| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/00433/И |
| Дугаар | 210/МА2020/01468 |
| Огноо | 2020-07-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2020/01468
Н.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01161 дугаар шийдвэртэй
Н.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч “И” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдон учирсан хохирол 14 456 500 төгрөг гаргуулах,
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн төлөөлөгч Х.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “И” ХХК-тай 2019 оны 3 дугаар capын 19-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт дэх хувийн эзэмшлийн зуслангийн зориулалттай тэгш газарт 8x10 хэмжээтэй халуун, хүйтэн ус, бохирын хамт бүрэн шийдэгдсэн, шалны халаалттай, өвөл, зуны аль ч улиралд амьдрах боломжтой, блокон хийц бүхий хувийн сууцыг 1 автомашины гараашийн хамт нийт 36 000 000 төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор барьж, бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулахад би хариуцагч талтай аман яриагаар макын блокоор өрж, 10-ын хөөсөөр бүрж, мөөгөн дээвэртэй байшин барьж, бусдыг нь гэрээнд заагдсаны дагуу дуусгахаар тохиролцож ажлаа эхлүүлсэн. Ажил эхлүүлснээс хойш хариуцагч талаас нэхэмжилсний дагуу төлбөрүүдийг хоног өдөр алдалгүй, цаг тухай бүрд нь буюу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 000 000 төгрөг (урьдчилгаа хөлс), 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. Дээрх төлбөрүүдийг шилжүүлсний дараагаар хариуцагч талтай уулзахад хэмжээ алдчихжээ, 8х13 хэмжээтэй байшин баригдах болсон тул нэмж 1 000 000 төгрөгийн зөрүүгээ авмаар байна гэхэд нь ярилцаж тохиролцоод өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн миний зүгээс сагсны талбай нэмж хийлгүүлэхээр тохиролцож 8x11 хэмжээтэй талбайтай сагсны шийд 1 940 000 төгрөгөөр хийхээр тохиролцож хэмжээ алдсан мөнгөн дүнтэй хамт буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 940 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 33 940 000 төгрөг шилжүүлсэн болно. Үүнээс 1 940 000 төгрөг нь сагсны талбай, үлдсэн 32 000 000 төгрөг нь хувийн орон сууцны хөлсөнд өгсөн байгаа юм. Гэтэл ажил гүйцэтгэгч нь ажлаа хугацаанд нь хийгээгүй, хийсэн ажил нь чанаргүйгээс гадна дутуу хийж орхин явснаас үүдэн маргаан гарч, гэрээ цуцлагдсан. Дутуу баригдсан байшингийн өртгийг тогтоолгохоор үнэлгээний компанид 2019 оны 6 дугаар сард анх хандаж тухайн үед үнэлгээ гаргуулж байсан бөгөөд үнэлгээгээр “И” ХХК-ийн барьсан дутуу барилгад нийт 27 457 800 төгрөгийн зардал орсон болохыг тогтоосон юм. Хэдийгээр ийм хэмжээний зардал гаргасан байсан боловч уг байшингийн гүйцэтгэл чанаргүй буюу шал, хана, дээврийн ажилд дахин хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай болсон тул арга буюу дээрх ажлуудад нэмэлт хөрөнгө зарж ажлыг дахин шинээр гүйцэтгэсэн. Тухайлбал, суурь цутгаагүй зөвхөн бэлэн суурийн блокуудыг хоорондоо маш зайтай тавьсан байсныг дахин хүчитгэж цутгасан, мөн шалыг далий цутгасны улмаас шаллах боломжгүй байсан тул тэгшилж дахин цутгасан, ханын өрлөг буруу хийгдсэнээс салхи нэвт сийгэж байсан тул хөөс шахах, цонхны ялуу болон багадсан цонхыг дахин хийсэн, дээврийн ажлыг бүхэлд нь шинэчлэн хийхээс өөр аргагүй байсан тул түгжээ өрлөгөөс эхлэн бүгдийг хийсэн. Тухайлбал, дахин шинээр дээврийн төмөр авч хийх, таазанд хийсэн фанерын оронд банз хийх, каракасыг шинэчлэх, дээврийн хүрээг уртасгах, байшингийн дотор өрөө хоорондын багануудыг хэт нимгэн модоор хийсэн байсныг өргөн модоор сольж хийх зэргээр ажил гүйцэтгэгчийн дутуу, чанаргүй хийсэн ажилд дахин их хэмжээний хөрөнгө зарсан ба ажил гүйцэтгэгчийн хийсэн ажилд нэмэлтээр хийсэн ажлын гүйцэтгэлийн зардлыг мөн тогтоолгоход 7 974 300 төгрөгийн зардал орсон болохыг тогтоогоод байна. Миний шүүхэд баримтаар гаргаж өгсөн 18 орчим сая төгрөгийн баримтууд нь ажил гүйцэтгэгчийн дутуу орхисон байшинг гүйцээн барьсан зарим зардлаас гадна дээр дурдсан буруу хийсэн ажлыг дахин хийж засан сайжруулсантай холбоотой баримтуудын зарим хэсэг юм. Иймд бидний байгуулсан гэрээ цуцлагдсан тул ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн 33 940 000 төгрөгөөс түүний зарцуулсан буюу үнэлгээгээр тогтоогдсон 27 457 800 төгрөгийг хасаж тооцон үлдэх 6 482 200 төгрөгийг, мөн ажил гүйцэтгэгчийн хийсэн зарим ажлын үр дүнг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй байснаас дахин засаж сайжруулан хийж гүйцэтгэхэд гаргасан зардал болох 7 974 300 төгрөгийн хамт нийт 14 456 500 төгрөгийг ажил гүйцэтгэгч “И” ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчаас 14 456 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Чулуунбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Н.Этэй уулзаж 8x10 метрийн хэмжээтэй, гарааштай амины орон сууцны барилгыг тухайн үеийн зах зээлийн хамгийн доод үнээр тооцож, 36 000 000 төгрөгөөр 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Барилгын ажил эхлэх гээд газар дээр нь хэмжилт хийх үед Н.Э манай байшингийн хэмжээ арай жижиг байна гээд 8x13 хэмжээтэй болгохоор хүсэлт гаргасан. Анхны тохироогоор хавтгай дээвэртэй байсныг мөөгөн дээвэртэй болгож өөрчилсөн. Барилгын ажил эхэлснээс хойш нийт 33 940 000 төгрөгийг ажлын хөлс гэж авсан. Үүнээс 30 255 500 төгрөгийг барилгын материал, тээврийн зардалд зарцуулсан. Барилгыг өгсөн зургийн дагуу суурийг тавьж байшинг барьсан. Уг газар нь цэвдэгтэй байсан учир суурийг 10 см-ийн бүс бетон хийж өгсөн. Сууринд уулын чулуу түүж оруулан 30 см-ийн бетон цутгаж дүүргэлт хийсэн. Миний авсан байсан дээврийн төмрийг Н.Э солимоор байна гэхээр нь би дахин өөр дээврийн төмөр авч өгсөн. Хуучин төмрөө аваагүй, тэндээ үлдсэн. Гараашийн шалны доор бохирын цооног цутгасан. Евро блокоор ханыг өрсөн ба захиалагч блокон ханыг шилэн хөвөнгөөр доторлон модоор реклэнэ гэсэн учраас дулаалгын хөөс шахаагүй байсан. Барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхэд мөнгө шаардлагатай байсан учир санхүүжилтээ өгөхийг хүсэхэд ...та нараар бариулахгүй, дахиж мөнгө өгөхгүй... гэх мэтээр маргаан үүсгэж биднийг ажиллуулаагүй. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 6 хүн cap гаран ажилласан бөгөөд цалинд нь нийт 8 545 000 өгсөн. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээтэй танилцсан. Үнэлгээнд манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын материалын болон тээврийн зардлын тооцоог буруу гаргаж, ажилчдын цалинг хүн/цагаар тооцохдоо мэргэжлийн ажилчин, туслах ажилчны цалингийн зөрүүг тооцоогүй, түүнчлэн одоогийн зах зээлд байхгүй хямд ханшаар буюу нэг хүнийг өдрийн 20 000 төгрөгөөр бүгдийг тооцож гаргасан нь учир дутагдалтай байна. Ар гүнт рүү бага зардлаар явах машин огт байхгүй, ажилчид өдөрт 20 000 төгрөгөөр ажилладаггүй, харин 80 000-100 000 төгрөгөөр ажилладаг. Бүтэн барилга дуусгахад 19 куб.м хайрга орно гэж тооцсон нь үндэслэлгүй. Хайрга ачсан машины ажлын хөлсийг огт оруулалгүй тооцсон байна. Миний хийсэн ажил дээр хийгдэх ёстой ажлуудыг нэмж хийсэн байдлаа нэмэлт ажил гэж бичсэн нь үндэслэлгүй. Анхнаасаа 8х10 харьцаатай байшин барьсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан. Цонхны амалгаан дээр гарсан 7 см-ын зөрүү нь засаж болох алдаа юм. Хана өрсөн блок нь тайрч болдоггүй, хээтэй, дотроо дулаалгатай блок учир өрөлтийн явцад цонхны амалгаанд зай гарсан нь үнэн. Суурийн блокийг хүчитгэхийн тулд барилгыг бүрэн буулгаж байж хийх ёстой ажил. Дээрх барилгыг буулгахгүйгээр хүчитгэх ажлыг хийх ямар ч боломжгүй. Би цалинд 8 000 000 төгрөг өгсөн байхад үнэлгээн дээр 4 000 000 төгрөгөөр тооцсон байдаг юм байна. Миний материал авсан зардал 30 гаран сая төгрөг болсон байхад 27 457 800 төгрөг гаргасан байдаг юм байна. Ажлын хөлсөнд 33 940 000 төгрөг авсан нь үнэн. Үүний 30 255 500 төгрөг нь материал, тээврийн зардалд зарцуулагдсан. Ажилчдын цалинд 8 545 000 төгрөг төлсөн. Би өөрөөсөө 4 860 500 төгрөгийг гаргасан буюу энэ хэмжээний алдагдал хүлээсэн явж байна. Би 1 тонн арматурыг 1 200 000 төгрөгөөр авсан. Гэтэл үнэлгээнд 200 кг арматур орсон гэж бодсон байгаа нь үнэнд нийцэхгүй байгаа юм. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт болгоныг би гүйцэлдүүлж ирсэн. Байшингийн хэмжээг томсгосон, дээврийг мөөгөн болгосон. Би газрыг нь эвдчихгүй гэсэндээ жорлонг нь хүртэл гараар ухуулсан шүү дээ. Захиалагчтай тохирохгүйгээр байшингийн хэмжээг томсгох, блокийг дур мэдэн сонгох эрх гүйцэтгэгчид байхгүй. Нэхэмжлэгчээс нэмж хийсэн ажил буюу бидний хийсэн ажлыг дахин засварласан гэсэн дүгнэлтийг үзэхэд зайлшгүй хийгдэх байсан ажлыг дахин засварлаж хийсэн мэтээр, бэлэн байсан дээврийн 183 м.кв төмрийг шинээр худалдаж авсан байдлаар, огт хийх боломжгүй суурийн үеийн цутгалтын хүчитгэлийг дахин хийсэн гэж үнэлгээг тооцож гаргасан нь мэргэжлийн хөрөнгийн үнэлгээ хийдэг газарт байж боломжгүй алдаа гэж үзэхээр байна. Зөвхөн эндээс үзэхэд 7 974 294 төгрөгийг дахин засварлах ажил хийсэн гэсний 3 973 675 төгрөгийн зардал зайлшгүй хийгдэх ёстой ажил ба авчихсан байсан дээврийн төмрийн үнийг оруулан /цалинг тооцохгүйгээр/ тооцож гаргасан байна. Манай компанийн зүгээс Н.Этэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа амины орон сууцны 1 м.кв-ийг нь 450 000 төгрөгөөр тооцож, 80 м.кв байшинг 36 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Ажил эхлэх үед байшингийн хэмжээ 104 м.кв болж томорсон. Энэ хэмжээгээр зардал өсөх нь ойлгомжтой. Гэтэл захиалагчаас мөнгөө нэмж өгөхгүй гэснээс болж ажил зогссон. Бидэнд ажлаа дуусгах боломж байсан боловч материалгүй болсон учраас аргагүй зогссон. Компанийн хувьд ажилласан 6 хүндээ цалинг нь бүрэн тооцож өгсөн. Энэ ажлаас компани 4 860 500 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд Н.Эээс гаргасан 14 456 500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Шинээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан “И” ХХК-аас 8 672 305 төгрөгийг гаргуулж Н.Эд олгож, Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 784 195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153 707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Чулуунбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “И” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.Этэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Ар гүнт зусланд 10x8 м-ийн харьцаатай хувийн блокон орон сууцыг барих барилгын ажил /суурь блок, өрлөг, дээвэр, гадна дотор засал, 00-ийн трасс, гүний худгаас байшин холболт, дотор холболт бүгд / монтаж, шалны халаалт, цахилгаан холболт зэрэг бүгдийг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Нийт барилгын материал болон ажлын хөлсийг 36 000 000 төгрөгөөр тохиролцсон. Гэтэл барилгын суурь тавигдахад нэхэмжлэгч манай байшин арай бага байна гэснээр барилгын хэмжээ өөрчлөгдөн 13x8 болсон тухайн үед үнэ болон гэрээний хугацаандаа өөрчлөгдөнө гэдгийг амаар ярилцаж өнгөрсөн. Манай компани Н.Эээс нийтдээ 33 940 000 төгрөг авсан. Энэ үнийн дүндээ тохирох ажлыг ч хийж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх хариуцагчаас 8 672 305 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “ Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс илт доогуур зөвхөн үнэлгээ хийлгэгчийн хэлснээр, нүдээр үзэлгүй хийсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэхээр байна. Жишээлбэл: барилгын суурийн хүчтгэл хийсэн гэж, мөн ажилчдын цалинг мэргэжлийн ажилчин, туслах ажилчин, туслах ажилчны цалинг ялгахгүйгээр нийт 20 000 төгрөгөөр тооцсон. 2017 оноос барилгын зах зээлд туслах ажилчин 40 000-50 000 төгрөгийн цалинтай болоод байгааг судалж үзээгүй зэргээр үнэлгээний тайланд оруулсан байдал нь талаар огт ойлголтгүй мөн өөрсдөө очиж үзээгүйг тод харуулж байна. Мөн хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах явцдаа бодит байдлыг үгүйсгэсэнтэй холбогдуулан хариуцагчаас шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангахыг шүүхээс хүссэн боловч хүсэлтийг хүлээн аваагүйгээс шүүхийн шийдвэр үнэн зөв гарахад эргэлзээ үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 14 456 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 543 500 төгрөгөөр багасгасан, хариуцагч нэхэмжлэлийн эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор маргаж, нэхэмжлэгч Н.Э “...”Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн ажил гүйцэтгэхэд зарцуулсан мөнгөнөөс илүү шилжүүлсэн 6 482 000 төгрөг, доголдолтой хийсэн ажлыг засан сайжруулахад гарсан зардал 7 974 300 төгрөг нийт 14 456 500 төгрөгийн хохирол учирсныг гаргуулна” гэж,
хариуцагч “И” ХХК “...байшингийн хэмжээ өөрчлөгдөж анх тохирсон 80 м.кв аас өөрчлөгдөж 104 м.кв болсон энэ хэмжээгээр зардал өссөн, нэхэмжлэгчийн хийлгэсэн үнэлгээний тайлан зөрүүтэй гарсныг, хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад зөвхөн нэг талын гаргасан “Тод үнэлгээ” ХХК-ийн тайланг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Учир нь, маргааныг шийдвэрлэхэд нэмэлтээр уг хийгдсэн ажлуудыг ямар үндэслэлээр хэний хүсэлтээр, хэдэн төгрөгийн зардлаар хийсэн болохыг, /зах зээлийн ханшаар/ зайлшгүй тодруулах, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх, барилга инженер техникийн тусгай мэдлэг шаардагдах тохиолдолд хуульд заасан журмын дагуу маргааны үйл баримтыг тодруулах зэрэг ажиллагааг хийгээгүйгээр талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан бөгөөд хариуцагч талаас шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд шүүх зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан “Тод үнэлгээ” ХХК-ийн баримтыг үнэлж хэргийг шийдсэн, шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээн хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.