Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2024/00186

 

 

 

 

       2024         10          14                                       157/ШШ2024/00186

 

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                      

  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                

     хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00183/И

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 670,797.93 (зургаан зуун далан мянга долоон зуун ерэн долоон төгрөг ерэн гурван мөнгө)  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч *******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай зээлийн дансны дугаартай, 446,000.00 /дөрвөн зуун дөчин зургаан мянган төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2022 оны 8 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 445,962.77 /дөрвөн зуун дөчин таван мянга есөн зуун жаран хоёр төгрөг далан долоон мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 196,295.49 /нэг зуун ерэн зургаан мянга хоёр зуун ерэн таван төгрөг дөчин есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 21,039.67 /хорин нэгэн мянга гучин есөн төгрөг жаран долоон мөнгө /

- Нийт: 663,297.93 /зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн долоон төгрөг ерэн гурван мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч *******аас нийт 670,797.93 /зургаан зуун далан мянга долоон зуун ерэн долоон төгрөг ерэн гурван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө.” үү.

2.Хариуцагч овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ миний бие “******* хэтэвч *******” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрч байна. Миний ажиллаж байгаа компани нь ажилчдынхаа цалинг сар бүрийн сүүлийн өдөр өгдөг учир 10 дугаар сарын 30-нд 300,000 төгрөг, үлдсэн мөнгийг 11 дүгээр сарын 30-ны өдөр өгч барагдуулна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 670,797.93 (зургаан зуун далан мянга долоон зуун ерэн долоон төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.

Дээрх зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 446,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 670,797.93 (зургаан зуун далан мянга долоон зуун ерэн долоон төгрөг ерэн гурван мөнгө)  төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 670,797 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 670,797 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,649 төгрөгийн тал хувь болох 10,324 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,324 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 10,324 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК-ийн нэхэмжилсэн 670,797.93 (зургаан зуун далан мянга долоон зуун ерэн долоон төгрөг ерэн гурван мөнгө)   төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,649 төгрөгийн тал хувь болох 10,324 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,324 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 10,324 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* хэтэвч *******” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ