Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/978

 

 

 

 

 

  2022            10             12                                       2022/ДШМ/978

 

М.Б-дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Л.А,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/924 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208011820853 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн М.Б, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД.../

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1234 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 13 жил 00 сар 05 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Шүүгдэгч М.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаагийн 8 дугаар гудамжны 4 тоотод оршин суух З.Ц-гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох монетон ээмэг 1 хос, бөгж, 2,5 гр мөнгөн хос ээмэг, цагаан болон хар мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ширэн бүс, шар гуулин цутгамалтай бугын эвэр бүхий иштэй хутга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.545.000 төгрөгийн хохирол,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зээлийн 9 дүгээр гудамжны 19а тоотод оршин суух Н.Э-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох орны бүтээлэг, “Samsung” маркийн 32 инчийн LCD зурагтыг удирдлагын хамт, цэнхэр өнгийн даалинтай шүрэн толгойтой мөнгөн нуухтай цагаан өнгийн хаш хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 8.410.000 төгрөгийн хохирол,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зээлийн 9 дүгээр гудамжны 19а тоотод оршин суух Э.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох “Samsung” 42 инчийн LCD зурагтыг удирдлагын хамт, DDSH зурагтын төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 12.605.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-г “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гаас 1.340.000 /нэг сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ц-д 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөг, хохирогч Н.Э-од 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөг, хохирогч Э.Б-ид 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... би өөрийн хийсэн хэрэгт маш их гэмшиж гэм буруутайгаа хүлээж бусдад учруулсан хохирол болох 1.340.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах бөгөөд мөн дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж амар хялбар аргаар мөнгө олохгүй ариун цагаан хөдөлмөрөөр ажиллаж амьдрах болно. Иймд миний хувийн байдал болон бусдад учруулсан гэм хорыг арилгах, засран хүмүүжих эрмэлзлэлийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Л.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул болон түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нь удаа, дараа шүүхээс ял шийтгүүлж байсан, хохирол төлбөрөө төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

М.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаагийн 8 дугаар гудамжны 4 тоотод оршин суух З.Ц-гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох монетон ээмэг 1 хос, бөгж, 2,5 гр мөнгөн хос ээмэг, цагаан болон хар мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ширэн бүс, шар гуулин цутгамалтай бугын эвэр бүхий иштэй хутга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.545.000 төгрөгийн хохирол,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зээлийн 9 дүгээр гудамжны 19а тоотод оршин суух Н.Э-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох орны бүтээлэг, Самсунг маркийн 32 инчийн LCD зурагтыг удирдлагын хамт, цэнхэр өнгийн даалинтай шүрэн толгойтой мөнгөн нуухтай цагаан өнгийн хаш хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.410.000 төгрөгийн хохирол,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зээлийн 9 дүгээр гудамжны 19а тоотод оршин суух Э.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох Самсунг 42 инчийн LCD зурагтыг удирдлагын хамт, DDSH зурагтын төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 12.605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч З.Ц-, Н.Э-, Э.Б- нар нь эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

1. Хохирогч З.Ц-гийн “... гэрт ирэхэд манай гэрийн тавилга эд зүйл эмх замбараагүй болгосон, шүүгээ савыг бүгдийг нь нээж үзсэн байдалтай, дээл болон зурагтыг авч явах гэж бэлдсэн байсан. Манай гэрээс монетон улаан, цагаан өнгийн шигтгээтэй 596 сорьцтой 3.5 гр хос ээмэг, гольцоо бүхий монетон бөгж, 25 гр мөнгөн хос 3 ээмэг нь цагаан болон хар мөнгөн ээмэг, бөгж байсан. Сорьц болон граммыг нь мэдэхгүй байна. Хар мөнгөн хос ээмэг нь унждаг, цэцгэн хэлбэртэй, гинж нь ээмэгтэй ижилхэн дүрстэй кулоны хамт байсан. Мөн гоёлын сарнай хэлбэртэй, кулонтой гинжтэй хос ээмэг зэрэг байсан. Бас эрэгтэй хүний ширэн бүс, бүсэн дээр мөнгөн аяганы хэмжээтэй 4 ширхэг тоноглолтой бүс, арьсан хуйтай 30 см урттай бариул дээрээ шар гуулин цутгамалтай бугын эвэр бүхий иштэй хутга зэрэг алдагдсан. Манай ээж Жамбал гэртээ байж байхад манай гэрийн цонх тас хийх чимээ гарахаар нь манай гэр рүү орсон чинь гэрт хулгайч орчихсон зогсож байхаар нь ээж юун хүн бэ гэсэн чинь би энэ айлд ирсэн хүн байна гээд гэрээс гараад зугтаасан байсан. Манай дүү тэр залуугийн гэрийг хүнээр заалгаад очсон ба гэрт нь ороод ээмэг бөгж хаана байна гэхэд мэдэхгүй гээд байхаар нь би та нарыг бүгдийг нь цагдаад барьж өгнө гэсэн чинь 60 гаруй настай эмэгтэй нь гараад жижиг уутанд хийсэн миний мөнгөн ээмэг бөгж, гинж, монетон ээмэг бөгжийг гаргаж өгсөн гэсэн, бас ширэн бүсээ авсан. Одоо алдагдсан эд зүйлээс хуйтай хутга алга байна” /1хх 18-19/ гэх мэдүүлэг нь:

гэрч Б.Ж-ын “ ... 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг өнгөрч байхад гадаа юм хагарах чимээ сонсогдохоор нь гараад охиныхоо гэр рүү харахад цонх нь хагарчихсан байхаар нь түлхүүрээр нь хаалгыг онгойлгоод ортол нэг залуу гэрт нь зогсож байсан. Тэгээд би юун хүн бэ гэсэн чинь би энэ айлд ирсэн хүн байна гэсэн. Тэгэхээр нь би энэ гэрийн эзэн нь байна гэсэн чинь надтай зууралдаад намайг гэрийн үүд рүү чирээд би дийлэхгүй хүүхдээ дуудаад орилсон чинь зугтаад яваад өгсөн. Тэгсэн манай хүүхэд Дагвадорж гэрээс гарч араас нь явсан. Тэр залуу бордуу царайтай, ногоон куртиктэй, цагаан малгайтай, 160-165 см өндөртэй махлагдуу залуу эрэгтэй хүн байсан. ” /1хх 21-22/,

гэрч З.Д-ийн “ ... 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд ээж Жамбалын хамт байсан чинь 13 цагийн орчимд ээж эгчийн байшин руу орчхоод ирье гээд гарсан. Удалгүй гэрт орж ирээд “сая эгчийн чинь гэрт хүн ороод ухчихлаа, намайг чирч унагаагаад зугтаачихлаа” гэхээр нь би гэрээс гарч баруун тийш гүйсэн чинь манайхаас цааш 2 дахь хашааны гадаа хар өнгийн куртиктэй хөгшин эрэгтэй хүн зогсож байсан, би хажуугаар нь өнгөрсөн чинь тэр эрэгтэй “энэ хүн биш юм шиг байна” гэхээр нь зугтаасан эрэгтэйг юм байна гэж бодоод тэр хашаа руу орсон чинь ногоон өнгийн куртиктэй, цагаан өнгийн малгайтай залуу хогных нь хажууд хэвтэж байсан. Тэгэхээр нь би түүнийг яагаад манайхаас хулгай хийсэн юм бэ гэхэд дуугарахгүй байхаар нь би нүүр рүү нь 1 цохисон чинь мөнгөн тоноглолтой эрэгтэй хүний арьсан бүс унасан. Тэгээд буцаад дүү А-ыг дагуулаад гэрт нь очсон чинь гэр нь манайхаас холгүй байсан. Гэрт нь ороход 1 эмэгтэй 3 хүүхэд байсан, харин хулгай хийсэн гэх 2 хүн унтаж байсан. Дүү бид 2 сэрээгээд хулгай хийсэн зүйл чинь хаана байна гэхэд хэлэхгүй байсан, гэрт байсан эмэгтэй хогноос эгчийн монетон бөгж 1 ш, монетон хос ээмэг, мөнгөн ээмэг, бөгж зэргийг гаргаж өгсөн. Тэгээд дүү арай залуу ногоон куртиктэйг нь татаж босгоод машины арын багаж руу татаж оруулсан” /1хх 32/,

гэрч С.Ц-ийн “... 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Б, Л нар хүнсний юм цуглуулна гэж гарч яваад 13 цагийн орчимд архи уучихсан цувралдаад ороод ирсэн. Тэгтэл араас нь нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс орж ирээд бөгж, ээмэгнүүд хулгай хийсэн гээд Баяраа руу дайраад чирч гулдчаад байхаар нь би Б-аас ээмэг бөгж нь хаана байгаа юм, чи авсан юм уу гэтэл гадаа хогийн тэнд байгаа гэж хэлэхээр нь би гараад жижиг ууттай олон ээмэг, бөгжийг нөгөө хүмүүст өгсөн” /1хх 39/

яллагдагчаар М.Б-гийн өгсөн “ ... баруун салааны гудамжинд согтуу явж байхдаа модон хашаанд 2 монгол гэр, нэг улаан тоосгон байшин байхаар нь ороод хар өнгийн зурагтыг хажуу талын буйдан дээр тавиад, толины урд байсан төмөр ээмэг бөгж зэргийг халаасандаа аваад хийсэн. Шургуулга онгойлготол эрэгтэй хүний том бүс гараад ирэхээр нь аваад өвөртөө хийгээд эргээд хартал нэг настай эмэгтэй зогсож байсан, тэгээд би тэр эмэгтэйн 2 гараас нь барьж байгаад зугтаасан. ... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ... ” /1хх 86-88/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7, 8-10/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22/009 дугаартай “ ... хохирогчийн алдсан эд зүйлийг 3.545.000 төгрөгөөр үнэлсэн.” хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /1хх 61/,

Хүний биед үзлэг хийсэн “ ... М.Б-гийн биед үзлэг хийхэд ногоон өнгийн малгайтай богино куртиктэй, хар өнгийн футболктой, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, улаан, хар, алаг өнгийн пүүзтэй байв” гэх тэмдэглэл /1хх 11-12/,

2. Хохирогч Н.Э-ын “ ... 15 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр болон манай хүүгийн гэрийн хаалганы цоожнууд байхгүй, 2 гэрт хулгай орсон шинжтэй байсан. Ингээд би өөрийнхөө гэр рүү эхлээд ороход манай гэрээс хөх цэнхэр өнгийн орны бүтээлэг, “Samsung” маркийн 32 инчийн LCD зурагтыг удирдлагын хамт, мөн цэнхэр өнгийн дайлантай хуурамч шүрэн толгойтой мөнгөн нуухтай, цагаан өнгийн хаш хөөрөг алга болсон байсан. Дараа нь хүүгийн гэр рүү ороход 42 инчийн “Samsung” маркийн саарал өнгийн хүрээтэй хар өнгийн LCD зурагт алга болсон байсан.” /1хх 167/ гэх мэдүүлэг нь:

гэрч Б.Э-ийн “ ... 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14-15 цагийн орчим би хашаандаа дээврээ янзлаад байж байтал манай арын гудамжинд амьдардаг зүс таних ахын хашааны булангаар тойроод бор царайтай, туранхайвтар 160-168 орчим см өндөр нуруутай, цагаан өнгийн футболк бараан өнгийн өмдтэй доголсон маягтай нэг залуу яваад өнгөрсөн. Би юун танихгүй сэжигтэй хүн яваад байна гэж бодоод байшингаа янзлаад сууж байтал нөгөө хүн хэсэг хугацааны дараа хөх алаг өнгийн орны бүтээлэгт зурагт боогоод аваад явж байсан. Би тухайн үед нэг их юм бодоогүй, архичин нөхөр өөрийнхөө зурагтыг аваад явж байна гэж бодсон. Ингээд хэдэн цагийн дараа Энхболд ах манай гэрт хулгайч орсон гээд явж байсан. Удалгүй энгийн хувцастай цагдаа ирээд намайг дагуулж нэг айл руу очсон чинь тэр айлд зурагт аваад явж байсан залуу байсан. Тэгээд цагдаад зааж өгсөн.” /1хх 181/,

гэрч Б.Л-ийн “ ... М.Б- нь манай хуурай дүү байгаа юм. Баярааг хэзээ гарсныг мэдэхгүй байна. Унтаж байтал 15 цагийн орчим цагдаа нар болон Баяраа ирчихсэн байсан. Тэгээд нөгөө цагдаа нар Баяраагаас айлаас хулгайлсан зурагт чинь хаана байна гэхэд Баяраа тэр хөлдөөгчийн ар талд байгаа гэж хэлсэн чинь цагдаа нар манай гэрийн шар өнгийн хөргөгчийн араас саарал хүрээтэй хар өнгийн 42 инчийн зурагт гаргаад ирсэн. ... бас манай авдраас бор цэнхэр өнгийн даалинтай цагаан өнгийн хөөрөг гаргаад ирсэн. Тэгээд цагдаа нар зурагт болон хөөргийг аваад Б-г дагуулаад явсан” /1хх 183/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 147-153/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “... М.Б-гаас хөх өнгийн даалинтай цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхгийг хураан авч, Н.Э-од хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /1хх 154-156/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “гэрч Б.Э нь М.Б гэгчийн зургийг заасан” тэмдэглэл /1хх 159-162/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... хохирогчийн алдсан эд зүйлийг 8.410.000 төгрөгөөр үнэлсэн.” тайлан /1хх 194/,

3. Хохирогч Э.Б-ийн “... манай аав Э над руу утсаар яриад танай гэрт хулгайч ороод зурагтыг чинь аваад явчихсан байна гэхээр нь би гэртээ харьсан. Гэртээ очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод “Samsung” маркийн 42 инчийн саарал хүрээтэй хар өнгийн LCD зурагт удирдлагын хамт, мөн ОРЗН төхөөрөмжийн удирдлага, орны бүтээлэг зэрэг алга болсон байсан. Сүүлд цагдаа дээр очиж манай гэрээс алга болсон 42 инчийн зурагт, хаш чулуун хөөрөг зэргийг буцаан авсан.” /1хх 172, 175/ гэх мэдүүлэг нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 147-153/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “... М.Б-гаас Samsung 42 инчийн зурагт зэргийг хураан авч, Э.Б-д хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /1хх 154-156/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “гэрч Б.Э нь М.Б гэгчийн зургийг заасан” гэх тэмдэглэл /1хх 159-162/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 22/009 дугаартай  хөрөнгийн үнэлгээний: “... хохирогчийн алдсан эд зүйлийг 650.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан /1хх 189/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчийн эзгүйд амьдарч буй орон байрных нь цонхны түгжээг эвдэн орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг агуулжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

            Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө болон 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хохирогч З.Ц-, Н.Э-, Э.Б- нарын орон байр, гэрийг эзэнгүй буюу хүнгүй байдлыг далимдуулан байшингийн цонхыг хагалж, монгол гэрийн цоожны цүүг эвдэж хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... хүн байнга амьдрах зорилалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн хүндрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заанаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон түүний удаагийн ялаар шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Иймд шүүгдэгч М.Б-гийн гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 86 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/924 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 86 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН