| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2022/0144/Э |
| Дугаар | 2022/ДШМ/38 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/38
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1965 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 2-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:
- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагаас 06 цагийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 2-12 тоотод байх иргэн *******ийн байшингийн цонхоор нэвтрэн орж гэр дотор байсан Vivo S1 загварын гар утас, 3 кг царцаамаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
- Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Үйлдсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний биеийн байдал тун муу байна. Учир нь нүд муутай юм харахгүй, одоо өвчин ороод их өвддөг болоод байна. 7 дугаар сарын 01-нд нүдний хагалгаанд орох учиртай боловч хоригдсон. Мөн машинд мөргүүлж түнхний яс цуурсан. Хөл дээрээ явж чадахааргүй, босож сууж чадахгүй байна. Миний биеийн байдлыг харгалзан ялыг минь хойшлуулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нүдний хагалгаанд орох ёстой байсан боловч хойшлуулсан. Мөн миний түнх их өвдөлттэй сууж, явж чадахгүй таяг л тулж явдаг болсон. Эмнэлэгт үзүүлж яаралтай хагалгаанд орох хүсэлтэй байна. Элэгний асуудлаас болж ам, хамраас хүртэл цус гардаг болсон. ...” гэв
Өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь 2022 оны 07 дугаар сард нүдний хагалгаанд орох ёстой байсан боловч цагдан хоригдсоноос болж одоог хүртэл хагалгаанд орж чадаагүй байна. Мөн хоригдсон цагаас эхлэн биеийн байдал нь эрс муудаж дотрын эмчид үзүүлэхэд “хавдарт хэвтэх шаардлагатай байна” гэж мэдэгдсэн. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Амбулаторын дэвтэр дээр эмч нарын онош бичигдсэн байгаа. Сүүлд үзүүлэхэд “элэгний архаг үрэвсэл” гэсэн онош бичигдсэн байдаг. Биеийн байдал муу байгаа гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм.” гэв.
Прокурор Э.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь хорих ял эдлүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Энэ санал биелэгдэх боломжгүй юм. Хуульд ямар тохиолдолд хорих ял эдлэхийг хойшлуулж болох талаар нарийн зааж өгсөн зохицуулалт байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг тул түүний гаргасан гомдол хангагдах боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагаас 06 цагийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 2-12 тоотод байх иргэн *******ийн байшингийн цонхоор нэвтрэн орж гэр дотор байсан Vivo S1 загварын гар утас, 3 кг царцаамаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой би 00 цагийн үед унтсан. Унтахдаа гал тогооны хэсэгт шар өнгийн маркийг нь мэдэхгүй ухаалаг утсаа цэнэглээд унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод утсаар ярих гэхэд миний утас байгаагүй. Мөн таамбарт тавагтай байсан үхрийн шийрээр хийсэн царцаамаг алга болсон байсан. Үүдний таамбарын цонхны торыг эвдээд хүн орсон юм шиг байхаар нь баруун талын айлын ******* гэх хүнийг сэжиглээд гэрт нь орох гэсэн боловч хүнгүй байсан. Тэгээд гэрийнх нь гадаа байдаг цагаан өнгийн эвдэрхий машины кабиныг онгойлгоод үзэхэд манай таамбарт байсан царцаамаг байсан... 3 хоногийн өмнө бас хажуудаа цэнэглээд орхисон байсан утас алга болохоор нь ******* ахын гэрт ороод утас гаргаж өг гэхэд эхлээд аваагүй гэж байгаад дараа нь орныхоо гудсан доороос гаргаж өгч байсан... Би *******оос утсаа авсан, царцаамгийн мөнгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх /хх 27-31/,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...*******ийн гэр рүү орох гэхэд хаалгаа тавихгүй байхаар нь цонхоор нь ороход ******* газар ор засаад унтаж байсан. *******ийг сэрээх гээд татахад сэрэхгүй байхаар нь гар утсыг нь аваад гарахдаа таамбарт байсан тавагтай царцаамгийг аваад өөрийнхөө машинд хийж орхиод гэртээ орж унтсан. Маргааш нь шараа тайлж архи уумаар санагдаад байхаар нь *******ийн гэрээс авсан утсыг аваад Хэрлэн сумын 2 дугаар багт байдаг Саяг дэлгүүрт очоод 30,000 төгрөгөөр зараад архи авч уусан. Архи ууснаас болж хулгай хийсэн. Дүү маань утсыг нь аваад *******т өгсөн...” гэх /хх 46/ мэдүүлгүүд, гэрч ******* /хх 33-34/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх14-21/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцож, 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч ******* нь “...Миний биеийн байдал тун муу байна. Учир нь нүд муутай юм харахгүй, одоо өвчин ороод их өвддөг болоод байна. ... Мөн машинд мөргүүлж түнхний яс цуурсан. Хөл дээрээ явж чадахааргүй, босож сууж чадахгүй байна. Миний биеийн байдлыг харгалзан ялыг минь хойшлуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдол гаргаж, гомдолдоо Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хавсаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт хамаарагдах тул түүний гомдолд дурдсан үндэслэлээр хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй юм.
Мөн анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний биеийн эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний буюу нэг жилийн хорих ял оногдуулсан байгаа нь шүүх хуульд заасан шүүгдэгчид ашигтай байх боломжийг хэрэглэсэн байна.
Иймд шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тус шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хоригдлыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрвээ ял эдлэхэд саад болох өвчнөөр өвчилсөн бол ялаас чөлөөлөх зэргээр хоригдлын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан тул шүүгдэгч ******* нь ял эдлэх хугацаандаа эмнэлгийн тусламж авах бүрэн боломжтой гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 138 /нэг зуун гучин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 138 /нэг зуун гучин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Ж.ДОЛГОРМАА