Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/993

 

 

 

 

 

   2022            10          13                                         2022/ДШМ/993                                                                                                                       

 

 

И.Б-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Э.Билгүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/778 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн И.Б-д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1981 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн В дэх хэсэгт зааснаар 1,000 төгрөгөөр торгох ял,

1983 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн В дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

1988    онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 153 дугаар А дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

1989    онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

1992 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 4 жил жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1992 онд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хугацаагаар хорих ял,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

И.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим . .. дүүргийн .. хороо, .... тоот гэртээ согтуугаар хамт архи ууж байсан Б.Э-ы нүүрэн тус газар нь шөвгөөр хатгаж, зодон  баруун хөхлөг сэртэнгээс зулай, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарлууд, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, хоёр  хацар ясны нумын хугарал, зүүн зовхинд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч Б.Э- 2022 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цаг 55 минутад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: И.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч И.Б-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг шөвгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Б-аас нийт 3,715,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн И.Б-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс 4,715,000 төгрөг гаргуулахаар шиийдвэрлэсэнд гомдолтой байна. Талийгаач маань ажил хөдөлмөр эрхэлж, өндөр настан эцэг, эх, эхнэр хүүхдээ тэжээдэг байлаа. Одоо эцэг, эх нь талийгаачийн араас ямар их сэтгэл санаагаар унаж, эрүүл мэндээрээ хохирч байгааг хэн ч анхаарч үзэхгүй байна. Талийгаачийн буяны ажилд 30,000,000 төгрөг зарцуулсан баримтаа өгсөн байхад хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүгдэгч Б- шүүхээс оногдуулсан ялаа эдлээд хэзээ нэгэн цагт гараад ирнэ. Эцэг, эх, үр хүүхэд нь мөнхөд сэтгэлдээ бодож үеийнхэн нь хүүхдийг хараад сэтгэлээр унаж хорвоо ертөнцийг өнгөрөөхөд ямар их хүндрэлтэй болохыг бодож тунгааж нэг үзээсэй. Б- ахыг маань санаатай бүрэлгэсэн гэж бодож байна. Зүйлчлэл тохироогүй. Яагаад хүний амь насыг харгис аргаар бүрэлгэсэн ...

Амь хохирогчийн ар гэрийхэн шарилыг Улаанбаатар хотоос Дундговь аймаг хүртэл тээвэрлэж ирэхэд зардал өндөр гарсан. Би “...” ХХК-аас зэдийн багц 800,000 төгрөгөөр, “...” ХХК-аас хайрцаг хөшөөнд 2,000,000 төгрөг, Шарилын хайрцаг Улаанбаатараас Дундговь аймагт хүргэх зардалд 1,000,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөг зарцуулсан баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй орхидуулсан байна. Иймд И.Б-аас гэм хорын хохирол болох 33,800,000 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч И.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч И.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим ... дүүргийн ... тоот гэртээ согтуугаар хамт архи ууж байсан Б.Э-ы нүүрэн тус газар нь шөвгөөр хатгаж, зодон  баруун хөхлөг сэртэнгээс зулай, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарлууд, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, хоёр  хацар ясны нумын хугарал, зүүн зовхинд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас хохирогч Б.Э- 2022 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цаг 55 минутад нас барсан болох нь:

хохирогч Б.Э-ы “... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой Батаагийн хамт зүс таних Б- гэдэг гутал хийдэг ахын гэрт нь орж архи ууцгаасан. Б- ах согтуурхаад эхэлсэн ба гэнэт гутал хийдэг шөвөг шиг зүйлээр миний зүүн нүдний ойролцоо нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад тогтохгүй байсныг санаж байна. Нэг мэдсэн орцонд нь гараад ирсэн, орцны жижүүр ах түргэн дуудаж байсан. Би нэгдүгээр эмнэлэгт хүргэгдээд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө ухаан орж сэргээд эмнэлгээсээ гараад цагдаагийн байгууллагад хандаж байна...” /1-р хх 29-30/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн “... Э- ах яаралтай хагалгаанд ороод сэхээнийхээ тасагт нэг хонож маргааш нь буюу 04 дүгээр сарын 25-ны шөнө нас барсан...” /1-р хх 33/,

гэрч Ж.С-гийн “... 19 цаг болж байхад Б-ын гэрт ирэхэд Болдоо, Э-, Э, Б-, Н нар архи уугаад сууж байсан. Б- намайг хараад агсараад “Яах гэж ирсэн юм, зайл” гэсэн. Агсам тавьж эхлэхэд  Э-аас бусад нь гараад явсан. Гэрт Н, Б-, Э- бид нар үлдсэн. Ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд Э- нүүрээ дарсан нүднээс нь цус гарсан байдалтай байсан. Учрыг лавлахад Б- “Би ингэсэн, чамд ямар хамаатай юм ... минь” гээд уурлаад байсан...” /1-р хх 41/,

гэрч Б.Э-ын “... дүү Э- хүнд зодуулсан байдалтай, зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Би дагуулаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. .... Б- гэх хүнд зодуулсан, шөвгөөр зүүн нүдний зовхи руу хатгасан гэж хэлсэн...” /1-р хх 45/,

гэрч Ш.Э-н “... Э-ы зовхинд оёдол тавьсан, нүднээс доош эрүү хүртэл нь хөхөрч хавдсан байсан. Би хэнд зодуулсныг асуухад ... “Найз нь хэнд зодуулснаа саначихлаа, 901 дүгээр байрны жижүүр ах “Чамайг Б- ах зодоод, Б-ыг цагдаа аваад явсан... 103-ийн эмч нар авч яваад, намайг нэгдүгээр эмнэлэгт хүргэсэн, би эмнэлгээс алхаж ирлээ” гэж надад хэлсэн...” /1-р хх 60/,

гэрч Д.Г-ын “... 13 давхараас 12 давхар руу буудаг давхар хоорондын шатан дээр нэг эрэгтэй хүн баруун талаар хэвтээд зүүн тийш хана руу харсан байсан. Би тэр хүнийг сэрээхэд босож ирээд суусан. Царайг нь харахад 100 айл дээр, чулууны үйлдвэрт ажилладаг манай орцонд байнга хонодог залуу байсан. Зүүн талын нүд нь хавдсан, хамраас нь цус гоожиж байсан. Юу болсныг асуухад “Арай ч дээ Батжаа ах” гээд уйлаад байсан... удалгүй түргэн тусламж ирээд тэр залууг аваад явсан...” /1-р хх 63/,

яаралтай түргэн тусламжийн эмч М.Тэгшбаярын “... өвчтөн их согтолттой байсан тул хордлого тайлах эмчилгээ хийж, чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Толгойн КТГ-ийн шинжилгээнд оруулах гэсэн боловч өвчтөн согтолт ихтэй, команд биелүүлэх чадваргүй байсан тул эмийн эмчилгээг үргэлжүүлсэн. Өглөө КТГ-ын шинжилгээ хийх гэтэл өвчтөн өөрөө гарч явсан байсан...” /1-р хх 191/ гэсэн мэдүүлгүүд,

“... хохирогч Б.Э-д КТГ-н шинжилгээ хийн гавал тархины гэмтлийг оношлон аль болох эрт үед мэс засал эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломж төдий чинээ нэмэгдэнэ... шинжилгээгээр баруун хөхлөг сэртэнгээс зулай хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, 2 талын хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба тархины хатуу хальс дээрх болон доорх цусан хураа нь тархийг дарах хүртэл саруул үе үргэлжлэх бөгөөд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой байсан ....” гэх шинжээчийн 520 тоот дүгнэлт /1-р хх 135-140/,

яаралтай тусламжийн хуудаст “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд бусдад зодуулсан гэх ба 2022 оны 04 дүгээр сарын 23-ны 01:20 минутад УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт ирж анхны тусламж авч зовхинд оёдол тавих, хамрын өмнөд чихээс эмчилгээ хийн зөвлөгөө өгч нарийн шинжилгээ болох КТГ хийлгэхээр шийдвэрлэсэн боловч талийгаач нь эмнэлгээс өөрөө явсан байсан тул яаралтай тусламжийн хуудсыг хаасан” гэсэн тэмдэглэл /1-р хх 141-144/,

талийгаач Б.Э- нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай, амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1255 тоот дүгнэлт /1-р хх 112-118/,

шинжээч эмч Б.Ганзоригийн “... уг бэртэл гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан бол амь нас аврагдах боломжтой...” гэсэн мэдүүлэг /1-р хх 189/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 20-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 24-26/, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 71-77/, яллагдагч И.Б-ын үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлэг /1-р хх 7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч И.Б- нь өөрийн ажлын багаж хэрэгсэл болох шөвгөөр хохирогч Б.Э-ы зүүн нүдний орчимд хатгаж, улмаар гавал тархины битүү гэмтэл учруулан зодсон хэргийн үйл баримт, хохирогчид учирсан гавал тархины гэмтэл, учруулсан хүчин зүйл, үхлийн шалтааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэлт хийвэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг урьдчилан мэдэж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Эмнэлгийн хяналтын камерын бичлэг, яаралтай түргэн тусламжийн хуудас, хохирогч, гэрчийн мэдүүлгээс үзэхэд хохирогч Б.Э- өөрөө эмнэлгээс гарч явсны улмаас учирсан гэмтлийг цаг алдалгүй оношилж, эмчилгээ хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, улмаар гэмтэл хүндэрч “их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа” ихэсч тархи дарагдан амь насаа алдахад хүргэсэн байна.

Иймээс шүүгдэгч И.Б-ын үйлдэл хохирогчид учирсан хүнд зэргийн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой боловч хохирогч эрүүл мэндэдээ хайнга хариуцлагагүй хандсаны улмаас гэмтэл хүндэрч нас барах шалтгаан болсон байх тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дэх заалтаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэснээс гадна оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн хохиролтой холбоотой давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянавал анхан шатны шүүхээс оршуулгын зардлыг дутуу тооцсон нөхцөл байдал тогтоогдов.  Гэм хорын хохирлын баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд оршуулгын зардалд нийт 4,668,265 төгрөг, /1-р хх 80-99/, оршуулгын зан үйлд 5,191,024 төгрөг зарцуулсан /1-р хх 101-105/ талаарх хуулийн шаардлага хангасан баримтууд авагдсан байх тул эдгээр хохирлыг шүүгдэгч И.Б-аас гаргуулах нь зүйтэй.

Харин давж заалдах шатны шүүхэд шинээр гаргасан 3,800,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хэлэлцэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн хэрэг хэлэлцэх хэмжээ хязгаарыг хуульчлан тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролтой холбоотой шинээр гаргасан нотлох баримтыг үнэлэх эрх хуулиар олгогдоогүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын дагуу тухайн нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Иймд давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч И.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9,859,289 төгрөг гаргуулахаар тогтоогдсоноос өмнө нь төлөгдсөн 1,000,000 төгрөгийг хасч, үлдэх 8,859,289 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-т олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад зүйл, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч И.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02ы өдрийн 2022/ШЦТ/778 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “... 3,715,000 төгрөгийг ...” гэснийг “... 8,859,289 төгрөгийг ...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын давж заалдсан гомдлоос “... 24,940,711 төгрөг гаргуулах ...” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б- нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН