| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00187/И |
| Дугаар | 157/ШШ2024/00193 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2024/00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “*************” ХХК /....../-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*************г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******************” ЗБН -ийг төлөөлж Бирваабазар овогтой ************* /***************4/ нь манай компаний Хэний аймгийн Бор-Өндөр сумын ************ ШТС-ээс 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/-н төгрөгт шатахуун авсан бөгөөд үүнээс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 2-нд 400,000 /дорвөн зуун мянга/-н төгрөгийг төлсөн.
Одоогийн байдлаар 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно. ************* нь бүх төлбөрийн үлдэгдэлээ 2023 оны 7 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулна гэсэн өөрийн гараар хүсэлт бичиж өгсөн боловч хугацаа хойшилсоор өдийг хүрлээ. Энэхүү асуудал дээр манай компани цагдаагийн байгууллагад хандсан боловч тухайн иргэнийг эрэн сурважилж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч “*************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “************ шатахуун түгээх станц 2019 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Тухайн үед эрхлэгч нь Мөнх-Эрдэнэ гэдэг хүн байсан. Тэгэхэд ************* ХХК нь ************* гэдэг хүнтэй хамтран ажиллаж байсан. Одоо энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү. ************* нь .......................... Эхнэр, хүүхэд нь энэ хаяг дээрээ байдаг. Холбогдох утасны дугаар нь *****************. ...Би та мөнгөө барагдуулаач ээ, дээрээс шахаж шаардаад байна гээд нь удаа дараа холбогдсон. Тэгэхэд одоохондоо мөнгө байхгүй байна. Ямар ч байсан 2-3 хоногтоо өгнө гэж хэлсэн. Одоо болтол төлөөгүй л байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
“*************” ХХК-иас Б.************* нь 2,600,000 төгрөгийн шатахуун зээлээр авч, 1,600,000 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.*************г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*************г эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.*************г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бирваабазарын ************* нь ***************4 регистрийн дугаартай, .......................... тоотод оршин сууж байсан, утасны дугаар нь ***************** гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ***************4 регистрийн дугаартай *******************ын *************г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*************г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР