Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 581

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Хохирогч Э.Ариунчимэг,

Шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705007790152 дугаартай, 1 хавтас  хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г .

 

Шүүгдэгч Д.Г  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г  мэдүүлэхдээ:

  Үйлдсэн хэрэг маань яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байх тул хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм зөрчил гаргахгүй  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ариунчимэг мэдүүлэхдээ:

            Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр согтохоороо зодоод байдаг. Өмнө нь зодож цохиход нь 3 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Г ын өгсөн:

            “... 2017 оны 9 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн үед би гэртээ байж байсан гаднаас манай эхнэр архи уучихсан согтуу орж ирээд, над руу зайл   хурдан үхээч гээд агсам согтуу тавиад байхаар нь би гэрийн хаалгаар түлхэж гаргаад хаалгаа дотор талаасаа түгжсэн юм. ... тэгээд би уурлаад 2 удаа цохисон юм ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Ариунчимэгийн өгсөн:

 “... 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Г  архи авч ирээд хамт уусан юм. Тэгээд манай нөхөр өдөр 13 цагийн үед гаднаас танихгүй эмэгтэй хүн авч ирсэн байхаар нь би уурлаад юу болж байгаа юм гэтэл манай нөхөр чамд ямар хамаатай юм гээд намайг барьж аваад шүүгээнээс том шилэн таваг аваад шидсэн. Зүүн гарын сарвууг чихрийн шилэн тавгаар цохиж хөхрүүлсэн. ... Өмнө нь олон удаа зодож гэмтэл учруулдаг байсан. Хамар одоо хүртэл хугархай, эдгээгүй байгаа. Манай нөхөр байнга архи ууж, агсам тавьж, намайг зоддог  ... Би ямар нэгэн байгууллагад хандаж байгаагүй, хааяа цагдаад дуудлага өгдөг байсан. Ажил хийж мөнгө олдог болохоор эвлэрээд өнгөрдөг байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 17 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Ариунтулгийн өгсөн:

            “... Аав Г  ... 2012 оноос хойш эрчимтэй архинд орж байнга архи уудаг болсон. Миний мэдэж байгаагаар архи уух болгондоо л ээжийг зоддог байсан. Ээжийг хувингаар, тагаар цохиж доод шүднүүдийг нь унагаж байсан. Толгой руу нь зуухны ширэм шидэж толгойг нь хагалж байсан, хамрыг нь хугалж байсан. Хамгийн сүүлд шилэн зузаан аягаар толгойг нь цохиж хагалаад гэмлийн  эмнэлэгт хүргэгдэж очоод үзүүлэхэд толгойн ар хэсэгтээ гавлын яс нь цуурсан  байна гэсэн  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганчимэгийн өгсөн:

            “... Миний аав Г  намайг бага байхаас л архи уудаг байсан. Тэгээд архи уухаараа олон хоногоор 7-8 хоног үргэлжлүүлж уудаг юм. Архи уухаараа хэрүүл маргаан  хийгээд ээжийг хэл амаар доромжлоод ээжийг зодоод байдаг. Толгой руу гараараа цохино, галын дэгээ төмрөөр цохиж байсан, ер нь бол гартаа таарсан болгоноороо ээжийг зодоод байдаг. ... Би орой 18 цагийн үед гэртээ ирэхэд ээж хашаан дотор газар хэвтээд, толгойны зүүн хойд хэсгээс нь цус гараад, зүүн гар хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд би эмнэлэг дуудаж, ээжийг гэмтлийн эмнэлэгт очиж хэвтүүлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 12106 тоот: 

1. Э.Ариунчимэгийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт зулгаралт, хацар, шанаа, бугалга, гуя, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/

- Хохирогч Э.Ариунчимэгийн өвчний түүх /хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/

- Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 49-54/,

 

Шүүгдэгч Д.Г ын хувийн байдалтай холбоотой:

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

             Шүүгдэгч Д.Г  нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16-18 тоотод өөрийн амьдардаг гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Э.Ариунчимэгийн толгойн тус газар, зүүн гарыг аягаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт зулгаралт, хацар, шанаа, бугалга, гуя, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Д.Г ын  “...      Гэм буруугаа ойлгож байна. ... 2017 оны 9 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн үед би гэртээ байж байсан гаднаас манай эхнэр архи уучихсан согтуу орж ирээд, над руу зайл хурхдан үхээч гээд агсам согтуу тавиад байхаар нь би гэрийн хаалгаар түлхэж гаргаад хаалгаа дотор талаасаа түгжсэн юм. ... тэгээд би уурлаад 2 удаа цохисон юм ...” гэх,

            хохирогч Э.Ариунчимэгийн “... Манай нөхөр согтохоороо зодоод байдаг. ... 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Г  архи авч ирээд хамт уусан юм. Тэгээд манай нөхөр өдөр 13 цагийн үед гаднаас танихгүй эмэгтэй хүн авч ирсэн байхаар нь би уурлаад юу болж байгаа юм гэтэл манай нөхөр чамд ямар хамаатай юм гээд намайг барьж аваад шүүгээнээс том шилэн таваг аваад шидсэн. Зүүн гарын сарвууг чихрийн шилэн тавгаар цохиж хөхрүүлсэн. ... Өмнө нь олон удаа зодож гэмтэл учруулдаг байсан. Хамар одоо хүртэл хугархай, эдгээгүй байгаа. Манай нөхөр байнга архи ууж, агсам тавьж, намайг зоддог  ... Би ямар нэгэн байгууллагад хандаж байгаагүй, хааяа цагдаад дуудлага өгдөг байсан      ...” гэх мэдүүлэг,  

            мөрдөн байцаалтад гэрч Г.Ариунтулгийн өгсөн “... Аав Г  ... 2012 оноос хойш эрчимтэй архинд орж байнга архи уудаг болсон. Миний мэдэж байгаагаар архи уух болгондоо л ээжийг зоддог байсан. Ээжийг хувингаар, тагаар цохиж доод шүднүүдийг нь унагаж байсан. Толгой руу нь зуухны ширэм шидэж толгойг нь хагалж байсан, хамрыг нь хугалж байсан. Хамгийн сүүлд шилэн зузаан аягаар толгойг нь цохиж хагалаад гэмлийн  эмнэлэгт хүргэгдэж очоод үзүүлэхэд толгойн ар хэсэгтээ гавлын яс нь цуурсан  байна гэсэн  ...” гэх, 

            гэрч Г.Ганчимэгийн өгсөн “... Миний аав Г  намайг бага байхаас л архи уудаг байсан. Тэгээд архи уухаараа олон хоногоор 7-8 хоног үргэлжлүүлж уудаг юм. Архи уухаараа хэрүүл маргаан  хийгээд ээжийг хэл амаар доромжлоод ээжийг зодоод байдаг. Толгой руу гараараа цохино, галын дэгээ төмрөөр цохиж байсан, ер нь бол гартаа таарсан болгоноороо ээжийг зодоод байдаг. ... Би орой 18 цагийн үед гэртээ ирэхэд ээж хашаан дотор газар хэвтээд, толгойны зүүн хойд хэсгээс нь цус гараад, зүүн гар хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд би эмнэлэг дуудаж, ээжийг гэмтлийн эмнэлэгт очиж хэвтүүлсэн ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 12106 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Ариунчимэгийн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Г ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ариунчимэг нь шүүгдэгч Д.Г  удаа дараа цохиж зодсон гэх ба улсын яллагчаас  энэ талаар ямар  нэг баримт авагдаагүй гэж тайлбарласан бөгөөд шүүх Эрүүгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Э.Ариунчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Д.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ