Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 575

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Гэрч Б.Болор-Эрдэнэ, М.Оргил, Д.Майдар,

Шинжээч Б.Ариунзул, Ч.Эрдэмболор,

Шүүгдэгч /хохирогч/ Ш.Н , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүгдэгч /хохирогч/ С.М , түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас  М т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021310 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хөрөнгө оруулалт, хангамжийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, оршин суух, ял шийтгэлгүй, Н .

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, М .

 

Шүүгдэгч Ш.Н  нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орчим иргэн С.М ийн эрүүн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч С.М  нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орчим иргэн Ш.Н ий чихэн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Ш.Н  мэдүүлэхдээ:

  Би хохирогч М ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Би өмнө М ийг таньдаггүй байсан. Тухайн өдөр танилцсан. Хэрэг болох үед М  намайг цохиж энэ  зодоон эхэлсэн. Би хохирогчийн шанаан тус газар нь гараараа цохисон.

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2а байрны гадна явж байхад М  миний зүүн чих орчим цохисон. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудаад М  гомдол гаргасан тухай хэлсэн. Тэр үед миний чих шуугиад байхаар нь  шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд чих хамар хоолойн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Ингээд би “МЖЖМА” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь ороогүй. Надад нэхэмжилэх  зүйл байхгүй. М т гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ С.М  мэдүүлэхдээ:

  Тухайн өдөр Н тэй танилцсаны дараа надаас байн байн “ Чиний нэр хэн билээ” гэж асуугаад байсан. Н  тэр өдөр эмнэлэгт үзүүлсэн тухай ярьж байсан. Би хохирогч Н ийн зүүн чихний ард цохисон. Хохирогч Н ийн биед гэмтэл учирсан гэдгийг хүлээн  зөвшөөрөхгүй байна.

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байхад Болор-Эрдэнэ дуудсан. Гараад очиход Оргил, Ганбат, Майдар, Болор-Эрдэнэ 4 байсан. Бид  нар Виски уугаад дараа нь Н тэй уулзсан. Хэрэг гарсны дараа Болор-Эрдэнэ, Майдар 2 намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ороход эхнэр намайг хараад “эрүү чинь яасан юм бэ” гэж асуусан. Тэр үед 2 шүдний завсраар хэл гараад байхаар нь шүд унасан байна гэж бодсон. Тухайн өдөр би томографикийн зураг авахуулаад, дараа нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. 6 дугаар сарын 5-ны өдөр мэс засалд орсон. Эмнэлгээс гараад Н тэй уулзахад Н  Майдартай хамт ирсэн. Н  надад хохиролд 10.000.000 төгрөг өгье гэхээр нь би 30.000.000 төгрөг авмаар байна гэж хэлсэн. Гэтэл эмчилгээний зардал бодож байснаас бага гарсан болохоор би 10 сард өгсөн мэдүүлэгтээ 17.540.000 орчим төгрөг нэхэмжилж байгаагаа хэлсэн. Би Н тэй холбогдох гэж оролдсон боловч утсаа аваагүй. Би эрүүл мэндээрээ хохирсон төлбөр мөнгөө нэхэмжилж байна. Би мэс засалд орсноос хойш 4 долоо хоног хоол идэх боломжгүй зөвхөн шингэн зүйл ууж байсан. 6 дугаар сарын сүүлээр би ухаан  алдаж унаад  “Буянт ээж” эмнэлэгт үзүүлэхэд тархи зүрх судасны цусан хангамжийн дутагдалд орсон байна гэж хэлсэн биеийн жингээсээ 9 кг жин хассан. Би нийт 22.208.767 төгрөг нэхэмжилснээс 3.000.000 төгрөг хохиролд авсан. Одоо үлдсэн 19.208.767 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ:

  Бид нарыг алхаад явж байхад М  “Чи муу намайг бацаан гэдэг хэн бэ” гээд Н тэй маргалдаад зогссон. Тэгэхээр нь эргээд хартал М  Н ийг алгадсан. Зөрүүлээд Н  М ийг 1 удаа шанаадсан. М  Н ийг 2 удаа алгадсан. Н  М ийг 1 удаа цохисон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Оргил мэдүүлэхдээ:

  Яг ойр байгаагүй. Эргэж харах хооронд л маргаан болсон. М  Н ийг алгадаад Н  зөрүүлээд  цохисон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Майдар мэдүүлэхдээ:

   Тухайн өдөр байрны гадна талд маргалдсан. Хоорондоо тоглоом  шоглоом хийж байгаад маргаан үүссэн. М  Н ийг эхэлж алгадсан. М  Н ийг 2 удаа алгадсан. Н  М ийг шанаан тус газар нь цохисон. Хэрэг болохоос өмнө би Н тэй барилдсан. Найзынхаа гэрт байхдаа барилдсан. Чих рүү цохисон зүйл байхгүй. Тонгороод Н ийн дээрээс би унасан. М  Н ийг гадаа 2 удаа алгадаж байхыг харсан. Бид нар 2, 2 оороо салсан явж байсан. Хамгийн ард талд Н , М  2 алхаж явсан. Намайг эргээд харахад нэг алгадсан бид нарыг салгах хооронд  дахиад нэг удаа алгадсан гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Ариунзул мэдүүлэхдээ:

 М ийн биед 2 нүдний ухархайн доод эрүүний төв хэсгийн болон зүүн салааны хугарал баруун хоншоорын ханын хугарал, эрүүний баруун зүүн хэсгийн хаван бүхийн гэмтэл учирсан байна. Эдгээр гэмтлүүдээс эрүүний ясны хугарал, хоншоорын ханын хугарал нь гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Тухайн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой гэв. Шинэ гэмтэл нь яснуудын гэмтэл болох ухархайн доод хана, эрүүн, хоншоор хэсгийн гэмтэл байсан гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Болор-Эрдэний өгсөн:

            “... 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр намайг өдөр гэртээ байж байхад Оргил 1 шил виски авч ирээд, Майдар, Оргил бид гурав М тэй утсаар ярихад гэртээ байна гэхээр нь гараад ир гэж хэлээд, гэрийх нь гадна саравчинд сууж уусан...Ууж байхад М ийн зүүн талын нүд нь хөхөрсөн байхаар нь би наад нүд чинь яасан юм гэж асуухад өчигдөр байрныхантайгаа ууж байгаад барилдаж байгаад ийм болгочихсон гэж хэлж байсан. Тэгээд тал шил вискиг уусан, Ган-Очир гээд манай найз Оргил, бид хоёр руу яриад Чинбаагийнд хүрээд ир, виски амсмаар байна, Чинбаа, Н  бид гурав байна гэхээр нь М ийг орхиод явах гэхэд би хамт явъя гээд гуйгаад байхаар нь дагуулаад явсан. М  гэрээсээ орж 1 шил хятад архи аваад гарч ирээд, хамт явсан. Чинбаагийн ороход Ган-Очир, Н  гурав архи уугаад сууж байсан. Тэгээд Чинбаагийн ороход Н , М  хоёр танилцсан. Тэгээд ууж байхад Н  М ийг ахын дүү гэж дуудахад М  би залуу харагдаж байна гээд инээгээд юм яриад сууж байсан. Тэгээд тал шил виски, хятад архитай уучихаад бид нар явж караокед орж дуулъя гэж ярилцаад Чинбаагийн гэрээс Н , Ганбаа, Оргил, М , Майдар бид 6 гараад явж байхад би Оргил, Майдар хоёртой хамгийн урд, бид нарын ард Номин, М  хоёр, ард талд нь Ганбаа явж байсан санагдаж байна. Тэгээд М  Н ийг чи намайг бацаан гэж хэлдэг хэн бэ гээд өөд өөдөөсөө харчихсан маргалдаж зогсож байхаар нь эргэж харахад М  Номин- Эрдэнийг зүүн шанаа руу баруун гараараа алгадсан чинь Номин зөрүүлээд 1 удаа баруун гараараа зүүн шанаа руу нь цохиход М  бөгсөөрөө газар суучихаар нь би М ийг татаж босгоод гэрт нь хүргэж өгнө гээд цааш аваад явахад Оргил Номинг аваад салаад хоёр тийш явцгаасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Оргилын өгсөн:

            “...2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр надад 1 литрийн виски байсныг би найзуудтайгаа хувааж уухаар болоод Майдар, Болор-Эрдэнэ нартай утсаар холбогдоод гэрт нь очсон. Тэгэхэд Майдар, Болор-Эрдэнэ нар гадаа гоё байна, гадаа гарч сууя гээд бид нар хорооллын М ийн байрны гадна очиж саравчинд суусан. Тэгээд сууж байхад Ганбаа ирээд М ийг Майдар дуудаад бид 5 нийлж сууж вискигээ уугаад тал болгоод байж байтал Ганаа гээд манай найз над руу залгаад Чинбатынд Н  бид гурав архи ууж байна, хүрээд ир гэж дуудахаар нь бид 5 яваад очсон. Тэгээд Чинбаагийн 2 дугаар байранд байх гэрт нь яваад ороход Чинбаа, Ганаа, Н  3 нэг шил архи талд нь оруулчихсан сууж байсан. Тэгээд бид хэд нийлж хамт уусан. Ороход Н  М  хоёр танилцаад сууж байхад М  Н эс оныг нь асуучихаад дараа нь чи надаас бацаан юм байна шүү дээ гэж хэлсэн чинь Н  чи намайг бацаан гээд байхдаа яадаг юм гээд маргалдмар аядаад л өнгөрсөн. Тэгээд архиа ууж дуусчихаад караоке орж дуулъя гээд Чинбаагийнхаас Ганбаа, Майдар, Болор-Эрдэнэ, М , Н  бид 6 гараад, урд Н , М  хоёроос бусад нь урд талд алхаад хойд талд тэр хоёр алхаж явсан. Тэгтэл Н , М  хоёрын дуу ширүүсээд ирэхээр нь хойш эргээд харахад М  Н ийг 1 удаа атгасан үгүйг санахгүй байна, зүүн шанаа руу нь цохих шиг болоход Н  шууд зөрүүлээд 1 удаа цохихоор бид нар очиж салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Майдарын өгсөн:

 “...2017 оны 05 сарын 30-ны өдөр ... Болор-Эрдэнэтэй хамт байж байтал Оргил над руу залгаад нөгөө вискигээ уух уу гэхээр нь Болор-Эрдэнэ бид хоёр байрны гадаа байна, хүрээд гэж дуудсан. Тэгээд Оргил өдөр 13-14 цагийн үед ирсэн. Ирээд бид М ийн амьдардаг байрны саравчинд очиж суусан. Сууж байхдаа Болор-Эрдэнэ бид хоёр М ийг дуудъя гээд утас руу нь залгаж М ийг дуудсан. М  гарч ирээд бид дөрөв саравчинд уугаад байж байтал Ганбат хүрч ирээд тавуулаа болоод юм яриад сууж байхдаа бид хэд М ээс наад нүд чинь яачихсан юм бэ гэж асуухад урд өдөр нь хуучин байрныхаа хүмүүстэй уулзаж ууж байгаад барилдаж байхдаа мөргөлдөж хөхөрсөн юм гэж бид нарт тайлбарласан. Удаагүй байж байтал Оргил руу Н  ярьсан шиг санагдаж байна, та хэд яачихав, нөгөө вискигээ аваад ирээч гээд дуудхаар нь бид тав хороололд Чинбатын гэр рүү явахаар болсон. Тэгсэн чинь М  би яаж найзууд дээрээ хоосон очих вэ гээд гэртээ ороод 1 шил хятад архи авч гарч ирээд бид нар хороололд Чинбатын очиход Чинбат, Н , Ган-Очир гурав нилээн согтуу унтаж байсан. Тэгээд ууж байсан вискигээ, хятад архитайгаа ууж дуусаад дахиж 0.5 граммын 1 шил архи авч ирээд тэрийгээ ууж дуусгачихаад караокед сууцгаая гээд бид нар Чинбатын гэрээс 17 цагийн үед Болор-Эрдэнэ, Ганбат, М , Оргил, Н  бид зургаа гарсан. Гараад бид нар хоёр хоёроороо хуваагдчихсан алхаж явтал хойно маргалдах чимээ гарахаар нь М  Н ийг хүчтэй 2 удаа алгадсан чинь Н  зөрүүлээд 1 удаа баруун гараараа шанаа орчим руу нь цохиж харагдсан. Тэгэхэд М  нуруугаараа хойшоо унаад, өөрөө эргэж босч ирээд чи муу яаж байна гээд Н  рүү дайрхаар нь бид нар очиж салгаад Н ийг Оргил аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/

           

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бүрэнтөгсийн өгсөн:

            “... 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Н  бага зэрэг уучихсан орой 21 цагийн үед л ирсэн санагдаж байна. Орж ирээд миний чих шуугиад юм сонсохгүй, бүдэг сонсогдоод байна гээд хэлж байхаар нь яасан юм гэж асуухад Оргил 1 ширхэг виски авч ирж задлаад тэрийг уухаар Чинбатын гэрт очсон. Тэгэхэд нэг залуу танихгүй хамт байж байхаар нь тэр залуутай танилцаж юм уучихаад Чинбатын гэрээс гараад явж байхад юм уу орцны үүдэнд гэл үү намайг цохичихсон юм. Тэгэхээр нь гайхаад тэр залууг би цохисон гэж надад хэлж байсан. Тэгээд тэр залуутай маргалдчихлаа гэж байсан. Чиний чих яаж байна гэж Н эс асуухад миний чих шуугиад байна гэхээр нь чи эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлж байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлж амжаагүй байж байгаад ЭМЖЖ эмнэлэгт очиж үзүүлсэн.  Тэгэхэд зүүн чихний хэнгэрэг нь цоорсон гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ранжилов.В.Г-ийн өгсөн:

            “...  Ш.Н  гэж хүн бүртгэлээр үзүүлсэн байна. ...чихнийх нь зургийг авахад зүүн чихнийх нь хэнгэрэг цоорхой байсан ... Уг гэмтлийн зургийг харахад эргэн тойрон улаалттай, цоорхойны эргэн тойрон арзгар, мөн түүний хэлж байгаагаар онош гардаг. Н д учирсан гэмтэл нь үзлэгээс өмнө 7 хоног, цаад тал нь 10 хоногт үүссэн байж болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/

 

     2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 71895 тоот: 

1. М ийн биед 2 нүдний ухархайн доод ханын хугарал, эрүүний төв хэсгийн болон зүүн салаан хугарал, баруун хоншоорын хөндийн ханын хугарал, эрүүний баруун зүүн хэсгийн зөөлөн эдэд хаван хий тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ  эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

 

     2017 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 836 тоот: 

1. ШШҮХ-ийн ШЭШГ-ийн №7189 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ирүүлсэн материал болон шинжилгээний хариунд бөөрний дутагдлын шинж илрэхгүй байна.

3. С.М ийн биед баруун, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, эрүүний төв хэсгийн болон зүүн салааны хугарал, баруун хоншоорын хөндийн хугарал, эрүүний баруун зүүн хэсгийн зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 7472 тоот: 

1. Н ий биед хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт зулгаралт, зүүн чихний хэнгэрэгийн цооролт тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

 

     2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн давтан шинжилгээний 1074 тоот: 

1. Шинжээч эмчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7472 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ш.Н ий биед учирсан зүүн чихний хэнгэргийн цооролт гэмтэл нь шинэ буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Нэг удаагийн алгадалт цохилтоос үүснэ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/

 

- Хохирогч С.М ийн өвчний түүхийн хуулбар /хх-н 53-70/,

- Хохирогч С.М ийн хохирлын баримтууд /хх-н 52, 74-91/,

 

Шүүгдэгч С.М ийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч П.Соёлмаагийн өгсөн:

 “... М  дуу цөөтэй, даруухан, гэр бүлдээ халамжтай ... үр хүүхэддээ хайртай, хүмүүжил боловсролд нь анхаарч байдаг, халамжит эцэг, халамжит нөхөр ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнх-Ундралын өгсөн:

“... М  бага насандаа эцэг эхийн асаргаанд байж цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Сургуульд сурч байхдаа сурлага сайтай онц төгсөж, дээд сургууль орж суралцаад ... төгсөөд шууд Америк улс руу явж тэндээ 10 жил эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаад 2012 онд ирсэн. ... одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй  ...” гэх мэдүүлэг /хх-н 112/

           

Шүүгдэгч Ш.Н ий хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бүрэнтөгсийн өгсөн:

 “...Н  дөлгөөн даруу зантай, их тэвчээртэй, хэр баргийн юманд уурлаад байдаггүй, хүлээцтэй, шулуун шударга зантай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 95/,

            - Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн тодорхойлт /хх-н 96/,

            - Бакалаврын дипломын хуулбар /хх-н 97-98/,

            - Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-н  99-100/,

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 101/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/,

 

 зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ш.Н  нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орчим иргэн С.М ийн эрүүн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь эрүүний төв хэсгийн болон зүүн салааны хугарал, баруун хоншоорын хөндийн хугарал, эрүүний баруун зүүн хэсгийн зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч С.М  нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орчим иргэн Ш.Н ий чихэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт зулгаралт, зүүн чихний хэнгэрэгийн цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Ш.Н ий мэдүүлсэн “... би хохирогч М ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан ... Хэрэг болох үед М  намайг цохиж энэ  зодоон эхэлсэн. Би хохирогчийн шанаан тус газар нь гараараа цохисон гэх мэдүүлэг,

          шүүгдэгч /хохирогч/ С.М ийн “... Тухайн өдөр ... хохирогч Н ийн зүүн чихний ард цохисон ...” гэх,

            шинжээч Б.Ариунзулын “... М ийн биед 2 нүдний ухархайн доод эрүүний төв хэсгийн болон зүүн салааны хугарал баруун хоншоорын ханын хугарал, эрүүний баруун зүүн хэсгийн хаван бүхийн гэмтэл учирсан байна. Эдгээр гэмтлүүдээс эрүүний ясны хугарал, хоншоорын ханын хугарал нь гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Тухайн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой гэв. Шинэ гэмтэл нь яснуудын гэмтэл болох ухархайн доод хана, эрүүн, хоншоор хэсгийн гэмтэл байсан ...” гэх, .

            гэрч Б.Болор-Эрдэний “... Тэгээд М  Н ийг чи намайг бацаан гэж хэлдэг хэн бэ гээд өөд өөдөөсөө харчихсан маргалдаж зогсож байхаар нь эргэж харахад М  Номин- Эрдэнийг зүүн шанаа руу баруун гараараа алгадсан чинь Н  зөрүүлээд 1 удаа баруун гараараа зүүн шанаа руу нь цохиход М  бөгсөөрөө газар суучихаар нь би М ийг татаж босгоод гэрт нь хүргэж өгнө гээд цааш аваад явахад Оргил Номинг аваад салаад хоёр тийш явцгаасан ...” гэх,

         гэрч М.Оргилын өгсөн          “...Тэгтэл Н , М  хоёрын дуу ширүүсээд ирэхээр нь хойш эргээд харахад М  Н ийг 1 удаа алгадсан үгүйг санахгүй байна, зүүн шанаа руу нь цохих шиг болоход Н  шууд зөрүүлээд 1 удаа цохихоор бид нар очиж салгасан ...” гэх,

         гэрч Д.Майдарын “... 2017 оны 05 сарын 30-ны өдөр ...алхаж явтал хойно маргалдах чимээ гарахаар нь М  Н ийг хүчтэй 2 удаа алгадсан чинь Н  зөрүүлээд 1 удаа баруун гараараа шанаа орчим руу нь цохиж харагдсан. Тэгэхэд М  нуруугаараа хойшоо унаад, өөрөө эргэж босч ирээд чи муу яаж байна гээд Н  рүү дайрахаар нь бид нар очиж салгаад Н ийг Оргил аваад явсан ...” гэх мэдүүлгүүд, 2017 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 836 тоот, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн давтан шинжилгээний 1074 тоот дүгнэлтүүд, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Сэнгидийн М т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилүүлэх талаар гаргасан өмгөөлөгч Ц.Батбаярын саналыг хүлээн авч шүүгдэгч С.М ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай гэж шүүх үзлээ.

 

          Хохирогч С.М  шүүгдэгч Ш.Н ийг эхлээд алгадсан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хохирлын талаар:

          Шүүгдэгч Ш.Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М т хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч /хохирогч С.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н  надад хохиролд 10.000.000 төгрөг өгье гэхээр нь би 30.000.000 төгрөг авмаар байна гэж хэлсэн. Гэтэл эмчилгээний зардал бодож байснаас бага гарсан болохоор би 10 сард өгсөн мэдүүлэгтээ 17.540.000 орчим төгрөг нэхэмжилж байгаагаа хэлсэн. Би Н тэй холбогдох гэж оролдсон боловч утсаа аваагүй. Би эрүүл мэндээрээ хохирсон төлбөр мөнгөө нэхэмжилж байна. Би мэс засалд орсноос хойш 4 долоо хоног хоол идэх боломжгүй зөвхөн шингэн зүйл ууж байсан. 6 дугаар сарын сүүлээр би ухаан  алдаж унаад  “Буянт ээж” эмнэлэгт үзүүлэхэд тархи зүрх судасны цусан хангамжийн дутагдалд орсон байна гэж хэлсэн биеийн жингээсээ 9 кг жин хассан. Би нийт 22.208.767 төгрөг нэхэмжилснээс 3.000.000 төгрөг хохиролд авсан. Одоо үлдсэн 19.208.767 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

            Хохиролтой холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд:

           Мөнгөн гүүр эмнэлэгт 150,000 төгрөг төлсөн гэх баримт /хх74/, шинжилгээний төлбөр гэх 3000 төгрөг төлсөн /хх75/, 64,500 төгрөг төлсөн баримт, Монос Энхжин Эс 54,000 төгрөг төлсөн /хх76/,55,700 төгрөгийн баримт эм авсан хэсгүүд /хх79/,5,600 төгрөгийн Монос Эмийн сангийн баримт,Тамедин авсан гэх 2,800 төгрөгийн баримт /хх81/,Гэмтлийн эмчийн үзлэгийн баримт 20,000 төгрөг /хх82/,хагалгааны төлбөр 1,500,000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр 420,000 төгрөг /хх83/, эм авсан гэх 21,900 төгрөгийн баримт /хх87/, Монос Эмийн сангаас эм авсан баримт 13,487 төгрөг /хх88/ нийт 2,310,987 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан,

            харин Эрүүл мэндийн даатгалд төлсөн гэх 57,600 төгрөг, шатахуун, хүнсний зүйл худалдаж авсан, ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан, бөөгийн засалд төлсөн, гар утасны төлбөр зэрэг нийт 3,009,559 төгрөгийн хохирлын баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Хохирогч С.М  нь шүүгдэгч Ш.Н ийг 3,000,000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байх тул нь шүүгдэгч Ш.Н ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          

            Хохирогч С.М ийн өмгөөлөгчид төлсөн төлбөртэй холбоотой болон бусад хохирлын баримтуудын үнийн дүн харагдахгүй, яг ямар холбогдолтой зэргийг мэдэх боломжгүй байх тул бүрэн тооцоолох боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

      

             Шүүгдэгч С.М ийн хохирогч Ш.Н д хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу өөр хоорондын насны зөрүүтэй байдлаас маргалдан үйлдсэн бөгөөд хохирогч нь эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэх боловч шүүх хуралдаанд өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хохирогч Ш.Н ийн өмгөөлөгчид төлсөн гэх баримт нь орлогын албан татвар төлсөн бусад баримтаар давхар нотлогдох шаардлагатай учраас уг баримтыг хэлэлцэхгүй орхиж цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүгдэгч С.М ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Ш.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал буюу тогтвортой хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж торгох ялыг улсын яллагчийн гаргасан саналаас доогуур оногдуулах нь зохимжтой юм.

 

          Шүүгдэгч С.М ийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасныг журамлан шүүгдэгч С.М ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,    

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан шүүгдэгч С.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Н ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Н ийг торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.М  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч /хохирогч/ Н , С.М  нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч /хохирогч/ Н , С.М  нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.М , Ш.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ