Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/03865

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/03865

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  ХХК-д холбогдох,

157,368,075 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк Б ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ви чат пэй үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор 2 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Б ХХК нь Ви чат пэй-тэй техникийн холболт хийж, бизнесийн хамтын ажиллагаа үүсгэх, Ви чат пэйтэй техникийн холболтын найдвартай, аюулгүй байдлыг хангасан гэйтвэй сервис гаргаж, гэрээгээр тогтоосон хугацаанд ашиглуулах, Гэйтвэй сервис төлбөр тооцооны системд мерчантуудын системийг холбох, нэвтрүүлэхэд техникийн бичиг баримт, зааварчилгаагаар хангах үүргийг хүлээж, банк үйлчилгээний төлбөр 150,000,000 төгрөг, систем ашиглалтын хураамж болох 687,000 төгрөгийг сар бүр тогтмол дүнгээр төлөх, мөн мерчантыг хэн элсүүлснээс хамаарч гүйлгээний шимтгэлийг хувааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Манай талаас гэрээний үүргээ биелүүлж 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилгаа 60,000,000 төгрөгийн төлбөрийг, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 45,000,000 төгрөгийн төлбөрийг, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийн төлбөрийг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 15,000,000 төгрөгийн төлбөрийг, нийт 150,000,000 төгрөгийг Б ХХК-ийн Капитран банкан дахь ... тоот төгрөгийн дансанд шилжүүлж, гэрээний үүргээ шударгаар цаг хугацаанд нь биелүүлсэн байдаг. Гэтэл Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд биелүүлээгүйгээс гадна, хамтран ажиллах гэрээний гол онцлог болох үнэнч байх зарчмыг баримтлаагүй зөрчил гаргаж, банканд их хэмжээний хохирол учруулсан. Бүр тодруулбал доорх үүргийн зөрчлүүдийг гаргасан байна. 1. Гэрээний 1.1.2-т заасан техникийн холболтын найдвартай, аюулгүй байдлыг хангасан гэйтвэй сервис гаргаж гэрээгээр тогтоосон хугацаанд ашиглуулах үүргээ бүрэн биелээгүй. Өөрөөр хэлбэл систем ашиглагдаж эхэлснээр нөгөө талын Капитрон банкны дансанд шимтгэлийг шилжүүлэх байсан ч ямар ч шилжүүлэг хийгдээгүй байгаа юм. Энэ нь төлбөр тооцооны систем зах зээлд нэвтрээгүйг харуулж байна. 2. Мөн гэрээний дагуу шинээр хөгжүүлсэн төлбөрийн системийг ашиглан төлбөр тооцоо хийхийн тулд Б ХХК нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монгол банкнаас холбогдох зөвшөөрлийг авсан байх шаардлагатай, ингэснээр хамтын ажиллагааны дагуу гадаад төлбөр тооцооны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн үндэслэл бий болох байсан ч энэ үүрэг биелээгүй байна. Тус үүргийг 21/01 дугаар хамтын ажиллагааны гэрээний 1.1.3 болон 1.4-т үйлчилгээ үзүүлэгч талын үүрэг буюу Б ХХК-ийн үүрэг хэмээн зохицуулж өгсөн байдаг. 3. Гэрээний 1.1.3 дахь хэсэг, 2.4 дэх хэсэгт заасны дагуу Б ХХК нь системийг 5 хүртэлх...рограммтай интеграц хийх, 10 хүртэлх М... элсүүлж, төлбөрийн системтэй холбох үүрэгтэй байсан ч бүрэн хэрэгжээгүй бөгөөд 10 мерчант элсүүлээгүй байна. Дээрх үүргийн зөрчлүүдээс харахад хамтран ажиллах гэрээний зорилгыг биелүүлэх хичээл зүтгэл гаргаагүй нь харагдаж байна. Түүнчлэн Б ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр компанийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор гэрээг цуцлах саналыг ирүүлсэн бөгөөд 60 саяыг нэмж төлөөд системийн өмчлөгч болохыг санал болгосон. Гэрээний 1.3-т "Үйлчилгээний үр дүнд бий болсон системийн шийдэл, программ хангамжийн хөгжүүлэлт, шинэ хувилбар, техникийн баримт бичиг болон нэмэлт функцууд нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч байна." хэмээн заасан байгаагаас харахад банкны талаас өөрөө системийн өмчлөгч болж, системийг хариуцан ажиллах төлөвлөгөөгүй байсан нь харагдана. Гэтэл гэрээг хугацаанаас нь өмнө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцалж, банканд ашиггүй нөхцөлийг санал болгосон. Иймд манай банк нь анхнаасаа төлбөрийн системийг хариуцан ажиллах төлөвлөгөөгүй, гуравдагч компанитай хамтран ажиллах замаар системийн хөгжүүлэлт, сайжруулалт, тасралтгүй байдлыг хариуцуулах байдлаар ажиллах зорилготой, тиймээс ч хамтран ажиллах гэрээг байгуулсан учраас тухайн тавьж буй саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр дамжуулан тавьсан саналыг хүлээж аваагүй бөгөөд хохирол 157,368,075 төгрөгийг барагдуулах шаардлагыг гаргасан. Харин нөгөө талаас хариу ирүүлээгүй юм. Ингээд манай банк төлбөр тооцооны системтэй холбоотойгоор өөр компанитай гэрээ байгуулж, хамтран ажиллах болсон билээ. Гэрээний 4.3.3-т "Үйлчилгээ үзүүлэгч нь зохицуулагч байгууллагын зөвшөөрлийг аваагүй энэ гэрээгээр тохирсон үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд Банкийг хохиролгүй болгохыг", 8.3-т "Банк нь энэ гэрээний 3.2-т заасан үүргээ гүйцэтгэсэн боловч үйлчилгээ үзүүлэгч нь энэ гэрээнд заасан хугацааны дотор сервисийг бүрэн ажиллуулж эхлүүлж чадаагүй эсвэл цаашид ажиллуулах боломжгүй болсон нь илэрхий байвал үйлчилгээ үзүүлэгч нь Банканд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлнө." хэмээн тус тус зохицуулсны дагуу үйлчилгээ үзүүлэгч тал нь холбогдох зөвшөөрлийг аваагүй, сервисийг бүрэн ажиллуулж эхлээгүй тул банканд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэмээн заасны дагуу банкны гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн 150,000,000 төгрөг, сар бүрийн төлсөн хураамж 7,368,075 төгрөг, нийт 157,368,075 төгрөгийг үйлчилгээ үзүүлэгчээс гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Сервисээ бүрэн ойлгож байгаа юу. Хамтран ажиллах гэрээ байгуулсан уу. Энэ гэрээний хүрээнд ковидийн цаг хугацаа байсан. 2020 оны 2 дугаар сараас эхлээд манай компани бүтэн жилийн хугацаанд төслийн хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ үйл ажиллагааны хүрээнд хятадын тенсент компанитай холбох ажлыг энэ гэрээгээр хийж байсан. Мэйлд үзлэг хийсэнтэй холбоотойгоор холболтууд яаж хийгдсэн талаар байгаа. Тенсентийг техникийн холболт хийж хамтран ажиллах гэж эхэнд байсан. Манай тал төлбөр тооцооны шийдэл хэрэгтэй юм байна. Танай талд баг байгаа юм байна гэсэн агуулга байна. Урьдчилгаа тодорхой хувь өгөөд төлөвлөсөн хугацаанд ажил хийсэн учраас үе шаттай мөнгө шилжүүлж байсан. Хамтын ажиллагааны гэрээ гэж үүсдэггүй. Төлбөр тооцоо шилжүүлэх боломжтой гэдэг майл танай банканд очдог юм. Энэ очиход дараагийн хийх ажлын загвар гарч ирнэ. Хоёрдугаарт бүрэн найдвартай хийх ажиллагааг бүрэн гүйцэтгээд гуравдагч этгээдтэй байгуулах гэрээний загвар хийж өгсөн. Тухайн үед ажиллаж байсан Ганбаярын мэйлд үзлэг хийхэд тодорхой байгаа. Эцэст нь хэрэглэгчийг холбох үйл ажиллагаатай холбоотой сар бүр авах гээд байгаа шимтгэлээ чөлөөлж байгаад энэ ажлыг хийсэн. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хамтын ажиллагааны гэрээ /хх 7-20/,  /хх 21-22/, БХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б-07/01 дугаар албан бичиг /хх 23-24/,  2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр /хх 25-26/, Үйлчилгээ үзүүлэгч вендор компанийг солих тухай санал /хх 27-31/, мемориалын баримт /хх 32-37/, хариуцагчаас итгэмжлэл /хх 53/ тус тус шүүхэд гарган өгчээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт /хх 150-153, 76-144/ үйлджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелэгдээгүйгээс 157,368,075 төгрөгийг хохирлын журмаар буцаан шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын бүрэн хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчээс шалтгаалан гэрээ цуцлагдсан тул төлөхгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хариуцагч нь ...техникийн холболт хийж, бизнесийн хамтын ажиллагааг үүсгэх, техникийн холболтын найдвартай, аюулгүй байдлыг хангасан гэйтвэй сервис гаргаж, гэрээгээр тогтоосон хугацаанд ашиглуулах, Гэйтвэй сервис төлбөр тооцооны системд мерчантуудын системийг холбох, нэвтрүүлэхэд техникийн бичиг баримт, зааварчилгаагаар хангаж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хураамж, шимтгэл холбогдох бусад зардлыг тогтмол төлөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хамтын ажиллагааны гэрээ /хх 7-20/ байгуулжээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан тодорхой ажлууд хийгдсэн бөгөөд нэхэмжлэгч үе шаттайгаар 157,368,075 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь үзлэг хийсэн тэмдэглэл /хх 150-153, 76-144/, мемориалын баримт /хх 32-37/-аар тогтоогдож байна. Зохигч хийгдсэн ажил, шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд маргаагүй болно.

Гэтэл хариуцагч компанийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор гэрээ цуцлах санал гаргасныг нэхэмжлэгч банк хүлээн авч, гэрээг цуцалсан болох нь .... өдрийн албан бичиг, Б ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б-07/01 дугаар албан бичгээр тус тус тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч ямар ч ажил хийгээгүй гэсэн тайлбараа, хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохоо тус тус баримтаар нотлоогүй байна.

7. Хариуцагч нь .... техникийн холболт хийж, бизнесийн хамтын ажиллагааг үүсгэх, техникийн холболтын найдвартай, аюулгүй байдлыг хангасан гэйтвэй сервис гаргаж, гэрээгээр тогтоосон хугацаанд ашиглуулах, ....сервис төлбөр тооцооны системд мерчантуудын системийг холбох, нэвтрүүлэхэд техникийн бичиг баримт, зааварчилгаагаар хангаж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хураамж, шимтгэл холбогдох бусад зардлыг тогтмол төлж, гэрээний 3.4.1-д Банк мерчантаас шимтгэх гүйлгээний шимтгэлээс Tenpay-ийн шимтгэлийг төлөх ба үлдсэн дүнг банкны элсүүлсэн мерчантын хувьд банк 70 хувиар, үйлчилгээ үзүүлэгч 30 хувиар, үйлчилгээ үзүүлэгчийн элсүүлсэн мерчантын хувьд банк 40 хувиар, үйлчилгээ үзүүлэгч 60 хувиар хуваарилна зааснаар талууд ашиг хүртэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ заасан хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.

Хэдийгээр хариуцагч дээрх ажлыг нэхэмжлэгчийн санхүүжилтээр гүйцэтгэхээр тохиролцсон боловч үйлчилгээний үр дүнд бий болсон систем бүхэлдээ үйлчилгээ үзүүлэгчийн өмч байхаар гэрээний 1.3-д зааснаас гадна гэрээний талууд хамтран ашиг хүртэх, системийн ажиллаагааг хариуцагч хариуцахаар тохиролцсон тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно зааснаар талууд хамтран ажиллахаар бичгээр тохиролцсон боловч хамтран үйл ажиллагаа амжилтгүй болжээ. Зах зээлд систем нэвтэрч хамтын үйл ажиллагаа амжилттай болсон гэж зохигчид маргаагүй.

Хэрэв хамтын үйл ажиллагаа амжилгүй болох юм бол Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дахь хэсэгт хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд тэнцүү хэмжээгээр хариуцвал зохино.

Өөрөө хэлбэл, Б. ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн .... албан бичгээс үзэхэд хариуцагч гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй талаараа тусгасан бөгөөд өөрийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаатай холбоотой гэрээг цуцлах санал гаргасан тул хамтын үйл ажиллагаанаас бий болсон бодит алдагдлыг 157,368,075 төгрөгөөс тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагчаас 78,684,037 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 944,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 551,370 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 78,684,037 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгож, үлдсэн 78,684,037 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 944,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 551,370 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ