Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1002

 

 2022             10            19                                     2022/ДШМ/1002                           

 

Ү.Г-холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Ү.Г-,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2204000490056 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Ү.Г -ны өдөр 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн цахилгаанчин мэргэжилтэй, “ТТТ” ХХК-д механикч ажилтай, ам бүл 1, .... оршин суух хаягтай, /РД:..../;

- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 2 жил 15 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ү.Г- нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух Б.Б- хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшингийн вакум цонхыг онгойлгон нэвтэрч, бэлэн 240.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ү.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “шүүгдэгч Ү.Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохиролд Ү.Г-гаас 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баянбаатарт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн.  Ажил хөдөлмөр эрхэлж нэхэмжлэгдсэн хохирол төлбөрөө төлж, барагдуулахаа амлаж байна. Гэмт хэрэг үйлдэх нь өөрт болон нийгэмд, иргэдэд ямар их хор уршиг үзүүлж байдгийг өөрийн биеэр ойлгож авлаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ү.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн болох хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Ү.Г-г гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хор хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ү.Г- нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух Б.Б-орон байранд буюу байшингийн вакум цонхыг онгойлгон нэвтэрч, бэлэн 240.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б нь шүүгдэгч Ү.Г-эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Үүнд:

Хохирогч Б.Б “ ... 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гарсан бөгөөд манайд хүн үлдээгүй. Гэрийн хаалга цонх бүгд хаалттай байсан. Тухайн өдрийн 21 цаг 20 минутын үед гэртээ ирээд гэрт байсан мөнгөнүүдийг нэгтгэж данс руу хийх гээд үзсэн чинь түрийвчинд байсан мөнгө байхгүй, манай зүүн хойд талын унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Манай гэрт байсан тольтой шургуулгад байсан 90.000 төгрөг, түрийвчинд байсан 130.000 төгрөг, хоёр давхрын орон дээрх хайрцагт байсан 20.000 төгрөг, нийт 240.000 төгрөг хулгайд алдагдсан. Хохирол төлбөрөө нэхэмжилнэ ...” /хх-н 26, 27/ гэх мэдүүлэг нь:

Яллагдагч Ү.Г-гийн өгсөн “... 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Багануур дүүргийн 5-р хорооны Их гүн хэсгээр явж байгаад 7 дугаар гудамжны 10 тоот хашаа руу давж ороод хашаанд байрлах тоосгон байшингийн зүүн талын вакум цонхыг түлхсэн чинь онгойсон. Тэгээд цонхоор нь нэвтэрч байшинд ороод унтлагын өрөөний шкафын шургуулгаас, мөн том өрөөний тавиур дээр байсан хэтэвчтэй мөнгийг аваад буцаад цонхоор гарсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 71/ гэх мэдүүлэг,

            Хэргийн газрын үзлэг хийсэн “ ... хөндлөн хоёр зураас бүхий дүрстэй, хүрээ нь сараалжин, уг хэсэгт хөндлөн хоёр зураас бүхий дүрстэй, 29 см урттай, өсгийний өргөн 8 см, өлмийний өргөн 10 см, гутлын мөр 2 ширхэгийг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-20/,

Эд зүйл хураан авсан “... шүүгдэгч Ү.Г-гийн өмсөж явсан “Хапер данк 11” загварын хар өнгийн гутал 1 хосыг хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-24/,

Эд мөрийн баримтаар Ү.Г-гаас хураан авсан 1 хос гутлыг хэргийн газраас бэхжүүлсэн гутлын ул мөртэй харьцуулан гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09/011 дугаартай шинжээчийн “ ... хэргийн газраас бэхжүүлсэн зураг №2 дугаартай гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хар өнгийн гутлын зүүн талын гутлаар дарагдаж үүссэн байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 54-59/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчийн эзгүйд амьдарч буй орон байрных нь цонхны түгжээг эвдэн орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

            Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ү.Г- нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Б-эзэмшлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүн хэсгийн 7-10 тоотод байрлах түүний орон байрыг эзэнгүй байсныг далимдуулан байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн хүндрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ү.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 1 сарын хугацаагаар  хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

          Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Ү.Г-гаас гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ү.Г- нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 90 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г-гийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 90 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН