Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1003                 

 

2022             10           19                                          2022/ДШМ/1003                           

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Ж.А-, түүний өмгөөлөгч Б.Б-,

хохирогч Б.С-ийн өмгөөлөгч И.Ч-,

хохирогч Э.А-,

иргэний нэхэмжлэгч Г.Э-,

иргэний хариуцагч “ТТТ” ХХК-ийн төлөөлөгч С.Д-,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “ТТТ” ХХК-ийн төлөөлөгч С.Д-, иргэний нэхэмжлэгч Г.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Б-оод холбогдох эрүүгийн 2203000000143 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Ч.Б, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ТТТ” ХХК-ийн Тээврийн хэлтэст жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Шүүгдэгч Ч.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “МТ” шатахуун түгээх станцын урд замд “Shacman” маркийн ... УАС улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “1.4, 1.3, 1.15.а тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ж.А-ийн жолоодож явсан “Hyundai Sonota” маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497.1, 498.1, 499.1, 505.1, 228.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ТТТ” ХХК-аас 7.393.800 төгрөг гаргуулж, хохирогч Ж.А-д, 19.150.148 төгрөг гаргуулж хохирогч Э.А-т, 14.100.646 төгрөг гаргуулж хохирогч Б.С-т тус тус олгож шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “ТТТ” ХХК-ийн төлөөлөгч С.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн 220300000143 дугаартай хэргийг хянан хэлэлцээд  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Ялангуяа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ТТТ” ХХК- аас 40.644.594 төгрөгийг гаргуулж нэр бүхий 3 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай үл нийцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ. Учир нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол нь бодит байхыг шаарддаг бөгөөд хохирогч нарт олгосон мөнгөн дүн болон баримтууд нь эргэлзээтэй яг бодит зардал биш, ирээдүйд гарах зардал байхад шүүхийн зүгээс бодит учирсан хохирол мэтээр тус баримтуудыг нь үнэлж хохиролд тооцож буй нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан тухай бүрд нь эрх зүйн дүгнэлт хийх замаар ялгамжтай байдлаар дүгнэлгүй, үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй хэт явцуу хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Э.А- сарын цалин 1.800.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний зардалд 350.000 төгрөг, гарын хадаас авах зардалд 4.500.000 төгрөг,  хохирогч Б.С- сарын цалин 1.500.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг, гарын хадаас авах зардалд 3.000.000 төгрөг, хохирогч Ж.А- өдрийн цалинд 60.000 төгрөг гэсэн зардал тус тус нэхэмжилсэн боловч эдгээр зардлууд хохирогчоос бодитоор гараагүй байна. Иргэний хариуцагчийн зүгээс хохирол төлбөр төлөх асуудалд огт маргаагүй, харин учирсан бодит хохирлыг төлөхөө шүүх хуралд илэрхийлсэн. Тухайлбал мөрдөгч, прокурор, шүүх нь зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг хуульд заасан үндэслэлээр зөв тодорхойлон тогтоож чадаагүйгээс бусад этгээдэд ял болон эд хөрөнгө завших боломжийг бүрдүүлж, нөгөө талаасаа хохирол төлбөрийг хариуцах ёсгүй этгээдээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхэд хүргэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох талаар хуульчилж өгсөн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эх болон хуулбар хувиар баримтыг авч хийгээгүй, учирсан гэх бодит хохирол болон хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг нэг бүрчлэн тогтоогоогүй. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Э- гаргасан давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.А- нь миний эзэмшлийн “Hyundai Sonota” маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас гуйж түр унаж явсан. Ингээд Ч.Б-гийн унаж явсан, “Shacman” маркийн ... УАС улсын дугаартай автомашин нь миний машиныг мөргөж 8.975.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Ашид билгүүн” үнэлгээний байгууллагын албан ёсны үнэлгээгээр тогтоогдсон. Мөн миний бие уг үнэлгээний байгууллагын үнэлгээний төлбөрт 432.000 төгрөгийг төлсөн. Энэ ослын дараа ачилтын компани, журмын хашааны төлбөрт нийт 9.407.000 төгрөг зарцуулсан зэрэг бүх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс миний иргэний нэхэмжлэлтэй холбоотой бүх хохирлыг хуулийн дагуу хариуцах ёстой иргэний хариуцагч “ТТТ” ХХК болон шүүгдэгч Ч.Б- нараас гаргуулаагүйд маш их гомдолтой байна. Иймд миний эзэмшлийн “Hyundai Sonota” маркийн ... УАУ автомашины хохирол, журмын хашаа, ачилтын компанийн төлбөрийг бүгдийг нь эрүүгийн хэрэгт нэг мөр шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү. Шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, хор уршиг төлөгдсөн байдлыг дүгнэсэн хэсэгт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс иргэний нэхэмжлэгч Г.Э-гийн эд хөрөнгөд учирсан хохирол бүрэн төлсөн гэж тайлбар гаргасан байгааг тэмдэглэсэн байна. Шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Ч.А нараас миний автомашины хохирол гэж нэг ч төгрөг өгөөгүй. Үүнийг анхаарч үзнэ үү. Намайг шүүх хуралд оролцоогүйг далимдуулж худлаа ярьсан байна. Мөн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, миний эрх ашгийг хохироож байна.” гэв.

Хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хариуцагч “ТТТ” ХХК-ийн төлөөлөгч С.Д-гийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Хэрэв би буруу санаагүй бол анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж ойлгосон. Гэмт хэргийн улмаас 3 хүний эрүүл мэнд хохирсон. Одоог хүртэл үр дагавар нь арилаагүй байгаад дүгнэлт хийх нь зүйтэй. Давж заалдах гомдолд миний үйлчлүүлэгчийг өдрийн 60.000 төгрөгийн цалин авдаг нь тогтоогдохгүй байна гэжээ. Огт баримт байхгүй байвал тогтоогдохгүй байна гэж үзэх нь зүйтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчид мөнгө олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах дурдсан дээрх нөхцөл байдал нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс өдийг хүртэл аваагүй цалингийн хэмжээг тооцож гаргаагүйг дурдах нь зүйтэй байна” гэв.

Хохирогч Э.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие сарын 1.800.000 төгрөгийн цалин авдаг байсан. Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн. 1.800.000 төгрөгийн цалинг 12 сараар тооцоход цалингийн зардалд 21.000.000 төгрөг, эм, тариа, хот хоорондын унаа, тээвэрлэлтийн зардалд 1.000.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээг нэг удаа хийлгэхэд 350.000 төгрөг, хадаасаа авахуулахад 4.500.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс 1.800.000 төгрөгийн цалин авдаг нь тогтоогдохгүй байна үзээд дундаж цалинг 1.100.000 төгрөгөөр тооцож, нийт 19.150.148 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн. Миний бие төлөгч байгууллагад хэрэгцээтэй бүх баримтыг гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбарт 11, 12 дугаар сард нийгмийн даатгал төлөгдөж, 1 дүгээр сард манай байгууллага амралтын журамтай байсан тул 420.000 төгрөгөөр төлөгдөж, 2 дугаар сард осолд орж мөн 420.000 төгрөгөөр төлөгдсөн. Үүнээс хойш 4 дүгээр сард хөдөлмөрийн чадвар алдаж, бүтэн жилийн группт орсон учир нийгмийн даатгал маань 420.000 төгрөгөөр төлөгдсөн. Өмнө авч байсан цалингийн задаргаа болон хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн. Би гарсан зардлыг байж болох хамгийн бага хэмжээгээр нэхэмжилсэн. Жишээлбэл, нөхөн сэргээх эмчилгээг жилийн хугацаанд сар бүр хийлгэх ёстой ч нэг удаагийн төлбөрөөр тооцсон байгаа.  Мөн хадаас авах зардлыг ирээдүйд гарах, тогтоогдоогүй зардал гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Дээрхээс гадна баримтаар баталгаажаагүй маш их зардал гарсан. “ТТТ” ХХК-д үнэхээр гомдолтой байна. Компаниас жолоочид аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн үү. Энэ хэргээс болж 4 хүн хохирсон бөгөөд бидэнтэй нэг ч удаа холбогдоогүй. “ТТТ” ХХК-иас ийм гомдол гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэдий ч бидний хохирлоос 10.000.000 төгрөг хасаж тооцсон. Бид эрүүл саруул байсан бол өр ширэнд баригдахгүй, ажлаа хийгээд амьдрах байсан. Эдгээр байдлууд нь энэ компанийн аюулгүй ажиллагааны горим алдагдсан гэдгийг харуулж байна. Бид цалингийн зээлээ төлж чадахгүй, сард 400.000 төгрөгийн тэтгэмж авдаг нь хаанаа ч хүрдэггүй. Цаана гэр бүл, амь амьдрал маань байгаа. Бидэнд маш хэцүү байна. Ийм байхад “ТТТ” ХХК ийм гомдол гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хохирогч Б.С-ийн өмгөөлөгч И.Ч- тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас хэрэгт оролцож байна. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний үйлчлүүлэгч зүүн гарын атгаалж ясны хугарал, судасны мэдрэлийн гэмтэл авсан. Одоог хүртэл эдгээгүй, хөдөлгөж болохгүй байгаа. Хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч Ч.Б- 900.000 төгрөгийг төлсөн, “ТТТ” ХХК-иас нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 14.100.646 төгрөг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б- автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Иргэний хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ТТТ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хэрэгт оролцуулсан. Шүүгдэгч Ч.Б-гийн жолоодож явсан “Shacman” маркийн тээврийн хэрэгсэл нь “ТТТ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч “ТТТ" ХХК-аас 7.393.800 төгрөг гаргуулж, хохирогч Ж.А-өд, 19.150.148 төгрөг гаргуулж хохирогч Э.А-т, 14.100.646 төгрөг гаргуулж хохирогч Б.С-т тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгч Г.Э- шүүхээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаагүй. Хохирлын баримтаа шүүхэд гаргаж өгсөн байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Анхан шатны шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгчид цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг “ТТТ" ХХК төлөх үүрэгтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Ж.А-ийн “... 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөөгөөс ирсэн хоёр хүнийг тосож аваад 22-ын товчооноос хот орохоор хамт ажилладаг Баярдалайн хамт дөрвүүлээ Соната-7 маркийн ... УАУ улсын дугаартай автомашинаа жолоодоод баруунаас зүүн тийш МТ шатахуун түгээх станцын урд замаар зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явж байтал “Шакмен” маркийн ачааны авто машин гэнэт урдуур хөндлөн ороод ирэхээр нь би тоормос гишгээд, жолоогоо баруун гар тийш бага зэрэг дараад машиныхаа урд талаар тэр машины баруун хажуу тал руу мөргөсөн. Би гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтсэн. Түнхний хагалгаанд орж, гурван сар хэвтрийн дэглэм сахиад дээшээ хараад хэвт гэсэн...том машины жолооч Ч.Б- нь миний эмчилгээний зардлыг гаргаж байгаа..”  /1хх 20-21/,

хохирогч Б.Баярдалайн “... 2022 оны 02 дугаар сарын 03-ний өдөр 12 цаг 00 минутын үед би ажлын газрын Алтанцөгцийн хамт хоёулаа Соната-7 маркийн автомашинтай би жолоочийн хажууд урд суудалд суугаад хотоос гарч Баянчандмань ороод танил 2 хүн аваад дөрвүүлээ хот орохоор баруунаас зүүн чигт зорчих хэсгийн 2-р эгнээгээр хуучин 22-ын товчоо өнгөрөөд явж байтал том шар ачааны автомашин эсрэг урсгалаас зам хөндлөн миний сууж явсан автомашины урдуур ороод ирэхийг би харсан. Тэгээд миний сууж явсан машины хажуу тал руу нь машиныхаа урдуур мөргөсөн ...”  /1хх 24/,

хохирогч Э.А-ийн “... би урагшаа хартал том шар өнгийн машин ойрхон харагдсан. Би урд суудлын төмрөөс тас зуурснаа санаж байна. Түс хийх чимээ гарч, миний цээж рүү цохисныг санаж байна. Хэсэг ухаан алдсан байсан.Тунгаа зүгээр үү гэсэн эмэгтэй хүний дуу сонсоод сэрэхэд түргэний машин ирсэн, эмч миний гарыг үзэж байсан. Хоёр гар бугуй орчмоор хугарсан, гэмтлийн эмнэлэгт 11 хоноод гарсан. Жолооч Ч.Б- одоогоор миний эмчилгээний зардалд бэлнээр 280.000 төгрөг шилжүүлснээс би гэмтлийн эмнэлгийн төлбөрт 210.000 төгрөг төлсөн. Үлдсэн 70.000 төгрөгөөр нь гарын чиг авсан. Эмчилгээний зардлыг жолооч Ч.Б- төлнө гэсэн...”  /1хх 28-29/,

 хохирогч Б.С-ийн “... 22 товчоо өнгөрөөд явж байтал машин гэж хашгираад л байсан. Би тэр машиныг огт хараагүй. Юу болсныг огт мэдэхгүй байтал би хэсэг ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд хүмүүс хашгираад хоёр эмэгтэйг эхлээд гарга гэж хэлж байхыг сонссон. Түргэн ирж эмчид үзүүлээд бид гэмтлийн эмнэлэг явсан. ... жолооч эмчилгээний зардлыг гаргаад явж байгаа. ...” /1хх 32-33/,

иргэний нэхэмжлэгч С.Д-гийн “ ... Шакмен маркийн ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл танай байгууллагын эзэмшлийнх мөн үү? Тиймээ манай байгууллагын эзэмшлийн автомашин. 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн хэргийн улмаас танай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ямар хохирол учирсан бэ? Шатахуун сав эвдэрч гэмтсэн. Өөр эвдрэлгүй. Та машиныхаа эвдрэлд үнэлгээ гаргуулах уу? Би үнэлгээ гаргуулна. Үнэлгээгээр гарсан автомашины хохирол даатгалаараа гаргуулж авна. Жолооч Болдоогоос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ...” /1хх 38/,

иргэний нэхэмжлэгч Г.Э-гийн “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гарсан ослын талаар та хэзээ, хэнээс мэдсэн бэ? Осол гарсан өдөр А над руу залгаж мэдсэн. Hyundai Sonata 7 маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийнх вэ? Хонхор бүрэн трак ХХК-ны эзэмшлийнх, жолооч ... нь компанийн ажилд унадаг юм. Ослын улмаас танай компанийн эзэмшлийн автомашинд эвдрэл учирсан уу? Их эвдрэл учирсан. Үнэлгээ гаргуулсан 8.975.000 төгрөг болсон...” /1хх 44/,

яллагдагч Ч.Б-гийн “ ...  Би Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж зам тээврийн осол үйлдэгдэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаа ойлгож байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ... ” /1хх 163/ гэх мэдүүлгүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр: “...“Hyundai Sonata 7 ” маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8.975.000 төгрөгийн хохирол учирсан ...” /1 хх 76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 623 дугаартай шинжээчийн “1. Осол хэргийн тэмдэглэгдсэн тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжтой. 2. Sonata 7 маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 68 км/цаг хурдтай явж байсан байх боломжтой байна” /1хх 52/,

2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 209 дугаартай мөрдөгчийн “ ... “Шакмен” маркийн ... УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т /үргэлжилсэн хос шугам/-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана: 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “Hyundai Sonata 7 ” маркийн ... УАУ улсын дугаартай автомашины жолооч Ж.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэх магадлалгаа /1 хх 88-89/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 626 дугаартай шинжээчийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Sonata 7 маркын  ... УАУ улсын дугаартай, KMHEC41LBCA390833 арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Эвдрэлтэй эд ангиудыг үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу. 3. Учирсан эвдрэл гэмтэл нь ослын үед болон ослын дараа үүссэн байх тул осол гарахад нөлөөлөхгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Sonata 7 маркийн ... УАУ улсын дугаартай автомашин нь шингэн тоормосны системтэй, ABS-ээр тоноглогдсон тоормосны ажиллагааг шалгах боломжгүй байна. 5. Тоормосны системийн ажиллагааг шалгах боломжгүй тул зам дээр мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй” /1хх 62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2710 дугаартай шинжээчийн “Ж.А-ийн биед баруун талын ацеталбулын ар амсар том жижиг сэлтэрсэн хугарал, зүүн 5-р хавирганы хугарал, баруун зовхи, хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тус гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  /1 хх 93/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3468 дугаартай шинжээчийн  “1. Б.С-ийн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал, суганы мэдрэлийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Тус гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /1 хх 110/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2770 дугаартай шинжээчийн “1. Б.Б-н биед бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэл, баруун гарын ядам хуруунд шарх, баруун чамархайн хуйх болон баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /1хх 131/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2711 дугаартай шинжээчийн  “1. Э.А-ийн биед баруун зүүн шуу, богтос ясны сэлтэрсэн далд хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /1хх 136/ гэх дүгнэлтүүд,

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 4-10/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн зүүн дээд буланд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 43 минут гэсэн бичвэр гарч эхлэх ба бичлэг нь Шакмен маркийн ачааны автомашины кабины дээр байрлуулсан ба Шакмен маркийн ... УАЕ улсын дугаартай автомашин хуучин 22-ын товчоон ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаа хэсгийг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 16-17/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Ч.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “МТ” шатахуун түгээх станцын урд замд “Шакмэн” маркийн ... УАС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “1.4, 1.3, 1.15.а тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ж.А-ийн жолоодож явсан “Hyundai Sonata 7” маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн суудлын автомашинд явсан 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.    

Иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Д-гээс  “ ... иргэний хариуцагчаас нийт 40.644.594 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс ирээдүйд гарах зардлыг бодит учирсан зардал мэтээр нотлох баримтуудыг үнэлсэн нь ойлгомжгүй байна. ...” гэх,

Иргэний нэхэмжлэгч Г.Э-ээс “ ... иргэний нэхэмжлэлтэй холбоотой 9.407.000 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт гаргаж өгсөн байхад хэлэлцэхгүй орхиж, миний эрх ашгийг хохироож байна. ... Хуулийн дагуу хариуцах ёстой этгээдээс гаргуулж өгнө үү. ... ” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б- нь “ТТТ” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа тус компанийн эзэмшлийн “Шакмэн” маркийн ... УАС улсын дугаартай автомашиныг жолоодон, албан үүргээ гүйцэтгэж явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Ж.А-ийн жолоодож явсан “Hyundai Sonata 7” маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус суудлын автомашинд явсан Ж.А-, Э.А-, Б.С-, Б.Баярдалай нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдож байна.

Мөн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хохирогчдын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон байх бөгөөд хохирогч Э.А-ийг 50 хувиар тогтоож, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 12 сараар, хохирогч Б.С-ийг 60 хувиар тогтоож, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 12 сараар, хохирогч Ж.А-ийг  60 хувиар тогтоож, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 12 сараар тус тус тогтоожээ.

өмнө хохирогч Э.... нь “ХБТ” ХХК-д жолоочоор, хохирогч Э.А- нь “ТМ” ХХК-д  диспетчерээр, хохирогч Б.С- нь “ТМ” ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, цалин, хөлс авч байсан талаарх банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

            Хохирогч Э.А- нь ажилгүй байсан хугацааны цалин 21.600.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн болон замын зардлын баримтаар 1.002.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зардал 350.000 төгрөг, гарын хадаас авахуулах хагалгааны зардал 4.500.000 нийт 27.452.000 төгрөг, хохирогч Б.С- нь ажилгүй байсан хугацааны цалин 18.000.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн болон зардал баримтаар 767.050 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зардал 6.000.000 төгрөг, гарын хадаас авахуулах хагалгааны зардал 3.000.000 төгрөг, замын зардалд 769.600 төгрөг нийт 28.536.650 төгрөг, хохирогч Ж.А- нь ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинг өдрийн 60.000 төгрөгөөр тооцож тус тус нэхэмжилжээ.

Тус гэмт хэргийн улмаас Ж.А-ийн биед зүүн 5-р хавирганы хугарал, баруун зовхи, хөмсөгт шарх гэмтэл, Б.С-ийн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал, суганы мэдрэлийн няцрал гэмтэл, Б.Б-н биед бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэл, баруун гарын ядам хуруунд шарх, баруун чамархайн хуйх болон баруун шанаанд зулгаралт гэмтэл, Э.А-ийн биед баруун зүүн шуу, богтос ясны сэлтэрсэн далд хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсны улмаас хагалгаанд орж эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан өвчний түүх, амбулаториороор эмчлүүлэгсдийн карт болон тэдний тайлбар, мэдүүлгээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу хохирогч нарын сүүлийн 3-5 сарын хугацаанд авсан цалин, хөлсийг дундчилж, хохирогч Ж.А-ийн сарын дундаж цалин, хөлсийг 1.232.300 төгрөгөөр, хохирогч Э.А-ийн сарын дундаж цалин, хөлсийг 1.108.179 төгрөгөөр, хохирогч Б.С-ийн сарын дундаж цалин, хөлсийг 755.333 төгрөгөөр тус тус тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж, хохирогч Э.А-т 12 сарын цалин, хөлс 13.298.148 төгрөг, эмчилгээ, замын зардалд 1.002.000 төгрөг, 2 гарын хадаас авахуулах эмчилгээний зардал 4.500.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний 350.000 төгрөг нийт 19.150.148 төгрөгийг, хохирогч Б.С-т 12 сарын цалин, хөлс 9.063.996 төгрөг, эмчилгээний зардал 767.050 төгрөг, замын болон бусад зардалд 769.600 төгрөг, хөлийн хадаас авахуулах эмчилгээний зардал 3.000.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний 500.000 төгрөг нийт 14.100.646 төгрөгийг, хохирогч Ж.А-д 6 сарын цалин, хөлс 7.393.800 төгрөгийг тус тус иргэний хариуцагч “ТТТ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

          Тодруулбал, хохирогч Э.А- нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, хохирогч Б.С- нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон болох нь Э.А-ийн хагалгаанд орсон “ ... баруун, зүүн гарын алган талд 5-6 см зүслэг хийж хурц мохоо аргаар зөөлөн эдийг ялган хугаралд хүрч, хугарлыг эвлүүлж, 2 ширхэг ган шөргөөр бэхлэн 3 нүхтэй 2 ялтас шургаар баруун зүүн шууны хугарлыг бэхэлж оёдол тавив. ...” гэх, Б.С-ийн хагалгаанд орсон “... зүүн бугалганы гадна хэсэгт хугарлын харалдаа 9-10 см орчим шулуун зүслэг хийж хугаралд хүрэв. ... ял дээд 1/3-с дунд хэсэг хүртэл олон тооны сэлтэрхийтэй бяцарч хугарсан ... няцарч сэмэрсэн ... хугарлыг боломжийн хирээр эвлүүлэн 10 нүхтэй атгаалын шулуун ялтас тавьж шурагаар бэхлэв. ... ” гэх мэс заслын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

          Хохирогч Э.А-, Б.С- нарын нэхэмжилсэн хадаас авахуулах хагалгааны болон нөхөн сэргээх эмчилгээний талаарх зардлууд нь тус гэмт хэргийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд орсон өмнөх хагалгааны үргэлжлэл бөгөөд мөн тэдний амбулаториороор эмчлүүлэгсдийн картаас үзэхэд нөхөн сэргээлгэх физик эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай юм.

          Иймээс шүүх хохирогчдын нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг анхан шатны шүүх тогтоолдоо заасан нь үндэслэлтэй байх тул иргэний хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.А-ийн жолоодож явсан “Hyundai Sonata 7” маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8.975.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байтал анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь  үндэслэлгүй болжээ.

          Тодруулбал, иргэний нэхэмжлэгч Г.Э-ээс “Hyundai Sonata 7” маркийн ... УАУ улсын дугаартай автомашинд учирсан бодит хохиролд 8.975.000 төгрөг, үнэлгээний төлбөрт 432.000 төгрөгийг тус тус нэхэмжилж, уг нотлох баримтууд нь хэрэгт авагджээ.

          Иймээс дээрх хуулинд нийцүүлэн иргэний нэхэмжлэгчид учирсан нийт 9.040.700 төгрөгийн хохирлоос шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 865.000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байх тул үлдэх 8.175.700 төгрөгийг иргэний хариуцагч “ТТТ” ХХК-иас гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Э-д олгож, түүний гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/943 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын: “... хохирогч Б.С-т” гэсний дараа “Иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “ТТТ” ХХК-иас 8.175.700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Э-д тус тус олгосугай” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний нэхэмжлэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, иргэний хариуцагч “ТТТ” ХХК-ийн төлөөлөгч С.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН