Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2018/0905/З |
Дугаар | 128/ШШ2019/0071 |
Огноо | 2019-01-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2019/0071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.О*******.
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар.
Нэхэмжлэлийн шаардлага: ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын Ц.О*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ц.О*******ыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Д******* суман дахь хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Э.О******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч Ц.О******* нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11дүгээр сарын 09-ний өдрийн Б/532 дугаартай тушаалаар томилогдож ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан тухай Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 3401 дугаартай мэдэгдлээр хүлээн авсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалыг гардаж аваагүй, хүний нөөцийн хэлтсийн хэлтсийн мэдэгдэх хуудсанд дурдсан агуулгаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5. төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.4.1 өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх, 2.4.10 гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх" гэсэн заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халж сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дү ээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын Ц.О*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ц.О*******ыг Сухбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/648 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Сүхбаатар аймаг дах Цагдаагийн газрын Д******* сумын хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Дэслэгч цолыг нь сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/532 дугаартай тушаалаар томилогдож ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т тус тус заасныг зөрчсөн тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, Цагдаагийн дэслэгч цолыг хураасан тухай Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 3401 дугаартай мэдэгдлээр хүлээн авсан. Нэхэмжлэгчийн зүгээс эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалыг гардаж аваагүй, хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэх хуудсанд дурдсан агуулгаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д ...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.4.1-д ...өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй барьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол хүсэлтийн талаар маргахгүй байх, 2.4.10-т ...гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх гэсэн заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халж, сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн алба нь өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хувийн асуудлыг албаны харилцаатай хольж, гэр бүлийн байдлыг нь улам доройтуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн эхнэр болох Д.О******* Б.С*******т арга хэмжээ авахуулахаар өргөдөл гаргасан. Гэтэл Цагдаагийн албан хаагчийн дүрэмд огт хамааралгүй ёс зүйн зохицуулалт хийсэн. Уг ёс зүйн зохицуулалт нь гэр бүл үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх тухай заасан. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт гэр бүл үр хүүхдэдээ хайр халамжгүй байгаа талаар яригдаагүй. Үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн Цагдаагийн албаны дотоод хяналт шалгалтаар ийм үйл ажиллагаа явуулаагүй. Нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээ гэдэг нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байхаар заасан боловч, Гэр бүлийн тухай хуульд хариуцлагын тухай огт дурдаагүй. Ямар учраас хариуцлагын талаар дурдаагүй гэхээр үнэнч байх эсэх асуудлаас болж гэр бүлийнхээ харилцааг тогтвортой авч явах эсэх асуудлыг гэрлэгчид өөрсдөө шийдэх учраас хариуцлагын талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаал нь огт өөрт хамааралгүй асуудлаар шийдвэрлэсэн. Мөн уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т ...захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.4-т ...захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, 40.2.5-д ...захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй. Шийдвэрт үндэслэл заасан байсан ч Цагдаагийн ерөнхий газрын даргын акт гаргах үндэслэлд байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хувьд захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг тусгасан болохоос биш хэний өргөдөл гомдлоор ямар үйл ажиллагаа явуулж ямар хууль зүйн үндэслэлээр захиргааны акт гаргаж байгаа талаарх зохицуулалт тусгагдаагүй. Мөн захиргааны актыг гаргахдаа эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд танилцуулж, сонсгох ажиллагаа хийх ёстой. Гэтэл нэхэмжлэгчид танилцуулаагүй бөгөөд тус захиргааны акт нь бичгээр гаргах шаардлагыг хангаагүй гэж ойлгож байна.
Нотлох баримт шинжлэн судалж байх явцад нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр нь хяналт шалгалт явуулахаас өмнө, зөвлөлийн хурал хийгдэхээс өмнө гарсан гэж ойлгож байна. Зөвлөлийн хурлын тэмдэглэлд ...одоо чамайг ажлаас халах нь байна. гэсэн утгатай яриа тусгагдсан байна. Иймээс зөвлөлийн хурлыг нэр төдий хийсэн байна. Захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг хуульд заасан шаардлагын дагуу хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д урьдчилан шийдвэрлэх нөхцөлийг хангана. Хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандана гэсэн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд үүнтэй холбоотой баримтыг шуудангаар хүргүүлсэн. Үүнд хийсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд дээр дурдсан баримтууд болон тайлбарыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн нэхэмжлэгч ажилдаа зөрчил гаргаагүй гэдгийг хариуцагч ч хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.О*******ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Ц.О******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/648 дугаартай тушаалаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан байна.
Ц.О*******ын талаар түүний эхнэр Д.О******* Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын даргад 2018 он 8 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргаж түүний өргөдлийн дагуу албаны шалгалт хийгдсэн.
Шалгалтын материалаас үзвэл Ц.О******* нь Д.О*******тай 2006 онд гэр бүлээ батлуулан 2 хүүхэдтэй болсон, хамт ажилладаг Б.С******* гэх эмэгтэйтэй 2013 оноос хойш дотно харьцаатай байгаагаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөдөг.
Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана, 81.3 дахь хэсэгт Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно", 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна гэж тус тус зохицуулжээ.
Ц.О******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүй дүрэм-ийн 2.4 дэх хэсэг Ёс суртахуунтай байх, 2.4,1 дэх заалтад өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол хүсэлтийн талаар маргахгүй байх, 2.4.10 дахь хэсэгт гэр бүл, ур хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээрээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх гэсэн хэм хэмжээг биелүүлээгүй байна.
Иймд Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн алба хаагчийн өргөсөн
тангараг, ёс зүйн дүрмээ зөрчсөн алба хаагчид оногдуулсан шийтгэл үндэслэлтэй
гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй., 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан
шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана., 93.2 дахь хэсэгт
Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан
байгууллагад гомдол гаргаж болно. гэсэн зохицуулалттай.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр
зүйлд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан бөгөөд 54.1.3 дахь заалтад Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;, 54.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана. гэж заажээ.
Ц О******* нь өөрийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл Төрийн
албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар
зөвлөлд гомдол гаргах боломжтой байсан ч гомдол гаргаагүй байгаа нь дээрх
хуулиудыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг
хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/648 дугаартай тушаалаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, Цагдаагийн дэслэгч цолыг нь хураасан байна. Ц.О*******ын талаар түүний эхнэр Д.О******* Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргаж түүний өргөдлийн дагуу албаны шалгалт хийгдсэн. Шалгалтын материалаас үзвэл нэхэмжлэгч нь Д.О*******тай 2006 онд гэр бүлээ батлуулан 2 хүүхэдтэй болсон, хамт ажилладаг Б.С******* гэх эмэгтэйтэй 2013 оноос хойш дотно харьцаатай байгаагаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт ...Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо Монгол улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөдөг. Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана гэж, мөн 81 дүгээр зүйлийн 81.3-т ...Энэ хуулийн 81.2, 81.3-д заасан ёс зүй сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно, 97 дугаар зүйлийн 97.1-д ...Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна гэж тус тус заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.4 дэх хэсэгт Ёс суртахуунтай байх, 2.4.1 дэх заалтад ...өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол хүсэлтийн талаар маргахгүй байх, 2.4.10-т ...гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх гэсэн хэм хэмжээг биелүүлээгүй байна. Иймд Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн алба хаагчийн өргөсөн тангараг, ёс зүйн дүрмээ зөрчсөн алба хаагчид оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, 93 дугаар зүйлийн 93.1-д ...Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, 93 дугаар зүйлийн 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан хуулийн байгууллагад гомдол гаргаж болно гэсэн зохицуулалттай.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан бөгөөд 54.1.3-т ...Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой, 54.2-т ...нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргах боломжтой байсан ч гомдол гаргаагүй байгаа нь дээрх хуулиудыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Ц,О******* Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ц.О*******ыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/648 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шаардлагаа тодорхойлж гарсан Ц.О*******ын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзсэн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хууль(2002 оны)-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна:, 5.1.3-д төрийн тусгай:, 5.2-т Энэ зүйлийн ...5.1.3-д заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.,8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:, 8.1.6-д зэвсэгт хүчин.......цагдаа...ийн байгууллагын офицер....:, 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн ..5.1.3-д заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.О******* нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2017 оны Б/532 дугаар тушаалаар Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон цагдаагийн дэслэгч цолтойгоор ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.
Цагдаагийн байгууллагын офицер буюу сумын хэсгийн төлөөлөгчийн албан тушаал нь дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтаар зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл маргаан бүхий харилцаанд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёстой гэж үзнэ.
Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж, орохгүйгээр халах гэж хуульчилжээ. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт цагдаагийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг нэрлэн заасан байх боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой нарийвчлан зохицуулаагүй байна.
Гэтэл маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/648 дугаар тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг баримтлаагүй, дан ганц Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасныг гол үндэслэлээ болгож, нэхэмжлэгч Ц.О*******од сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.
Ингэснээрээ дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаанд ... хуульд үндэслэх ... зарчмыг баримтална, 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж тодорхойлон заасантай тус тус нийцээгүй гэж дүгнэв.
Үүний зэрэгцээ маргаан бүхий тушаалаар Ц.О*******од сахилгын шийтгэл ногдуулахдаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1-д өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол хүсэлтийн талаар маргахгүй байх;, 2.4.10-д гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх гэснийг зөрчсөн нь түүнийг Цагдаагийн албанаас халах үндэслэл болсон гэж үзжээ.
Хэдийгээр ёс зүйн дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох боловч нэхэмжлэгч Ц.О*******ын зөрчлийн талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байхад албаны шалгалт явуулж түүний хувийн шинжтэй үйлдэлд нь сахилгын хамгийн хүнд хэлбэрийг сонгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.
Үүний зэрэгцээ маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т заасан ... өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, 40.2.5-т заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй үзнэ.
Нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөн гэж Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаагүй Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд Ц.О******* маргаан бүхий тушаал хууль зөрчсөн гэж үзэж эрх ашгаа хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаж гаргасан гомдлоо[1] шуудангийн баримтын хамт шүүхэд ирүүлжээ.
Хэдийгээр эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй ч Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзан сонгож ногдуулахаар байна.
Нэхэмжлэгч Ц.О******* нь 2017, 2018 онд сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй байхын зэрэгцээ 2018 онд удаа дараа албан үүргээ хангалттай биелүүлж, хамт олноо тэргүүлэн ажилласан гэж үзэж, түүнд албан тушаалын үндсэн цалингийн урамшуулал олгож байжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчилан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчийг цагдаагийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.О*******ыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Мөн нэхэмжлэгч Ц.О*******од 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.981.373 /гурван сая есөн зуун наян нэгэн мянга гурван зуун далан гурван/ төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.О*******ыг Сүхбаатар аймгийн Д******* сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний цагдаагийн дэслэгч цолыг сэргээн олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаагаар тооцож 3.981.373 /гурван сая есөн зуун наян нэгэн мянга гурван зуун далан гурван/ төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Цагдаагийн ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ НАСАНДЭЛГЭР
[1] Хавтас хэргийн 62-63 дугаар хуудас