| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2203001530250 |
| Дугаар | 2022/ДШМ/979 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/979
2022 10 12 2022/ДШМ/979
Д.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чинзориг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-, түүний өмгөөлөгч М.Ц-,
шүүгдэгч Д.Л-, түүний өмгөөлөгч Д.Б- ,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б- гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Л-д холбогдох эрүүгийн 2203001530250 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн Д.Л, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ЭТ” ХХК-д жолооч ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Шүүгдэгч Д.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТЭЦ-4” замд хороо, 21 дүгээр хороолол, Бодон хорооллын баруун урд замд “ЭТ” ХХК-ийн өмчлөлийн “Нyundai New Aercity” маркийн ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” мөн дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоуоtа Саmrу” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, улмаар эсрэг урсгалд явсан “Hyundai Starex” маркийн ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Б.Г-гийн амь нас хохирсон, түүний өмчлөлийн “Hyundai Starex” маркийн ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27.510.000 төгрөг, А.Б-ын өмчлөлийн “Toyota Camry” маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.265.000 төгрөг, “ЭТ” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.316.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Д.Л-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 3,4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “ЭТ” ХХК-иас 29.659.020 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Л-гийн өмгөөлөгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд “Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх” 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “... хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал ...”-ыг тусгана гэж заасан байхад шүүх хөнгөрүүлэх нөхцөлд аль нь хамаарах, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг орхигдуулан шийдвэрлэсэн байна. Д.Л-гийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байх бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, 5.4 дэх заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулсан. Ийнхүү шийдвэрээ танилцуулсны дараа оролцогчдоос асууж тодруулах зүйлээ асуухад өмнө танилцуулсан шийдвэрийнхээ нотлох баримттай зардлын дүнг өөрчилж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Тоёота камри маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дурмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх мөрдөгчийн магадлагааг нотлох баримтаар дүгнэлтдээ оруулжээ. Гэвч зам тээврийн осол гарахад нөлөөлсөн жолооч А.Б- нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж торгуулсан байна. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн жолооч “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”-тэй байх үүрэгтэй бөгөөд тухайн зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцож болохгүй үүргээ зөрчсөн. Мөн дүрмийн 3.7 дахь заалт жолоочид хориглох зүйлийг тусгасан байх бөгөөд а/ дахь хэсэгт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөн байхад А.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэсэн мөрдөгчийн магадалгаа нь замын хөдөлгөөний дүрмийн заалтаар няцаагдаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 999193 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 2-т “... нэгдүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна” /2хх 25/ гэжээ. Түүнчлэн шинжээч Ж.Д-оос мэдүүлэг авсан тэмдэглэлд /2хх 75/ “тухайн тээврийн хэрэгслийг тэгш хуурай асфальтан зам дээр жолоодлого хийн шалгаж үзэхэд жолоодлого алдагдах, зогсохгүй байх зэрэг эвдрэл гэмтэл илрээгүй болно” гэсэн байх боловч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 6-8/ “... ослын газрын зам орчны байдал нь асфальт, шулуун тэгш, цастай, халтиргаатай ...” байсан нөхцөлд жолоодлого алдах, зогсохгүй байх эвдрэл гэмтэл илрэх боломжтой гэсэн агуулгатай эргэлзээтэй дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 261 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь заалтад баримтгүй зардлыг тооцоолж гаргасан боловч шүүх процессын алдааны улмаас хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлээгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Тухайн үед гадаа цас орж байсан, урд явж байсан машин гэнэт тоормос гишгэж, огцом зогссон бөгөөд би тоормос гишгэсэн боловч хөлдсөн байсан. Урдах машинаа мөргөхгүйн тулд хажуу тийш дарсан, амжих байх гэж бодсон ч амжаагүй осол гаргаж хүний амь нас хохирсонд үнэхээр гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. А.Б- жолоодох эрхийн үнэмлэхгүй байснаас гадна хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. А.Б- жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцоогүй байсан бол энэ осол гарахгүй байсан. Ээж маань хөдөө эмнэлэгт байгаа. Энэ асуудлын талаар сонсоод биеийн байдал нь муудсан. Миний бие ажил хийж хохирол төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-ын өмгөөлөгч М.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй...” гэсэн байна. Миний зүгээс дээрх нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон учир Эрүүгийн хуульд тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийн талаар дурдлаа. Анхан шатны шүүх дугуйн тоормосноос шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй. Үүнийг прокурор яллах дүгнэлтээс хасаж тооцсон. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа процессын алдаа гаргасан гэсэн байна. Анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь шийдсэн гэж хэлээд үнийн дүнг хэлэхдээ техникийн алдаа гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давхардуулж гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн баримтаас болж шүүгч техникийн алдаа гаргаж үнийн дүнг зөрүүтэй хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тайлбар хэлээгүй. Анхан шатны шүүх иргэний хариуцагч “ЭТ” ХХК-иас 29.659.020 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хариуцагчаас энэ асуудалтай холбогдуулан гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар 29.659.020 төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ мөнгөнөөс “ЭТ” ХХК 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг Г.Д-ын дансанд шилжүүлсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маш их гомдолтой байна. Миний эцэг эрүүл саруул хүн байсан. Том бизнес эрхэлдэг байсан. Манай гэр бүл маш хүнд байдалтай байгаа” гэв.
Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Л- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 11.14 дүгээр зүйлд заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоуоtа Саmrу" маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, улмаар эсрэг урсгалд явсан “Hyundai Starex” маркийн ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-гийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Д.Л-г тус зүйл ангид заасан гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоуоtа Саmrу" маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж тайлбарлаж байна. А.Б- “...явж байтал хянах самбарт чек ассан тул 1 дүгээр эгнээнд дохио өгөөд зогсоход араас автобус ирж мөргөсөн...” гэж мэдүүлсэн. А.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд энэ зөрчлийн шинжтэй үйлдэл тул түүнд Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан. Тэрээр 1 дүгээр эгнээнд дохио өгөөд зогссон нь осолтой шалтгаант холбоогүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Л- урдаа байгаа тээврийн хэрэгслийг зогсоход мөргөхгүй, шүргэхгүй байх хоорондын зайг барьж явах ёстой байсан. Энэ шаардлагыг зөрчсөн нь тухайн тээврийн хэрэгслийг мөргөх шалтгаан болсон. Мөн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн жолоодож явсан автобусны тоормосны стандартын зөрүү нь 20 байхаас 23 байсан гэдэг нь тогтоогдсон. Үүнд үндэслэн прокурорын зүгээс бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр дээрх нотлох баримтыг шинжлэн судлахад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учир хэрэгт авагдсан бусад нотлох баримтад үндэслэж ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс хохирлын тооцоог буруу хийгээгүй, нэг баримтыг 2 хавсаргаснаас үүдэн 10.000.000 төгрөгийг дутуу гаргуулахаар шийдвэрлэсэн байсныг шүүгч залруулж хэлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-ын “ ... 2022 оны 3 дугаар сарын 19-ний өглөө би ажил дээрээ ирчхээд аавыг хүлээгээд ирэхгүй болохоор нь ээжтэй утсаар ярьж асуухад 08:40 цагийн үед ажилдаа явахаар гарсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд аав руу залгахад утсаа авахгүй дуудаад байхаар нь санаа зовоод ажил руу ирдэг маршрутаар нь явж үзье гэж бодоод явж байтал Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хажууд осол гарчихсан байхаар нь харахад манай аавын машины дугаар мөн байсан. Үзлэг хийж байхаар нь асуутал аавыг нас барсан гэж хэлсэн. ...” /хх-177/,
иргэний нэхэмжлэгч О.Г-ын “ ... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын жолооч Лодойсамбуугийн ах над руу залгаад “манай дүү автобусаа жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна.” гэж хэлэхээр нь хаана болсныг нь асууж мэдээд очиход цагдаагийн байгууллага үзлэг хэмжилтээ хийж дуусгаад явчихсан, манай байгууллагын ...УНУ улсын дугаартай “Хьюндай” маркийн автомашин эсрэг урсгалд явж байсан хар саарал өнгийн “Хьюндай старекс” маркийн автомашины урдаас мөргөөд зогсчихсон, хоёр машиныг салгах гээд замын цагдаа нар болон ачилтын байгууллагын хүмүүс байж байсан.” /1хх-187/,
иргэний нэхэмжлэгч А.Б-ын “ ... би “Toyota camry” маркийн ...УБЧ улсын дугаартай автомашиныг 2021 оны 09 дүгээр сард 30 сая төгрөгөөр худалдан аваад өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. Тэрнээс хойш 2021 оны 12 дугаар сард манай найз Баасандулам мөнгөний хэрэгцээ гараад байна туслаач гэхээр нь тухайн үед бэлэн мөнгө байгаагүй болохоор Баасандуламд “миний машиныг барьцаанд тавиад мөнгөө ав гэж хэлээд тухайн үед “ТБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж 10.000.000 төгрөг зээлж аваад, ослын дараа зээлсэн мөнгөө буцааж өгсний дагуу машинаа зээлээс чөлөөлж авсан. Осол болох үед “ТБ” ХХК-ийн нэр дээр барьцаанд байсан болохоос миний машин байгаа юм . ...” /1-хх 194/,
гэрч А.Б-ын “ ... би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 08:00 цаг өнгөрч байхад гэрээс гараад замаараа Эрүүл мэндийн яамны урдаас хамт ажилладаг Н-г суулгаад цааш ажил руугаа явсан. Тэгээд гурвалжгийн гүүрний урд уулзвараас зүүн гар тийш “ТЭЦ-4” зам руу эргээд Баянгол замын цагдаагийн хэлтсийн урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байхад машины урд хянах дээр шар гэрэл асахаар нь юу болсон юм бол гэж бодоод баруун гар тийш дохио өгөөд зогсох үед араас гэнэт тас хийх чимээ гарч, хажуугаар автобус зэрэгцэж орж ирээд эсрэг урсгалд орж өөдөөс явсан автомашиныг мөргөж зогссон ...” /1хх-199/,
Ялагдагчаар Д.Л-гийн “ ... Гурвалжин уруудаад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд яваад гэрлэн дохион дээр ирж зогсох үед тоормос хэвийн ажиллаж байсан. Тэгээд гэрлэн дохионоос хөдлөөд баруун гар тийш эргээд явж байгаад урд автомашин хурдаа хасаад зогсох үед нь тоормос гишгэсэн боловч тоормос барихгүй болохоор нь замын хойд талд явган зорчигч зогсож байсан болохоор зүүн гар тийш дарсан боловч автомашинтай мөргөлдөж осол болсон. Би осол гаргасандаа маш их гэмшиж байгаа. ...” /2хх 72/ гэх мэдүүлгүүд,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр: “...“Hyundai starex” маркийн ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27.510.000 төгрөгийн хохирол учирсан ...” /1 хх 205/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4584 дугаартай шинжээчийн “1. А.Б-ын биед зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэсэн шинэ гэмтэл байна. 3 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх 215/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1817 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Л-” гэх хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Л-” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.” /1хх 219-221/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1816 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн цамц, саарал өнгөтэй хантааз, хар өнгийн бүс, саарал өнгөтэй оймс 1 хос, цаас зүсэгч тус бүрийг шатаах тослох материалын агуулга илрэхгүй байна. ”/1хх 224-227/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1146 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм, хөх өнгийн цамц хар өнгийн цамц саарал өмдөнд зүсэгдэлт, гогодолт, урагдалт, сэмрэлт үүссэн байна. 2. Хөх өнгийн цамцны суганд үүссэн цооролтууд хуучин эдэлгээний явцад үүссэн байна. Бусад зүсэгдэлт, гогодолт, урагдалт, сэмрэлт хуучин эдэлгээний явцад үүссэн байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. 3. Зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, гогодолт хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, урагдалт, цооролт, сэмрэлт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна.” /1хх-230-239/,
“Вендо” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар “...“Hyundai Aerocity” маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.316.300 төгрөгийн хөрөнгийн хохирол учирсан ...” /1 хх 242-244/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар “Toyota camry” маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.265.000 төгрөгийн хөрөнгийн хохирол учирсан...” /1 хх 248-250, 2 хх 1-6/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 951 дугаартай шинжээчийн “1. Талийгаач Б.Г-гийн цогцогст гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан олон гэмтэл: гавлын баруун чамархай яс, суурь ясны баруун чулуулаг ясны урдуур дайрч, турк эмээл хэлбэрийн ясанд хүрсэн, арагшаа дагзны баруун хажуу дунд хэсгээр хөндлөн үргэлжилж дээш дагзны төвгөрлүү чиглэсэн салаалсан хугарал, эх тархины суурь хэсэг нэлэнхүйдээ болон бага тархи нэлэнхүйдээ аалзан хальсанд цус харвалт, 2 талын уушигны эдийн бяцрал, элэгний зүүн дэлбэнгийн язрал, цээжний баруун 6,7,8,9 дүгээр хавирга зүүн 6,7,8 дугаар хавирга суганы урд шугамаар шууд хугарал, зүүн талын 5 дугаар хавирга үйрч сэлтэрсэн хугарал, гялтан хальсанд цус хуралт, умдаг ёсны салж зөрсөн хугарал, баруун талын сүүжний дэлбэн ууцтай бэхлэгдсэн хэсгээр сүүжний дэлбэнгийн дундуур дайрч, сүүжний дэлбэнгийн гадна хэсгээр “п” хэлбэр үүсгэсэн хугарал, булчингийн эдэд цус хуралт цээж, сарвуу, хацар, гуянд цус хуралт, шуу, тохой, шилбэ, гуянд зулгаралт, гуя, өвдөг шилбэнд язарсан шарх, сарвуунд шарх гэмтлүүд учирчээ. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн бүхээг дотор дарагдах, шахагдах, цохигдох хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд учирсан гэмтлүүд байна. 3. Талийгаач Б.Г- гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагийн байдлаар нас бараад 5 цаг болсон байна. 6. Шүүх биологийн шинжилгээгээр В 3-р бүлгийн цустай байна. 7. Шүүх химийн шинжилгээгээр цогцосноос авсан гэх цус, ходоодны шингэн булчинд спиртийн агууламж илрээгүй, хорт бодис болон эмийн бодис САЗ-ын хүрээнд илрээгүй байна.” /2хх 9-21/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 999193 дугаартай шинжээчийн “
1. Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна.
2. Өнгө үзэмж ерөнхий байдал нь стандартын шаардлага хангахгүй байна. Үүнд: Зүүн их гэрэл байхгүй, урд салхины шил хагарсан, урд нүүр, хажуу шанаа урагдсан байна. Мөн нэгдүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна.
3. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Тухайн эвдрэл, гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна.
4. Тоормосны систем нь хийн дамжуулгатай АВS систем байна. Тоормос бүрэн ажиллаж байна.
5. Тоормосны систем нь хийн дамжуулагатай АВS системийн үед, Замын нөхцөл байдал, ачсан ачаа, тоормосны дөрөөн дээр дарах хүч зэргээс хамаарч тоормосны мөр зам дээр тасалдах байдлаар үүснэ.” /2хх 25-28/ гэх дүгнэлтүүд,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Б.Ариунболд мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 476 дугаартай “ ... 6.1. Хьюндай маркийн ...УНУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Л- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 11.14-д “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” 3.4 а /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд ... хол ойрын ... буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6.2. “Тоёота старекс” маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 6.3. “Тоёота камри” маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадалгаа /2 хх 34-35/,
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх 8-17/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн зүүн дээд буланд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 20 минут гэсэн бичвэр гарч эхлэх ба Баянгол дүүргийн замын цагдаагийн хэсгийн үүдний коридор хэсгээс хойш чиглэлд харуулсан байрлалтай байх ба осол болсон үеийг харуулав ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 26-27/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Д.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “21 дүгээр хороолол, Бодон хорооллын баруун урд замд “ЭТ” ХХК-ийн өмчлөлийн “Нyundai New Aercity” маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоуоtа Саmrу" маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, улмаар эсрэг урсгалд явсан “Hyundai Starex” маркийн ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Б.Г-гийн амь нас хохирсон, түүний өмчлөлийн “Hyundai Starex” маркийн ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27.510.000 төгрөг, А.Б-ын өмчлөлийн “Toyota Camry” маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.265.000 төгрөг, “ЭТ” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.316.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Л-г авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Г-гийн амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.Л-гийн өмгөөлөгч Д.Б- гээс “ ... шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг орхигдуулсан ... мөн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн жолооч А.Б- нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж торгуулсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. ... Шинжээчийн эргэлзээтэй дүгнэлтүүдийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Б.Ариунболд мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 476 дугаартай магадалгаа болон “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 999193 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч Д.Л- нь “Нyundai New Aercity” маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх бөгөөд 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоyota camry” маркийн ...УБЧ улсын дугаартай автомашиныг “гэнэт зогссон” эсэхээс үл шалтгаалан Д.Л- нь урдаа яваа тээврийн хэрэгслийг хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээ хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явах үүрэгтэй юм.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 951 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг “гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан бөгөөд тус гэмтлүүд нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн бүхээг дотор дарагдах, шахагдах, цохигдох хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд учирсан гэмтлүүд байна” гэж дүгнэсэн байх бөгөөд тус дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүйн гадна, уг дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, амь хохирогчид учирсан гэмтлүүд нь шүүгдэгч Д.Л-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн амь нас нь хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 261 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Л-г 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТЭЦ-4” замд хороо, 21 дүгээр хороолол, Бодон хорооллын баруун урд замд “ЭТ” ХХК-ийн өмчлөлийн “Нyundai New Aercity” маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн үндэслэлээр буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... яллагдагчаар татах тогтоолд Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах гэснийг зөрчсөн гэж шүүгдэгчийг буруутгасан боловч түүний унаж явсан тээврийн хэрэгслийн тоормосны систем ажиллахгүй байсан нь тогтоогдохгүй байх тул уг заалтыг үгүйсгэх үндэслэл болж байна” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд мөн хэрэгт авагдсан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “ ... “Hyundai Aerocity” ...УНУ улсын дугаартай автомашин нь стандартын шаардлага хангахгүй, ... нэгдүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй ... энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй бөгөөд энэ гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна.” гэснийг үндэслэн анхан шатны шүүхээс “ослын үед үүссэн шинэ гэмтлийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заалтыг зөрсөн гэж үзэхгүй ... ” хэмээн дүгнэж, прокуророос шүүгдэгч Д.Л-г яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтийн тус хэсгээс татгалзсан хүсэлтийг хүлээн авсныг буруутгах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан дүгнэлтүүдийг шинжээчид нь өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарт “Мастер үнэлгээ” ХХК-иас гаргасан үнэлгээ, Техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 951 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт, шинжээч эмч Г.Ганцэцэгийн 1146 дугаартай дүгнэлт, шинжээч Б.Цогбаярын 1816, 1817 дугаартай дүгнэлтүүдийг танилцуулахад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “... магадалгаатай уншиж танилцсан ... ” /2хх 38/ гэсэн боловч дээрх дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байх бөгөөд уг дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн “Тоёота камри” маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон хэдий ч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 476 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар түүнийг “ ... “Тоёота камри” маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн, мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг үндэслэн “200.000 төгрөг”-ийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Тодруулбал шүүгдэгч Д.Л-гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн үйлдэлд Тоёота камри” маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б-ыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.
Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1-д “Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх;” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шийдвэрлээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч өмгөөлөгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.
Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, хохирогч нас барснаас гэм хор учруулсны төлбөрийг нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-ын шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцсэн гэж үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б- гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Л-гийн 2022 оны 07 дугаар сарын 25-наас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-гийн өмгөөлөгч Д.Б- гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-гийн 2022 оны 07 дугаар сарын 25-наас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН