Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

                      

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Уянга, 

Хохирогч Л.Батцэцэг, Б.Энхтуяа, Б.Баянцэцэг,

Шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үд холбогдох эрүүгийн 1706025510242 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн 1975 оны 01 сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэл, бичгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2-р хороо 4-р хэсэг Их Дарь-Эхийн 10-р гудамж 267 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг 17-р хороо Эмнэлгийн 2-р гудамжны 42а тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г. Ү, /регистрийн дугаар ................/

 

     Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Ү нь 2017 оны 05 сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын хооронд буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар цэцэрлэгийн туслах тогоочоор ажиллаж байх үедээ хохирогч Л.Батцэцэгээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “чамайг ажилд оруулна” гээд 200.000 төгрөг, 2017 оны 05 сарын 17-ны өдөр “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гээд 150.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “үлдэгдэл өг” гээд дахин 150.000 төгрөг,  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл” гээд 70.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард дахин 60.000 төгрөг тус тус авч залилан нийт 630.000 төгрөг,

Хохирогч Б.Энхтуяагаас 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “хүүхдийг цэцэрлэгт оруулна” гээд 270.000 төгрөг,

Хохирогч Б.Баянцэцэгээс 2017 оны 05 сарын сүүлээр “хүүхдийг нь цэцэрлэгт оруулна” гээд 100.000 төгрөг, 2017 оны 06 сард 50.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөг тус тус залилан, хохирогчдоос нийт 1.250.000 төгрөг залилсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Г.Ү нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Хохирогч Л.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            “2017 оны 05 сарын 09-ний өдөр хүүхдээ цэцэрлэгээс авах үед Үүрийнцолмон таараад ярилцах үедээ “манай цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллах орон тоо намар гарна, чи орох бол надад 350.000 төгрөг өгчих, дарга руу ажил гуйж орох болохоор мөнгө барьж орохгүй бол хүлээж авахгүй. Орох хүн олон байна, чи орох бол яг одоо өгчих” гэж хэлсэн. Тухайн үед “надад одоо 200.000 төгрөг байна” гэж хэлэхэд “тэр мөнгөө, иргэний үнэмлэхтэйгээ аваад ажил тарахаар хүрээд ир” гэсэн. Хүүхдээ гэртээ хүргэж өгөөд мөнгө, иргэний үнэмлэхээ аваад буцаад цэцэрлэг дээр очсон. Үүрийнцолмон авч халаасандаа хийгээд “ок, ярья” гэсэн. 2017 оны 05 сарын 12-ны өдөр Үүрийнцолмонтой таараад асуухад “даргадаа өгчихсөн, үлдэгдэл мөнгөө намар өгөөрэй” гэж хэлээд иргэний үнэмлэх өгсөн. 2017 оны 05 сарын 14-ний өдөр Үүрийнцолмон “чиний бага хүүхэд хэдэн настай вэ, цэцэрлэгт оруулах уу, намар явуулах орон тоо гарсан байгаа, оруулах бол одоо 150.000 төгрөг өгчих, бичиг баримтыг нь зохицуулж өгнө, хэрэв намар болвол хүүхдийн хахууль 350.000 болдог юм” гэж хэлсэн. Бага хүүхдээ цэцэрлэгт өгөх учир Үүрийнцолмонд 150.000 төгрөг 2017 оны 05 сарын 17-ны өдөр ажил тарсны дараа цэцэрлэгийн хажууд өгсөн. 2017 оны 08 сарын 14-ний өдөр Үүрийнцолмон надруу залгаад “за одоо нөгөө үлдэгдэл 150.000 төгрөгөө өгөөрэй, ажил эхлэх гэж байна, чи болон танай хүүхдийн асуудал болчихсон” гэж хэлсэн. Би Үүрийнцолмонгийн нөхөр болох Болдбаатарын Хаан банкны дансруу 150.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 08 сарын 21-ний өдөр Үүрийнцолмон надруу утсаар залгаад “2017 оны 08 сарын 24-ний өдөр бүртгэл эхлэх гэж байгаа, ахуйн хэрэглэл, ариун цэврийн хэрэглэлтэй нь ирээрэй, чи хүүхдийнхээ цэцэрлэгийн хэрэглэлийг бэлдэж байхаар надад 70.000 төгрөг өгчих, чи өөрөө цуглуулвал 130.000 төгрөг болно. Би багш нярав 2-т мөнгийг чинь өгөөд цэцэрлэгийн бэлтгэл өгсөн гэж тооцуулъя, чи хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хуулбарлаад надад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цэцэрлэгийн урд байдаг түрээсийн байранд очиж өгсөн. 2017 оны 08 сарын 28-ны өдөр тэрээр утсаар залгаад “ажил дээр хүрээд ир” гэж дуудсан. Би ажилд орох гэж байгаа учир даргатайгаа уулзуулах гэж байгаа байх гэж бодоод очиход Үүрийнцолмон “цагаан хэрэглэлийн угаагчийн орон тоо 10-р сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилладаг, 9-р сард ажиллах шаардлагагүй, чи 10-р сарын 01-нээс ажилд орно, баг хүү чинь нас нь болоогүй арын хаалгаар орж байгаа болохоор бас 10 сарын 01-нээс орно” гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байхад 9-р сарын дундуур Үүрийнцолмон утсаар залгаад “бага хүүгийнхээ хичээлийн хэрэглэлийг өгөх хэрэгтэй байна, чи цуглуулж явахаар надад 60.000 төгрөг өгчих, би өмнөх шигээ зохицуулаад өгье” гэж хэлэхээр нь цэцэрлэг дээр очиж 60.000 төгрөг бэлнээр өгсөн… Өчигдөр буюу  2017 оны 10 сарын 09-ний өдөр 11 цагийн үед Үүрийнцолмонруу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь би цэцэрлэгийн эрхлэгч Сайнбилэгтэй очиж уулзахад “манайд ажилд авах орон тоо байхгүй, хүүхэд цэцэрлэгт авахгүй, Үүрийнцолмон надтай тийм юм яриагүй…” гэж хэлсэн. Тэгээд залилуулсан гэж мэдээд өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг. /XX- ийн 8, 30/

 

Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            “2017 оны 08 сарын дундуураас хүү Амармэндийг цэцэрлэгт оруулах гээд хайхад харъяаллын цэцэрлэгүүдэд орон тоо байхгүй гээд авахгүй байсан. Найз Батцэцэгтэй уулзаад энэ талаар ярихад “найзад нь 45-р цэцэрлэгт таних хүн байгаа, хахуулиар хүүхдээ өгөх байх, би асуугаад өгье” гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа Батцэцэг утсаар яриад “нөгөө хүнтэйгээ уулзлаа, болно гэнэ. 270.000 төгрөг өгчих гэж байна” гээд надад Үүрийнцолмонгийн утасны дугаарыг өгсөн. Би Үүрийнцолмонруу утсаар ярихад “цэцэрлэг дээр мөнгөө бэлнээр аваад ир” гэж хэлсэн. 2017 оны 08 сарын 27-ны өдөр цэцэрлэг дээр нь очиход Үүрийнцолмон “цэцэрлэг орох болоод эцэг, эхчүүд хараад хэл ам хийгээд байдаг юм. Хоёулаа гудамжруу оръё” гэж хэлээд цэцэрлэгийн хажуу талын гудамжинд орсны дараа “9-р сарын 1-нээс орон тооны хүүхдүүд ордог ба тэр үед шалгалт их байдаг, хахуулиар орж байгаа болон ажилчдын хүүхдүүд 10-р сарын 01-нээс явдаг юм” гэж хэлээд 270.000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш би Үүрийнцолмонтой холбогдоогүй. Тэгээд 2017 оны 10 сарын 09-ний өдөр 12 цагт очиход Үүрийнцолмон байхгүй, утас нь холбогдохгүй байсан. Тэгээд цэцэрлэгийн эрхлэгч Сайнбилэгтэй уулзаад Үүрийнцолмонг худлаа ярьж залилсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг. /XX- ийн 12, 32/

 

            Хохирогч Б.Баянцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            “Хамаатны бэр эгч Батцэцэг Үүрийнцолмонтой уулзаад 45-р цэцэрлэгт өөрөө ажилд ороод, нас нь болоогүй хүүхдээ оруулахаар болсон талаар өөрөөс нь сонссон. Манай том хүү 4 настай Галбадрахыг цэцэрлэгт өгөх гэхээр нас нь хэтэрсэн гээд авахгүй байсан болхоор Батцэцэг эгчид “Үүрийнцолмонгоос асуугаад өгөөч” гэж хэлсэн. Батцэцэг асуугаад “болно” гэнэ, 350.000 төгрөг өгчих гэж байна, хуваагаад өгч болно” гэж хэлсэн. Би Үүрийнцолмонтой утсаар ярьж байгаад 2017 оны 05 дугаар сарын сүүлээр Болдбаатар гэх хүний Голомт банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 06 сарын эхээр 50,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 2017 оны 08 дугаар сар гараад Үүрийнцолмон өөрөө надруу залгаад “хүүхдээ өгөх бол мөнгөө гүйцээж өг” гэхээр нь би “надад одоохондоо мөнгө байхгүй байна, 10-р сар гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхэд Үүрийнцолмон “мөнгөө гүйцээж өгөөд хүүхдээ маргаашнаас явуулаарай” гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сар болоход Батцэцэгийн хүүхдийг цэцэрлэгт явуулаагүй, 10 дугаар сарын 01-нээс явуулна гээд хүлээлгэсэн байсан. 2017 оны 10 сарын 09-ний өглөө очиход Үүрийнцолмон байгаагүй ба өөрөө утсаар залгаад “чи өдөр 12 цагт ир, би тэр үед ажил дээрээ очно” гэж хэлсэн. Би 12 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Батцэцэг эгчээс асуухад залилуулсан гээд цагдаад хандсан байсан…” гэх мэдүүлэг. /XX- ийн 14, 34/

 

            Гэрч П.Сайнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “2017 оны 10 сарын эхээр манай цэцэрлэгт хүмүүждэг Шүр-Эрдэнийн ээж болох эмэгтэй орж ирээд “би хэзээ ажилдаа орох вэ” гэж асуусан. Би гайхаад яасан талаар нь асуухад тэр эмэгтэй “би цэцэрлэгт ажилд орохоор материалаа өгсөн, та намайг 2017 оны 09 сарын 01-ний өдөр ажилд авна гээд аваагүй. Намайг туслах тогооч, угаагч, туслах багшийн аль нэгээр ажилд орно гэсэн” гэж хэлэхээр нь би “манайд ажлын орон тоо байхгүй, манайх зар өгөөгүй, би чамаас материал аваагүй” гэж хэлсэн.Тэр эмэгтэй “Үүрийнцолмон намайг ажилд оруулна гээд 2017 оны хавар надаас 350.000 төгрөг болон бичиг баримт авсан, мөн манай хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гээд мөнгө авсан” гэж хэлсэн. Тэрээр бас нэг эмэгтэйтэй оржирсэн ба тэр эмэгтэй бас хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж Үүрийнцолмонд мөнгө өгсөн гэсэн. Ингэж анх Үүрийнцолмонг хүмүүсээс мөнгө авсан талаар мэдсэн…” гэх мэдүүлэг /хх-н 37-38/

           

            -хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-6/

            -Л.Батцэцэгийн ХААН банкны депозит, Голомт банкны зээлийн дансны хуулга /хх-ийн 9/

            -Л.Батцэцэгийн цалингийн тооцооны баримт /хх-ийн 31/

            -Б.Баянцэцэгийн депозит дансны хуулга /хх-ийн 35-36/

            -И.Болдбаатарын депозит дансны хуулга /хх-ийн 40-48/

            -Г.Үгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, С.Дашнямын нас барсны гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 2-р дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн болон Автотээврийн үндэсний төвийн албан бичиг /хх-ийн 49-65/

-Баянзүрх дүүргийн 45 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Г.Ү нь тус цэцэрлэгт ажиллахгүй байгаа тухай албан бичиг, тус цэцэрлэгийн захиргаанд гаргасан Г.Үгийн хүсэлт, Баянзүрх дүүргийн 45 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Г.Үг ажлаас чөлөөлөх тухай тушаал, төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 66-71/

 

            Шүүгдэгч Г.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            2017 оны 05 сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын хооронд буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар цэцэрлэгийн туслах тогоочоор ажиллаж байх үедээ хохирогч Л.Батцэцэгээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “чамайг ажилд оруулна” гээд 200.000 төгрөг, 2017 оны 05 сарын 17-ны өдөр “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гээд 150.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “үлдэгдэл өг” гээд дахин 150.000 төгрөг,  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл” гээд 70.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард дахин 60.000 төгрөг тус тус авч залилан нийт 630.000 төгрөг, хохирогч Б.Энхтуяагаас 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “хүүхдийг цэцэрлэгт оруулна” гээд 270.000 төгрөг,  хохирогч Б.Баянцэцэгээс 2017 оны 05 сарын сүүлээр “хүүхдийг нь цэцэрлэгт оруулна” гээд 100.000 төгрөг, 2017 оны 06 сард 50.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөг тус тус залилан, хохирогчдоос нийт 1.250.000 төгрөг залилсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /ХХ-ийн 25-26/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Ү нь 2017 оны 05 сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар цэцэрлэгийн туслах тогоочоор ажиллаж байх үедээ Л.Батцэцэгээс ажилд оруулж өгнө, хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө гэх мэтээр нийт 630.000 төгрөгийг, Б.Энхтуяагаас хүүхдийг чинь цэцэрлэгт оруулна гэж 270.000 төгрөгийг, Б.Баянцэцэгээс хүүхдийг нь цэцэрлэгт оруулна гэж 350.000 төгрөгийг тус тус залилан, бусдаас нийт 1.250.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Г.Ү нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн  эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Г.Ү нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч нарын шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Үд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэдэг.

 

Шүүх шүүгдэгч Г.Үд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоос төлсөн, бусад хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын өөрт ашигтай байдлыг хялбар аргаар бий болгох гэсэн нийгэмд хор уршигтай үйлдэл нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгчийн зүгээс хохирогч Л.Батцэцэгт 230.000 төгрөг, хохирогч Б.Энхтуяад 100.000 төгрөг, хохирогч Б.Баянцэцэгт 120.000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч Л.Батцэцэг, Б.Баянцэцэг нар нь нотариатын үйлчилгээний хөлс болох 12.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул тус бүрд нь нэмж хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Л.Батцэцэгт 412.000 төгрөг, хохирогч Б.Энхтуяад 170.000 төгрөг, хохирогч Б.Баянцэцэгт 242.000 төгрөгийг шүүгдэгч Г.Үгоос гаргуулаж хохиролд тооцон олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Боржигон овогт Гүндцэмбийн Үүрийнцолмонг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Г.Үг  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үгоос 412.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Батцэцэгт, 170.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтуяад, 242.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баянцэцэгт тус тус олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгч Г.Үд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Үд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ