Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2024/00460

 

 

 

 

 

 

2024 10 07 156/ШШ2024/00460

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00460/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Ц.*******,

Хариуцагч: Н.*******,

Нэхэмжлэлийн шаардлага: 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.******* нь надад 2 бяруу зарахаар болж нэг бүрийг 500 000 төгрөгөөр тооцож, нийт 1 сая төгрөгийг 2022 оны 05 сарын 11-ны өдөр эхнэр Г.******* төрийн банкны 108800080210 данснаас Н.*******ын хаан банкны данс руу "бяруу, сайнаа" гэсэн утгатайгаар хийлгэсэн. Удалгүй Н.******* дахин ярьж найз ******* нь 2 бяруу заръя, 1000 000 төгрөг шилжүүлээч гэсний дагуу 2022 оны 05 сарын 11-ны өдөртөө *******ын хэлсний дагуу Т.*******ын Хаан банкны 5303680995 данс руу "byaruu" гэсэн утгатайгаар шилжүүлэг хийсэн байдаг. Худалдан авсан бярууг намар идэшний үед өгнө гэж тохиролцсон. Н.******* нь 2022 оны 11 сард 1 бярууг өгсөн. Харин үлдсэн 3 бярууг өгөөгүй ба 2024 оны 08 сарын 28-ны өдөр 600000 төгрөгийг өгсөн. 2023 онд *******ыг хайж Хэнтий аймгийн Галшар суманд байдаг гэрт нь очиж бяруу авах талаар ярихад ээж, эхнэр нь энэ талаар огт мэдээгүй байсан төдийгүй, ******* ч өөрөө байгаагүй болно. Бяруу авна гэж мөнгө өгсөн хэдий ч одоо хүртэл бяруугаа авч чадаагүй бөгөөд 2024 оны 5 сард Н.*******од *******аас мөнгөө буцааж авах талаар хэлж, *******ын хаяг, ******* руу мөнгө шилжүүлсэн баримтыг ирүүлэхийг хүссэн ч ирүүлээгүй тул анх мөнгө шилжүүлсэн Н.*******оос 900 000 төгрөгөө буцаан гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд Н.*******оос 900 000 төгрөгийг гаргуулж, Ц.******* надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би нэхэмжлэгч Ц.*******аас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 900 000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.*******ын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 900 000 төгрөгийг төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.*******од холбогдуулан 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь 900 000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийн 13 075 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 13 075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Н.******* нь 900 000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийн 13 075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 13 075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ