| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/00939/и |
| Дугаар | 1224 |
| Огноо | 2020-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 1224
“ГКББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01140 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ГКББСБ” ХХК-ийн хариуцагч О.И-, Г.Ү- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 46 555 757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон хариуцагч Г.Ү-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч болон хариуцагч Г.Ү-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И-, түүний өмгөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Ү-, О.И- нар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж, О.И-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205063421 дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 9 дүгээр хороо, 44 дүгээр байрны 57 тоот хаягт байрлалтай, 43.31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан, хугацааг 12 сараар сунгасан. Гэвч зээлдэгч нар гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлдүүлэгчээс холбогдох шаардлагыг амаар, бичгээр өгч, эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч нар ирээгүй. Гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дууссан. Иймд үндсэн зээлд 24 978 405 төгрөг, хүү 19 096 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 471 197 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг нийт 46 555 757 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч болон хариуцагч Г.Ү-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “ГКББСБ” ХХК-аас өмнө нь олон удаа зээл авч, эргэн төлж, найдвартай зээлдэгч байсан. Гэтэл эрхэлж буй бизнес маань давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнд байдалд орж зээлээ төлж чадахгүй болсон. 25 000 000 төгрөгийн зээл авсан талаар маргаангүй. Гагцхүү зээлийн хүү хэт өндөр. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтаар банкнуудын орон сууц барьцаалсан зээлийн хүү хэд болохыг харьцуулахаар өгсөн тул зээлийн хүүг 2-3 хувийн хүүгээр тооцон багасгаж өгнө үү. Зээлийн төлбөрт 22 693 681 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Байр барьцаалсан гэрээний тухайд үнэтэй орон сууцыг хямд өгмөөргүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ү-, О.И- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 46 555 757 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГКББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг О.И-ы өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 9 дүгээр хороо, 44 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063421 дугаартай, 43.31 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 461 000 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч болон хариуцагч Г.Ү-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И- давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие зээлийн гэрээнд заасан үүргээ өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолсон. Миний бие “ГКББСБ” ХХК-аас олон удаа зээл авч, хугацаанд нь төлж байсан. 2017 онд орлогын эх үүсвэр болох “ЖИГС-Ундарга” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа улмаас ашиг орлогогүй болж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй. Мөн энэхүү хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж одоог хүртэл хохирч байна. Иймд миний бие “ГКББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү болох 2 471 197 төгрөгийг хасахыг хүссэн боловч хэрэгт авагдсан бидний нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн нийт үнэ 46 555 757 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү 2 471 197 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “ГКББСБ” ХХК нь хариуцагч О.И-, Г.Ү- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 555 757 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч зөвшөөрч, харин зээлийн хүүг хэт өндөр, давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ17/02/04 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч Г.Ү-, О.И- нар нь “ГКББСБ” ХХК-аас 25 000 000 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй, сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд мөн өдрийн ҮБГ17/02/04 дугаар үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 9 дүгээр хороо, 44 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063421 дугаартай, 43.31 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /хх17-19, 21-23/
Зээлдэгч нар зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г талууд харилцан тохиролцож байгуулсан, мөн өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг 24 978 405 төгрөг болохыг тогтоож, гэрээний бусад нөхцлийг хэвээр хадгалан, хугацааг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан байна. Зээлийн гэрээний хугацаа сунгасантай холбоотойгоор барьцааны гэрээг сунгасан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Нэхэмжлэгч “ГКББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь 0000097254 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 1/450 дугаартай “Тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээгээр нотлогдсон тул талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусахад зээлдэгч буюу хариуцагч О.И-, Г.Ү- нар нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, үндсэн зээлийн үлдэгдэл 24 978 405 төгрөгийн, хүүгийн 19 096 155 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүүгийн 2 471 197 төгрөгийн, нийт 46 545 757 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргажээ. /хх-26, 27/
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хариуцагч үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцооллыг буруу гэж маргаагүй, 22 693 681 төгрөгийн төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасан боловч тооцооллыг хийгээгүй, нэхэмжлэгчээс гаргасан тооцооллыг баримтаар няцаагаагүй байна.
Иймд үүрэг зөрчсөн зээлдэгчээс гэрээний үүргийг шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид үүссэн, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч зээлийн хүүг хэт өндөр гэж хүү төлөхөөс татгалзсан боловч сарын 4 хувийн хүүг талууд гэрээгээр харилцан тохиролцож тогтоосон, мөн уг хэмжээ нь адил төрлийн үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагаас илт өндөр гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зээлдэгчид илт хохиролтой гэж үзэхээргүй байна. Анхан шатны шүүх маргааны уг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хүү хэт өндөр гэх татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь зөв болно.
Зээлдэгч гэрээнд зааснаар зээлийн хүүг зээлийг төлж барагдуулж дуустал төлөх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцнэ.
Мөн зээлийг заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч 2 471 197 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дагуу байна. Талууд гэрээний 2.1.3 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь хууль зөрчөөгүй тул гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хангах үндэслэлтэй.
Хариуцагчийн зээлийг хугацаандаа төлж чадаагүйд бусад этгээдийн хууль бус ажиллагаа нөлөөлсөн гэх татгалзал тайлбар нь гэрээний үүргийг биелүүлж чадахгүй, давагдашгүй хүчин зүйлд тооцогдохгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Зээлийн үүргийн баталгаа болгон байгуулсан барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн тул гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагч Г.Ү-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагч Г.Ү-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 489 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ