Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01511

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01413 дугаар шийдвэртэй

Д.Бын нэхэмжлэлтэй хариуцагч “ҮС” ХМБ-д холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний шуудан өдөр тутмын сонины 2019 оны 12 сарын 06 өдрийн №239(3450) дугаарын 1 нүүрт “ХЭДС-г ЦӨЛМӨСӨН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ТӨРИЙН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮД, ДАРГА НАРТАЙ ТАНИЛЦ” гарчигтайгаар тодорхой хүмүүсийн зураг оруулсан мэдээний 10-т нь миний гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулан үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан байна. Тус сонины 3-р нүүрт дээрх худал мэдээллээ үргэлжлүүлэн бичихдээ ХЭДС-гаас зээл авахад холбогдох албан тушаалтнуудад нөлөөлсөн байх магадлалтай, 2016-2017 онд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнууд гэх дэд гарчигийн доор 3 дугаарт Орхон аймгийн засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмээд 50 000 000 төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэж худал мэдээллийг нийтэлж, тараасан байна. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хадсан мэдээллийг гаргахдаа сонины 3-р нүүрт Орхон аймгийн засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 000 000 төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгуй мэдээлэл бий гэж нийтэлсэн байдаг ба энд дурдаад байгаа мэдээлэл-ээ өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд гарган өгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх мэдээллийг нийтлэхдээ нэхэмжлэгчийн талаар албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэсэн агуулгаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, үүгээрээ олон нийтэд тийм мэдээлэл байгаа мэтээр ойлгуулан төөрөгдүүлж бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Түүнчлэн хариуцагч нь өөрийн Үндэсний шуудан өдөр тутмын сонины 2019 оны 12 дугаар сарын 06 өдрийн №239(3450) дугаарын 1-р нүүр хэсэгт оруулсан тодорхой хүмүүсийн зурагнуудын төгсгөлд нь нэхэмжлэгчийн гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулсан байдаг ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс уг зургийг оруулах зөвшөөрөл авсан талаар баримтаа гаргаж өгөөгүй байсаар байна. Гэтэл бодит байдал дээр миний бие ҮС дээр мэдээлж байгаа шиг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Б.Цэцэгмаа гэх хүний төслийг дэмжиж 50 сая төгрөг олгоход албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн зүйл огт байхгүй, Б.Цэцэгмаа гэх хүнийг миний бие огт танихгүй юм. ҮСы 2019 оны 12 дугаар сарын 06 өдрийн №239(3450) дугаар нь олон ширхэг хэвлэгдэж орон даяар тараагдсан бөгөөд энэхүү худал мэдээллийг нийтэд тарааснаас болоод миний нэр төр, алдар хүнд унаж хохироод зогсохгүй иргэд олон нийт, танил талдаа зээл өгөхөд нөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн гэмт хэрэгт шалгагдаж байгаа мэтээр ташаа таамаг ойлголт тархаж ажил хэргийн нэр хүнд тэр хэмжээгээр унаад байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд тус сонины байгууллага, сэтгүүлчид нь улс төрийн зорилгоор худал мэдээллээр бусдын нэр хүндэд халдахгүй байх, мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх үндсэн зарчим, үүргээ хэрэгжүүлээгүйгээс ийм үр дагавар үүсгээд байна. Миний бие олон нийт, Орхон аймгийн иргэдэд бодит үнэнийг тайлбарлаж, худал мэдээллийг залруулахад хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зайлшгүй шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх шаардлага тулгараад байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 21.5-д Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан байдаг тул нэхэмжлэгч Д.Бын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нийтлэлийг тараасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг хариуцагч ҮС ХМБ-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ҮС” ХМБ-ын төлөөлөгч Э.Хүрэлбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ҮСы 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн сайд, Улсын Их Хурлын гишүүн, дарга нартай танилц гэсэн гарчигтай нийтлэл гаргасан нь бүхэлдээ шинэ мэдээлэл биш юм. Зарим мэдээллийг нь урьд өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2 дарга болон 27 аж ахуйн нэгжид ХЭДС-гаас зээл олгохдоо албан тушаалтнууд эрх мэдлээ ашигласан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллээр дурдагдаж байсан мэдээллүүдийг нэгтгэсэн байдлаар гаргасан. Орхон аймгийн Засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 000 000 төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэж нийтэлсэн бөгөөд уг мэдээллийг Авилгатай тэмцэх газарт шалгаж байгаа болох нь Автлгатай тэмцэх газрын албан бичгээр тогтоогдож байгаа. Болзошгүй мэдээлэл бий гэж бичсэн нь уг мэдээлэл тогтоогдсон гэсэн агуулгаар бичигдээгүй. Хууль хяналтын байгууллагад байгаа мэдээллийг эх сурвалжаас нь авч, үнэн зөв, хариуцлагатай байдлаар хандаж бичсэн. Гэрэл зургийн хувьд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын сайтад байсан зураг бөгөөд бид энэ нийтлэлд зориулж түүний зургийг анх удаа авч тавиагүй. Интернэт орчинд Орхон аймгийн Засаг дарга Д.Бын зураг зөндөө байдаг бөгөөд хэвлэлийнхэний зургийн фондонд ч түүний зураг байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.5, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Д.Бын ҮС ХМБ-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч баримтгүйгээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд маш тодорхой болсон юм. Шүүх үүнийг огтхон ч анзаарч, анхаарч үзээгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрэв хэн нэгэн нь хардах эрхээ хэрэгжүүлэхдээ “надад ийм, тийм баримт бий” гэж олон нийтэд тараачихаад, үүнийгээ нотлох болохоор тэр баримтаа гаргаж өгөхгүй, өөрөөр хэлбэл тийм баримт байхгүй байж байгаа мэтээр бусдын нэр төрд халддаг” байж хэрхэвч болохгүй, түүнийг нь шүүх турхиран өөгшүүлж дэмждэг байж бүр ч болохгүй. ҮСы 2019 оны 12 сарын 06 өдрийн №239(3450) дугаарын 1-р нүүрт ХЭДС-г ЦӨЛМӨСӨН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ТӨРИЙН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮД, ДАРГА НАРТАЙ ТАНИЛЦ гарчигтай нийтлэл гарсан бөгөөд тодорхой хүмүүсийн зураг оруулсаны 10-т нь нэхэмжлэгч Д.Бын гэрэл зургийг оруулсан, 3-р нүүрт ХЭДС-гаас зээл авахад холбогдох албан тушаалтнуудад нөлөөлсөн байх магадлалтай, 2016-2017 онд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнууд: гэх дэд гарчигийн доор 3. Орхон аймгийн засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмээд 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэж бичсэн болох нь зохигчдын тайлбар, мөн сонины эх дугаараар /хх-26, 27х/ нотлогдож байна. Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэх асуудал нь нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй байхад хаа хамаагүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэх асуудлыг нэхэмжлэгчид нялзаан тайлбарлаж, хүчээр холбон тайлбарлаж ийм үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь өөрөө шууд шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэдгийг маш тодорхой харуулж өгч байна. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байж шүүхээс хүсэлтийг хангаж улмаар Авилгатай тэмцэх газраас маш тодорхой агуулга бүхий байдлаар тодорхойлолт, лавлагаа гаргуулахаар захирамж гарсан ба бодит байдал дээр энэ захирамжийн биелэлт хангагдаагүй. Тиймээс захирамжийн биелэлтийг хангуулахаар дахин хүсэлт гаргахад шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй, өөрийнхөө захирамжийн биелэлтийг зохих ёсоор нь бүрэн хангуулж чадахгүй, хангуулсан байдлаар тодорхойлолтыг гаргуулах ч сонирхолгүй байдлаар хандсан. Авилгатай тэмцэх газраас өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гаргаж өгсөн баримтаар бол “Нэхэмжлэгч нь хэргийн оролцогч биш” болохыг өөрөө бүрэн дүүрэн тодорхойлж өгсөн байдаг. Энэ баримтаар бол нэхэмжлэгч нь Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа “ХЭДС-Г ЦӨЛМӨСӨН ХЭРЭГ”-т ямар ч хамааралгүй этгээд болох нь тодорхой болж байгаа юм. Хэрэв шүүх энэ баримтыг үнэлэхгүй гэж үзэж байгаа бол “Яагаад үнэлэхгүй” байгаа шалтгаанаа бодитоор тодорхой үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн нь Авилгатай тэмцэх газрын дээрх баримтыг үндэслэл болгохдоо, үнэлэхдээ сүүлийн хэсгийг нь тасдаж хаяад түүний өмнөх хэсгийг салган тэр хэсэгтээ таарсан дүгнэлт, тайлбар хийж байгааг үнэхээр их гайхаж байна. “ХЭДС-Г ЦӨЛМӨСӨН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ДАРГА НАРТАЙ ТАНИЛЦ” гээд нэхэмжлэгч Д.Бын гэрэл зургийг оруулсан байхад, тууний улмаас нэхэмжлэгчийн талаар олон нийт ийнхүү ойлгож, хүлээн аваад, ийм агуулгаар нийгэмд буруу ойлголттой болж нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учирч байхад дээрх байдлаар “Юу ч болоогүй” мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хурлын хэлэлцүүлгийн асуулт хариултын шатанд манай өмгөөлөгч нийтлэлд тавигдсан гэрэл зургийн талаар нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан эсэх талаар асуухад “зөвшөөрөл аваагүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ийм байхад гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтэлснээр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах эрхийг зөрчсөн бие даасан зөрчилд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримт нь 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасан үйл баримт огт байхгүй байхад энэ хуулийн зүйл заалтыг татан авч ирж, ингэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан нөхцөл байдалд хүргэсэн. Дээрх бүх бодит байдал, хэргийн оролцогч нарын тайлбар, асуулт хариултын шатанд тодорхой болсон үйл баримтууд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл харин ч тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ҮС” ХМБ холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэрээр уг мэдээг няцаахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Орхон аймгийн засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмээд 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэсэн нь бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй, мөн 1-р нүүр хэсэгт оруулсан тодорхой хүмүүсийн зурагнуудын төгсгөлд нь нэхэмжлэгчийн гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулсан зэргээс нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан” гэж тайлбарласан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байхын зэрэгцээ иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

ҮСы 2019 оны 12 дугаар сарын 06 өдрийн №239(3450) дугаарын 1-р нүүрт “ХЭДС-г ЦӨЛМӨСӨН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ТӨРИЙН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮД, ДАРГА НАРТАЙ ТАНИЛЦ” гарчигтай нийтлэл гарсан бөгөөд тодорхой хүмүүсийн зураг оруулсаны 10-т нь нэхэмжлэгч Д.Бын гэрэл зургийг оруулсан, 3-р нүүрт ХЭДС-гаас зээл авахад холбогдох албан тушаалтнуудад нөлөөлсөн байх магадлалтай, 2016-2017 онд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнууд: гэх дэд гарчигийн доор 3. Орхон аймгийн засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмээд 50 000 000 төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэж бичсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.26, 27/

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/4183 дугаар албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 06/6224 дугаар албан бичигт “...Уг хэрэгт иргэн Б.Цэцэгмаагийн Орхон аймагт байршилтай Сийрэг бетон блок үйлдвэрлэх төслийг шалгаруулж санхүүжилт олгоход Орхон аймгийн засаг даргаар ажиллаж байгаа Д.Быг нөлөөлсөн гэх баримт авагдан шалгагдсан” гэж тодорхойлсон тул нийтлэлийн 3-р нүүрний 3 Орхон аймгийн засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 000 000 төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэх мэдээллийг худал, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

 

Мөн шүүх нийтлэлийн гарчиг, зураг нь нийтлэлд дурдагдсан үйл баримтын нэг хэсэг байх бөгөөд зөвхөн гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтэлснээс иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах эрхийг зөрчсөн бие даасан зөрчилд /Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан/ хамаарахгүй байна гэж үзсэн нь буруу биш байна.

 

            Иймд хариуцагч “ҮС” ХМБ холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэрээр уг мэдээг няцаахыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.