Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                     Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Солонго

Шүүгдэгч                                                         *******   

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1974 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Шинь Шинь” ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дорнод аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан 1123-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 19 дүгээр эгнээний шороон замаар Toyota ruam маркийн 92-42 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а,б-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.1.а-д “жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх ёстой” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай *******, ******* нарыг дайрч, *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч /Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 г “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, 3.4д “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5а,б,в,г “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ******* *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасаж,  1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

- Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэсолонго нь эмчилгээний  болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******ийн эмчилгээний зардалд 752,050 төгрөг, *******ын эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдолдоо: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримттайгаар хохирол төлбөр нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардсан 752 050 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 150 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1 900 000 төгрөг хүлээлгэн өгсөн ба 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 100 000 төгрөг өгөхөөр тохирсон тул хохирогчийн ар гэрийн зүгээс гомдол саналгүй болсон талаараа илэрхийлсэн байна. Дээрх мөнгийг шүүгдэгчийн ар гэрийнхэн ах дүү нараас эргэн төлөх нөхцөлтэйгөөр түр зээлсэн байдаг.

Нөгөө талаас ******* нь Шинь шинь ХХК-д ачигчаар ажилладаг байсан ба гэмт хэргийн улмаас ажлаас халагдсан. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Эхнэр нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Өөрөө хэлбэл тухайн айлын ганц ажил хөдөлмөр эрхэлдэг хүн нь шүүгчдэгч байсан ба гэр бүлийн хүрээнд урьд авсан банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтөнд сард нийт 979 689.86 төгрөгийг төлдөг ба цаашид дээрх төлөлт хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайдбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэсолонгын хувьд эмчилгээний зардал мөнгийг хангалттай төлөөд, цааш гарах зардлыг нөхөн төлөх юм бол гомдол санал гэх зүйлгүй, заавал хорьж цагдах шаардлагагүй гэж хэлж байсан. Мөн 3 000 000 төгрөг авсны дараа “гомдол саналгүй” гэдэг бичгийг бичиж өгсөн. Нийт 3 752 070 төгрөгийг хохирогчийн төлөөлөгчид төлж барагдуулсан байна. Тухайн үед “Шинь Шинь” ХХК-д ажиллаж амьдрал ахуйгаа болгож явсан. Одоо хэд хэдэн зээл төлдөг. Сард 1 000 000 орчим төгрөгийг төлөх ёстой байдаг. Гэтэл цагдан хоригдсон цагаас хойш энэ зээл төлөгдөж чадаагүй байна. Эдгээр нөхцөл байлыг харгалзаж үзнэ үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийн нөхцөл байдал маань маш хүнд байдалтай болсон. Надаас өөр ажил эрхлэх боломжтой хүн байхгүй. Гэрийнхэн маань банкны зээлээ ч төлж чадахгүй байгаа. Тиймээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдыг дайрч гэмтэл учруулсан, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Анхан шатны шүүхээс хорих ял болон торгох ялаар шийтгэсэн байдаг. Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирч байна гэж үзэж байна. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 19 дүгээр эгнээний шороон замаар Toyota ruam маркийн 92-42 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а,б-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.1.а-д “жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх ёстой” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай *******, ******* нарыг дайрч, *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч /Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 г “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, 3.4д “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5а,б,в,г “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөрш айлын найз болох Ундралтай цуг дугуйн дээр сундалдаад гэрийн урд талын эгнээнд байдаг Тэмүүлэн гэх найзынхаа гадаа очоод дугуйнаас нь буугаад зогсож байсан. Тухайн үед хэдэн цаг болж байсан талаар тодорхой санахгүй байна. Ингээд зогсож байхад ертөнцийн зүгээр зүүн талаас маш хурдтай саарал өнгийн машин ирж байсан бөгөөд замаараа явахгүй гэнэт шонгийн мод руу далийсан. ...Тэр шонгийн модонд тулж ирээд гэнэт зүгээ өөрчилж Ундрал бид хоёрын зогсож байсан газар руу чиглэн ирээд намайг шууд мөргөсөн. Би тэр машинд мөргүүлээд л шууд ухаангүй болсон. Намайг ухаан ороод сэрэх үед тэр машинтай ах явсан байсан. Мөн миний баруун хөл далийсан байдалтай газарт хэвтэж байсан...” гэх /хх 25/,

Бага насны хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэсолонгын шүүх хуралдаанд өгсөн:  “...Шүүгдэгч эргэж ирсэн гэж худал мэдүүлж байна. Тухайн үед намайг охин руугаа очиход амнаас нь цус гоожсон, хөл нь эргэсэн гудамжинд уйлаад сууж байсан. Тэгээд хэн дайрсныг нь хайж байгаад 2 цагийн дараа энэ хүнийг хашаанаас нь олсон. ...Миний охин 06 дугаар сарын 13-ны өдөр хагалгаанд орж хөлөө хадуулсан. Гэтэл олон хоног бөгтийж түрдэг юм түрж явсны улмаас нуруу нь өвдөж арагшаа гэдийх гээд хөл дээрээ тэнцвэрээ олж чадахгүй унаад дахин хагалгаанд орсон. Би охиноо эмнэлэгт хүргэж, буцаж явах гээд таксинд өдөрт 8000-8500 төгрөг зарцуулдаг. Шүүгдэгчийн өгсөн гэх 600,000 төгрөг нь энэ зардалд зарцуулагдсан. Тэгээд нэг өдөр өмгөөлөгч нь намайг чи энэ хүнийг яланд явуулахгүй юм байгаа биз дээ, та 2 тохиролцоод учраа олно биз дээ гэхэд нь явуулна, явуулахгүй ч гэж юу байх вэ хуульд зохицуулалт байдаг байлгүй дээ гэж хэлсэн. Би 2 охин, 70 хүрч байгаа аавтайгаа 4-үүлээ амьдардаг ганц бие ээж. ...Манай охин улсын эмнэлэгт хагалгаанд орсон тул хагалгааны мөнгө аваагүй. Гэхдээ хүмүүсийн жишгийн дагуу эмч нарыг хоолонд оруулдаг гэхэд нь энэ Нямбуу нэг удаа хоолонд оруулсан байх. ******* нь манайхтай нэг эгнээд байдаг. Миний амьдрал ахуйг энэ хүн сайн мэдэж байгаа. Би ганц бие эмэгтэй хар бор ажил хийдэг ба  ажлаа хаяад эмнэлэгт хүүхдээ сахиж байсан. Мөн миний охины 2 шүд унаж, 3 шүд нь хөдөлсөн. Дахин ургахгүй шүд гэж эмч хэлсэн. ...миний охин дөнгөж 8 настайдаа шүдгүй болж байна. Бид нар өөрсдөө хиймэл шүд хийлгэхэд ямар хэцүү байдаг билээ. Хиймэл шүд хийлгэхэд ямар үнэтэй билээ. Иймд цаашид гарах эмчилгээний зардал 3  сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэх,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэрлэн сум 1 дүгээр баг, Силкад хороололд өөрийнхөө машин болох Toyota ruam маркийн 92-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад манай найз Намхай залгаж хүрээд ирээ гэхээр нь би түүний гэрт буюу Силкад хорооллын саяг дэлгүүрийн хойд талд очсон. Намхайтай хамт Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай нэг шил архи хувааж уусан. ...дахин Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи аваад талд нь ортол бид 2 хувааж уугаад би явлаа гээд өөрийн Toyota ruam маркийн 92-42 ДОР улсын дугаартай машинаа бариад гэр лүүгээ буюу Хэрлэн сум 4-р баг, Зангиат хороолол 20 дугаар энгээ 5 тоот руу явж байсан. Манай хорооллын 20 дугаар эгнээ нь зүүн талаасаа болон араасаа орох боломжгүй тул баруун талаар тойрч ордог. Ингээд би 19 дүгээр эгнээгээр тойроод гэртээ очих гээд яваад баруун үзүүрт ирэх үед хүүхэд гүйх шиг болохоор нь сандраад тоормос дарж жолоогоо эсрэг тал руу дарж зогсоод бууж харахад 1 эмэгтэй хүүхэд хөлөө бариад, баруун хөл нь далийсан байдалтай сууж байсан. Түүний хажууд дахин нэг эмэгтэй хүүхэд айсан байдалтай элгээ тэврээд газарт сууж байсан. Ингээд бид хэсэг юу хийхээ ч мэдэхгүй балмагдаж байгаад буцаж машиндаа суугаад гэртээ очсон байсан. Манай гэр осол болсон газраас 140 метр хавьцаа л зайтай бөгөөд би гэртээ машинаа тавиад буцаж хэрэг болсон газарт очих үед нөгөө 2 эмэгтэй хүүхэд яг хэвэндээ газарт сууж байсан. Би тэр 2 хүүхэдтэй аав ээж нь хэн бэ, гэр нь хаана вэ гэх зэргээр юм ярих гэж оролдсон боловч дуугарахгүй, уйлаад байсан учир би аргаа бараад буцаж гэртээ харьсан. Би тухайн үед аав, ээжид нь мэдэгдэж хэлэх гэсэн боловч дуугарч өгөхгүй, хэлэхгүй байсан мөн би өөрөө их сандарсан байсан тул цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандах ухаанаа олоогүй...” гэх /хх 72/ мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “...*******ийн биед баруун дунд чөмөг ясны далд зөрөөтэй хугарал, баруун хацар, шанаа, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний склер, дээд доод зовхины цус хуралт, доод уруулын язарсан шарх, дотор салстын цус хуралт, дух, доод уруул, эрүү, зүүн шанаа, баруун гуяны зулгаралт, 31, 32-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2022.06.09-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон баруун дунд чөмөг ясны далд зөрөөтэй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-т зааснаар нь баруун хацар, шанаа, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний склер, дээд доод зовхины цус хуралт, доод уруулын язарсан шарх, дотор салстын цус хуралт, дух, доод уруул, эрүү, зүүн шанаа, баруун гуяны зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 31, 32-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 15 тоот дүгнэлт /хх 58-60/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 433 тоот дүгнэлт /хх 50-51/, Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх 60-68/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 81/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 10-11/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, зам тээврийн осол тогтоосон акт, схем зураглал /хх 14-15/, зам тээврийн осолд холбогдсон  Toyota ruam   маркийн 92-42 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасаж,  1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго нь “...Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1 900 000 төгрөг хүлээлгэн өгсөн ба 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 100 000 төгрөг өгөхөөр тохирсон тул хохирогчийн ар гэрийн зүгээс гомдол саналгүй болсон талаараа илэрхийлсэн байна. ...Айлын ганц ажил хөдөлмөр эрхэлдэг хүн нь шүүгчдэгч байсан ба гэр бүлийн хүрээнд урьд авсан банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтөнд сард нийт 979 689.86 төгрөгийг төлдөг ба цаашид дээрх төлөлт хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдол гаргаж, гомдолдоо Дорнод аймаг “Шинь шинь” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын тушаал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэсолонгын өргөдөл, цахим зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг хувийн байдалтай холбоотой 9 хуудас нотлох баримтыг хавсаргажээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хүнд зэргийн согтолттой байхдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зорчигч 8 настай *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр ... хохирол учруулсан бөгөөд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч *******гийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Солонгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 08 дугаар сарын 08- ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүгдэгч *******гийн ар гэрээс давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэсолонгод ХААН банкны 5411044355 дугаарын дансаар 1 120 000 төгрөг, бэлнээр 1 900 000 төгрөг нийт 3 020 000 /гурван сая хорин мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                            С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                    Ж.ДОЛГОРМАА