Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0083

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэргийн оролцогчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Ж******* ХХК-ийн МҮ-******* дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д*******, нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б******* нар дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний нөхцөл.

1.1 Нэхэмжлэгч тал энэхүү гэрээнд заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд хариуцагч тал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Ж******* ХХК-ийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй 236.81 га талбайгаас Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хасаж, үлдсэн талбайг ашиглах МҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцно.

Хоёр. Талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг.

2.1 Нэхэмжлэгч тал МҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 236.81 га талбайгаас Улаанбаатар хотын ундны усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 18.48 га талбайг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгч, хасалт хийлгэн, давхцалгүй 218.32 га талбайд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.1 Хасалт хийлгэсний дараах ашиглалтын талбайн нөөцийг Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, үлдэгдэл нөөцийг тодорхойлуулж, баталгаажуулах,

2.1.2 Уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх /ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, Газар болон ус ашиглалтын гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн сүүлийн 3 жилийн хуулбар гэх мэт/

2.1.3 Менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж, олборлолтод өртөж эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийж Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгч, актаар дүгнүүлэх,

2.1.4 Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх,

2.1.5 Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах,

2.1.6 Гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг Нийслэлийн Байгаль орчны газарт гаргаж өгөх,

2.1.7 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг биелүүлж, тодорхойлолт авсан байх,

2.2. Хариуцагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1 Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудад хандаж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх,

2.2.2 Нийслэлийн Байгаль орчны газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох баримт бичгийг шуурхай шийдвэрлэн ажиллах,

2.2.3 Гэрээний 2.1.2-т заасны дагуу хэрэгжүүлсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах,

2.2.4 Гэрээний үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих,

2.2.5 Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ энэхүү гэрээний 2.3-т заасан хугацаанд бүрэн биелүүлсэн тохиолдолд Ж******* ХХК-ийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах МҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцох,

2.3 Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан үүргийг эвлэрлийн гэрээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс баталгаажуулснаас хойш 8 сарын дотор бүрэн биелүүлнэ.

Гурав. Бусад

3.1 Эвлэрлийн гэрээг талуудын хүсэл зориг, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

3.2 Гэрээг байгуулснаар Ж******* ХХК нь хууль тогтоомжоор хүлээсэн байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг, хариуцагчаас чөлөөлөгдөхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх хуульд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахад саад болохгүй.

3.3 Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

3.4 Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч бүрэн төлнө.

3.5 Энэхүү гэрээний хэрэгжилтэд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн Ж******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Дээрх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Ж******* ХХК-ийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн 236.81 га талбайгаас Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хасаж, үлдсэн талбайг ашиглах МҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцохоор, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 236.81 га талбайгаас Улаанбаатар хотын ундны усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 18.48 га талбайг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгч, хасалт хийлгэн, давхцалгүй 218.32 га талбайд гэрээнд заасан чиг үүргийг харилцан биелүүлэхээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд нэхэмжлэгч, хариуцагч нь эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасан, ийнхүү нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нарын харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин эвлэрлийн гэрээнд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч бүрэн төлөхөөр тохиролцсон, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд хэргийн оролцогчид нь энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн Ж******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нарын 2019 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 07/01 дугаартай Эвлэрлийн гэрээ-г баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА