Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/03866

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/03866

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Манай компани нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж 50,000,000 төгрөг өгсөн. Уг зээлийн гэрээгээр зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Хариуцагч нь нийт 2,500,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Ө.Ц..ийн хүсэлт гаргасны дагуу фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашиныг 25,000,000 төгрөгт бодож зарсан тул үлдэгдэл 25,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн нэр дээрх хөрөнгийг 50,000,000 төгрөгийг барьцаанд тавьсан. 25 сая төгрөгөөр зарж болно гэж бичиж өг гээд бичүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 25-нд намайг дуудаж уулзаад график гаргаад төл гэсэн. Тэгээд би 75 сая төгрөг төлөхгүй гээд гарын үсэг зураагүй. 2024 оны 10 дүгээр сарын 2-ны бичгийг мөн хүртэл нөхөн бичүүлсэн. Он сар тавих гэтэл тавиулаагүй. Миний машиныг хямд үнээр зарсан байна. Би өөрөө зарсан бол 60,000,000 төгрөгөөр зарах байсан. 50,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулахдаа бэлэн өгөөгүй, өмнөх зээлийн төлбөрийг оролцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ хх 4-5, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ /хх 6-7/, автомашин хүлээлцсэн акт /хх 8/, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ө.Ц..н хүсэлт /хх 9/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 29-30/, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ө.Ц..н хүсэлт /хх 31/, бэлэн мөнгөний орлого болон зарлагын баримт /хх 44/, Э.Б..н хаан банкны депозит дансны хуулга /хх 85/, хариуцагчаас хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 45-55/, Т  ХХК-ийн үнэлгээ /хх 56-79/ тус тус шүүхэд гарган өгчээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр нотариатчаас зээлийн гэрээ, фидуцийн гэрээ /хх 39-43/ гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, өмнөх зээлийн гэрээг хаах замаар зээл олгосон, 50,000,000 төгрөг бэлнээр өгөөгүй, фидуцийн гэрээний зүйлийг хямд үнээр зарж борлуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14,850,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 33,485,000 төгрөг, нийт 48,335,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ /хх 6-7/, хариуцагчийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 45-55/-аар тогтоогдож байна.

Мөн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар... улсын дугаартай, ....арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ хх 4-5, автомашин хүлээлцсэн акт /хх 8/ зэргээр тогтоогджээ.

Энэхүү тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч 25,000,000 төгрөгөөр бусдад худалдсан болох нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 29-30/, Э.Б... хаан банкны депозит дансны хуулгаас /хх 85/ харагдаж байна.

Харин хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гаргасан хүсэлтээ тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн тул Т ХХК-ийн үнэлгээ /хх 56-79/ ач холбогдолгүй гэж үзлээ. Хариуцагч хүсэлтээ нөхөн бичүүлсэн гэх боловч түүнийгээ нотолсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн болохоо баримтаар нотолж чадсангүй.

7. Зохигчид 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 23110701 дугаар зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу 50,000,000 төгрөг бүрэн шилжүүлснээр мөнгөн зээлийн гэрээ байгуулагддаг тул 1,665,000 төгрөг дутуу байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан 14,850,000 төгрөгийн зээлийг төлүүлэх зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин зээл олгож, ингэхдээ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэгч этгээд болохын хувьд хуулиар тогтоосон зээл олгох журам, зээлийн гэрээ байгуулах шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймээс зохигчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 23110701 дугаар зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй зааснаар хариуцагч зээлийн болон фидуцийн гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардаагүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй болжээ.

9. Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус тул хариуцагч Ө.Ц нь үүрэг гүйцэтгэгч этгээдээс шилжүүлсэн 48,355,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 2,500,000 төгрөгийг хасаж тооцвол 45,835,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байсан ба тээврийн хэрэгслийн худалдан борлуулсны төлбөрт 25,000,000 төгрөгийг хасаж тооцвол нэхэмжлэгч 20,835,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шаардах эрхтэй болжээ.

 

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул түүнээс хүү, алданги авах эрхгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагчаас 20,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 29,165,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ө.Ц...с 20,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үлдэх 29,165,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ