Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 576

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Марал,

Хохирогч Б.Одхүүгийн өмгөөлөгч Б.Гантөмөр,

Шүүгдэгч Л.Д , түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021252 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, 54 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Тархины судас” эмнэлгийн ерөнхий эмчийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, , ял шийтгэлгүй Д .

 

Шүүгдэгч Л.Д  нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мед-Травила” хувийн эмнэлэгт иргэн Б.Одхүүтэй маргалдан, зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д  мэдүүлэхдээ:

Хохирогч Одхүү нь  миний хүү бэр хоёроос 12 дугаар сард 250.000 төгрөг авч сүлжээнд оруулсан. Авсан мөнгөө өгөхгүй 5 сар болсон. Хэрэг гарсан өдөр би хохирогчийг өрөөнөөс гар гэж хэлээд түлхээд цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 30 жил эмч хийхдээ эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Хохирогч Одхүү нь  өмнө нь Мөнгө гүүр эмнэлэгт ажиллаж байгаад сүлжээний бизнес хийгээд хөөгдөж байсан. Би хохирогчид хохиролд 200.000 төгрөг өгье гэхэд эхлээд 5.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Дараа нь 3.500.000 төгрөг болсон. Энэ мөнгийг юуг үндэслэж нэхэж байгааг нь асуухад шүд хөдөлсөн 3.500.000 төгрөг, уруулын оёдолд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна. Хохирогч баримтаа гаргаж өгвөл цаашид эмчилгээний зардалыг нь төлнө гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

             

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Одхүүгийн өгсөн:

 “... 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн манай эмнэлгийн дарга энд ажил хүлээлцэх хэрэгтэй байна, хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очиход бөөн хэрүүл болоод байж байсан. Би хүлээн авах руу орсон нэг шинэ сувилагч ирсэн байсан. Сувилагчаар ажиллаж байсан Бүрэнцэцэгийг ажлаас халж байсан. Бүрэнцэцэг манай өрөө түрээсэлдэг Д гийн эхнэр юм. Тэд нар хоорондоо маргалдаад муудалцаж байсан. Манай эмнэлгийн дарга орж ирээд надад “та Д  эмчид 350,000 төгрөгийн өртэй юм уу, 00-ийн өрөөнд хутганы ир яагаад ил хаясан юм” гэсэн. Д  эмч Бүрэнцэцэг хоёрыг өрөөнд нь байхад би хойноос нь ороод “ямар өр яриад байгаа юм бэ, би өргүй” гэхэд Д  эмч “чи юу гээд хуцаад байгаа луйварчин бэ” гээд гараараа босоод уруул руу цохисон. ... Миний уруул сэтэрч оёдол тавиулсан, шүд хөдөлсөн ... Шүд хийлгэх 2,300,000 төгрөг, уруулын гоо сайхны мэс засал хийлгэх 1,200,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг  нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  26 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Цэрэндоржийн өгсөн:

            “... 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д  эмчийн өрөөнд сувилагч Одхүү “одоо өр байхгүй, тооцоо хийсэн дэвтэрээ үзүүлнэ өр байхгүй, мөнгийг нь бүгдийг өгсөн” гээд Д  эмчийн өрөө рүү орсон. ... Тэгээд Одхүү Д  эмчийн өрөөнд хэрүүл хийгээд тэр хоёрын дуу нь чангараад байсан. Тэгэхээр нь Д  эмчийн өрөөнд ороод үүдэнд нь зогссон. Өрөөнд нь Д  эмч эхнэр Бүрэнцэцэгтэйгээ Одхүүтэй хэрүүл хийгээд маргалдаад байж байсан. Д  эмч Одхүүг уруулан тус газар нь гараараа цохисон. Би дундуур нь орж зогссон. Одхүүгийн амнаас нь цус гарсан. ... Д  Одхүүгийн уруул дээр нь нэг удаа цохисон. Тухайн үед Одхүүгийн дээд үүдэн нэг шүд хөдөлсөн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бүрэнцэцэгийн өгсөн:

            “... 2017 оны 5 дугаар сарын 11-ний өглөө Мөнх-Од захиралтай намайг ажлаас ямар учраас халсан талаар лавлаад, өрөөнд нь сууж байсан. Тэгэхэд Мөнх-Од захирал чи ажлаас хоцордог учраас чамайг ажлаас халсан гэж хэлсэн. Тэгэхээр нь та нэг ч удаа хурал цуглаан хийгээгүй, хүнд урьдчилан сануулаагүй байж хүн ажлаас халлаа гэж хэлсэн. Тэгэхэд Мөнх-Од би бүх ажилчдаа дуудаад хурал хийе гээд ажилчдаа дуудсан. Тэгээд байж байхад Одхүү орж ирээд над руу сүлжээний бизнесийн талаар яриад, чи доороо элсүүлсэн цалин хүмүүсээсээ 62,500 төгрөгөө буцааж ав, тэгээд өөрийнхөө доор элсүүлсэн хүмүүсийнхээ мөнгийг гаргаж өг гээд над руу дайрсан. ... Д  өрөөнөөс гарч асуудлаа шийд, өөрсдийнхөө өрөөнд оч гээд хаалга руу түлхсэн чинь Одхүү бүүр улайраад дайраад байсан. Түлхэж явах хооронд нь санамсаргүй гарын үе нь таарч хальтраад уруул руу нь цохичихсон. Тэгсэн чинь Одхүү өөрийнхөө өрөөнд очиж намайг зодчихлоо гээд орилоод байсан. Одхүү бид хоёр сүлжээний бизнесээс болоод маргалдсан ... гэх мэдүүлэг” /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 6299 тоот: 

1.2. Б.Одхүүгийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд баруун 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн өдөр үүссэн байх боломжтой.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

 

- Хохирлын баримт /хх-н 19/

 

Шүүгдэгч Л.Д гийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Түвшинжаргалын өгсөн:

 “... Анх Д тэй танилцаж байхад АУИС-н оюутан байсан. Би тухайн үед цэргийн госпиталд эмч байхад над дээр дадлага хийж байсан хүн байгаа юм. Бид хоёр одоогийн байдлаар 30 гаруй жил хамт ажиллаж байна. ... Д  бол төлөв түвшин ааштай, хөгжилтэй, наргианч бусадтай эв зүйтэй харьцдаг ёс зүйтэй сайн залуу байгаа юм. Эвдэрсэн ямар нэг зан ааш байхгүй. Би 30 гаруй жил хамт ажиллаж нөхөрлөхдөө уурлаж уцаарлаж хүн амьтантай маргалдаж хэл ам хийж байсан талаар мэдэхгүй байна. Д  архи дарс хэрэглэсэн байдалтай надтай таарч байсан асуудал байхгүй. ... Гэр бүлдээ их л халамжтай санагддаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 20/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/

- Боловсрол, шагналын талаарх баримтууд /хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох/ баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

             Шүүгдэгч Л.Д  нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мед-Травила” хувийн эмнэлэгт иргэн Б.Одхүүтэй маргалдан, түүний уруул руу цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд баруун 2-р шүдний сулрал  бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Л.Д гийн “... Хэрэг гарсан өдөр би хохирогчийг өрөөнөөс гар гэж хэлээд түлхээд цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх,

            мөрдөн байцаалтад хохирогч Б.Одхүүгийн өгсөн “... Д  эмч Бүрэнцэцэг хоёрыг өрөөнд нь байхад би хойноос нь ороод “ямар өр яриад байгаа юм бэ, би өргүй” гэхэд Д  эмч “чи юу гээд хуцаад байгаа луйварчин бэ” гээд гараараа босоод уруул руу цохисон. ... Миний уруул сэтэрч оёдол тавиулсан, шүд хөдөлсөн ...” гэх,

            гэрч С.Цэрэндоржийн өгсөн “... Өрөөнд нь Д  эмч эхнэр Бүрэнцэцэгтэйгээ Одхүүтэй хэрүүл хийгээд маргалдаад байж байсан. Д  эмч Одхүүг уруулан тус газар нь гараараа цохисон. Би дундуур нь орж зогссон. Одхүүгийн амнаас нь цус гарсан. ... Д  Одхүүгийн уруул дээр нь нэг удаа цохисон ....” гэх,

            гэрч  Ц.Бүрэнцэцэгийн өгсөн “... Д  өрөөнөөс гарч асуудлаа шийд, өөрсдийнхөө өрөөнд оч гээд хаалга руу түлхсэн чинь Одхүү бүүр улайраад дайраад байсан. Түлхэж явах хооронд нь санамсаргүй гарын үе нь таарч хальтраад уруул руу нь цохичихсон ...” гэх мэдүүлгүүд,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 6299 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзлээ.

 

Гэвч шүүгдэгч Л.Д  нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн, энэ үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах ба  2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах" гэмт хэргээс хөнгөн байгаа боловч шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь ашигтай тул шүүгдэгч Л.Д г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,   оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Одхүү нь шүд хийлгэх 2,300,000 төгрөг, уруулын гоо сайхны мэс засал хийлгэх 1,200,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг  нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримт байхгүй учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Харин хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу 8,000 төгрөгийг шүүгдэгч Л.Д гээс гаргуулж хохирогч Б.Одхүүд олгох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Д  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан Л.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Д гээс 8,000 /найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Одхүүд олгож,

хохирогч Б.Одхүү нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Д д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ