаа үүргээс чөлөөлөгдөхгүй

4.3 Энэхүү гэрээг 4 эх хувь үйлдэж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулах ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталснаар хүчин төгөлдөр болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээний агуулгаас нь үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, Б.Ж******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* нар гарын үсэг зурсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг даргатай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан М******* ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаартай захирамжийн Т******* ХХК-д холбогдох М******* ХХК-ийн орц, гарц хаасан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч М******* ХХК, хариуцагч Нийслэлийн Засаг даргатай эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР