Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1004

 

2022             10               19                                      2022/ДШМ/1004

                          

Ч.Б-холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч Б.О-, түүний өмгөөлөгч Л.М-,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/1308 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Б.О-ийн өмгөөлөгч Л.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Б-холбогдох эрүүгийн 2005031831294 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн Ч.Б, ... төрсөн, эмэгтэй, 59 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ......... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:................./,

Яллагдагч Ч.Б-нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Б.О-ийн нэр дээр “гурил аваад, удахгүй мөнгийг нь өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Улаанбаатар гурил” ХХК-аас 8 удаагийн үйлдлээр 51.505.000 төгрөгийн гурилыг зээлээр авч, мөнгийг буцааж өгөлгүй хохирогч Б.О-д их хэмжээний буюу 50.505.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “... хэрэгт мөрдөгчөөс хэргийн материалтай танилцуулах талаар яллагдагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримт авагдаагүй, зөвхөн “өмгөөлөгч Базаррагчаа хэргийн материалтай шүүх дээр танилцана гэсэн” гэж тэмдэглэсэн нь өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Мөн хавтаст хэрэгт хавсаргасан 8 ширхэг зарлагын падан болох баримт нь эх хувь биш хуулбараар байгаа ба уг баримтуудын үнэн зөвийг баталгаажуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэг ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж заасныг зөрчжээ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.О-ийн өмгөөлөгч Л.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Шүүгдэгч Ч.Б-нь шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтдээ гэрч Ц-ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, мөн Хаан банкны 2 дансны хуулга хэрэгт өгснийг хавсаргаагүй байсан тул уг баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахаар тус хүсэлтүүдийг гаргасан болно. Уг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар гэрч Ц-ыг оролцуулахыг улсын яллагч, хохирогч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн. Урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.Б-ийн өмгөөлөгч Базаррагчаа нь Ч.Б- эзэмшлийн Хаан банкны 2 дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өгч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг шүүх нотлох баримтаар хүлээн авч тус хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа 2 үндэслэлээр буцаасан. ... Хэргийн материалтай шүүх дээр танилцана гэснийг тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан нь хуулийг зөрчөөгүй. ... Шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Базаррагчаа хэргийн холбогдолтой 2 хавтас бүхий баримтыг шүүх хуралдаанд авч ирж түүнээс Хаан банкны хуулгыг гаргаж үзүүлэн 1 тэрбум гаруй төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн нотлох баримтыг няцаахын тулд бид Хаан банкны хуулгыг шүүхээр хэлэлцүүлэхээр нотлох баримтаар гаргаж өгч байна гэсэн үйлдэл нь хэргийн материалтай танилцах, өөрийн зардлаар хуулж хувилж авах эрхийг зөрчөөгүй гэдгийг нотолж байна. ... Хохирогч О нь хавтас хэргийн 11-18 дугаар хуудаст авагдсан 8 ширхэг падааныг Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа шалгуулахаар хавсаргаж өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримт биш юм. Урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.О- шүүгчийн асуултад “дээрх падаан баримтууд эх хувиараа надад байгаа тул шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх боломжтой” гэж шүүх хуралдаанд эх хувийг нь өгөхөө хэлсэн төдийгүй, хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд дээрх 8 ширхэг падааныг бичигдсэн он, сар өдрөөр жагсааж, шүүгдэгч Б- “би авсан, мөнгийг зохих хохирол, хүүгийн төлбөрийн хамт төлж барагдуулна” гэсэн гарын үсгийг зурж, нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгч Ч.Б- дээрх падаанд байгаа барааг “би хүлээн авч борлуулаад мөнгийг нь авч өөрийн барилгад хөрөнгө оруулсан” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэснийг уг хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг дэх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч болон хохирогч Б.О-ийн өмгөөлөгч, улсын яллагч нарын мэтгэлцээний үндсэн дээр шүүх гэм буруугийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд дээрх падаанууд нь хохирогч гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргахдаа хавсаргаж өгсөн баримт бөгөөд эдгээр баримтын талаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргадаггүй. Дээрх бараануудыг авч борлуулсан талаар мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан. Шүүх хуралдаанд эх хувиар нь өгч хэлэлцүүлэх боломжтой юм. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/1308 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эхний үндэслэлд “...хэрэгт мөрдөгчөөс хэргийн материалтай танилцуулах талаар яллагдагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримт авагдаагүй...” гэж дурдагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр яллагдагч Ч.Б-ийг дуудан яллах дүгнэлт гардуулж өгсөн. Энэ тухай тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт хавсаргасан. Яллагдагч Ч.Б-ийн өмгөөлөгчтэй утсаар ярьж яллах дүгнэлтийг гардуулсан талаар хэлж, хавтаст хэрэгтэй хэзээ танилцах талаар асуухад “шүүхийн шатанд танилцана” гэж хариулсан байсан, өөрт нь мэдэгдсэн учир шүүгчийн захирамжид дурдагдсан асуудал нь үндэслэлгүй байна. Мөн шүүгчийн захирамжид “ ... хавтаст хэрэгт хавсаргасан 8 ширхэг зарлагын падаан болох баримт нь эх хувь биш хуулбараар байгаа ба уг баримтуудын үнэн зөвийг баталгаажуулаагүй...” гэсэн байна. Нийт 51.550.000 төгрөгийн 8 ширхэг падааныг хохирогч Б.О- анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа хавсарган өгсөн. Хэргийн оролцогч нараас уг баримтуудыг хуурамч эсэх талаар маргаагүй. Падаануудыг эх хувиар авах шаардлагагүй гэж үзсэн. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтыг удирдлага болгон хэргийг буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт хэргийг буцаасан зарим заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-ийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд хохирогч Б.О-ийн нэр дээр “гурил аваад, удахгүй мөнгийг нь өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Улаанбаатар гурил” ХХК-аас 8 удаагийн үйлдлээр 51.505.000 төгрөгийн гурилыг зээлээр авч, мөнгийг буцааж өгөлгүй хохирогч Б.О-д их хэмжээний буюу 50.505.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “ ... хэрэгт мөрдөгчөөс хэргийн материалтай танилцуулах талаар яллагдагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримт авагдаагүй, зөвхөн “өмгөөлөгч Базаррагчаа хэргийн материалтай шүүх дээр танилцана гэсэн” гэж тэмдэглэсэн нь өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Мөн хавтаст хэрэгт хавсаргасан 8 ширхэг зарлагын падан болох баримт нь эх хувь биш хуулбараар байгаа ба уг баримтуудын үнэн зөвийг баталгаажуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг тогтоон хуульчилсан бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд хангалттай эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь энэ хуульд нийцсэн эсэхийг сайтар шалгах үүрэгтэй ба шаардлагатай бол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх эрх хэмжээг шүүгч өөрийн санаачилгаар бие даан хэрэгжүүлдэг.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”-ийн 1.2-т “хэргийг прокурорт буцаах;” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”-ийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;” 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;”  гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцуулах талаар мэдэгдээгүй нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан “ ... хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа боломж нөхцөлөөр хангаагүй  мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно”,  мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл ... өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасныг хангалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн. Мөн хавтаст хэргийн 11-18 дугаар талд авагдсан 8 ширхэг падааны үнэн зөвийг баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.”, 3-т “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгахгүй үндэслэлгүй байх тул эргэлзээ бүхий, хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

Мөн Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн боломжгүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  хохирогчийн өмгөөлөгч Л.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/1308 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч В.Оюунгэрэлийн өмгөөлөгч Л.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН