| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 105/2018/1313/Э |
| Дугаар | 233 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 23.1.1, 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | О.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 233
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Т.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбат, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, Т.Б-д холбогдох 1737000110010 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн”, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Т.Б ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Т.Б ийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг гаргасан гомдолдоо “...1. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Т.Б-д ял оногдуулахдаа нотлох баримтыг үнэн зөв бодитойгоор, эргэлзээгүй үнэлж, хуулийн дагуу хариуцлагыг оногдуулсан. Т.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж,
3. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар болгоомжгүй гэмт хэрэгт хамрагдаж байхад давж заалдах шатны шүүх нь санаатай гэмт хэрэг гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Т.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь болгоомжгүй гэмт хэргийн үйлдэл холбогдлыг санаатай гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбат хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийг ослын газраас зугтаж явсан гэдэг боловч Т.Б-нь эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор буцаж ирсэн байдаг. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Камерийн бичлэгт үзлэг хийхэд гэрчүүдийн яриад байгаа шиг хохирогч нь хантааз өмсөөгүй бөгөөд замын зохицуулагч биш хэв журам сахиулах үүрэгтэй цагдаа байсан. Ажил үүргийн дагуу ажиллагаа хийгээгүй тул мөн адил гэмт хэргийн шинжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох саналтай байна. Харин хүнд гэмтэл учруулсан асуудлын хувьд уг хэрэг болсны дараа ямар нэгэн яс хугарал байхгүй байсан. Үүний дараа хохирогч нь хот руу яваад ирэхдээ хүнд зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гаргаад ирсэн” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн дүгнэлтээр хоёр гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн 4 удаагийн дүгнэлтээр 2 удаа хөнгөн, 2 удаа хүндэвтэр зэргийн гэмтэл гэж гарсан. Дүгнэлтийн талаар хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б ийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 30 минутын үед “Марк 2” загварын 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль сахиулагч, Булган сум дахь цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, уг зам тээврийн ослыг гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг дүгнэжээ.
Мөн анхан шатны шүүх Т.Б-ий холбогдсон “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх нь шүүгдэгч Т.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй,
Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байхад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэглэсний хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байхад тэнссэн нь тус тус буруу бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол тэнсэж болохгүй” тухай хэм хэмжээг зөрчсөн зэрэг нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Учир нь, анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримт нь нэг үйлдлээр, нэг санаа зорилгоор буюу тухайлбал, хууль сахиулагчийг эсэргүүцэх санаа зорилгоор зугтахдаа тухайн хууль сахиулагчид хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл яагаад санаатай болон болгоомжгүй гэм бурууг давхар агуулж байгаад огт дүгнэлт хийгээгүй, гэм буруугийн хэлбэр нэг үйлдэлд ийнхүү 2 өөр байдлаар илэрч болох эсэхийг үнэлж, дүгнэлгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож, цаашилбал Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчлийг гаргасан байна.
Анхан шатны шүүх хууль сахиулагчийг эсэргүүцсэн, улмаар түүнийг тээврийн хэрэгслээр мөргөсөн үйлдэл тус тусдаа гэм буруугийн өөр өөр хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж буй бол ийнхүү тогтоох болсон хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолд огт дүгнээгүй, үүний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Харин давж заалдах шатны шүүх Т.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тэнссэн нь буруу гэж дүгнэхдээ уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх болсон хууль зүйн үндэслэлээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, эрх зүйн онолд тулгуурлан дүгнээгүй орхигдуулж, хэргийн үйл баримт, Эрүүгийн хуулийн хэрэглээ хоёрын хооронд хэрхэн зөрүү үүсч байгаад дүгнэлт хийгээгүй байгаа зэргийг тэмдэглэж анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр хууль ёсны байх гол шалгуур “үйл баримтын болоод хууль зүйн дүгнэлт” хийгээгүй нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл мөн болно.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол няцаагдаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН