Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/994

 

 

 

 

 

   2022           10            13                                      2022/ДШМ/994                                                                                                             

 

Б.Б-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Б-, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Намдаг, Р.Булгамаа, Ц.Батзаяа,

иргэний нэхэмжлэгч А.М, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан,

хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,

хохирогч О.А-н өмгөөлөгч О.Ялалт,

хохирогч Б.Ө, Д.А, М.Х, Н.Э, М., Т.Д, С.Х, С.Л, А.Х, М.Т, Т.Б, Э.Э, Л.М, Ч.Э, Ж.С,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч А.Намдаг, иргэний нэхэмжлэгч А.М, хохирогч Э.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох 1909030741188 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд .... дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулахдаа “Хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг чинь 10-50 хувь өсгөж өгнө” гэсэн мэдээллийг олон нийтэд тараан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух, төөрөгдүүлэх арга замаар өмчлөлийн эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан хохирогч Т.Бтай 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 39,000.00 ам.доллар буюу 103,205,700 төгрөг, хохирогч М.Мтай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 50,870,600 төгрөг, хохирогч А.Дтай 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулан өөрийн “Голомт” банкны  дугаартай дансаар 14,000 ам доллар буюу 36,841,560 төгрөг, хохирогч Л.Б-тай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 12,000 ам.доллар, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 12,000 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17,000.00 ам.доллар буюу 45,820,000 төгрөгийг “Голомт” банкны  дансаар авч нийт 108,350,700 төгрөг, хохирогч П.Б-тэй 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 6,000 ам.доллар буюу 15,942,120 төгрөг, хохирогч Г.Цтой 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 12,000 ам.доллар буюу 31,954,320 төгрөг, хохирогч Д.Отай 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6,000 ам.доллар буюу 15,822,720 төгрөг, хохирогч С.Чтай 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100,000 ам.доллар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4,000 ам.доллар, 2019 оны 01 дүгээр сард 6,000 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20,000 ам.доллар, нийт 130,000 ам.доллар буюу 342,781,400 төгрөг, хохирогч Н.Дтой 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 26,000 ам.доллар буюу 68,681,080 төгрөг, хохирогч Э.Нтой зээлийн гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сард 1,500 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000 ам.доллар, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19,000.00 ам.доллар, нийт 25,500 ам.доллар буюу 67,104,525 төгрөг, хохирогч С.Лтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10,000 ам.доллар буюу 26,417,200 төгрөг, хохирогч Ц.Нтэй 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 18,000 ам.доллар буюу 47,379,240 төгрөг, хохирогч Б.Зтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 11,000 ам.доллар буюу 28,995,340 төгрөг, хохирогч Н.Стэй 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 11,400 ам.доллар буюу 30,132,708 төгрөг, хохирогч О.Атай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Голомт банкны  тоот дансаар 10,000 ам.доллар буюу 26,450,000 төгрөг, хохирогч А.Стай 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6,000 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000 ам.доллар, нийт 11,000 ам.доллар буюу 29,039,890 төгрөг, хохирогч М.Утай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн “Голомт” банкны  тоот дансаар 12,000 ам.доллар буюу 31,768,080 төгрөг, хохирогч Н.Этэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20,120 ам.доллар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 59,500 ам.доллар, нийт 79,620 ам.доллар буюу 209,520,826 төгрөг, хохирогч Б.Өтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Голомт банкны  тоот дансаар 5,000 ам.доллар буюу 13,158,000 төгрөг, хохирогч У.Цтой 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000 ам.доллар буюу 52,718,800 төгрөг, хохирогч Г.Дтой зээлийн гэрээ байгуулан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5,000 ам.доллар буюу 13,157,900 төгрөг, хохирогч Б.Г 2019 оны 03 дугаар сарын 20, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан дансаар 3,000 ам.доллар, бэлнээр 3,780 ам.доллар, нийт 6,780 ам.доллар буюу 17,840,960 төгрөг, хохирогч Ч.Агаас өөрийн Голомт банкны  дансаар 4,600 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр 5,100 ам.доллар, нийт 9,700 ам.доллар буюу 25,524,677 төгрөг, хохирогч Ч.Тээс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,000 ам доллар буюу 2,642,010 төгрөг, хохирогч Б.Яээс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10,000 ам.доллар буюу 26,420,100 төгрөг, хохирогч Ц.Х зээлийн гэрээ байгуулан 6,000 ам.доллар буюу 15,789,480 төгрөг, хохирогч Э.Б зээлийн гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15,300 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,840 ам.доллар, нийт 17,140 ам.доллар буюу 45,641,420 төгрөг, хохирогч Ч.А зээлийн гэрээ байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5,000 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 13,500 ам.доллар, нийт 18,500 ам.доллар буюу 48,753,605 төгрөг, М.Х зээлийн гэрээ байгуулан хохирогч Э.О2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 14,070 ам.доллар буюу 37,021,687 төгрөг, хохирогч М.Хзээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 18,530 ам.доллар буюу 48,757,062 төгрөг, хохирогч А.Б 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өөрийн “Голомт” банкны дансаар 5,000 ам.доллар буюу 13,157,900 төгрөг, хохирогч Э.Хт “Мөнгийг чинь 30 хувь өсгөж өгнө” гэж хуурч 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бэлнээр 15,000 ам.доллар буюу 39,500,700 төгрөг, хохирогч Д.Т зээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 5,000 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 6,550 ам.доллар, нийт 11,550 ам.доллар буюу 30,394,980 төгрөг, хохирогч С.Хтэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 30,000 ам.доллар буюу 79,432,800 төгрөг, хохирогч Г.Гтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нийт 5,500 ам.доллар буюу 14,475,615 төгрөг, хохирогч Ц.Чтой зээлийн гэрээ байгуулан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 35,000 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12,500 ам.доллар, нийт 47,500 ам.доллар буюу 125,000,050 төгрөг, хохирогч М.Мтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10,000 ам.доллар буюу 26,415,800 төгрөг, хохирогч П.Ттэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 8,000 ам.доллар буюу 21,056,000 төгрөг, хохирогч Д.Атай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 5,000 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 39,415 ам.доллар, нийт 44,415 ам.доллар буюу 116,863,415 төгрөг, хохирогч Т.Хтэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 21,000 ам.доллар буюу нийт 55,482,210 төгрөг, хохирогч Ч.Отэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 25,000,000 сая төгрөг, хохирогч Д.Цтой зээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5,500 ам.доллар буюу 14,491,345 төгрөг, хохирогч М.Нтой зээлийн гэрээ байгуулан Б.Т 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 4,500 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 13,450 ам.доллар, нийт 17,950 ам.доллар буюу 47,518,496 төгрөг, хохирогч П.Бтэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Голомт” банкны  тоот дансаараа 147,448,000 төгрөг, хохирогч Д.Стай 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000 ам.доллар буюу 26,315,800 төгрөг, хохирогч Б.Ттай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,200 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1,000 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3,000 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,200 ам.доллар, нийт 8,400 ам.доллар буюу 22,196,328 төгрөг, хохирогч Э.Отэй зээлийн гэрээ байгуулан 2018 оны 10 дугаар сард 1,000 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 300 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 100 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,000 ам.доллар, 2019 оны 01 дүгээр сарын 02-нд 1,000 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,500 ам.доллар, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3,500 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 550 ам.доллар, нийт 8,950 ам.доллар буюу 23,581,370 төгрөг, хохирогч Г.Бтэй 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар буюу 17,104,425 төгрөг, хохирогч Л.Мтой зээлийн гэрээ байгуулан 25,000 ам.доллар буюу 66,194,000 төгрөг, хохирогч Л.Мтой 2019 оны 03 дугаар сарын 21-ний зээлийн гэрээ байгуулан М.Б 25,000 ам доллар буюу 66,194,000 төгрөг, хохирогч Э.М 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000 ам.доллар буюу 39,479,850 төгрөг, хохирогч Т.Ас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12,800,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 15,150,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 118,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 45,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 9,500 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4,850 ам.доллар, нийт 125,006,900 төгрөг, хохирогч Б.Иээс 15,000,000 төгрөг, хохирогч Н.Эоос 15,000,000 төгрөг, хохирогч О.Мтой зээлийн гэрээ байгуулан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4,300 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 380 ам.доллар, нийт 4,680 ам.доллар буюу 12,333,952 төгрөг, хохирогч М.Саас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000 ам.доллар буюу 2,635,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,100 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2,835 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,400 ам.доллар, нийт 7,835 ам.доллар буюу 20,863,508 төгрөг, хохирогч Б.Этэй 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 16,000 ам.доллар бэлнээр, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,000 ам.доллар, нийт 17,000 ам.доллар буюу 45,055,100 төгрөг, хохирогч Г.Этэй 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан 45,000 ам.доллар буюу 118,938,150 төгрөг, хохирогч М.Таас 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хугацаанд нийт 12,050 ам.доллар буюу 32,126,987 төгрөг, хохирогч А.Хтэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 25,850 ам.доллар буюу 68,031,254 төгрөг, хохирогч Э.Этай зээлийн гэрээг байгуулан 200,000 ам.доллар буюу 532,796,000 төгрөг, хохирогч Ш.Бтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 50,000 ам.доллар буюу 132,515,000 төгрөг, хохирогч Ч.Эээс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000 ам.доллар, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15,000 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6,000 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10,000 ам.доллар, нийт 32,000 ам.доллар буюу 84,479,680 төгрөг, хохирогч Г.Мтай хөрөнгө оруулалт гэж 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, бэлнээр 5000 ам.доллар буюу 13,213,900 төгрөгийг, хохирогч Н.Ттэй 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын хугацаатай 50%-ийн ашиг авахаар гэрээ байгуулж бэлнээр 20,000 ам.доллар буюу 52,728,000 төгрөгийг, хохирогч Б.Уаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 26,500 ам.доллар дансаар, 33,500 ам.доллар бэлнээр нийт 60,000 ам.доллар буюу 157,906,200 төгрөгийг, хохирогч С.Сээс 2019 оны 04 дүгээр сард зээлийн гэрээ байгуулан 11,950 ам.доллар буюу 31,504,980 төгрөг, хохирогч М.Бтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 7,000 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12,000 ам.доллар, нийт 19,000 ам.доллар буюу 50,150,280 төгрөг, хохирогч С.Ааас хүү А.Мгаар нь дамжуулан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 41,000,000 төгрөг, хохирогч Б.Ас 2019 оны 03 дугаар сард дүү Б.Э нь дамжуулан 12,000,000 төгрөг, хохирогч Б.Эс 8,000,000 төгрөг, хохирогч Г.Гс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нийт 20,000 ам.доллар буюу 52,640,000 төгрөг, хохирогч Д.Утэй зээлийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 66,300 ам.доллар буюу 175,693,674 төгрөг, хохирогч Г.Стай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг, хохирогч А.Мөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банкны 3615102900 дансаараа 3,086,400 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9,645,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 6,644,352 төгрөг, 15,000 ам.доллар буюу 39,640,500 төгрөг, хохирогч Д.Мтай 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 37,965 ам.доллар буюу 99,896,545 төгрөг, хохирогч Л.Ттэй 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000 ам.доллар буюу 26,427,000 төгрөг, хохирогч М.Атой 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 15,400 ам.доллар буюу 40,600,560 төгрөг, хохирогч Г.Б 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000 ам.доллар буюу 26,427,800 төгрөг, хохирогч Б.Этай 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6,000 ам.доллар буюу 15,828,000 төгрөг, хохирогч М.Мс 2019 оны 01 дүгээр сард зээлийн гэрээ байгуулан 4000 ам.доллар буюу 10,570,800 төгрөг, хохирогч Б.Бтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,500 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000 ам.доллар, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19,000 ам.доллар, нийт 25,500 ам.доллар буюу 67,589,025 төгрөг тус тус авч нэр бүхий 82 хохирогчид нийт 4,776,405,549 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эс 87,327,900 төгрөг гаргуулан хохирогч ... тус тус олгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Б-эс 30,000,000 төгрөг гаргуулж Цагдаагийн ерөнхий газарт, 8,300,000 төгрөг гаргуулж “Дамно” ХХК-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн өмчлөлийн .... дугаар гэрчилгээтэй, ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоот орон сууц, Ү- 2206041975 улсын бүртгэлийн дугаартай, ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоот орон сууц, Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд бүртгэлтэй .... улсын дугаартай, “...” загварын “....” арлын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар Г.И-н өмчлөлийн авто машин болох ... улсын ... гадартай “Воок” гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, бэлэн мөнгөний зарлагын баримт, банкны орлогын гүйлгээний баримт 1 хавтас, Б- гэсэн гарчиг бүхий дөрвөлжин шугамтай дэвтэр 1 ширхэг, “...” гэсэн албан бланк дээр үйлдсэн зээлийн гэрээнүүд, “Golden pen” гэсэн бичигтэй тор бүхий цаасан бичиг баримтууд, “Чиний өрсөлдөгч одоо хүртэл хичээлээ хийж байна гээд боддоо” гэсэн гарчигтай А5 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтэр 1 ширхэг, Голомт банкны төлбөрийн баримт 2 ширхэг, Фейсбүүк чатаар харилцаж байсан мэдээлэл, Б.Бс гаргаж өгсөн саарал өнгийн хавтастай материал, тэмдэглэлийн хар, ягаан өнгийн гадартай дэвтэр 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Голомт банкны төлбөрийн баримтууд болон Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ирүүлсэн арилжааны банкуудын харилцах дансны мэдээлэл бүхий нийт 10 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн. Би өөрийн үйлдсэн гэх уг гэмт хэрэгт мөрдөн байцаалтын явцад зөвхөн нэг талыг баримталж хэргийн байдлыг минь урвуулан үнэн зөвийг тогтоолгүй “Хохирогч” гэх манай компани, надтай хөрөнгө оруулалтын гэрээтэй иргэдээс нэг хэвийн мэдүүлэг авсан, миний гаргаж өгсөн баримтуудыг мөрдөгч н.Наранбаатар хавтаст хэрэгт оруулаагүй. Мөн удаа дараагийн хүсэлтүүдийг үл тоон мөрдөн байцаалтыг дутуу явуулсан гэх мэт алдаа дутагдлууд байгаа. Хэргийн байдлын талаар:

1. Нийт хохирлын хэмжээ алдаатай, буруу, яв цав буюу хөдлөшгүйгээр таарахгүй байгаа. Нийт хохирлын хэмжээг, хохирогч нарын мэдүүлгийн хүрээнд авч үзэж, мөн хохирогч нарын гаргаж өгсөн гэрээний дүнд шууд тулгуурласан ба уг хэрэгт авагдсан гэрээний дүн зарим тохиолдолд буруу байдаг. Үүнд хүүгээс хүү бодсон, өмнөх саруудын хүүний төлбөрийг шууд нэмсэн. Манай компани болон миний зүгээс гэрээт иргэдэд өгсөн мөнгийг хасаагүй. Жишээ нь шийтгэх тогтоолын 49 дүгээр нүүрэнд хөрөнгө оруулалт хийж гэрээ байгуулсан ... талаар байх ба уг иргэн мэдүүлэгтээ анх “5,000 ам.доллар өгөөд гэрээний хугацаа дуусахад 7,500 ам.доллар авсан. Дахин 6,000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд тэр дүнгээ нэхэмжилж байна” гэсэн нь алдаатай юм. Анх ... нийт 11,000 ам.доллар (5000 ам.доллар+6,000 ам.доллар)-ын хөрөнгө оруулалт өгсөн бөгөөд 7,500 ам.долларыг буцаан авсан. Иймд тухайн иргэний нийт 11,000 ам.долларын хөрөнгө оруулсан дүнгээс буцаан олгосон 7,500 ам.долларыг хасч 3,500 ам.долларыг буцаан олгох ёстой. Гэтэл мөрдөгч, прокурор, шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолын 54 дүгээр нүүрэнд 6,000 ам.долларыг буцаан олгох ёстой гэж алдаатай, дутуу тооцсон. ... гадна ийм алдаатай, буруу тооцсон ... гэх мэт хүмүүс байгаа.

2. “Юнистор аудист” ХХК нь алдаатай дүгнэлт гаргасан. Жишээ нь ... гэх мэт иргэдийн дансны орлого, зарлага, компани болон надтай байгуулсан гэрээний дагуу гүйлгээ үнэн зөв тогтоогдоогүй. Дээрх иргэд шаардлагатай баримт гаргаж өгөөгүй гэх ба тус аудитын компани зөвхөн арилжааны банкны данснууд дээр тооцоо хийсэн нь хангалтгүй, алдаатай болсон. Мөн тус дүгнэлтэд “Нийт хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй” гэсэн байдаг.

Зөвхөн нэг талыг барьж хавтас хэрэг бүрдүүлсэн байгаа. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Ариунжаргал ихэнх хохирогчдын мэдүүлгийг хурдан хялбар аргаар буюу “Өмгөөлөгчтэйгөө байлцаж байгаад Нийслэл дээрх үндсэн хэрэг дээрээ нэг бүрчлэн тооцоо баримттай мэдүүлэг өгөх”-ийг хүссэн тайлбартайгаар анхны мэдүүлгийг бүгд адилхан хурдан өгчих гэж шахаж бүх хохирол дээр адилхан асуулттай мэдүүлэг авсан. Бүх хэрэг Нийслэлийн мөрдөн байцаах газрын Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт шилжиж очиход мөрдөгч Наранбаатар хохирогч бүрээс дэлгэрэнгүй мэдүүлэг аваагүй.

Мөрдөгч Наранбаатар, Ариунжаргал, прокурор Мажигсүрэн нарт хөндлөнгийн гэрч байлцуулж өөрийн зүгээс гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргахыг удаа дараа хүссэн боловч хавтаст хэрэгт аваагүй.

Мөрдөгч Наранбаатар болон “...” ХХК-ын аудитор ... нарт ... рокер дээрх өөрийн нэртэй дансны хуулгыг мөрдөгч Наранбаатарын албан өрөөнд гаргаж өгснийг хүлээж авсан боловч хэрэгт хавсаргаагүй байна.

“Юнистер аудит” ХХК-ын аудитын дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус дүгнэлтэд миний Голомт банкны данснуудын хуулгийн орлого, зарлагыг 34’000’000 ам.доллар гэсэн хэт их алдаатай тооцоолол гаргасан бөгөөд уг хэргийн цаг хугацаа хүрээнд нэмэлт орлоготой байсныг баталсан нэмэлт баримтуудыг гаргаж өгөхөд зөвхөн мөрдөгчийн асуултын дагуу баримт бүрдүүлнэ гэж хэт нэг талыг барьсан.

Мөрдөгч Наранбаатарт яллагдагчаар татах тогтоол дээр мэдүүлэг авахыг удаа дараа хүссэн ба өөрийн зүгээс бичгээр мэдүүлгээ бичиж хүргүүлсэн. Уг мэдүүлэгт 20 гаруй хүмүүсийн нарийн тооцоо, гэрээний хуулбар, дансны хуулга, арилжаанд орсон тэмдэглэл, ашиг алдагдлыг харуулсан байгаа. Нийслэлийн мөрдөн байцаах газраас ... нэгжлэг хийхдээ миний ашиглаж байсан компьютер, тооцооны дэвтэр, гэрээ болон мэдүүлэг бичихэд ашиглаж байсан бүх баримт бичгийг авч явснаар үлдсэн 50 гаруй хүмүүсийн бүтэн тооцоо баримт, мэдүүлгийг өгөх боломжгүй болгосон. Уг 20 гаруй хүмүүсийн талаарх бичгээр бичсэн мэдүүлгийг мөрдөгч Наранбаатар хэрэгт тусгаагүй байна.

Форекс арилжааны дансны хуулга болох “...” брокер компаниас ирсэн баримт дээр минут, секундын нарийвчлалтай бүх алдагдал, орлогын тооцоо байдаг бөгөөд уг баримт нь албан ёсны Ирланд улсад бүртгэлтэй “...” брокероос авсан байхад мөрдөгч Наранбаатар нь “Манай хэлтэс, тасгаас баримт бичиг явуулж аваагүй тул хэрэгт тусгах боломжгүй” гэж авч хэлэлцээгүй. Мөн Голомт банкнаас хэрэгт гаргаж өгсөн баримтууд дунд банкаар дамжиж ирсэн “...” брокер дээрх миний арилжааны дансны хуулга ирсэн боловч уг баримтыг мөрдөн байцаалт шатанд авч хэлэлцээгүй.

Мөрдөгч Наранбаатарт мэргэшсэн эдийн засгийн шинжээч болон Монгол банк, арилжааны банкуудаас мэргэжилтэн, шинжээч томилуулан арилжааны хуулга дээр дүгнэлт хийлгэх хүсэлт гаргахад аудит дүгнэлтийг хангалттай гэж үзсэн.

Уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд болон өмнө нь эрхэлсэн ажил, орлого байхгүй гэж үзсэн нь алдаатай. Өмнө болон тухайн цаг хугацаанд би өөрийн гэсэн орлоготойг батлах баримтыг гаргаж өгсөн. Би 2012 оноос хойш АНУ-д сурахдаа цалинтай, орлоготой, өөрт хурааж, хуримтлуулсан хөрөнгөтэй байсныг батлах банкны баримт, сургалт, сургууль,  байр орон сууцны төлбөрийг төлж байсан баримт зэргийг гаргаж, гэрт нэгжлэг хийх явцад өгсөн боловч хэрэгт тусгаагүй байна. 2016-2020 онд амьдрал амьжиргаагаа залгуулсан, ашиг орлого, хөрөнгөтэй байсан нотлох баримтыг өгсөн боловч мөн хавтаст хэрэгт тусгаагүй. Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулдаг trade.mn цахим мөнгөний бирж дээрх өөрийн дансны баталгаат хуулга, мөн (...) цахим түрүүвчийн баталгаат хуулга, 2017 оноос хойш тасралтгүй крипто валют цахим мөнгө арилжиж, олборлолт хийж олсон цэвэр ашиг болох 1,200,000,000 төгрөгийн гүйлгээ бүрийг харуулсан nicehash.com дээрх хуулга, олборлолтыг үзүүлсэн хэмжээ зэрэг багтсан байсан.

“...” брокер компаниас Голомт банкаар дамжуулан буцаан авах 400,000 гаруй ам.долларын авлага байгаа. Дээрх мөнгөн дүнг “...” брокерын алдаатай үйл ажиллагаанаас болж алдагдалд орсон бөгөөд тус компани буцаан төлөхөө илэрхийлдэг. Голомт банк үнэн эсэхийг шалгаж хамгийн сүүлд хийгдсэн дүн болох 4,000 гаруй ам.долларыг нэхэмжилсний дагуу “...” брокер буцаан шилжүүлж үлдэгдэл мөнгөн дүнг Голомт банк нэхэмжлэхээр буцаан төлөх боломжтойгоо илэрхийлсэн. Гэвч Голомт банк хэрэглэгчээ хамгаалан энэхүү дүнг нэхэмжилж авах агшинг удаашралтай, ямар шалтгааны улмаас мэдэгдэхгүй саатал учруулж одоог хүртэл авч өгөөгүй байгаа. Уг асуудлаар ажил эхлүүлсэн бөгөөд мөнгийг авснаар гэрээт иргэдэд шууд буцаан олголт хийх юм.  

Шүүхийн хэлэлцүүлэг дээр алдаа дутагдалтай зүйлс зөндөө байсан бөгөөд шийтгэх тогтоол мөн алдаатай гарсан. Прокурор Бямбадагва яллах дүгнэлтээ алдаатай үйлдсэн, шүүх хуралдаан дээр шүүгч З.Болдбаатар энэ талаар асуусан байдаг. Шүүх хуралдаанд орсон хохирогч нараас прокурор асуулт асууж мэдүүлэг авахад бүх иргэд амаа нийлүүлэн мөрдөн байцаалтын үед авагдсанаас зөрсөн худал мэдүүлэг өгч, нэхэмжилсэн үнийн дүнгүүд зөрсөн. Шүүх хурал дээр улсын яллагчаас 10 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр санал гаргасан боловч уг саналыг шийтгэх тогтоолын 56 дугаар нүүрэнд хаалттай хорих ангид гэж буруу бичсэн. Шүүх хуралдааны үед иргэдийн төлөөлөгч Б.Ц манай өмгөөлөгч Намдаг бид хоёрын мөрдөн байцаалтад буцааж хөдлөшгүй үнэн зөв хохирлын хэмжээ тогтоох болон эдийн засгийн шинжээч томилж өгөхийг хүссэн саналыг дэмжиж байсныг шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Шийтгэх тогтоолын 59 дүгээр нүүрэнд байгаа ... улсын бүртгэлийн дугаартай ... орон сууц миний нэр дээр биш, надад хамааралгүй байр болно. Миний оршин суух хаяг ... тоот бөгөөд улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ аваагүй орон сууц юм. Иймд нийт хохирлын хэмжээ алдаатай буруу, яв цав хөдлөшгүй таарахгүй байгаад, зөвхөн нэг талыг барьж хавтаст хэргийг бүрдүүлсэн байгаад, уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд болон өмнө нь эрхэлсэн ажил, орлого байсныг, “...” брокер компаниас буцаан Голомт банкаар дамжуулан авах 400,000 гаруй ам.долларын авлагыг авах боломжтой эсэхийг дутуу судалсанд, шүүх хуралдаан, шийтгэх тогтоолд алдаа дутагдалтай зүйл зөндөө байгаад давж заалдах шатны шүүх хянан үзэж үнэн зөвийг тогтоохоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намдаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасан атал 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 228 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /27-р хх 193/ гарсны дагуу яллагдагчаас мэдүүлэг аваагүй.

“...” ХХК-ийн санхүүгийн тайланд /12-р хх 101/ Б.Б-ийн өөрийн данс хооронд шилжүүлсэн гүйлгээний нийт дүн болон нэг иргэнтэй оруулсан хэд хэдэн гэрээний дүнг нийт дүнд давхардуулан оруулж дүгнэлт гаргасан. 102 дугаар хуудаст авагдсан аудитын шинжилгээний тайланд гарган нийт хүн ам.долларын орлого 36, 439, 031. 88 цент гэж үнийн дүн нь алдаатай гарсан зэрэг байдлууд нь эцсийн байдлаар хохирол, хор уршгийн тооцоог нарийвчлан гаргах боломжгүй, мөн шүүгчдэгчийн олон улсын арилжаанд оролцохоор гадаад улсын брокер компанитай харьцаж байсан валютын дансаар хичнээн ам.доллар гарч, хичнээн ам.доллар буцаан орж ирсэн талаар бодитой дүгнэлт хийгээгүй,  нийт хохирлын тооцоо зөрүүтэй байна.

Иргэний хариуцагч Г.Э-гийн дансаар эх үүсвэр нь тодорхойгүй 128,400,000 төгрөгийн орлого, мөн дансаар 97,400,000 төгрөгийн форекс арилжаа хийгдсэн байхад эдгээр тодорхой бус гүйлгээг Б.Б-тэй гэрээ байгуулж мөнгө зээлдүүлсэн иргэдийн мөнгө эсэхийг, Т.М-гийн дансаар 409,500,000 төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй орлого орж, үүнээс 331,700,000 төгрөгөөр форекс арилжаа хийсэн байхад уг мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгож “Бит могул” ХХК-ийн нэрийн доор хууль бус үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг шалгаагүй байна.

26-р хх 166-170 дугаар хуудаст авагдсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/4 62662 тоот залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Төгс-Ухаан “… “...” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сараас эхлэн нийт 280 гаруй хүмүүстэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хөрөнгө босгож гадаад валют, газрын тос, алт зэрэг хөрөнгийн зах зээлийн хослолуудын ханшийн зөрүүн дээр арилжаанд орж, тухайн сарын ашгийг, нийт хөрөнгө оруулж арилжаанд оролцсон хүмүүстээ олгодог байсан. Энэ үйл баримтыг миний хавтаст хэрэгт өгсөн арилжаанд орсны дансны хуулга, арилжаанд хөрөнгө оруулалт болгон оруулсан мөнгөн дүн зэргээр тогтоож, миний гаргаж өгсөн арилжааны данс хуулга болон миний хувийн данс, өөрийн нэр дээрх дансанд, олон улсын санхүүгийн арилжааны мэргэжлийн шинжээч томилж өгнө үү…” гэх Б.Б-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг ажиллагаа хийгдээгүй.

20-р хх 119 дүгээр хуудаст авагдсан Голомт банкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/03-1721 тоот албан бичигт шүүгдэгч Б.Б- биржийн арилжаанд оролцохоор Ирланд улс руу ам.доллар шилжүүлж арилжаанд оролцож байсан болон тухайн шилжүүлсэн ам.долларыг гадаад улсаас буцаан авах боломжтой талаар дурдсан боловч энэ талаар тодруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болно.

15-р хх 84 хуудаст авагдсан мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч Г.Наранбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “... Б-ийн эзэмшлийн валютын данснаас, Ирланд улсын “...” ХХК-ний эзэмшлийн ... дугаарын данстай харьцсан эсэх, “...” ХХК-ийн уг дансанд арилжаанд оролцохоор 1,073,226.93 цент шилжүүлж уг ам.долларууд царцаагдсан эсэх, хэрэв царцаагдсан бол шалтгааныг тогтоох ...” гэсэн мөрдөгчийн даалгаварт заагдсан ажиллагаа хийгдээгүй. 85 дугаар хуудаст авагдсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11/3649 тоот мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатарын албан бичигт дурдагдсан “... олон улсын санхүүгийн мэдээллийн албанаас Эгмонт шугамаар мэдээлэл хүсэхэд хүлээн авагч дамжуулагч банкны код, харьцсан данс, эзэмшигч нарын мэдээлэл шаардлагатай учир Б.Б-ийн эзэмшлийн дансны свифт гүйлгээний мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр банкнаас гаргуулан авч илрүүлнэ үү…” гэх утга бүхий албан бичиг зэргээр тухайн ажиллагааг хийх боломжтой, уг ажиллагаанууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдгийг харуулж байгаагаас гадна Б.Б-ийн иргэдтэй байгуулсан гэрээ тоглоход зориулан олгосон зээл урьдчилгаа, түүнчлэн арилжаанд орохоор хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд хамаарах харилцаа эсэхийг тодруулаагүй.

20-р хх 120-150 дугаар хуудаст авагдсан Голомт банкнаас ирүүлсэн хуулгаар энэ нь 450,000 орчим ам.доллар байгаа. Энэ байдлыг шалгаж гадаадад гацсан мөнгийг буцаан авч ирвэл иргэдтэй гэрээ байгуулж зээлж авсан мөнгийг буцааж төлөх боломжтой бөгөөд энэ нь Иргэний хуулийн 49 дүгээр зүйлд заасан Биржийн хэлцлийн шинжтэй эрх зүйн харилцаа эсэхийг тодруулаагүй.

3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавтаст хэрэгт авагдсан хохирогчдын мэдүүлэгт ямар шалтгааны улмаас, юунд итгэж бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэх болсон, ямар нэг биржийн арилжаанд орж мөнгө өсгөх талаар, тухайн мөнгөөр Б.Б- олон улсын арилжаанд оролцож ашиг олж, олсон ашгаас бусадтай хуваах байсан талаар мэдсэн эсэхийг огт тодруулаагүй. Хүн бүр аливаа зүйлсийг өөр өөрсдийн үзэл баримтлалын үндсэн дээр ойлгож, өөр өөрийн сэтгэл хөдлөлөөр илэрхийлдэг. Гэтэл бүх хохирогч нараас зөвхөн яллах талыг барьсан агуулга бүхий асуулт тавьж мэдүүлэг авсан байна.

26-р хх 209, 213 дүгээр хуудаст хохирогч Ц.Х-аас гаргаж өгсөн нотлох баримтад “Б.Б- арилжаа 15-ны өдөр татагдаж, 16-ны өдөр абовед болсон майл ирсэн. Маргааш, эсвэл Нэг дэх өдөр таталт орж ирнэ…” гэсэн утга бүхий мэдээллээр нэр бүхий хохирогч нар мөнгөн хөрөнгөө өсгүүлэхээр хэлцэл хийж хөрөнгө оруулсан, үүнийг ч мэдэж байсан гэдгийг харуулж байна.

12-р хх 35 хуудаст гэрч Н.С-ын мэдүүлэг “… 2019 оны 01, 02 дугаар сард 1,000 ам.долларын төлбөртэй сургалт орж байсан. Үүнд суусан. Мөн 40 орчим хүн сургалтад сууж байсан...” гэж, 12, 38 дугаар хуудаст “... сургалтын үеэр арилжаанд ороход учрах эрсдэлийн талаар ярьдаг байсан...” гэж, 12-р хх 40 хуудаст гэрч Н.Нацагдоржийн мэдүүлэгт “... Анх 100 ам.доллар төлөөд сургалтад сууж байсан. Мөн 1,000 ам.доллар төлж дахин сургалтад сууж байсан...” гэсэн мэдүүлгүүдэд шүүхээс дүгнэлт хийлгүй “... Б.Б- нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд өөр ажил эрхэлдэг болон өөр орлоготой болох нь нотлогдоогүй...” хэмээн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжид хамааруулж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

26-р хх 80-166 дугаар хуудаст авагдсан Б.Б-эс гаргаж өгсөн хохирогч нартай гэрээ байгуулан авсан мөнгөөр арилжаанд оролцож ашиг олж буцаан өгч байсан, зарим тохиолдолд эрсдэлд орж алдагдал хүлээж байсан талаарх баримт бичгүүд нь шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэрэгт эргэлзээтэй байгаа олон зүйлийг тодруулж, түүнийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд яллах, өмгөөлөх талын эрх тэгш байдлыг хангалгүй зөвхөн нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай шалгагдаж тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийг тодорхойлсон эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн ойлголт, шинж чанар хэр хэмжээнээс хэтрүүлж, болсон үйл явдлыг нарийн тогтоолгүйгээр хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж гэмт хэрэгт холбогдуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн хууль ёсны зарчим зөрчсөн байна.

Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба таваас дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна. Гэтэл түүнийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэх шүүгдэгч Б.Б-д хамааралгүй заалтыг барьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршиж буй хуулийн зорилго зорилттой зөрчилдөж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…. Яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно….” гэсэн заалтыг илт хууль бусаар зөрчсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож, Б.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргасан хүсэлтийг хэргийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Одоо хэргийг хэлэлцэж байгаа учраас шийдвэр гаргахдаа миний гаргасан хүсэлтийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хэмжээний асуудал байхгүй гэх байдлаар давж заалдах шатны шүүх дүгнэх юм бол дээрх заалтыг үндэслээд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах бүрэн эрх давж заалдах шатны шүүхэд байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “яллагдагч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд өөр ажил эрхэлдэг болон өөр орлоготой болох нь нотлогдоогүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, давтамж, олсон орлогоо өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амьжиргааг залгуулдаг байсан гэж үзэж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, таамаглалын шинжтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амьжиргааг залгуулдаг байсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б- өөр орлоготой байсан талаараа мэдүүлж, энэ талаар нотлох баримтыг мөрдөгчид гаргаж өгсөн боловч хэрэгт тусгаагүйд гомдолтой байгаа. Энэ байдлыг харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2 дахь заалтад “... дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан байгаа. Иймд дээрх хуулийн заалт, үндэслэлүүдэд тулгуурлаад хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдож тогтоогдохгүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Намдаг нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлагдсан хэдий ч өөрчлөлт оруулах байдлаар дүгнэлт хийх хууль зүйн боломж байгаа. Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчмын үүднээс авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдэд оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоос харахад хууль зөрчсөн процессийн шинжтэй алдаа гарсан хэд хэдэн үндэслэл бүхий баримтууд байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж Б.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулсан атал мэдүүлэг аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Тухайлбал 12 дугаар хавтас хэргийн 101 дүгээр хуудаст авагдсан санхүүгийн тайлангаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн гүйцэт тогтоож гаргаагүй байхад анхан шатны шүүх үүнийг үндэслэлтэй хэмээн шууд дүгнэсэн нь харагдаж байна. Шүүгдэгч Б.Б- олон улсын арилжаанд оролцож байсан эсэх, гадаадын брокерийн компанитай харилцаж байсан эсэх, түүний харилцаж байсан вальютын дансаар хичнээн хэмжээний ам.доллар орж, гарч байсан. Тус харилцах дансанд үлдэгдэл ам.доллар байгаа эсэх, үүгээр хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулах боломжтой эсэх талаар тодорхой дүгнэлт хийсэн зүйл байхгүй байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч А.Намдаг нараас “Санхүүгийн тайланд хохирлын тооцоог зөрүүтэй гаргасан. Үүнийг анхан шатны шүүх үнэлсэн нь алдаатай” гэж үзсэн нь үндэслэлтэй. Б.Б- олон улсын арилжаа зохион байгуулж байсан бол хичнээн хүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ямар хэмжээний ашиг олж, хичнээн хүн хүртэж байсан талаарх дүгнэлт болон үүнийг нотлох холбогдох баримтууд хавтас хэрэгт авагдаагүй байна. Гэсэн атлаа мэдүүлэгт 182 иргэн тодорхой хэмжээгээр олон улсын арилжаанаас ашиг хүртсэн гэж мэдүүлдэг боловч үүнд тусгайлан дүгнэлт хийсэн зүйл байхгүй. Харин 26 хавтас хэргийн 166-170 дугаар хуудаст нийт 250 гаруй хүн ашиг хүртсэн, холбогдох баримтуудыг Наранбаатар мөрдөгчид хүлээлгэж өгсөн талаарх баримт байх боловч тодорхой дэлгэрэнгүй байдлаар шалгаж тогтоосон зүйлгүй байна. Иргэний хариуцагч Э-ийн дансаар эх үүсвэр нь тодорхойгүй 25.8 сая төгрөг, мөн хамтран ажиллаж байсан гэх М-ийн дансаар 409.5 сая төгрөг орж, гарсан байх ба уг мөнгөний эх үүсвэрийг нягталж тогтоосон зүйл байхгүй. Магадгүй хамтран ажиллаж байсан гэх эдгээр хүмүүс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол ямар шинжтэй үйлдэл хийсэн болохыг дүгнээгүй. Мөн “---” брокер компаниас Голомт банкаар дамжуулан 400,000 ам.долларыг цаашид авах талаар эсэх, яг бодитой байгаа эсэх тухай асуудал дээр тодорхой дүгнэлт хийгдсэн зүйл байхгүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал тавьсан. Шүүх шийдвэрлэхдээ хорих ял  эдлэх байгууллагыг хаалттай гэж шийдвэр гаргасан. Шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулах талаар тодорхой арга хэмжээг зохион байгуулж, эвлэрлийн гэрээ байгуулж, тодорхой хэмжээнд зарим иргэдийн хохирол төлбөрийг барагдуулж ирсэн. Анхан шатны шүүх цаашид хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ухамсарлаж, дүгнэлт хийсэн нөхцөл байдлыг огт үнэлж дүгнээгүй. “...” брокер компаниас авах мөнгөөрөө нийт хохирогч нарынхаа хохирлыг барагдуулах боломж байгаа гэдгийг илэрхийлсээр байхад шүүх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байгааг давж заалдах шатны шүүх дүгнэж үзнэ үү. Мөн бусдын эзэмшлийн орон сууцыг битүүмжлээд хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримт мөн. Шүүгдэгч Б.Б- нь өөрийн орлоготой байсан болох нь тогтоогдохгүй байна. Залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлж зүйлчилсэн нь ямар баримтуудаар нотлогдож байна гэдэг нь эргэлзээтэй. Ер нь арилжаанд оролцож байсан байна. 2019 онд компаниа байгуулсан. Үүгээрээ амьжиргаагаа болгож байсан байна гэж хийсвэр байдлаар дүгнэсэн нь хэр оновчтой юм бэ гэдэг зүйлийг онцолж хэлмээр байна. Төгсгөлд нь хэлэхэд, Б.Б-ийн хувьд 2012 оноос АНУ-д ажиллаж байсан, өөрийн гэсэн орлого олж амьдралын эх үүсвэрээ бий болгосон. Мөн тодорхой мэргэжил эзэмшиж, олон улсын форекс зах зээлд бусдыг манлайлан, итгэл үнэмшилдээ тулгуурлан эдгээр үйлдлүүдийг хийсэн байдаг. Үүнийг ухамсарлаж тодорхой хэмжээний хохирол төлбөрийг барагдуулж, цаашдаа барагдуулахаа илэрхийлсэн санал, хүсэлтүүд гаргаж байсныг шүүх харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломж нь давж заалдах шатны шүүхэд хадгалагдсан гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх дурдсан зүйлийг харгалзан үзэж өөрчлөлт оруулах замаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялын хэмжээг багасгаж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 01 тоот тогтоолын дагуу би иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож удаа дараа хойшлогдсон шүүх хуралдаанд биечээр оролцож байсан. Харин 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхлэн 3 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тул эхлэх цагаас хоцорсон. Шүүгчийн туслахад мэдэгдэж шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5-т заасан эрхийг зөрчсөн.

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг заагаагүй тул шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй төдийгүй миний эрх ашгийг хохироож байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд бүртгэлтэй ... улсын дугаартай “...” загварын ... арлын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэхэд худалдан борлуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ автомашиныг 450,000,000 төгрөгөөр Б.Б-д худалдахаар гэрээ байгуулж тэрээр 150,000,000 төгрөгийг төлсөн. Энэ нь гэрээний үнийн дүнгийн 50 хувьд ч хүрэхгүй. Б.Б-ийг төлбөр төлөх талаар хэлснээр “... ” ХХК-аас Э.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би Э.Б өмгөөлөгчөөс тухайн автомашиныг худалдан авсан. Тийм ч учраас намайг автомашиныг хууль ёсны дагуу худалдаж авсан болохыг шалган тогтоосон. Би тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул хэргийн оролцогч мөн. Үүнээс хойш “...” ХХК-аас Э.Б-тэй гэрээ байгуулж, автомашиныг худалдсан. Харин Э.Б-д худалдах үед Б.Б-ийн төлбөрт тооцогдсон 150,000,000 Э.Б нарын хооронд урьдчилгаа болгон төлсөн юм. Би шударга өмчлөгчийн хувьд автомашиныг буцаан авна. Харин холбогдох төлбөрийн асуудлыг Б.Б- өөрөө хариуцна. Э.Б-өөс гэрээний үүргийн дагуу М 100% төлж дууссан. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаар прокурорын зөвшөөрлийн дагуу ... улсын дугаартай “...” загварын арлын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласны улмаас миний эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч А.Мын өмгөөлөгч Л.Энхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч А.М-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хойшилсон шүүх хуралдаануудад А.М нь оролцоод явсан байдаг. Гэвч 3 хоног үргэлжилсэн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдээгүй төдийгүй шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаагүй. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д заасан эрхийг зөрчсөн. Иргэний нэхэмжлэгчид өмгөөлөгч авах, үг хэлэх боломжийг олгоогүйгээс уг шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Үйл баримтын тухайд  “” загварын 2 автомашиныг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр худалдаж авсан. Урьдчилгаа төлбөрт 250,000,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг байгаа. Энэ мөнгөний эх үүсвэр нь хохирогч нарын мөнгө байсан гэж прокурор дүгнэлтдээ дурдсан. Гэтэл тухайн үед Голомт банкны дансаар шүүгдэгч арилжаагаа хийдэг байсан гэж мэдүүлсэн. Хавтас хэрэгт авагдсан Голомт банкны баримтуудыг нэг бүрчлэн үзэхэд 2019 оны 1, 2 дугаар сарын хугацааны орлого гэж орж ирсэн мөнгөнүүд бүгд гадаад вальют болж гадагшаа арилжаалагдсан байдаг. Тухайн үед хамт машин авч байсан И гэх хүн мөн л М-ийн адилаар Б-д мөнгө зээлүүлж, машиныг барьцаалж гэрээ байгуулсан. Гэтэл тэгш хууль зүйн боломжоор хангахгүйгээр Ин машиныг чөлөөлж, М-ын машиныг чөлөөлөөгүй. М өөрийн өмчлөлдөө машиныг аваагүй, Худалдаа хөгжлийн банкны эзэмшилд шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. М нь 150,000,000 төгрөгийг болон Б-д зээлүүлсэн мөнгөний хамт өгч “--” загварын автомашиныг өөрийн найз Б-ийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ байдал нь И-тэй яг адил процессийн ажиллагаа байгааг анхаарч үзнэ үү. Мөнгө зээлсэн баримтуудыг нэг бүрчлэн дурдахад 80,000,000 төгрөгийг 10 дугаар хавтас хэргийн 143 дугаар тал, 10 дугаар хавтас хэргийн 138, 151-153 дугаар талуудад зээлийн гэрээнүүд, түүний дагуу төлсөн баримтууд байгаа” гэв.

Хохирогч Э.О давж заалдах гомдолдоо: “... би хохирогч М.Х-ийн хамтаар Б.Б-д 32,600 ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Дээрх 32,600 ам.долларын 14,070 ам.доллар нь минийх, 18,530 ам.доллар нь М.Х-гийн мөнгө байсан. Би Б.Б-д холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийн хохирогчоор тогтоогдсон. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт миний хохирлын талаар дүгнэлт хийсэн атлаа гэмт хэргээс улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн тогтоох хэсэгт миний хохирлын тусгалгүй, зөвхөн М.Х-гийн 18,530 ам.доллар буюу 48,757,062 төгрөгөөс 44,757,062 төгрөгийн хохирол учруулсныг дурдаж надад учруулсан хохирол болох 14,070 ам.доллар буюу 37,021,678 төгрөгийн хохирлыг дурдаагүй орхигдуулсан байна. Дээрх 37,021,687 төгрөгөөс 2019 оны зун 6,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 31,021,687 төгрөг болж байгаа. Миний энэхүү хохирлыг төлүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй орхигдуулсанд гомдолтой байна. Шүүхийн дээрх алдааг засаж хохирлыг минь барагдуулах талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье...” гэжээ.

Хохирогч Д.У-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б-эс хохирогч нарын хохирлын тооцоог буруу хийсэн гэж байна. Тэр дундаа хохирогч Д.У-ийн хохирлын тооцоог хэлээд байх шиг байна. Хохирлын тооцоог буруу, зөрүүтэй гаргасан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Д.У-ийн дүү О нь Б.Б-тэй нэг ангид сурч байсан. 2019 онд Д.У, О нараас Б.Б- нь нийтдээ 66,300 ам.долларыг ямар нэгэн бичиг баримтгүй авсан. 2019 оны сүүл, 2020 оны эхээр зээлийн гэрээ байгуулсан. Б.Б- анх хэлэхдээ “Би нефть болон алтны ханш дээр арилжаа хийдэг. 10-50 хувийн ашиг олдог” гэж итгүүлэн мөнгийг ам.доллараар авч байсан. Эргүүлж төлсөн нь 5,100 ам.доллар байгаа. Өөр ямар нэг төлбөр төлөөгүй. Иймд Б.Б-ийн ярьж байгаа зарим зүйл хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Урьдын харилцаанд үүссэн итгэлийг ашиглаад иргэдийн мөнгийг аваад өөртөө ашигласан нь үнэн. Хохирогч Д.У болон О нарын хувьд гомдолтой байна. Хохирол төлбөрийг төлнө гэдэг боловч үнэндээ ямар ч арга хэмжээ аваагүй. Б.Б-ийн үйлдлээс болж учирсан хохирол нийт 66,300 ам.доллар буюу 153.111.680 төгрөг байгаа. Энэ мөнгийг гаргуулах хүсэлттэй байна” гэв.

Хохирогч Д.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б- гомдолдоо зарим хүмүүсийн хохирлын тооцоо алдаатай гээд О, У талаар бичсэн байсан. 82 хохирогчийн тоонд миний дүү О нэр байхгүй. Тооцоо буруу гарсан гэх хохирогч нарын дунд О гээд бичсэн байсан. Тийм болохоор өөрөө андуурсан гэж үзэж байна” гэв.

Хохирогч Л.Б-гийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд Б.Б- нь гэмт хэргийн улмаас олсон орлогоор “-” загварын автомашин аваад, М-г залилах хэлбэрээр шилжүүлээд өгсөн байх вий дээ гэсэн зүйлийг гомдлоос нь ойлголоо. М өөрийнхөө оруулсан гэх мөнгөө буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй. Өмгөөлөгч А.Намдагаас гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд “орчуулга хийнэ гэж 4,000,000 гаруй төгрөг...” гэх асуудлыг ярьж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй, дурдагдаагүй зүйл байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Амьдралын эх үүсвэр болгосон гэх асуудал дээр маргажээ. Мөнгийг аваад зээлийн гэрээ байгуулсаар л байсан. 2019 оны 6 сар гээд өөрсдөө хугацаагаа тодорхойлоод байна. Хохирогч Л.Б-гийн хувьд 3 тусдаа мөнгөний харилцаа, цаг хугацааны асуудлыг ярьдаг. Дампуурсан буюу шатсан гэдэг цаг хугацаанаас хойш 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоос мөнгө авсаар л байсан. Тэгэхээр амьдралын эх үүсвэр болгосон буюу гэмт хэргээс олсон орлогоороо өөрийн амьдралын хэрэгцээндээ зарцуулж байсан гэдэг нь харагддаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дотор өөр компаниас орлого олж байсан гэх зүйл байдаггүй. Хохирогч нараас авсан  мөнгөөрөө хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, шийтгэл оногдуулсан нь зүйд нийцнэ. Мөн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн байна. Давж заалдах гомдолд гэмт хэрэг биш гэх байр суурийг илэрхийлээд байх боловч аль нөхцөл байдлыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн аль хэсэгт зааснаар шийдвэрлэхийг хүсээд байгаа нь тодорхойгүй. Хэргийг прокурор, мөрдөгчөөс шалгаж байх хугацаанд тухай бүрд нь гомдлоо гаргаад шалгуулах боломж, нөхцөл хангагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ноцтой зөрчил гараагүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой хэлэлцэгдсэн зүйлийг гомдолдоо дурджээ. Тухайлбал “Зээлж аваад зээлийн гэрээ байгуулсан нь миний буруу байсан” гэж мэдүүлсэн. Одоо зээлж авсан биш хөрөнгө оруулалт байсан гэж ярьж байна. Хөрөнгө оруулаад шатсан гэх байр сууриас буюу хариуцлагаас өөрийгөө мултлахын тулд ингэж ярьж байна. Бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардах асуудал үүсээд иргэний шүүхээр хэлэлцээд хоёр хохирогчтой эвлэрсэн гэж ярьлаа. Энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш. Хоёр хүнээр хязгаарлагдахгүй цаана нь 82 хохирогч байна. Хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх асуудал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн. Гэнэт л шийтгэх тогтоолд хаалттай хорих байгууллагад гэж тусгасан мэтээр тайлбарлаж байна. Хохирогч Л.Б-д мөнгийг нь арилжаанд оруулсан гэх зүйлийг хэлдэг. Гэтэл зарим нэг хохирогчоос авсан мөнгөө арилжаанд шилжүүлээгүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч тодорхой мэдүүлсэн. Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирлоо авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч О.А-гийн өмгөөлөгч О.Ялалт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолдоо гэм буруугийн асуудал дээр маргасан зүйлийг дурдсан байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- нь өөрийн гэм бурууг бүрэн хүлээгээгүй учраас зохих шийтгэлийг нь оногдуулсан. Хохирогч О.А-н хувьд анх 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний үндсэн дээр мөнгө зээлсэн. Нийт 82 хохирогчийн зээлийн гэрээнд ямар зохицуулалт байдаг вэ гэхээр “10-50 хувийн хүү, ашиг олгоно, хугацаандаа төлөгдөөгүй бол үндсэн мөнгийг нэг нугалж төлнө” гэсэн нөхцөлтэй. Харин мөнгийг Б.Б- юунд зарцуулах вэ гэдгийг тусгаагүй байдаг. Гэрээнд мөнгийг арилжаанд оруулна, арилжаа нь эрсдэлтэй, эрсдэлийг зээл олгож байгаа тал хүлээнэ гэх тохиролцоо байхгүй. Зээлдэгч нар 10-50 хувийн ашигтай юм байна, хугацаандаа мөнгөө төлөхгүй бол нэг нугалж авах юм байна, эрсдэлгүй харилцаа байна гэж ойлгож итгээд мөнгөө өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн хохирогч нар давхар нотолж мэдүүлдэг. Гэтэл Б.Б- нь магадлалаар арилжаа хийж байсан. Бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нөхцлийг дурдсан байдаг. Гэмт хэргийн шинжийг бүхэлд нь агуулсан үйлдэл хийсэн. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг дээр маргаж байна. 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр, 5 сарын эхээр арилжаа алдагдалтай болсон гэдгийг Б.Б- өөрөө мэдүүлсэн. 2019 оны 5 сараас хойших 2 сарын хугацаанд зээлийн гэрээ байгуулан хүмүүсээс мөнгийг нь авч байсан болох нь тогтоогддог. Байнга гэх шинж нь хугацаагаараа тогтоогдож байна. Иргэний шүүхийн шүүгчийн захирамж гарч хоёр хохирогчтой эвлэрсэн гэх зүйлийг хэллээ. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байтал гаргаж өгөөгүй. Мөнгийг юунд зарцуулах гэж байгааг хохирогч нар мэдэж байсан гэж тайлбарладаг. Энэ нь үндэслэлгүй. Хохирогч нар мэдүүлэхдээ “Өсгөж өгнө гэсэн учраас итгэж мөнгийг өгсөн” гэдэг. 250 гаруй хүн ашиг хүртэж байсан талаар баримт хэрэгт байхгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би 44,415 ам.доллар буюу 116,000,000 орчим төгрөг өгсөн. Энэ хохирлыг Б.Б- зөрүүтэй гаргасан гэж ярьлаа. Би 3 дугаар сарын 26-ны өдөр 5,000 ам.доллар, 5 дугаар сарын 29-ний өдөр 39,415 ам.доллар өгсөн. Ингээд нийт 44,415 ам.доллар болсон. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч М.Хтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2,500 ам.доллар нэхэмжилж байгаа. Яагаад итгэсэн гэхээр миний хүү Б.Б-ийг “АНУ-д суралцаж байгаад ирсэн мундаг залуу” гэж хэлээд сургалтанд нь суусан. Сургалтад нь сурч байхад Б.Б-эс “Ах нь арилжаа хийдэг. Чи насанд хүрээгүй учраас арилжаанд орж чадахгүй. Тийм учраас зээлийн гэрээ байгуулаад хөрөнгө оруул, эцэг, эхээсээ хараат байдал чинь арилна” гэж хэлсэн байдаг. Тэгээд би зээлийн гэрээнд нь гарын үсэг зурсан. Монгол хүний амьдрал хэцүү, ядуу болохоор 10-15 хувийн ашигтай гэхээр итгэж мөнгөө өгсөн. АНУ-д суралцсан бол диплом чинь байна уу гэж асуухад надад үзүүлээгүй. Гэрээ байгуулахдаа Б.Б- нь 416 тоот орон сууцад амьдардаг гэж бичсэн. Хохирогч нар мөнгөгүйн улмаас өмгөөлөгч авч чадахгүй байхад 3 өмгөөлөгч авсан байна. Мөнгөтэй байгаа юм байна. Хаалттай хорих байгууллагад эдүүлэх хорих ялыг нь нэмэгдүүлэх саналтай байна. Гомдолтой байна” гэв.

Хохирогч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын тооцоог зөрүүтэй гаргасан гэж маргаж байгаа хохирогч нарын дунд миний нэрийг оруулсан байдаг. Би Наранбаатар байцаагчид бүх гэрээ, баримт бичгүүдээ өгч хавтас хэрэгт хавсаргуулсан. Миний хувьд өөрийнхөө хохирол дээр маргах зүйл байхгүй. Б.Б-ийн зүгээс өндөр үнийн дүнтэй хохирогч нарын хохирлыг буруу тооцсон гэж маргаж байгаад гайхаж байна. Би өнөөдөр шүүх хуралдаанд ирэх боломжгүй байсан. Миний хохирлыг алдаатай гэж маргаж байгаа учраас би аргагүй эрхэнд ирж оролцлоо. Маш их гомдолтой байна” гэв.

Хохирогч М.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хохирлын тооцоон дээр зөрүүтэй зүйл байхгүй” гэв.

Хохирогч Т.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Тооцоон дээр маргах зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч С.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 10,000 ам.доллар өгсөн, ашиг гэж мөнгө аваагүй” гэв.

Хохирогч А.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч М.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Биднийг арилжааны мэдлэгтэй байсан гэж хэллээ. Анх би мөнгөө өгөхдөө форекс гэх зүйлийг мэддэггүй байсан. Сургалт нэрийн дор хүмүүсийг бүртгээд суулгасан боловч эрсдэлтэй шүү, ингэдэг шүү гэх зүйлийг заагаагүй. Сургалтанд нь суусан бүх хүмүүс шатсан. Будда виста хотхоны байр минийх биш гэж байгаад гайхаж байна. Өөрийнх нь өмчлөлийн орон сууц мөн болохыг гэрчилсэн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргээ надад үзүүлсэн. Миний утсан дээр зураг нь байгаа. Хуурамчаар гэрчилгээ гаргуулсан уу, үгүй юу гэдгийг нь мэдэхгүй” гэв.

Хохирогч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөрөнгө оруулах үед ам.доллар 2,600 орчим төгрөг байсан. Тухайн үеийнх нь ханшаар хохирлыг тооцож гаргасан. Бид тухайн үеийн ханшаар бодож хохирлоо авах юм бол хохиролтой үлдэх учраас өнөөгийн ханшаар тооцуулах саналтай байна. Манай найз Б гээд хүний оруулсан мөнгийг шийтгэх тогтоолд оруулаагүй байсан” гэв.

Хохирогч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо хурдан барагдуулж авахыг хүсэж байна” гэв.

Хохирогч Ж.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн мэтээр ярьж байна. Хавтас хэргийн материалтай танилцахад залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь харагддаг. Зохиомол зүйлийг байгаа мэтээр ойлгуулж байгаа нь залилах гэмт хэрэг юм. Анхнаасаа залилах зорилготой байсан нь харагддаг” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдсан гомдол, тайлбаруудтай танилцлаа. Шүүгдэгч Б.Б- хохирлын талаар маргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд нилээд их хохирогч оролцсон. Хохирлыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны ам.долларын ханшаар тооцсон. Хохирогч нар өнөөгийн ханштай харьцуулж, зөрүүний асуудлыг ярьсан. Гэхдээ эрүүгийн хэргийн хувьд өнөөгийн ханшаар хохирлыг тооцох боломжгүйг тайлбарлаад хохирлын тооцоон дээр маргаангүйгээр тооцоо нийлсэн байдаг. Хүү, ашиг гэж авсан мөнгөнүүдийг нь үндсэн хохирлоос нь хасаад тооцсон. Б.Б-ийн ярьсанчлан хохирогч нар авах байсан ашгаа хохирол дээрээ нэмж тооцсон асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл анх хохирогч нар Б.Б-д хэдэн төгрөг өгсөн, тэр мөнгөөр нь хохирлыг тооцсон. Хохирогчдын зүгээс хохирол төлбөр дээр ямар нэгэн асуудал яриагүй. Шүүгдэгч Б.Б- өөрөө тодорхой нэр зааж хохирол зөрж байна гэж байгаа бол холбогдох баримтаа дурдаад ярих хэрэгтэй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөн адил ерөнхий зүйл л ярьж байсан. Аудитын дүгнэлт алдаатай гарсан байхад уг алдаатай дүгнэлтийг үндэслэж хохирлын тооцоог гаргасан гэжээ. Хохирлыг тооцохдоо 100 хувь аудитын дүгнэлтэд үндэслээгүй юм. Давхар хөрөнгө оруулалтын гэрээн дээрх мөнгөн дүнгүүдийг харсан, мөн хохирогч нарын мэдүүлгийг үндэслэсэн. Зарим хохирогч нар өөрсдөө мөнгө шилжүүлсэн баримтуудаа гаргаж өгсөн. Иймд уг хэрэг дээр эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж, Б.Б-ийн энэ талаарх хүсэлтийг хүлээж аваагүй.

Форекс арилжааны талаар л яриад байдаг. Хохирогч нар форекс арилжаанд оръё, түүгээр чинь мөнгөө өсгүүлмээр байна гэж Б.Б-д мөнгөө өгөөгүй. Харин Б.Б-д мөнгөө зээлж байна гэж ойлгосон тул залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  Б.Б- мөнгийг форекс арилжаанд өгөөд алдсан эсэх нь уг хэрэгт хамааралтай асуудал биш. Мөнгөө алдсан болох нь тогтоогдсон. Хохирогч нарт мөнгийг өгөөгүй болох нь тогтоогдсон.

Прокуророос анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Гэвч шүүх хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг шүүхийн алдаа гэж үзэх боломжгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж маргадаг. Мөрдөгч, прокурор яллах, цагаатгах талын нотлох баримтын аль алиныг нь цуглуулах үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу нотлох баримтыг цуглуулсан. Хохирогч Э.Оч 14,070 ам.доллар буюу 31,021,687 төгрөгийг шүүгдэгч Б.Б-эс авах ёстой. Үүнийг шийтгэх тогтоолд тусгалгүй, орхигдуулсан байгаа учраас давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Э.О 31.021.687 төгрөгийг олгохоор шийдвэрлэх боломжтой. Яллах дүгнэлтийн алдааны талаар ярьж байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх үгний оронд байнгын шинжтэй гэх үгийг хэрэглэсэн байсан. Үүнийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт буюу гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн дүгнэлтээ яллах дүгнэлтийн 28 дугаар хуудаст дурдсан. Анхан шатны шүүхээс “үгийн сонголтоо буруу сонгосон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зүйлчилсэн байна” гэж үзээд энэ хэргийг шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч нараас нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь үндэслэлгүй гэж байна. Тухайн үед шүүгдэгч Б.Б- нь өөр ажил хөдөлмөр эрхэлж ашиг, орлого олж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 82 хохирогч гарч ирсэн. Мөн тухайн үед худалдаж авсан байр, машин гэх мэт зүйлүүдийг харгалзаж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн. Өмнө нь 250 хүнд ашиг орлого олж өгч байсан гэх өмнөх асуудал энэ хэрэгт хамааралгүй. Зүйлчлэлийн хувьд алдаа гаргаагүй. Ирээдүй “-” загварын автомашиныг өөрөө худалдаж аваад нэр дээр шилжүүлсэн байсан. Хэдийгээр аудитын дүгнэлтээр хохирогч нараас авсан мөнгөөр хоёр автомашин, хоёр байр авсан болох нь тогтоогдсон боловч И-г шударга өмчлөгч гэж үзсэн. Тийм учраас И-н хөрөнгийг хязгаарласан хязгаарлалтыг хүчингүй болгох санал гаргасныг шүүх хүлээж авсан. Харин А.М-ын хувьд шударга эзэмшигч гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас хохирогч нарын хохирлын асуудлыг уг автомашиныг зарж борлуулан олгох ёстой гэсэн саналыг гаргасныг шүүх энэ дагуу шийдвэрлэсэн. Үүнийг буруу гэж үзэхгүй байна. Мөн нарын асуудлыг ярьсан. нар нь Б.Б-ийн компанид ажилладаг байсан болох нь тогтоогдсон. Гэхдээ эдгээр хүмүүс Б.Б-эс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зарим хохирогч нараас мөнгийг аваад Б.Б-д өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл цалин авч ажилладаг байсан. Иймд хамтран оролцсон гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар шүүгдэгч Б.Б-эс асууж тодруулахад “2,000,000 төгрөгийн цалинтай байсан. Миний өгсөн үүрэг чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Миний ажилтанууд байсан. Энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй” гэсэн тайлбарыг өгсөн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Очбадрахын хохирлыг гаргуулах өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “Хөрөнгө оруулалт хийснээр их хэмжээний ашиг олох боломжтой” гэсэн агуулга бүхий бодит байдалд нийцээгүй бусдыг төөрөгдүүлсэн мэдээллийг өөрийн цахим хаягаар нийтэлж, “Бит Могул Блокчейн” ХХК-ийн нэрийг ашиглан, 10-50 хувь хүртэл хүү амласан зээлийн гэрээ байгуулж, хохирогч ... тус тус шилжүүлэн авсан болох нь:

хохирогч ... нарын 10-50 хувийн хүүтэй өсгөж өгнө гэсэнд нь итгэж зээлийн гэрээ байгуулан мөнгөө өгсөн талаарх мэдүүлгүүд /2-р хх 54-60, 125-130, 139-140, 143, 165-166, 201-202, 224-225, 247-248, 3-р хх 27-28, 32, 45, 49-50, 72-73, 78-80, 98-104, 120, 121, 122, 144-145, 160-162, 185-186, 207-208, 213-214, 228-229, 242-244, 4-р хх 27, 33, 51-53, 72-74, 94-96, 149-151, 94-96, 5-р хх 245-248, 4-р хх 173-174, 191-192, 231-232, 241-242, 5-р хх 17-19, 44-45, 65-66, 85-86, 127-128, 191, 210, 216, 224, 6-р хх 31-32, 70-71, 92, 96, 97, 108, 113, 128, 164-165, 194-196, 7-р хх 17-19, 1-2, 7-8, 46-51, 66-69, 79-83, 101-103, 137-142, 161-162, 165-168, 197-198, 231, 236-238, 8-р хх 14-19, 37-39, 112-115, 148-152, 184-188, 225-227, 250, 9-р хх 1, 55-57, 75-76, 95-98, 123-125, 138-142, 10-р хх 10-14, 3, 9-р хх 192-196, 11-р хх 123-126, 160-162, 33, 39-40, 47-48, 57-59, 67, 99, 105-107, 88/,

гэрч ... нарын хохирогчдоос Б.Б-д өгсөн мөнгөний талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /2-р хх 179, 3-р хх 135-136, 217-218, 5-р хх 245-250, 7-8, 51-52, 6-р хх 57-58, 132, 204-205, 11-р хх 199-201/,

Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, баримтууд /2-р хх 32, 112, 150, 175, 197-198, 237, 3-р хх 89, 106, 165, 174-175, 220-221, 225, 4-р хх 94-96, 159-160, 5-р хх 44-45, 102, 6-р хх 80, 137, 172, 186-189, 200, 7-р хх 72-74, 134, 8-р хх 4/,

хохирогчтой байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд /2-р хх 33-35, 147-149, 158-160, 189-191, 216-218, 239-241, 3-р хх 13-14, 2-р хх 16, 3-р хх 38-40, 55-57, 58-60, 65-67, 86-88, 111-113, 140-141, 155-157, 178-180, 197-202, 228-229, 245-247, 4-р хх 38-39, 68-70, 120-121, 117-119, 141-143, 163-165, 166-168, 185-187, 221, 5-р хх 17-19, 5-р хх 80-81, 110-112, 166-168, 169-171, 206-208, 6-р хх 26-28, 63-65, 86-88, 103-105, 139-140, 154-156, 180-182, 183-185, 7-р хх 14-15, 41-43, 60-63, 97-99, 116-118, 199-201, 216-218, 249-250, 8-р хх 44-49, 142-144, 198-212, 241-243, 9-р хх 49-50, 68-70, 92, 110-114, 133-135, 194-196, 11-р хх 119, 24-р хх 111-113, 116-118, 11-р хх 63, 73-81, 99, 92-94/,  

хохирогчдын мөнгөний эх үүсвэрийг харуулах зорилгоор дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, зарим хохирогчийн цалингийн зээлийн гэрээ /2-р хх 115, 176, 199, 3-р хх 106, 4-р хх 14, 6-р хх 217-249, 7-р хх 76, 8-р хх 51, 197, 4-р хх 18, 6-р хх 41, 42, 44, 53, 7-р хх 32-35/, “Юнистар Аудит” ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан /12-р хх 85-199/, цахим орчин дахь сурталчилгааг харуулсан гэрэл зургууд /5-р хх 173-177/, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б- нь хуулийн этгээдийн нэрийг ашиглах, үйл ажиллагаа явуулан их хэмжээний ашиг олж байгаа мэтээр бусдыг төөрөгдүүлсэн мэдээллийг цахим орчинд түгээх, улмаар хэт өндөр хүү амласан зээлийн гэрээ байгуулах замаар хохирогчдоос их хэмжээний мөнгө авсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гэрээгээр халхавчлан шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тооны хувьд гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг хамааруулахын зэрэгцээ, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор амьдарч, үүнийг амьдрах арга, хэлбэрээр сонгож, амьжиргааны эх үүсвэр болгосон шинжийг ойлгоно. Шүүгдэгч Б.Б- нь нэр бүхий 82 хохирогчоос нийт 4,766,381,546 төгрөг залилан авч уг хөрөнгийн зарим хэсгээр үл хөдлөх эд хөрөнгө, автомашин худалдан авсан нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх байгууллагыг тогтоосон зэрэг нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч А.Намдаг нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан, хохирогчдын мэдүүлэг зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, мөрдөгч гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн .....  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /1-р хх 10/ ба 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 228 дугаар прокурорын тогтоолоор хэргийн үйл баримтыг тодорхой болгож өөрчилснөөс бус зүйлчлэлийг хөндөөгүй байна. /27-р хх 193-210/ Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасны дагуу дахин мэдүүлэг авах үндэслэл, шаардлага үүсээгүй байна.

29 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр хуудаст авагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаас үзвэл дутуу хэвлэгдсэн учраас Г.И-н өмчлөлийн ... улсын дугаартай автомашиныг хэрхсэн нь тодорхой бус байх боловч шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг татаж хянахад уг автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдлоо. Иймээс хэрэгт байгаа шийтгэх тогтоолд техникын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс илрүүлж, нөхөн дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгчийн давж заалдсан гомдолд “Шүүх хурал дээр улсын яллагчаас 10 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр санал гаргасан” гэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг баримтлан шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцсэн байр суурийг харгалзан үзэж хорих ял эдлүүлэх байгууллагыг тогтоох бөгөөд шүүн таслах ажлын энэхүү эрх хэмжээ нь улсын яллагчийн ялын саналаар хязгаарлагдахгүй юм.

Шүүхийн хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 46 дугаар хуудаст тусгагдсан байна. Харин анхан шатны шүүхээс иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хэрхэн хүлээн авсан талаар тогтоолдоо огт дурьдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 492 дугаар тогтоолоор .... улсын бүртгэлийн дугаартай, ... тоот орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарлаж /27-р хх 14/, үнэлгээ гаргуулсан /27-р хх 157/ нь шийтгэх тогтоолоос зөрүүгүй байна.

Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар гаргасан гомдлын хувьд хохирогчид зээлийн гэрээ байгуулж мөнгө өгөх болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг олох боломжтой гэсэн бодит байдалтай нийцээгүй, бусдыг төөрөгдүүлэх шинжтэй мэдээлэл, өндөр хүү амалсан зээлийн гэрээнд хууртагдсан ба энэ үйл баримт нь залилах гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл болжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “... Арилжаанд мөнгөө оруулсан хүмүүс буцааж авах нь тодорхой бус, мөнгөө буцаагаад авна гэсэн ямар нэгэн баталгаа байхгүй. Ихэнх нь мөнгөө алдах магадлалтай байдаг. Форекс арилжаанд мэргэжлийн томоохон баг ажилладаг. Түүнээс биш хөрөнгийн зах дээр ямар нэгэн туршлагагүй, багаар бус, дангаараа арилжаанд орсон тохиолдолд мөнгөө алдах магадлал өндөр юм. Ихэнхдээ форекс арилжаанд банкууд оролцдог. Форекс арилжаанд хэн ч орж болох давуу талтай... Эрсдэлтэй тал нь арилжаанд оруулсан мөнгөө алдах магадлал өндөр, ашиг олох нь эрсдэлтэй байдаг ...” /11-р хх 199-201/ гэсэн байна.

Шүүгдэгч Б.Б- нь валютын ханшийн уналт, өсөлтийг урьдчилан тооцох боломжгүй, зөвхөн магадлал, таамаглалд үндэслэн оролцдог арилжааны эрсдэлийг харгалзахгүйгээр өндөр ашиг олдог бизнес мэтээр хохирогч нарыг төөрөгдүүлсэн байх тул хохирогчдын мөнгийг форекс арилжаанд оруулж эрсдэл хүлээсэн гэх гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, энэхүү нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тооцохдоо дан ганц “Юнистор аудист” ХХК-ийн дүгнэлтэд тулгуурлаагүй бөгөөд хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мөнгөний эх үүсвэрийг тодорхойлсон дансны хуулга, гэрээнүүд, банкны шилжүүлгийн баримтууд зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдсан гомдлуудад “... ” брокер компаниас Голомт банкаар дамжуулан буцаан авах 400,000 гаруй ам.долларын авлагатай гэх боловч Голомт банкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн14/ХХ/03-1721 тоот албан бичигт “... Харилцагчийн хүсэлтийг хүлээн авч шалган, шаардагдах баримт бичгүүдийг харилцагчаас бүрдүүлснээр 2020/02/10-наас 2020/06/10-нийг хүртэлх 2 гүйлгээн дээр чаржбэк үүсгэсэн. /ОУ-н маргаан шийдвэрлэх дүрмийн дагуу гүйлгээ гарсан өдрөөс 120 хоногийн дотор нэхэмжлэл үүсгэх дүрэмтэй/ Үүнээс 200 долларын 1 гүйлгээ амжилттай болж харилцагчийн данс руу шилжүүлэн, 100 долларын баримт 1 гүйлгээ ирэн няцаагдсан. Харилцагч дахин 2020/08/06-ны өдөр холбогдон хугацаа хэтэрсэн гүйлгээнүүд дээр банкнаас арга хэмжээ авч өгнө үү гэсний дагуу Goodfaith хүсэлтийг /хугацаа хэтэрсэн гүйлгээн дээр төлбөр хүлээн авагч банк руу явуулж буй албан бус хүсэлт/ илгээсэн. Гүйлгээ тус бүрт төлбөр хүлээн авагч банкнаас мөнгийг буцаах боломжгүй гэсэн баримт бичгүүдийг ирүүлсэн ба үүнээс 2 гүйлгээг хэсэгчлэн нийт 4,169.95 долларыг буцаахыг зөвшөөрснөөр харилцагчид харилцагчид 2020/09/21-ний өдөр шилжүүлсэн. Олон Улсын маргаан шийдвэрлэх дүрмийн хүрээнд авч болох арга хэмжээнүүдийг банкны зүгээс авч харилцагч Б.Б-д нийт 4,369.95 долларыг амжилттай нэхэмжлэн шилжүүлж, үлдсэн гүйлгээнүүд дээр төлбөр хүлээн авагч банкнаас ирсэн баримтуудыг харилцагчид илгээсэн болно...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-ийн гадны банк руу шилжүүлсэн гүйлгээг буцаах хүсэлтийн дагуу тодорхой ажиллагаа хийгдсэний үр дүнд 4,369.95 ам.долларыг татан авч, бусад гүйлгээг буцаах боломжгүй гэсэн хариу ирснээр “... “...” брокер компаниас Голомт банкаар дамжуулан буцаан авах 400,000 гаруй ам.долларын авлага байгаа ...” гэсэн гомдлын үндэслэл үгүйсгэгдсэн болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэгт тооны хувьд гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг хамааруулахын зэрэгцээ, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор амьдарч, үүнийг амьдрах арга, хэлбэрээр сонгож, амьжиргааны эх үүсвэр болгосон шинжийг ойлгоно. Гэмт этгээдийн нийт орлогын эх үүсвэр бүхэлдээ биш, түүний зарим хэсгийг гэмт хэргийн замаар олж байсан бол хууль ёсны үйл ажиллагаа явуулж орлого олдог нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгч Б.Б- нь нэр бүхий 82 хохирогчоос нийт 4,766,381,546 төгрөг залилан авч уг хөрөнгийн зарим хэсгээр үл хөдлөх эд хөрөнгө, автомашин худалдан авсан нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжийг агуулж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хохирол төлбөрийн хувьд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Э.Од 31,021,687 төгрөгийн, хохирогч М.Бд 50,007,240 төгрөгийн, хохирогч Г.Эд 118,795,550 төгрөгийн хохирол учирсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулж техникийн шинжтэй алдаа гаргасан нь шийтгэх тогтоол болон яллах, өмгөөлөх талуудын тайлбараар тогтоогдлоо. Түүнчлэн хохирлын хэмжээ үнэн зөв тогтоогдоогүй гэсэн давж заалдах гомдлын дагуу хохирогч нэг бүрээр хэргийг хянаж үзэхэд шүүхээс зарим хохирогч нарын хохирлыг илүү тооцсон, зарим хохирогч нарын хохирлыг дутуу тооцсон зөрүү гарлаа. Иймд давж заалдах шатны шүүхээс хохирлыг төгрөгөөр, ам.долларыг тухайн өдрийн ханшаар тооцож, холбогдох нотлох баримтуудтай харьцуулан дахин нягталж гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохиролд доорх байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Үүнд: хохирогч ... шүүгдэгч Б.Б-эс гаргуулахаар тогтов.

Шүүгдэгч Б.Б- нь “...” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр санхүүгийн түрээсийн Р-03/2019 тоот гэрээ байгуулан ... загварын автомашиныг 250,000,000 төгрөгөөр /14-р хх 227-237/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр санхүүгийн түрээсийн Р-02/2019 тоот гэрээ байгуулан ... загварын автомашиныг 450,000,000 төгрөгөөр /14-р хх 241-250/ тус тус худалдан авч, зохих хэмжээний урьдчилгаа төлбөр төлжээ. Гэтэл прокурор мөрдөн шалгах ажиллагаагаар ... улсын дугаартай, ... загварын автомашин иргэний нэхэмжлэгч А.Мд, улсын дугаартай ... загварын автомашин иргэний нэхэмжлэгч Г.И-н өмчлөлд хэрхэн шилжсэн талаар нарийвчлан шалгаж тогтоогоогүйн улмаас эдгээр хүмүүсийг шударга эзэмшигч гэж үзэх эсэх талаар дүгнэлт хийх, автомашинуудаар хохирол барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

Түүнчлэн А.М нь ... улсын дугаартай автомашиныг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьж, тус банкны нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад автомашиныг битүүмжилсэн атлаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй ноцтой зөрчил гарсныг анхан шатны шүүхээс үл анзаарч тухайн автомашинаар хохирол барагдуулах шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч А.М, хохирогч Э.О нарын давж заалдсан гомдлыг хангаж шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгон ...  улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хохиролын хэмжээнд дээр дурьдсан өөрчлөлтийг оруулан тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч А.Намдаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн зохицуулалтын дагуу Б.Б-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн ба ийнхүү хэрэглэсэн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн хэргийг түдгэлзүүлэх талаар гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 125 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10ы өдрийн 2022/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Б.Б-эс 31,021,687 төгрөг гаргуулж хохирогч Э.О, 50,007,240 төгрөг гаргуулж хохирогч М.Б, 118,795,550 төгрөг гаргуулж хохирогч Г.Э тус тус олгосугай” гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... 36,841,560 төгрөг гаргуулж хохирогч...” гэсэн хэсгийг

“... 36,862,000 төгрөг гаргуулж...” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас “... Худалдаа хөгжлийн банкын өмчлөлд бүртгэлтэй ... улсын дугаартай, “...” загварын “...” арлын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол ... хэвээр үлдээж, хохирол төлбөр нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцох...” гэснийг “... Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд бүртгэлтэй ... улсын дугаартай,  “...” загварын “...” арлын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Намдаг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 06 дугаар сарын 10ы өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР         

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН