| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00185/И |
| Дугаар | 157/ШШ2024/00187 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2024/00187
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,394,200 (нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь “******* ББСБ” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.
2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 880,000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэйгээр авсан. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй.
2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 880,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 714 хоногийн зээлийн хүү 433,398 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,802 төгрөг нийт 1,394,200 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Боржгин овогт Мөнхчулууны Хулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* миний бие нь “******* ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Одоогоор ажилгүй байгаа тул ажилд ормогц сар бүрийн цалин дээрээс төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,394,200 (нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.
Дээрх зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 880,000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 1 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,394,200 (нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,394,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,394,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,257 төгрөгийн тал хувь болох 18,628 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,628 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,628 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,394,200 (нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,257 төгрөгийн тал хувь болох 18,628 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,628 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,628 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ