Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01508

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01297 дугаар шийдвэртэй

С.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч ЗТЯ,

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгжид холбогдох хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоолгох, 42 769 432 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч ЗТЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч ЗТЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗТЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар хууль бус тушаалаар “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер С.Б миний хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсанаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх авах ёстой байсан ажлын хөлс 23 800 000 төгрөгөөр хохирсон. Намайг ажилласан 2019 оны 08 дугаар сарын 01-нээр тасалбар болгож ажлаас нь гаргасан тушаал нотлогдож байхад надад 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 5 хоногийн цалинг дутуу бодож, ажлын хөлс 865 454 төгрөг өгөлгүй хохироосон. Хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу 2018 оны 9 хоног, 2019 оны 5 хоног, нийт 14 хоногийн амралтын мөнгө 2 419 200 төгрөгийг олгоогүй. 2015 оноос хойш ажиллаж байх хугацаандаа жилийн эцсээр хийсэн ажлаа дүгнүүлэн 2 удаа А үнэлгээ авсан урамшуулал 2 856 000 төгрөгийг өгөлгүй хохироосон. Гэрээнд заасны дагуу тус төсөл хэрэгжүүлэх нэгж С.Б миний нийгмийн даатгалын шимтгэлд 24 864 855 төгрөг төлөх ёстой байснаа төлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүй хохироосон. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр С.Б миний хөлсөөр ажилласан гэрээг цуцалсан талаар: Би 2015 оны 05 сарын 04-ний өдрөөс тус Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх 2719/0240 төсөл-ийн төмөр замын дохиолол холбооны инженерээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ЗТЯны харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллаж байсан болно. Хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээр хийгээд жилийн эцсээр гэрээг А-F хүртэл 5 шатлалаар дүн тавьж дүгнэн 2 жил дараалан D авсан тохиолдолд гэрээг цуцлах, сунгахгүй байх журмаар ажиллаж ирсэн. С.Б би 2018 оны 12 сард Хөлсөөр ажиллах гэрээгээ дүгнүүлээд А үнэлгээ авсан болно. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Д.Энхбаатар хөлсөөр ажиллах гэрээг бичгийн хэлбэрт тухайн ондоо багтааж бичдэг байсан тул 2019 оны хөлсөөр ажиллах гэрээг бичгийн хэлбэрээр гаргахгүй байсанд гарах байх гэж бодон би ач холбогдол өгч байгаагүй болно. Миний Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Д.Энхбаатараас яагаад 2019 оны 6, 7 дугаар сарын ажлын хөлсийг өгөхгүй байсан тул ажлын хөлс өгөхгүй байгаа талаар лавлахад ажлаас гарах өргөдлөө бич, тэгвэл өгнө гэж хэлсэн болно. 2 сар цалин хөлсгүй ажиллаж, банкны өр нэхэгдэж, зээл тавин амьдарч аргагүй байдалд орсон тул би 2019 оны 07 сарын 26-нд түүний хэлснээр өргөдөл бичиж өгөөд тэр өдрөө 2 сарын цалингаа авсан. Гэтэл Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Д.Энхбаатар надаар бичүүлсэн өргөдлийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 89 /а/ албан тоотоор уламжилж, улмаар ЗТЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тушаалаар миний хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болж, би үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Д.Энхбаатарын шаардсанаар өргөдөлдөө тооцоо дууссаны дараа төслийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн хэл ам хийхгүй гэж бичсэн нь түүний зүгээс намайг дарамталсан, шаардсан гэдгийг бас нотолно. Иймд С.Б миний Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл, Төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй 2019 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 223-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 2019 оны 8, 9, 10, 11, 12 сар нийт 5 сарын цалин 23,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би 2018 онд 20 хоног амралт эдлэх ёстойгоос 9 хоногт нь амралтын мөнгөө аваагүй, 2019 амралтынхаа 5 хоногийг аваагүй тул 2018 оны амралтын 9 хоногийн мөнгө 1 555 200 төгрөг, 2019 оны амралтын 5 хоногийн мөнгө 864 000 төгрөг, нийт 2 419 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сангийн сайдын 196 дугаар тушаалын 16.10 болон 176 дугаар тушаалын 10.1.6-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ нь А үнэлэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтанд тус журмын 11.3 дахь заалтын дагуу сарын цалингийн 30 хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэж заасан. Гэтэл гэрээний 5.1.2-т зааснаар миний хийж гүйцэтгэж байгаа ажлыг захиалагчийн зүгээс дүгнэхэд 2016 онд А үнэлгээ, 2017 онд В үнэлгээ, 2018 онд А үнэлгээ авсан. Иймд 2 удаагийн урамшууллын 2 856 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөлсөөр ажиллах гэрээний 5.2.3-т зааснаар ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх гэсэн заалт, 4.2-т зааснаар ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх гэсэн заалтыг төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Д.Энхбаатар Сангийн сайдын 196 дугаар журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн огт хэрэгжүүлдэггүй байсан. Иймд Сангийн сайдын 196 дугаар журам хэрэгжиж эхэлсэн 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэж өгнө үү. Миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1, 2.2-т заасан эрхээ эдэлж, ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй хохирсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6.2 дахь заалтын дагуу надад олгогдох 11 763 923 төгрөгтэй тэнцэх мөнгөн хохирлыг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 42 769 432 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗТЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Байгалмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэзээ гаргасан нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг баримтлан нэхэмжлэлээ гаргасан эсэхийг шүүхээс тодорхойлох шаардлагатай. Учир нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02/4484 тоот албан бичгээр нэхэмжлэгч С.Бд хариу хүргүүлсэн үеэс шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдох ёстой. Сангийн сайдын 2015 оны 196 дугаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 10.1.10-т энэхүү журмын 10.1.8 болон 10.1.9-д зааснаас бусад төслийн ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг тусгасан. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тушаалыг гаргахдаа “Бүс нутгийн ложистик”-ийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өргөдөл уламжлах тухай 89 тоот албан бичиг, ажилтны өргөдлийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг батлан гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох асуудлыг шийдвэрлэх нь Сангийн сайдын 2015 оны 196 дугаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 14,1.6-д төслийн зохицуулагч, бусад ажилтнуудын хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хуульд заасан хэмжээгээр харьяалагдах татварын болон нийгмийн даатгалын албанд шилжүүлэх үүргийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн чиг үүрэгт хамааруулж тусгасан байна. Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хөлсөөр ажиллах гэрээний дагуу авах ёстой байсан ажлын хөлс 23 800 000 төгрөгөөр хохирсон гэжээ. Гэвч нэхэмжлэгч Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Д.Энхбаатарт гаргасан өргөдөлдөө ...төслийн ажил 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн дуусч буй тул төслийн инженерийн үүрэг, оролцоо хяналт шаардлагагүй болж, үндсэндээ миний ажлын байр цомхтгогдож байгаа гэж ойлголоо. Тэгэхээр би сүүлийн 2 сард авч чадаагүй байгаа цалин, хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдох ёстой гэнэт халагдсаны тэтгэмж, 2019 оны амралтын үлдсэн мөнгө зэргийг бодуулж аваад ажлаас гаръя... гэж 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлдөө дурдсан нь түүнийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалин, хөлс авах эрхгүйг нотолж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсансар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. С.Бгийн цалингийн нэгтгэлийг харвал С.Бд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс олгосон цалин нь 237 847 508.67 төгрөг байна. Тус олгосон цалин нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурал баталсан санхүүжилтийн хэлэлцээрийн хавсралт 2-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх татвар, хураамж ороогүй болно. С.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөлсөөр ажиллах гэрээний ажиллуулагч нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ гүйцэтгээгүй тул холбогдох нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчаас шаардсан. Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1-д зааснаар Монгол Улсын олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог ойлгодог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсний үндсэн дээр дээр дурдсан Засгийн газар, Азийн хөгжлийн банк санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгж нь С.Бгийн нийгмийн даатгалын хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн байдаг. С.Б нь 2015 оноос эхлэн төсөл хэрэгжүүлэх нэгжид төмөр замын дохиолол холбооны инженер албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн байдаг. Ийнхүү тус оноос эхлэн С.Б нь нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлж байсан болохыг нийгмийн даатгалын хуулбараас харах боломжтой. Хэрэв С.Б нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төсөл хэрэгжүүлэгч нэгж төлөх ёстой гэж анхнаасаа үзэж байсан бол 2015 онд сайн дураараа даатгуулах мөн тус ажлын байранд ажиллаж байх 4 жилийн хугацаанд өөрийн эрх ашиг зөрчигдөж буй талаар удирдлага болон эрх бүхий байгууллагуудад хандаж зөрчигдсөн эрхээ сэргийлэх тухай хүсэж байгаагүй байж 4 жилийн дараа нийт ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж үзэж буйг ойлгохгүй байна. 4 жилийн хугацаанд холбогдох шаардлага гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шалгаж шүүх хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг бидний зүгээс хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дахь заалтыг баримтлан хариуцагч ЗТЯ, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгж нараас 14 183 123 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, С.Бгийн 2015 оны 09 сараас 2019 оны 08 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 28 586 309 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 371 798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗТЯ, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгж нараас 228 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч ЗТЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Байгалмаа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1-д зааснаар ““Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог” ойлгодог. Азийн хөгжлийн банк нь олон улсын байгууллага бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр байгуулан “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хэлэлцээр нь хоёр талт олон улсын гэрээ юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасантай нийцүүлэн Засгийн газар, Азийн хөгжлийн банк санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл татвар, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан дээр дурдсан санхүүжилтийн хэлэлцээрийн хавсралт 3-ын 2-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх татвар, хураамж ороогүй болно гэж тодорхойлсон. Шүүхээс Олон Улсын гэрээний тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн хуулийн зохицуулалтыг үнэлж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2015 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй асуудлаар нэг ч удаа санал, хүсэлт гаргаж байгаагүй нь нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байгаа төдийгүй гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа дуусгавар болсон. Мөн Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” 196 дугаар “тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.16-д гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол ажил олгогчоос ТХН-ийн ажилтнуудад олгох нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн дүнг холбогдох ТЕЗ-ийн төсөвт тусгуулах арга хэмжээ авах гэж заасан ба дээр дурдсан Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хавсралт 3-ын хавсралт 2-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх татвар, хураамж ороогүй болно гэж тодорхойлсны дагуу зохицуулагдаж ирсэн болно. Хөлсөөр ажиллах гэрээ нь буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн ажилтан нартай байгуулах стандарт гэрээ төдийгүй Олон улсын гэрээний тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан зохицуулалтыг харгалзан үзээгүй байна. Шүүхээс нэхэмжлэгч С.Бгийн нийгмийн даатгал болон ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх гэж шийдвэрлэсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 4-д “нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг гэж заасныг үнэлж үзээгүй буюу даатгуулагч буюу ажилтнаас шимтгэлийг төлөхөд гаргуулах мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлоогүй зөвхөн ажил олгогчоос гаргах мөнгөн дүнг тодорхойлсон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байгааг шүүхээс харгалзан үзээгүй учир дутагдалтай байна. Мөн шийдвэрт амраах үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаанаас богино хугацаагаар амраасан нь түүнийг гэрээнд заасан ээлжийн амралтын мөнгөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул ...” гэжээ. Гэвч талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 9.2-д “Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид ээлжийн амралтын нөхөн олговор болон амралтын хугацаанд ажилласан мөнгийг тооцож тус тус олгосныг шүүхээс үнэлж үзээгүй. Нийгмийн даатгалын тухай хууль, Олон Улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг 1 шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн 181/ШШ2020/01297 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ЗТЯ, тус яамны харьяа “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх” төслийн нэгжид холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоолгох, 41 704 577 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрөн маргасан байна.

С.Б нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 08, 09, 10, 11, 12 дугаар сарын цалин хөлс буюу олох байсан орлогод 23 800 000 төгрөг, 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1 555 200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864 000 төгрөг, 2 удаагийн урамшууллын мөнгө 2 856 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн улмаас учирсан хохиролд 11 763 923 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 865 454 төгрөг, нийт 41 704 577 төгрөг гэж тодорхойлжээ.

Зам тээвэр хөгжлийн яам нь нэхэмжлэгч С.Бтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн төмөр замын дохиолол холбооны инженерээр ажиллуулсан байх бөгөөд талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байна. /1хх.25-30/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтад заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Б Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Д.Энхбаатарт хандан ...сүүлийн 2 сард авч чадаагүй байгаа цалин, гэнэт халагдсаны тэтгэмж 2019 оны амралтын үлдсэн мөнгийг бодуулж ажлаасаа гарах хүсэлт илэрхийлснийг төслийн зохицуулагч Зам тээвэр хөгжлийн яамны нарийн бичгийн даргад уламжилснаар ЗТЯны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 243 тоот тушаалаар С.Бгийн хүсэлтийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1хх.51/

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь заалтад гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж заасан бөгөөд Зам тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 243 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халах хүсэлтийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь дээрх хуулийн заалттай нийцжээ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Бгийн хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоож, 2019 оны 08 сарын 01-нээс хойш төсөл хэрэгжиж дуусах байсан хугацаа буюу 2019 оны 12 сарыг дуусталх хугацаанд олгогдох байсан нийт 5 сарын ажлын хөлс 23 800 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж 11 763 923 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төсөл хэрэгжүүлэх нэгж холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан эрхээ эдэлж ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон тул тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу надад олгох 11 763 923 төгрөгтэй тэнцэх хохирлыг гаргуулна” гэж заажээ.

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч нараас 11 763 923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгохоор шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Засгийн газар, Азийн хөгжлийн банк санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл татвар, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн байна.

Мөн талуудын байгуулсан гэрээний 4.1-д “захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 4 760 000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч С.Б нь 2015 оны 09 дүгээр сараас 2019 оны 08 сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж ирсэн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа зэргээр тогтоогдсон болно. /1хх.52-54, 108-111/

Иймд дээрх үндэслэлээр С.Бд хариуцагч нараас 11 763 915 төгрөг гаруулж нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг үндэслэн хариуцагч нараас 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1 555 200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864 000 төгрөг, нийт 2 419 200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж  шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 5 хоногийн ажлын хөлс 865 454 төгрөгийг нэхэмжилсэн, уг хугацаанд ажилласан болохоо нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул  тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Бгийн хөлсөөр ажиллах гэрээний үр дүнг 2016 болон 2018 онуудад А үнэлгээтэй үнэлүүлж байсан, Сангийн сайдын 196 дугаар тушаалын журмын 16.10 болон 176 дугаар тушаалын журмын 10.1.6-д заалтад зааснаар үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх урамшуулал авах эрх үүссэн гэх үндэслэлээр урамшуулалд 2 856 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрх журмын зохицуулалт төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад олгох урамшуулал нь дан ганц ажилтны ажлын гүйцэтгэлээс хамаарахгүй бөгөөд төслийн хэрэгжилтэд хийсэн жилийн үнэлгээнээс хамааралтай байхын зэрэгцээ урамшуулал олгох асуудлыг Сангийн яам шийдвэрлэх зохицуулалттай байна гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 2 419 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.