Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2024/00472

 

 

 

 

 

 

2024 10 21 156/ШШ2024/00472

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00443/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.******* холбогдох, газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* сум 7 дугаар багийн ******* тосгоны тал гэх газар 2015 оноос эхлэн өнөөг хүртэл хуулиар олгогдсон эрхийн дагуу газар тариалангийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн 2314003650 нэгж талбарын дугаартай эзэмшлийн талбайн хажууд малчин ******* ******* нь өвөлжөө, хаваржааныхаа хашааг барьж тариалангийн хашаажуулсан торон хашааг эвдэж малаа удаа дараа оруулан бэлчээж малын хөлөөр тариалалтыг сүйтгэж, тариалангийн талбай дотуур саахалт айл руугаа явдаг зам гаргаж дагтаршуулсан гэх мэт байгууллагад багагүй хохирол учруулсаар хэдэн жил болж байна. Малчин Т.******* нь байгууллагын хууль ёсны тариалангийн эзэмшил газар хууль бусаар оршин сууж буй нь "Тариалангийн тухай хуулийн 24.1. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд: 24.1.1 Мал тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, 24.2-д "Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчиж байгааг удаа дараа учирлан хэлж, тус газраас сайн дураар нүүхийг маш олон удаа хэлж, гуйж, сануулж үзсэн боловч үл тоон байсаар байгаа болно. Малчин ******* ******* компани болон орон нутгийн удирдлагын зүгээс Тариалангийн бүс нутгаас сайн дураар нүүх шаардлага тавьсан боловч шаардлагыг үл ойшоон, тариалангийн бүс рүү малаа оруулж тарьсан тарианы ургалтанд муугаар нөлөөлж байна. Тухайн сумын Засаг захиргаанаас албаны байгууллагад хохирол учруулан хууль бусаар оршин сууж байгааг сануулан нүүхийг шаардсан ч үл хайхран хөгшин нас, олон тооны малаараа түрий барин нүүж чадахгүй чаддаг юм бол нүүлгэ гэхийн зэрэгцээ хэл амаар доромжилж байна. Тухайн сумын удирдлага нь уг малчныг бид хүчээр нүүлгэх эрх байхгүй тул шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийн дагуу албадан нүүлгүүлж, газраа чөлөөлүүлэх хэрэгтэй, хууль бусаар оршин сууж байгааг нотолсон хууль ёсны баримтыг биднийг зүгээс гаргаж өгөх боломжтой гэсэн. Бид олон жилийн нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулан өдөр шөнөгүй, халуунд халж, хүйтэнд хөрч, гадаа гандаж үл ядран үйл ажиллагаа явуулж байгааг үл тоон доромжилж байгаад маш их гомдолтой байна. Бидний зүгээс хөгшин настай хүн гэж хүндэлж, нэг нутаг суманд адилхан хөдөлмөрлөж, амьдрал ахуйгаа залгуулж амь зууж аж төрөн сууцгааж байж муудалцаад яах бэ гэж олон жил эвээр шийдвэрлэхийг зорьсон боловч, хүлээцтэй хандаж буй байдлыг дийлж чадахгүй, хууль үйлчлэхгүй мэтээр эндүүрч байгаа болно.

 

Монгол Улсын хууль хүн бүрт тэгш үйлчилж малчин Т.*******ийг "******* *******с" ХХК-ийн эзэмшил бүхий газар тариалангийн бүсээс албадан нүүлгэж, тариалангийн бүс нутгийн газрыг чөлөөлүүлж өгнө үү. Энэ хууль бус үйлдлээс учирсан эдийн хохирлыг бид тусад нь нотлох баримтаа бүрдүүлж гэм хороо арилгуулах журмаар дахин хуулийн байгууллагад хандах тул энэ удаа нэн даруй газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Т.******* би 2024.09.09-нд нэхэмжлэгч ******* ******* ХХК-с ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Би нөхөр 4 хүүхдийн хамт 1986 онд Хурхын сангийн аж ахуй талын үрийн агуулах газар тариаланд ажиллаж амьдарч сууршшсан. 1994 онд Бор үзүүрт мал аж ахуй эрхлэн амьдарсан. 2004 онд нуур ус, бэлчээр даган өвөлжөө, хаваржаа барьж одоог хүртэл бид амьдарсан. Иймд ******* ХХК нь 2016 онд манай арын газарт тариалан эрхлэн газрыг хагалахдаа эрүүл газрыг 300-450 метрт байгаа хашаанд тулган тэлж хагалсан. Би энэ компаниас учирлан асуухад хэмжээндээ хүрэхгүй байгаа юм гэж хэлсэн. Бид ******* ХХК-тай учир зүйгээ ололцон тохирсон 2023-2024 онд цас зуд ихтэй, хүнд жил болсон. Үр хүүхэд маань өвчин зовлон тусаж хүү, охин маань хүндээр өвдөж, бурхан болж нөхөж баршгүй уй гашуу болж сатгэл сэмэрч уймарч явахад минь ******* ХХК захирал , , ХАА-н мэргэжилтэн , тосгоны цагдаа нар ирж сүрдүүлж нүүхгүй бол ковшоор түрээд хаялаа шүү гэж цагдаа заналхийлсэн. Би танай компани атар газар хагалж айлын өвөлжөө бууцанд наалдуулаад газар хагалчаад намайг хөөгөөд байхдаа яадаг юм гэж хэлсэн. ХАА-н мэргэжилтэн тухайн үед эрүүл газар хагалбал хуультай болохгүй гэж хэлсэн. Миний өвөлжөө хаваржаа байгаа газар маань догол эрүүл газар учир энэ компани өргөтгөл хийж газар хагалбал нуур цөөрөмд ойртон газрын чийг бэлчээр амьтан малын усгүй болох учир нэг талаар эрүүл газраа хамгаалж байгаа учир мал аж ахуйгаа эрхлэн амьдарч байна. Амьдрах хугацаандаа Сумын сайн малчин, Аймгийн сайн малчин 2 жил дарааллан Алтан тугалны эзнээр шалгарч хань, ижил үр хүүхдүүдтэйгээ Хурх буюу Гурван баян сумандаа нэр хүндтэй амьдарч ирсэн. Олон малчид иргэд энэ нуур, цөөрөм, ус бэлчээр газраар мал аж ахуй эрхлэн ар гэр үр хүүхдүүдээ тэжээж амьдарч ирсэн. Тариалангийн газар эзэмшин гэрчилгээнд заасан газрыг эзэмших, хуульд заасан хэмжээгээр хагалж байгаа эсэхэд хариуцагч би эргэлзэж байгаа. Би бодохдоо тариалангийн газарт нь наалдуудлан хашаагаа бариагүй байхад өөрсдөө 300-450м газрыг хагалсан өвөлжөө бууцанд тулгасан байдаг юм. Надад хүндэтгэн үзэх шалтгаан байна. Хүн хүч, өвчин зовлон үхэл хагацал 2023-2024 оны зуд, үр хүүхдүүдээ урдаа оруулан алдана гэж маш том зовлон шанлал юмдаа. Тухайн үедээ нүүнэ гэж хэлж байсан. ******* ХХК-с ирүүлсэн тариалангийн хашааны хажуугаас нүүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.******* холбогдуулан газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 35 100 төгрөг, төрийн сангаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай шаардлагыг хариуцагч Т.******* нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөг, төрийн сангаас 35 100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ