Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0707

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0707 

Улаанбаатар хот

 

 

    “Ш м э ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш м э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 813 дугаар шийдвэрийн “Ш м э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ш м э ” ХХК-ийн 11799 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ … Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 813 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, 11799Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулахыг хүссэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 9-р хуудсанд маргаан бүхий акт болох 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 813 дугаар шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдож, үүний улмаaс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ...” гэж дүгнэсэн байна.

Дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй. Хууль бус актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заажээ. Тэгвэл нэхэмжлэгчийн маргаж буй Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ даргын 2010 оны 813 дугаар шийдвэр нь эрх зүйн зөрчилтэй акт биш юм. Учир нь утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг батласан байгууллага тодорхойгүй, гүйцэтгэх этгээд тодорхой бус, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй эсхүл хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэх зэрэг зөрчилтэй, эсвэл хуулийн буруу зүйл заалтыг хэрэглээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ даргын 2010 оны 813 дугаар шийдвэрийн үндэслэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн гарсан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллага хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг ноглох баримт хэрэгт хангалттай байсаар байтал, захиргааны байгууллагыг илтэд буруутган холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж хариуцагч байгууллага үзэж байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан бөгөөд эрх зүйн харилцаа үүссэн тохиолдолд албан ёсны хаягаар нь харилцах үүрэгтэй байна. Тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлсэн тохиолдолд хариуцагч байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжтой юм. Энэ ч хүрээнд 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6/4527 тоотоор мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ үйл баримт нь хариуцагчаас гаргаж өгсөн Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцэх дэвтрийн 1 боть 4790 дугаарт бүртгэгдсэн байдаг бөгөөд энэхүү нотлох баримт нь хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд байдаг.

Дээрх мэдэгдлийг хүлээн авсан хэрнээ нэхэмжлэгч компаниас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэх заалтын хүрээнд төрийн захиргааны байгууллагад хандаагүй бөгөөд улмаар тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш 7 жилийн дараа хандсан байдаг.

Гэтэл шийдвэрийн 7 хуудсанд “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчсөн байх ба хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн 56.3-д заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй шалтгаанаа тайлбарлаж энэ талаарх баримтаа гарган өгч 56.4-д заасны дагуу зохих журмаар шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдсөн байна...” гэж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Харин дээр дурдсан үйл баримт болсны дараа тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/5572 тоотыг хүргүүлсэн бөгөөд ямар шалтгаанаар буцаж ирсэн нь тодорхойгүй байдлаар буцан ирж Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцэх дэвтрийн 1 боть 4349 дугаартай бүртгэл хавтаст хэрэгт байдаг.

Шийдвэрт дан ганц хариуцагчийг буруутгах байдлаар үнэлж дүгнэсэн бөгөөд шийдвэрийн 7 хуудсанд “ ... хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд явуулсан бичгийн бүртгэлд албан бичгүүд хүргэгдээгүй буцалт гэсэн тэмдэглэгээтэй, нэхэмжлэгч хүлээн аваагүй нь тогтоогдож байна. ... “Төрийн захиргааны байгууллага энэ үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхэнд халдахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажиллаагүй байна гэж үзлээ...” гэж хууль болон нотлох баримтыг гуйвуулан дүгнэсэн байна.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар нэхэмжлэгч компани Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 01/22 тоотоор гомдол гаргасан. Энэ гомдлыг хянаж үзэн хариуг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/3582 тоотоор өгсөн бөгөөд гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуг өгсөн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32017/4203 тоот захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 54 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангаж байна гэж үзэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 813 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж хариуцагч байгууллага үзэж байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Тухайн үед захирлаар ажиллаж байсан Н.Б нь 2010 оны 05 дугаар сарын 20-оос 2010 оны 07 дугаар сарын 29-ний хугацаанд Япон улсад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд тархины хүнд хагалгааны дараа гам барих шаардлагатай байсан бөгөөд 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж хэрэгжихээр болсон тул энэхүү хуулийн хүрээнд уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх гэж бодож байсан.

Гэтэл 2016 онд хуульд өөрчлөлт орж хуулийн хорионд орж цуцлагдсан тусгай зөвшөөрөлтэй компаниуд гол, мөрөн, ойн давхцалтай хэсгээ хасуулж тусгай зөвшөөрлүүдээ сэргээх болсон тул бусдын адил энэхүү тусгай зөвшөөрлөө сэргээлгэх, улмаар 1 сарын хугацааны алданги төлөх боломжоор хангаагүй тухай дурдсан байдаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Шийдвэрт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмне мөн хуулийн 4.3-д заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж зааснаас үзвэл Засгийн газрын 174 дүгээр тогтоолд хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нөхөн олговор олгож тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байх бөгөөд зохих журмын дагуу өргөдөл гаргаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлүүлэх боломж тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нээгдсэн байна гэж дүгнэсэн.

Гэтэл Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 813 дугаар шийдвэр нь тусгай зөвшөөрлийн талбөр төлөөгүй үндэслэлээр  цуцлагдсан байтал дээр дурдсан хууль, Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг тайлбарлан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж нээгдсэн тухай дурдаж тайлбарласан нь үндэслэл бүхий болж чадаагүй өөрөөр хэлбэл энэхүү урт нэртэй хууль болон Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан эсхүл түдгэлзүүлсэн шийдвэр гарч байгаагүй болно.          

Улмаар шийдвэрт “... Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргээгүйгээс, мөн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас болон 2009 онд батлагдсан урт нэртэй хууль, Засгийн газрын 2011 оны 174 тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг мэдээгүй байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/22 дүгээр албан бичгээр “... Засгийн газрын 174 дүгээр тогтоолтой холбоотой тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэнээс хойш дахин сэргээж эхэлсэн тул тусгай эөвшөөрлөө сэргээлгэх” талаар гомдлоо хариуцагчид гаргахад хариуцагчаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/3582 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий акт гарсан болохыг мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй энэ талаарх хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ үнэн бодит шийдвэрлээгүй нь дээрх шийдвэрийн дүгнэлт хэсгээс харагдаж байна.Учир нь аливаа тусгай зөвшөөрлийг түүн дотор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол жил бүр зардлын доод хэмжээ баталгаажуулах, жил бүрийн завсрын тайлан төлөвлөгөө өгч баталгаажуулах, ээлжит жилийн төлбөр төлөх үүргийн дагуу төрийн захиргааны байгууллагатай харьцдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх гэж бодож байсан гэх тайлбарыг шүүхээс нягтлан шалгалгүйгээр өөрөөр хэлбэл ямар хууль журмын дагуу түдгэлзүүлэх үндэслэл байсан эсэхийг тодруулаагүй, үүнтэй холбоотойгоор хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлж үзээгүй юм.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тухайн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 174, 194 дүгээр тогтоолын дагуу ойн сан бүхий хамгаалалтын бүс, урсац бүрэлдэх эхийн хил, усны сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай тодруулбал 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон дээрх хууль, түүнийг дагалдан гарсан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолд хамаарахгүй Төрийн өмчийн талбайд хамаарч байгаа тухай тайлбарыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            Анхан шатны шүүх “ ... эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ... маргаан бүхий актыг мэдээгүй байх бөгөөд ... ” гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч “Ш м э ” ХХК-ийн захирал Н.Б нь Япон улсыг удаа дараа зорчин удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан” гэх боловч хэрэгт авагдсан захирал Н.Бын гадаад паспортын хуулбараас харахад Япон улсын виз байхгүй, хэрэгт авагдсан 2010 оны 07 дугаар  сарын 20-ны өдрийн Оношилгооны бичиг нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбарыг гэрчлэхдээ нотариатч “итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчлэв” гэсэн тамга дарсан, мөн Н.Б нь 2016 онд гүйцэтгэх захирлын үүргээ шилжүүлэх хүртлээ тасралтгүй өвчтэй байсан талаар баримтгүй, Гүйцэтгэх захирлын өвчний улмаас тухайн компани энэ 6 жилийн хугацаанд огт үйл ажиллагаа явуулах боломжгүй байсныг нотлох  талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаантай” байсан гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас “ ... Бид тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн, мөн цуцалсны дараа мэдэгдлийг хүргүүлэхэд шуудангаас буцаагдсан. Бид мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн” гэсэнтэй холбогдуулж шүүх шуудангийн байгууллагаас хариуцагчийн 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-4527 дугаар албан бичгийг шуудангийн ажилтан Э авсан талаар баримт ирүүлэхийг шаардсаны дагуу “М ш” ХК нь “... үйлчлүүлэгчийн лавлагаа” гэж үзэж үндэслэлгүйгээр баримт, лавлагаа өгөөгүй байхад шүүх зохих журмын дагуу хариуг тодруулж аваагүй атлаа хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т зааснаар мэдэгдэл хүргүүлэх үүргээ зөрчсөн, хууль биелүүлж ажиллаагүй ...” гэж дүгнэсэн нь мөн үндэслэл муутай болжээ.

            Түүнээс гадна нэхэмжлэгч “... манай талбай хуулиар хориглосон талбайд хамрагдсан учир цуцалсныг мэдээгүй 2016 онд хуульд өөрчлөлт орж уг тусгай зөвшөөрлүүдийг сэргээх болсон учраас бусдын адил сэргээлгэх хүсэлтэй ...” гэх боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан гэх үндэслэлээр төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан эсэх, улмаар нөхөх олговор авах талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж бусдын адил хандаж байсан эсэх талаар баримтгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулаагүй, мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор хориглосон талбайн хэмжээ өөрчлөгдсөн байхад нэхэмжлэгчийн талбай тухайн талбайд орж байгаа эсэхийг тогтоогоогүй, хэрэгт авагдсан /42 дугаар хуудас/ зураглалаас үзэхэд голын голдрил буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дагуулан олгосноос үзэхэд нэхэмжлэгчийн талбай чөлөөлөгдсөн талбайд хамаарч байгаа эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон өөрчлөлтөөр зөвхөн уг талбайд хамаарч байгаа тусгай зөвшөөрөлтэй этгээд ... 3 сарын дотор өргөдөл гаргах эрхтэй талаар заасан байхад шүүх нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг шууд сэргээхийг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй. 

            Иймд дээр дурдсан нотлох баримтуудыг бүрэн цуглуулж үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ