Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/977

 

 2022             10            12                                        2022/ДШМ/977                           

 

М.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/802 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208002870886 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн М.Ц, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт .... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч М.Ц- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү М.Т-гийн нэр дээрх “Хас” банкны ...  дугаартай дансанд 3.250.000 төгрөг хохирогч Д.Ц-ээс андуурч шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж завшиж хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Мөнххишигийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Ц-гээс 3.250.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ц- давж заалдах гомдолдоо: “...  Анхан шатны шүүхээс намайг хохирогч Д.Ц-ээс 3.250.000 төгрөгийг андуурч шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж завшсан гэж дүгнэсэн нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянаж үзээгүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.М-ын мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн шалган тогтоогүй, Л.М нь “шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлийг сар бүр төлдөг байсан” гэж мэдүүлдэг боловч шийдвэр гүйцэтгэх газраас хүүхдийн тэтгэлэг сар бүр төлдөг байсан эсэхийг тодруулаагүй атал гэрч Л.М-ын мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдааны гүйлгээ гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.Ц- өөрийнхөө хүүгийн дансанд мөнгө орж ирдэггүй гэдгийг мэдсээр байж бусдын андуурч шилжүүлсэн 3.250.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авч завшсан. Хохирогч болон банкны зүгээс шүүгдэгч М.Ц-тэй удаа дараа утсаар холбогдохоор оролдсон боловч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч М.Ц- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүүхэд М.Тгийн нэр дээрх “Хас” банкны  ...  дугаартай дансанд хохирогч Д.Ц-ээс 3.250.000 төгрөгийг шилжин ороход төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа захиран зарцуулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

          Хохирогч Д.Ц-ээс “ ... Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 19 цагийн орчим депогийн автобусны буудал дээр явж байтал миний төрсөн хүү Б над руу мөнгө шилжүүлээч гэхээр нь би М.Б-ын Хас банкны ...  гэсэн данс руу нь 3.250.000 төгрөгийг өөрийн Хас банкны ...  дугаарын данснаас мобайл банк ашиглаж шилжүүлэх гэж байгаад ...  гэсэн Мягмардагва Тэмүүлэн гэх хүний данс руу андуураад 3.250.000 төгрөгийг шилжүүлчихсэн байсан. Тэгээд өнөөдөр Хас банкин дээр очоод буруу шилжүүлсэн талаараа мэдэгдэхэд тухайн данснаас удалгүй 3.250.000 төгрөг гарчихсан байна. Та цагдаагийн байгууллагад өргөдөл өг гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” /хх17/ гэж алдаатай гүйлгээ хийсэн талаар тогтвортой, тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ нь:

          гэрч Л.М-ын “ ... Би М.Ц-тэй 2014 оноос 2019 он хүртэл хамтран амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Тэгээд 2019 онд Ц-гээс салаад 2 хүүхдэдээ сар бүр 240.000 төгрөгийн тэтгэмж өгдөг болсон. Би уг тэтгэмжийг сар болгон өгч явж байгаад 2022 оны 01 дүгээр сараас хойш ажил хийгээгүй болохоор өгч чадаагүй байгаа. Би уг тэтгэмжийг М.Ц-гийн төрсөн дүү болох М.Б-гийн Хаан банк дахь дансанд шилжүүлдэг ... ” /хх 21-22/,

          яллагдагчаар М.Ц-гийн “... Миний хүүгийн данс руу хүнээс мөнгө орж ирсэн байсан болохоор нь дансаа шалгатал 3.250.000 төгрөг орчихсон байхаар нь тухайн мөнгийг ашиглаад захиран зарцуулсан. Мягмардагваас хүүхдийн тэтгэмж шүүхээр тогтоолгосноос хойш хүүхдийн тэтгэмжээ аваагүй байсан болохоор тухайн хугацааны хүүхдийн тэтгэмж орсон юм болов уу гэж бодсон ... ” /хх 52/

          Хохирогч Д.Ц-ийн Хас банкны ... дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “3.250.000 төгрөг” шилжүүлсэн дансны хуулга /хх 10/,

          М.Тгийн Хас банкны ...  дугаартай дансанд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д-ийн Ц-ээс “3.250.000 төгрөг”  шилжүүлсэн дансны хуулга /хх 11/ зэргээр давхар нотлогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.Ц-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж хохирогчийн 3.250.000 төгрөгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

          Шүүгдэгч М.Ц-гээс “ ...  шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянаж үзээгүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. ... Л.М-ын мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн шалгаж, тогтоогоогүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл юм.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр, мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн зэргийг алдаатай бичилтээр гүйлгээг хийхийг ойлгодог.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Д.Ц-ээс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.250.000 төгрөгийг өөрийн хүүхдийнхээ данс руу шилжүүлэхдээ дансны дугаарыг нь андуурч шүүгдэгч М.Ц-гийн хүүхэд болох М.Т-ийн нэр дээрх Хас банкны ...  гэсэн данс руу шилжүүлснийг шүүгдэгч нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тус мөнгийг авч өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулж, завшсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн тусгай ангийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь “гэмт хэргийн талаар аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол” гэмт хэрэгт тооцдог.

Мөрдөгч М.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Л.М-аас гэрчийн мэдүүлэг авахдаа дээрх хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан баримтанд гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх бөгөөд түүний өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй болон худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч М.Ц-гээс “ ... би Хас банк руу залгаж хэнээс мөнгө орсон болон андуурсан гүйлгээ мөн эсэх талаар лавласан боловч хариу өгөөгүй, ... нөхөр болох Л.М-аас хүүхдийн тэтгэлэг төлөх тухай тогтоол гарснаас хойш мөнгө аваагүй учраас хүүхдийн тэтгэлэг орж ирсэн гэж бодсон. ...” гэсэн тайлбар, мэдүүлгийг гаргасан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Л.М-аас “ ... 2022 оны 01 дүгээр сар хүртэл хүүхдүүдийнхээ тэтгэлгийг төлж байсан, мөн дүү н.Б-ийн дансанд Хаан банкны данс руу шилжүүлдэг, хүүхдийн Хас банкны данс руу нэг ч удаа мөнгө шилжүүлж байгаагүй. ...” хэмээн мэдүүлсэн /хх 22/ нь шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг няцааж байна.

Мөн шүүгдэгч М.Ц- нь хохирогч Д.Ц-ээс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.Т-ийн Хас банкны ...  дугаартай дансанд шилжүүлсэн 3.250.000 төгрөгийг тухайн цаг хугацаанд өөрийн дүү гэх н.Б-ийн данс руу шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх 11/-аар давхар үгүйсгэгдэж байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ц-гийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/802 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН