Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01469

 

 

“Н” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01282 дугаар шийдвэртэй

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК-д холбогдох 1 109 994 769.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяр-Эрдэнэ, А.Цээнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сайншандын А байгуулах төслийн Байгаль орчин. нийгмийн нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээг хийх ажлын тендерт хуулийн дагуу оролцон шалгарч улмаар 5 549 723 848.74 төгрөгийн дүнтэй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлыг хийхээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тухайн үеийн Үйлдвэр. хөдөө аж ахуйн яам. “Сайншанд “А” ХК-тай 7 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн эхлэлтийн болон эцсийн тайлангуудыг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам “Сайншанд А” ХК-иудад бүрэн хүлээлгэн өгсөн. Гэрээний 111 гэрээний гол нөхцөлийн 6.3 дахь хэсэгт заасан үлдэгдэл төлбөрийн 20 хувь буюу 1 109 944 769.75 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжилсэн. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам одоогийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэрээний тал мөн боловч гэрээний төлбөрийг Гэрээний ерөнхий нөхцлийн 5.1-д заасны дагуу үйлчлүүлэгч буюу “А” ТӨХК төлөх үүрэгтэй тул хариуцагчаар зөвхөн энэ компанийг татсан болно. Уг хэргийн хариуцагч болох “Сайшанд А” ХХК-ийн талаар мэдээлэл авахаар Төрийн өмчийн бодлого. зохицуулалтын газарт хүсэлт гаргасан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн. Албан бичигт “... Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдриин “Төрийн өмчит зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай” 9 дүгээр тогтоолоор “А” ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4/36 дугаар тушаалаар байгуулагдсан “А” ТӨХК-ииг татан буулгах комисс ажиллаж байна. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу “А” ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагын итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх бүрэн эрх дуусгавар болж энэхүү бүрэн эрх нь татан буулгах комисст шилжсэн байна. Иймээс хариуцагчийн нэрийг “А” ТӨХК гэж бичлээ. Дээрх нэхэмжлэлийг анх 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан ба 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 182/Ш32019/02290 тоот тус шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу “Н ХХК нь “А” ТӨХК-ийг татан буулгах комисс хандаж. гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардсан боловч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “...өр төлбөрийн асуудлыг хариуцахгүй” гэж хариу ирүүлсэн тул ийнхүү дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Байгаль орчин. нийгмийн нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээний III гэрээний гол нөхцөлийн 6.3 дахь хэсэгт заасан үлдэгдэл төлбөрийн 20 хувь буюу 1 109 944 769.75 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяр-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. А төрийн өмчит хувьцаат компанийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/36 дугаар тушаалаар тус аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, архив, албан хэргийн материалыг хүлээн авч бүртгэх, хуулийн этгээдийг татан буулгахтай холбогдон үүсэх бусад асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх үүрэг бүхий татан буулгах комиссыг байгуулсан. Татан буулгах комиссын ахлагчаар Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ томилогдон ажиллаж байна. Татан буулгах комисс нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pscp.qov.mn вэб хуудас, Өнөөдөр сонины 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Лхагва гарагийн №021 (6314) дугаарт болон Өдрийн сонины 2018 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн №024 дугаарт “А” ТӨХК-ийг татан буугдаж байгааг нийтэд мэдээлж, өр, авлагатай хувь хүн, хуулийн этгээдийг тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдсэн. Өнөөдөр сонины 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Лхагва гарагийн №047 (6340) дугаарт болон Өдрийн сонины 2018 оны 03 дугаар сарын 14- ний Лхагва гаригийн №054 (5857) дугаарт өргөдөл хүлээн авах хугацааг сунгасныг тус тус мэдэгдсэн. Нэхэмжлэгч “Н” ХХК нь өргөдөл хүлээн авах хугацаанд төдийгүй өнөөдрийг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт болон Татан буулгах комисст өргөдөл ирүүлээгүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна гэж заасан. Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт татан буулгах комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам. хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна. Иймд “Н” ХХК нь хуульд заасан хугацаанд татан буулгах комисст өргөдөл гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нэхэмжлэгч “Натурфрейндли” ХХК-ийн хариуцагч “А” ТӨХК-иас 1 109 994 769.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 5 707 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч болох “А” ТӨХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан тул нэхэмжлэл гаргаж чадаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар “А” ТӨХК-ийг татсан ба “Н” ХХК- ийн нэхэмжлэлтэй “А” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг шүүхээс үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Гэвч “А” ТӨХК-ийн хаяг тодорхойгүй байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж, хаягийг тодруулахад тус газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийн хариу /хэргийн 29 дэх тал/-г авахдаа “А” ТӨХК-ийг татан буулгасан талаар анх удаа мэдсэн байдаг. Ийнхүү шүүхэд мэдүүлж байхад шүүх “...”А” ТӨХК-тай харилцах боломжгүй байсан, татан буулгахаар шийдвэрлэснийг хожим мэдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна хариуцагч өдөр тутмын сонинд зар хүргэсэн цаг хугацаанд нэхэмжлэгчийн төлөөлөх эрх бүхий этгээд Монгол улсад байгаагүй болно. Гэтэл шүүхээс “...С.Амарбаясгаланг гадаад улсад байсан цаг хугацаанд “Н” ХХК-ийн өмнөөс Г.Буяндэлгэр, өмгөөлөгч Г.Билгүүн нар ... зохих яаж, шүүхэд хандаж байжээ” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс гадна тус компанийн төлөөлөх эрхгүй этгээдүүдийг хууль ёсны төлөөлөгч мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Татан буулгах комисс нь компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/36 тоот тушаалын 2-р хавсралтаар татан буулгах комиссын ажиллах удирдамжийг баталсан. Уг удирдамжийн 2 дахь хэсэгт мөн адил “Компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Эндээс үзвэл хариуцагч “А” ТӨХК-ийг татан буулгах комисс нь энэ тухай бидэнд бичгээр мэдэгдэх ёстой боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаар шүүхэд нэхэмжлэгчээс тодорхой тайлбарласан бөгөөд хариуцагч бичгээр мэдэгдээгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн хуульд заасны дагуу “А” ТӨХК-ийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр мэдэгдсэн талаар хэрэгт нотлох баримт байхгүй болно. Ийнхүү хуульд тодорхой зохицуулсан, хариуцагч бичгээр зээлдэгчид мэдэгдээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс “өдөр тутмын сониноор дамжуулан нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх арга хэмжээ авсан” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК хариуцагч “А” ТӨХК-тай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гэрээний үүрэгт 1 109 994 769.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Сайншанд А” ХК, “Н” ХХК-ууд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Сайншанд үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль, орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний САҮЦ-03/35 тоот гэрээ байгуулсан байна. /хх.10-20/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2013 онд байгуулсан САҮЦ-03/35 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заалттай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор хариуцагч “А” ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/36 тоот тушаалаар “А” ТӨХК-ийг татан буулгахтай холбоотой үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх комисс томилсон байна. /хх.76-78/

Татан буулгах комисоос Өнөөдөр сонины 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Лхагва гарагийн 021 (6314) дугаарт, Өдрийн сонины мөн өдрийн 024 дугаарт “А” ТӨХК-ийг татан буугдаж байгааг нийтэд мэдээлж өр, авлагатай хувь хүн, хуулийн этгээдийг тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдсэн зарыг хүргэсэн. Өнөөдөр сонины 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Лхагва гарагийн 047 (6340) дугаарт, Өдрийн сонины мөн өдрийн Лхагва гарагийн 054 (5857) дугаарт тус тус өргөдөл хүлээн авах хугацааг сунгаж байсныг нийтлүүлжээ.

“Н” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар С.Амарбаясгалан 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хариуцагчтай байгуулсан дээрх гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр гарын үсэг зурсан, мөн Аж үйлдвэрийн яамны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 03/1039 тоот албан бичгээр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэрт хариу өгч байжээ. /хх.7-8, 39, 78-79/

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-1/3900 тоот албан бичгээр татан буулгах комиссийн үйл ажиллагааны талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүнд, мөн газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А-5/1110 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Амарбаясгаланд татан буулгах комисс өр төлбөрийг хариуцахгүй талаар мэдэгдэж байсан. /хх.30, 31, 80-84, 91-92/

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал гадаад улсад удаан хугацаагаар эмчлүүлэх болсноор өр төлбөрийг нэхэмжлэх, татан буулгах комиссийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан талаар тайлбар гаргасан боловч Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2-5а/2390 тоот албан бичгээс үзэхэд Монголд орж гарч байсан болох нь тогтоогдсон, “Н” ХХК-ийн нэрийн өмнөөс Г.Буяндэлгэр, өмгөөлөгч Г.Билгүүн нар нэхэмжлэлийн шаардлага болон гэрээтэй холбоотой асуудлаар зохих яам, шүүхэд хандаж байх тул хариуцагч “Сайншанд А” ТӨХК-тай харилцах, мөн дээрх хугацаанд гомдол боломжгүй байсан, “А” ТӨХК болж нэрээ өөрчилсөн, татан буулгахаар шийдвэрлэснийг хожим мэдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч “А” ТӨХК-ийг татан буулгах ажиллагаатай холбоотойгоор хариуцагчтай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийн асуудлаар нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд багтаж өргөдлөө гаргаагүй ч Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлбөр шаардах шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 1 109 994 769.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг баримтлаагүй байх тул уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.