| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00192/И |
| Дугаар | 157/ШШ2024/00199 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 157/ШШ2024/00199
2024 10 29 157/ШШ2024/00199
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00192/И
Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,758,294 (дөрвөн сая долоон зуун тавин найман мянга хоёр зуун ерэн дөрвөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч ******* зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,758,294 (дөрвөн сая долоон зуун тавин найман мянга хоёр зуун ерэн дөрвөн) төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ц.******* миний бие сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөг авсан боловч Корона өвчний улмаас хэвийн ажиллах боломжгүй болж цайны газар маань хаалгаа барьж, өөрөө өвдөж 2 жил орчим эмнэлгээр явж төлж чадахгүй явлаа. Одоо ямар нэгэн зээл аваад хаая гэхээр тэтгэврийн зээл ч гарахгүй Монгол банкны хар жагсаалтад орсон тул өөрийн боломжоороо сард 200,000-300,000 төгрөг төлөх боломжтой. 4,758,294 төгрөгийг төлөхөд маргах шалтгаангүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг дарга нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,758,294 (дөрвөн сая долоон зуун тавин найман мянга хоёр зуун ерэн дөрвөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг дарга, хариуцагч Ц.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргатай “Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай” гэрээг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан.
Дээрх зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, сарын 0,25 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 36 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,758,294 (дөрвөн сая долоон зуун тавин найман мянга хоёр зуун ерэн дөрвөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,758,294 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбарын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,758,294 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 91,083 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 45,541 төгрөг 50 мөнгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн 4,758,294 (дөрвөн сая долоон зуун тавин найман мянга хоёр зуун ерэн дөрвөн) төгрөгийг хариуцагч Ц.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 91,083 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 45,541 төгрөг 50 мөнгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ