Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

*******д холбогдох    эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Ч.Мөнхзул

Хохирогч                                                                     *******

Хохирогчийн өмгөөлөгч                                           Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Д.Ганхуяг

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч                     *******

Өсвөр насны шүүгдэгч                                            *******    

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 15 нас, 9 сар, 17 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 4, эх, дүү нарын хамт  Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32-53 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: *******/

Шүүгдэгч ******* нь 15 нас 5 сар 22 хоногтой байхдаа буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32-53 тоот гэртээ хохирогч *******ийг сантехникийн багажаар олон удаа цохиж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, өсвөр насны шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д холбогдох хэргийг “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******т 7,198,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хар, улаан өнгийн бариултай, KENDO гэх бичигтэй сантехникийн багажийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “...Цагдаагийн байгууллага хэрэг болсон өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад улсын яллагч шүүгдэгчийг хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгчийн хэргийг хянан хэлэлцэхдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргаж гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаацайлж хэргийг бүр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Монголд үнэн шударгаар шийдэх шүүх, шүүгч байхгүй болсон юм уу, хохирогч миний эрхийг хэн хамгаалах ёстой вэ? Зүв зүгээр гэртээ байж байгаад аймшигтайгаар зодуулж алуулах шахсан миний эрхийг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж хамгаалсангүй.

Шүүгдэгч нь намайг гэртээ хуурч мэхлэн оруулан улмаар хүний хамгийн эмзэг эрхтэн болох толгой руу хүнд төмрөөр гэнэт, араас олон удаа цохиж балбаж, хүн алмаар байна гэсэн үг хэллэг хэлж зодож байсан хүний үйл явдал нь хүнийг алахаар завдаагүй гэж шүүх дүгнэснийг ойлгохгүй байна. Хэн ч харсан, сонссон хүнийг алах оролдлого хийж байсан. Хутга мэс барьвал хүн алах гэмт хэрэг болдог өөр зүйлийг хэрэглэн хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирвал хүнийг алах биш болдог гэдгийг шүүх дүгнээд байх шиг байна. Та бүхэн тухайн цаг мөчид дэргэд байгаагүй, хүнийг алахаар завдсан *******ы үйлдлийг хараагүй болохоор намайг зүгээр байна гэж дүгнэж байгаа юм болов уу? Гэтэл миний сэтгэл санаа тухайн үеийн айдсаас болж ямар айхавтар хямарч гэмтсэн гэдгийг дүгнэх аргагүй байдалтай байна.

Тухайн өдөр намайг гэртээ ганцаараа байхад ******* нилээд удаан манай хаалгыг тогшсон. Намайг гэртээ байгаа гэдгийг мэдэж байгаа учраас удаан балбасан гэж би бодож байна. Би дуугуй, чимээгүй байгаад байхад “Ганаа эгчээ Хэрлэн байна аа” гэхэд нь би хаалгаа нээж өгсөн. Гэтэл манайх ус алдаад байна. Та ороод юм бариад өгөөч гэсэн. Би “за” гээд гэрт нь орсон. Гэрт нь ороод ванны өрөөнд ороход ус алдсан зүйл байгаагүй. Түүний крантны чангалж бооно гэсэн хэсэг нь шинээр сольсон байсан. Гэтэл үүнийгээ ус алдсан гэж худлаа ярьж хуурч намайг гэртээ оруулсан. Энэ бол эхний хэрэг.

Улмаар слесарь дуудсан гэхэд нь “чи бид хоёрын чаддаг юм гэж юу байх билээ. Слесарь ирэхэд үзүүл” гэж хэлээд ванны өрөөнөөс гараад яг хаалга руу зүглэж байхад гэнэт би суун тусаж тогонд цохиулж байгаа мэт мэдрэмж авч унасан. Тэгээд Хэрлэн миний хүү юу болж байна, эгч нь тогонд цохиулчих шиг боллоо. Танай гэрт юун тог байгаа юм гэж хэлэхэд юу юугүй толгой руу нилээд хэдэн удаа дээр дээрээс нь балбаад эхэлсэн. Би эхэндээ Хэрлэнг намайг цохиж байна гэж огт бодоогүй. Хүнийг араас нь тэр тусмаа толгой руу хүнд төмрөөр цохиж буй хүнийг алах зорилгогүй гэх юм уу? Үүнийг би ойлгохгүй байна. Хэрэв уурлаад тусалсангүй гэж цохисон бол ингэтэл нь хүний биед гэмтэл учруулах уу? Хэрэв би гараараа толгойгоо хамгаалаагүй бол өнөөдөр ямар гэмтэл авч, ямар байх байсан бол гэж боддог. Үхдэггүй юм гэхэд би өнөөдрийн байгаагаас дор өрөөл тахир дутуу хүн болох байсан. Гараараа хамгаалж хоёр гарынхаа хурууг хугалуулж энэ зэрэгтэй салсан нь би өөрийгөө хамгаалж авсан арга хэмжээний үр дүн юм.

******* намайг зодохдоо ашигласан газовоо намайг цохиод газар хаяагүй шүү. Би булаацалдаж байгаад өөрийн гартаа оруулсан. Намайг зодохдоо миний багалзуурыг шахсан. Араас маань шилдэж амыг маань дарсан тухай болсон үйл явдлын тухай хохирогчоор байцаалт өгөхдөө хэлсэн. Гэвч хохирогч миний үг,  үг биш болжээ гэдгийг шүүхийн тогтоолоос ойлголоо. Бүх юм шүүгдэгчийн үгээр шүүгдэгчийн зөв болжээ.

Шүүгдэгч нь намайг зодохдоо яагаад миний хүү ингэж байгаа юм бэ? Эгч нь чамд ямар буруу юм хийсэн юм. Анандыгаа бодсон ч, чи эгчийгээ алж болохгүй шүү дээ гэж би уйлан дуулан гуйсан. Гэтэл ******* нь “би маш их бухимдалтай байна. Та манайхыг мэдэж байгаа. Манай аав, ээж хоёр салаад гурван жил болж байна. Аав маань өөр хүнтэй суусан та мэдэж байгаа биздээ? Би их бухимдалтай байна. Би хамгийн сайн хүнээ алаад өөрийгөө ална, цонхон дээрээс үсэрнэ.” гэж хэлж байсан хүнийг намайг алах гэж байна л гэж мэдэрч  байсан. Хэдийгээр насанд хүрээгүй хүүхэд боловч биеэр том хүчтэй байсан. Над руу 20 литрийн савтай ус хүртэл шидсэн. Хэрэв тусалсангүй гэж бодоод уурласан бол ингэтэл энэ олон зүйлийг хэлж миний толгойны араас төмрөөр балбаж, багалзуур шахах, амыг дарах гэж оролдох байсан уу? Би энэ бүхнийг санахаар үнэхээр айдастай байна.

Хүн амь аврагдаж гарснаас хойш болсон үйл явдлаас маш их цочирдож айдастай болдог гэдийг би биеэр үзэж,  мэдэрч байна. Эдний хаалга дуугарахад, орц руугаа орох, гарахдаа хүртэл айдастай болдог юм байна. Энэ айдас зүгээр ганц нэг цохиход үүсэхгүй болов уу? Үнэхээр би их бухимдалтай байна. Өөрийнхөө сайн хүнийг алаад өөрийнхөө амийг хорлоно гэж хашгирч байсан тухай хохирогчийн мэдүүлэг нь мэдүүлэг биш юм уу? Би худал хэлээгүй, нэг ч үг нэмж хэлээгүй, яг л болсон явдлыг тэр хэвээр нь хэлж ярьсан. Надаас хууль сануулж байж мэдүүлэг авсан. Хамгийн анх надаас мэдүүлэг авахад би эмнэлэгт ухаан санаа цочирдсон байсан тул юу болсоныг бүрэн ярьж чадаагүй. Дараа нь мэдүүлгээ өгөхдөө болсон зүйлийг бүгдийг л мэдүүлсэн. Адилхан эрэгтэй хүүхэдтэй эх хүн, хүний хүүхдийг гүтгээд гүжирдээд гэмт хэрэгтэн болгох гээд байгаа юм биш. Шүүхийг л шударга л бай гэж хүсч байна. Яагаад хохирогч хүний үг, амь нас, эрүүл мэнд үнэгүй хөсөр байдаг юм бэ? Үүнд л би бухимдаж байна.

Би шүүгдэгчийн үйлдлийг өөрийн арга эв, ухаан, хүч самбаагаар л таслан зогсоож зугатаж чадсан. Хэрвээ тэгж чадаагүй бол магадгүй хүн ална гээд дайраад байсан хүний зодуурт үхэх ч боломжтой байсан.

Шүүгдэгчийн эх Энхцэцэг болон гэрч Алтантуяагийн мэдүүлэгт: ******* нь таны болон биднийг зовоодог хүнийг зодчихлоо энэ бүх үйл явдал бодогдоод ийм зүйл хийчихлээ гэж маш тодорхой хэлж ярьсан байдаг. Үүгээр урьдчилан төлөвлөж гэмт хэрэгт үйлдсэн байх магадлал байна. Тэгээд ч өөрийгөө үхмээр байна, ална гээд хутга өвөр дээрээ тавьсан байгаа нь надад хэлж байснаа хэрэгжүүлэх гэсэн үйлдэл биш үү. Гэтэл анх ингэж мэдүүлэг гаргаж байсан бол сүүлдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа надад туслаагүй болохоор уурлаад гэнэт зодсон гэж, гэнэт үүссэн санаа мэт мэдүүлж улмаар шүүхээс энэ мэдүүлгийг үндэслэн хүнийг алахаар завдаагүй хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан байна гэж дүгнэсэнд маш их гомдолж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтанд эргэлзээтэй буюу хүнийг алахаар завдаагүй гэж дүгнэх нотлох баримт байхгүй байтал яагаад өчүүхэн ийм зүйлд шүүгч нарын итгэл алдран эргэлзэж нийгмийн болж бүтэхгүй байгаа үйлдлийг засаж залруулж болохгүй байгаа юм бэ? Бид алуурчин, хүн алахыг завдсан, дээрэмдсэн, хүчиндсэн гээд аль болохгүй хүмүүстэй нийгэмд айдастай амьдрах юм уу? Одоо үеийн хүүхдүүд элдэв кино үзэж тэрэндээ донтон хүн алж үзэх гэсэн биш байгаа гэж айж байна.

Шүүх хурлаас хойш шүүгдэгч, шүүгдэгчийн эх нь харин ч ялсан баатар мэт миний хажуугаар ширэв татан намайг дооглон өнгөрч байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Хохирсон хүн гэмтэн мэт амьдрах уу? Эмчилгээний мөнгө шүүхэд өгнө гэж уйлан дуулан амлан хэлж байсан боловч сэтгэлээрээ намайг хагалгаанд оруулж бүрэн бүтэн болгохгүй, харин ч шүүх хурлаас хойш намайг хялалзан заналхийлж хараад байна. Энхцэцэг гэх эх нь энд тэнд намайг муулж буруутгаж яриад байна. Үүнд би маш их гомдолтой байна. Харин ч хүүгээ хүмүүжүүлж бурууг нь засаж бусдаас өршөөл энэрэл эрэн уучлал гуйх биш доогтой нь аргагүй хандаж байна. Гэрч Ганжаргал намайг огт архи уугаагүй байхад уусан гэж худал мэдүүлэг гаргасанд гомдолтой байна. Архи уугаагүй, айдас цочролд автан уйлж орилж байсан намайг аймшигтайгаар гүтгэж нэр төрд халдаж байна. Шүүгдэгчийн эх нь миний найз Сарантуяад хэлэхдээ “хүү маань над руу ээжээ би хүн алчихлаа” гэж хэлсэн тэгээд намайг ирэхэд өөрийгөө егүүтгэх гэж байхад нь би болиулсан гэж яг гэмтэл авснаас хойш хэлсэн байдаг нь үйл явдлыг давхар баталж байгаа.

Надад тусалдаг байсан нь хохирогчийг тухайн цаг хугацаанд алах шалтгаан, санаа зорилго байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж нотлох баримтыг үнэлэхдээ шүүх алдаатай дүгнэж, улмаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх шалтгаан болсон. Улмаар шүүх эдгээр баримтанд эргэлзэж зүйлчлэлийг өөрчлөх болсон. Үүнийгээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх гомдол минь болж байна.

Иймээс миний гомдлыг хүлээн авч шийдэж өгнө үү. Би гэмтэн мэт амьдарч биеэ өрөөл татанхай болгочихоод, сэтгэл зүрх, тархиа айдаст автуулчихаад хүнийг алахаар завдсан хүн ял завшин хуулиар шийтгүүлэхгүй байхад шударга үнэнийг хаанаас хайх вэ? Би шударга байхыг хүсч байна. Хэн ч ял завших, хуулиас гадуур байхыг хүсэхгүй байна. Ирээдүй маань ямар болох вэ? Миний хүүхдүүдэд яаж хандах вэ гэхээс айж байна.

Иймд шүүхийг шударга үнэнээр шийдэж өгөхийг хүсье. Хохирогч миний хэлсэн үг алдаа болсон мэт үлдэж хоцормооргүй байна. Эрүүл мэнд, сэтгэл санаагаар улам их хохирч үлдээмээргүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэжээ.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их гомдолтой байна. Одоо намайг гадуур янз бүрээр ярьж байна. Аавтай нь явалдсанаас болж хүүхэд нь алах гэж оролдсон юм шиг л зүйл ярьж байна. Одоо миний хамар муруйсан, гарны мэдрэлийн хэсэг гэмтсэн, цаашлаад хөл маань ч мэдээгүй болох боломжтой гэсэн. Би эмчилгээний зардал гаргуулмаар байна.” гэв.

Өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн мэдүүлгийг шүүх юу гэж дүгнэсэн нь тодорхой бус байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэлбэртэй байна гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсч байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх ёстой.” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цаашид чадах чинээгээрээ тусална. Би үнэндээ санаа зовоод хохирогчийн нүд рүү нь ч харж чадахгүй явж байна. Миний хүүхдийн үйлдлээс болж гэмтэл учирсан учраас би гэмшиж, санаа зовж байна. Үнэхээр их уучлалт гуйж байна. Өмнөх шүүх хуралдааны өмнө би хүүтэйгээ очиж сөгдөж байгаад уучлалт гуйсан. Ийм насан дээрээ хэрэгт холбогдсонд нь би маш их харамсаж байна. Бид гэмшээгүй биш, маш их гэмшиж байна. Би адилхан эх хүн.” гэв.

Өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ... *******ы хувьд “ална” гэж дайрсан зүйл байхгүй. Алах гэж ч оролдоогүй. Тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж дайрсан. Энэ хэрэгт сэтгэцийг тогтоох шинжилгээ хийгдсэн. Ингэхэд сэтгэцийн гэмтлийн “стрессийн эмгэг байна.” гэдэг онош тавигдсан. ... Хохирогчид нийт 7 898 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. ... Эмчилгээний зардал гаргуулмаар байна гэж хэлж байгаа боловч баримт байхгүй байгаа нь харагдаж байна. Гэхдээ баримттай хохирол нэхэмжлэх юм бол тухайн үед төлж барагдуулах болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* эгчээс маш их уучлалт гуйж байна. Хагалгаанд орно гэж сонссон. Энэ үед бүх хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Прокурор Ч.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд бүх оролцогч оролцож, шаардлагатай нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Хохирогч, түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна. Нэгэнт анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бол ямар нэг шийдвэр гаргах нь тодорхой байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэдэг байр суурьтай байгаа. Хохирогчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Өөрийн гаргасан яллах дүгнэлтийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* ******* нь  15 нас 5 сар 22 хоногтой байхдаа буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32-53 тоот гэртээ хохирогч *******ийг сантехникийн багажаар /газовоор/ олон удаа цохиж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч *******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Би тухайн өдөр гэртээ шөл буцалгаж уух гээд 11 цаг 30 минутын үед орсон.  Тухайн үед хаалга дуугарахад нь би гэртээ ганцаараа байдаг болохоор хэн бэ гэж дуугараагүй. Гэтэл “Ганаа эгчээ Хэрлэн байна.” гэхэд нь хаалгаа тавихад “манайд ус алдаад байна, та юм бариад өгчих” гэсэн. Тэгэхэд нь “эгч нь плиткен дээр шөл тавьсан байгаа, тэрийгээ салгаад оръё, эгчид нь хийж чадах зүйл байгаа юм болов уу” гээд түлхүүрээ аваад утсаа орхиод углааштайгаа гэрт нь орсон. Тухайн үед чи “слесарь дуудсан уу” гэхэд “дуудсан” гэсэн. Тэгээд гэр рүү нь ороход ******* газов бариад ванны өрөөндөө зогсож байсан.  Тэр үед ванны өрөөнд нь айхавтар ус алдсан зүйл байгаагүй, угаалтуурын тэнд хогны хар уутаар боосон байсан ба эднийх усныхаа тоолуураа шинээр сольсон байсан. Тэгээд нээх айхавтар ус алдаагүй байсан тул “чи бид хоёрт хийж чадах зүйл байхгүй, нэгэнт слесарь дуудсан юм чинь дуудлагаар ирээд янзлах байх” гэж хэлээд ванны өрөөнөөс нь гарах гэтэл миний араас “цохиход нь” би бөгсөөрөө унасан. Тэр үед үнэхээр аймшигтай зүйл болсон. Тогонд цохиулаад байх шиг болохоор нь Хэрлэн “миний хүү юун тог вэ” гэж хэлсэн. Хэрлэнг намайг цохисон гэж мэдээгүй. Тэгээд толгойгоо гараараа барихад маш их цус гарсан байсан ба гараараа толгойгоо барихад хурууг минь хуга цохисон. Би тэр үед ухаан алдсан юм уу нэг мэдэхэд намайг том өрөөний довжоон дээр аваачсан байсан. Тэгээд амыг минь дарахад гарыг нь холдуулаад, арай гэж амьсгал авсан ба мөн миний хоолойг боосон. Тэгэхэд нь “миний хүү яаж байгаа юм бэ, Анандыгаа бодсон ч гэсэн намайг ингэж болохгүй биз дээ. Яасан гэж уурлаж байгаа юм бэ, эгч нь чамд ямар гэм хийсэн юм бэ, би та гурав руу муухай ч харж үзээгүй, нэг ч удаа загнаж үзээгүй байхад яагаад намайг ингэж байгаа юм бэ эгч нь үхлээ” гэж бахирсан. Тэгээд Хэрлэнг аргадахад Хэрлэн үүдний тэнд зогсож байсан ба надад үүд л харагдаад байсан. Миний хүү яаж байгаа юм бэ гэхэд “аав маань салаад 3 жил болж байгааг та мэдэж байгаа биз дээ, ээжээс минь салаад өөр хүнтэй суусан, би маш их бухимдаж уур хүрч, зүрх дэлсэж байна, би таныг алчихаад тагтнаас нисэж үхнэ, та намайг үхсэнийг харахгүй” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би Хэрлэнг аргадаад “Ананд, Чинзо ах чинь чамд ямар сайн байдаг билээ, яасан гэж эгчийгээ алах гэж байна вэ, эгч нь та нарын дэргэд ээжтэй чинь хэрэлдэж үзээгүй, энэ олон жилийн турш хөрш байсан шүү дээ” гэж аргадсан. Тэгэхэд 20 литр савтай усаа над руу авч шидэхэд нь тэр сав нь хага үсэрсэн. Тэгэнгүүт нь “миний хүү хагарсан юман дээр байгаад яах вэ жоохон ийшээ болчих гээд хажуу тийш болоход нь амь аврагдах гээд хаалга руу зүтгэж хөл нүцгэн цусаа гоожуулаад амь авраарай” гэж гарч гүйсэн. Тэр үед жижүүрийн хаалга онгорхой байсан тул амь аврагдсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 220/

Гэрч Н.Осоржамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим гэртээ байхад шатаар нэг хүн аллаа, авраарай гэж байснаа 32 дугаар байрны 54 тоотын ******* цусаа гоожуулаад буугаад ирсэн. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлэхээр нь би юу болсон талаар асуухад 53 тоотын ******* намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж жоохон хүүхэд чамайг зоддог юм бэ гээд цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандсан. *******ыг шатаар бууж ирэхийг хараагүй. ******* уйлаад бахираад, үс гэзэг нь арзайсан бууж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 37-38/

Гэрч Т.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр нэг танихгүй дугаараас жижүүр Жамаагийн охин нь байна гээд таныг ******* эгч яаралтай хүрээд ир гэж байна гэхээр нь юу болсон талаар асуухад ******* эгч хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд намайг очиход найз *******ийн нүүр ам нь нил цус болчихсон аймаар байсан учир би сайн харж чадаагүй. ...Би *******тэй өглөө болгон хамт алхдаг. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө бид 2 хамт алхаад гэр гэртээ орсон. 9 цагийн үед ******* манай дэлгүүр дээр ирээд бид хоёр бөөний баазуудаас бараа цуглуулж хамт яваад 12 цагийн үед ******* гэртээ орж амарлаа гээд орсон. Ингээд гарч яваад нээх удаагүй 30 орчим минутын дараа тийм зүйл болсон. Зодуулахаас өмнө *******ийн бие зүгээр байсан. ... *******ийн зан байдлын хувьд ямар нэгэн ширүүн аашгүй, хүнд тусархаг, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг, цагаахан, хүний мууг үзээд байдаггүй. Ярианы өнгө аясын хувьд жоохон дэвэргэж ярьдаг байж болох юм. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 58-59/

Гэрч эмч Ц.Идэрзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цагийг сайн санахгүй байна. Толгойдоо гэмтэлтэй хүн ирлээ гээд сувилагч хэлэхээр нь би бууж очсон. Намайг очиход 50 орчим насны эмэгтэй айсан сандарсан байдалтай, толгойдоо хэд, хэдэн шархтай байсан. Болсон асуудлын талаар тухайн хүнээс асуухад хөрш айлын хүүхэд нь толгой руу нь юмаар цохисон гэсэн. Тэгээд үзлэг хийхэд толгойн зулай, ар дагз хэсгээр шархтай, гавал тархинд ямар нэг гэмтэл, цус хуралт байхгүй, хоёр гарын чигчий хурууны яс хугарсан байдалтай байсан. ...******* гэх хүн ирэхдээ эрүүл байсан. Өөрөөс нь ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, хэл яриа хэвийн байсан. Би өөрөө лавлаж асуусан. Хэрэв согтуу байсан бол яаралтай тусламжийн хуудсанд тусгагдах ёстой. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 65-66/

Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Яллагдагчийг ямар хүчээр хэрхэн цохисон болохыг тогтоох боломжгүй. Гэхдээ тухайн багажаар хүнийг цохиход хүнд гэмтэл үүсэхийг үгүйсгэхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 71/

Өсвөр насны шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ ганцаараа байсан. Тухайн үед ээж маань ажилдаа, 2 дүү минь хичээлдээ явсан байсан. ... ******* эгч гэрээсээ гараад манай гэрт орж ирээд надтай хамт угаалтуурын тоолуураас бариад янзлах гэсэн чинь болохгүй байсан. ... Ээж маань ******* гэх хүнээс мөнгө зээлдэг байсан ба байнга шахуу мөнгөө нэхээд ээжийг маань хэл амаар доромжлоод байдаг байсан нь бодогдоод хэсэг зуур ухаан самуураад цохисон. ... ******* эгч мэдүүлэгтээ намайг амыг нь дараад хашхирвал ална шүү, би хүн алмаар байна. Манай эцэг, эх салаад 3 жил болж байгаа. Би одоо таныг алаад тагт дээрээс үсэрч үхнэ гэж хэлсэн гэж худлаа хэлсэн байна. Тухайн өдөр крант барьж өгөхөөр орж ирэхдээ крант руу хараад “чи бид хоёр хийж чадахгүй, слесарь, ээж хоёрыгоо дууд” гээд зандрангуй хэлсэн. Тэгэхээр нь би “та надад ганц удаа туслахад яах вэ дээ, би танд байнга тусалдаг. Өмнө нь амралтаараа гэрийн чинь засварт тусалсан гэж хэлсэн.” Тэгэхэд ******* эгч “чадахгүй” гээд цаашаа эргээд алхахаар нь би гартаа барьж байсан газовоор ******* эгчийн толгой руу нь цохиход ******* эгч газар унасан. Би очоод дээрээс нь  2-3 удаа цохисон бөгөөд ******* эгч гараараа хаасан. Тэгээд би газовоо газарт хаясан чинь ******* эгч бариад босоод ирсэн. Тэгэхээр нь ******* эгчид “та надад яагаад тусалж болдоггүй юм. Намайг байхгүйд ээж, дүү нарыг минь яагаад дээрэлхээд байдаг юм бэ” гэхэд эгч нь “хэзээ тэгсэн юм, үгүй шүү дээ” гээд манай гэрээс гүйгээд гараад явсан. ... ” гэсэн мэдүүлэг, /1хх 96-97/

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би тухайн үед өглөөний 08 цагт ажилдаа явахаар гэрээс гарсан байсан. Тэгээд ажил дээрээ ажлаа хийж байтал миний хүү ******* нь 13 цагийн орчимд над руу залгаад “ээжээ та гэртээ хүрээд ирээч, хүүгээ уучлаарай. Хүү нь таныг ганцхан удаа үнсчихээд үхээд өгье.” гэж хэлж байсан. Тэгээд би ажлаасаа гараад гэр рүү явахдаа юу болсон талаар асуухад “би хүн зодчихлоо, хүн алчихлаа.” гээд уйлаад байсан. Намайг гэртээ орж ирэхэд хүү минь цамц нь цус болчихсон, өвөр дээрээ хутга тавьчихсан сууж байсан. Тэгээд би хутгыг нь авч тавиад юу болсон талаар асуухад “би таныг зовоодог хүнтэй муудсан.” гээд шууд балкон руу гүйхээр нь араас нь зууралдаад зогсож байтал гаднаас багийн нийгмийн ажилтан Алтантуяа орж ирээд хүүг минь тайвшруулсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 35/

Шинжээч эмч Б.Батдуламын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... Энэ дүгнэлт нь тухайн ******* гэх хүүхдийн хувьд хохирогч гэх эмэгтэй *******тэй холбоотой таагүй дурсамж, бодлууд нь удаан хугацаанд хадгалагдаж ужгирсан учир хэрэг болох үед тэр хоёрын дунд тухайн таагүй дурсамжийг сэдрээх таарамжгүй үйл явдал болсон гэж ойлгож болно. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 88-89/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 229 тоот дүгнэлтэд: “1. *******ийн биед зүүн сарвууны 5-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, зулайн оройн хэсгийн шарх, дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, эрүүний баруун доод буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, зүүн шуу, бугуйн үе, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, хоёр гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, духны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  3. Зүүн сарвууны 5-р хурууны 3-р шивнүүрийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулайн орой хэсгийн шарх, дагзанд шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, /1хх 75-76/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 тоот нэмэлт дүгнэлтэд: “1. *******ийн биед зүүн сарвууны 5-р хурууны 3-р шивнүүр, баруун сарвууны 5-р хурууны 1-р шивнүүрийн хугарал, хоёр гарын бугуйнд мэдрэлийн дарагдал, зулайн оройн хэсгийн шарх, дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, эрүүний баруун доод буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, зүүн шуу, бугуйн үе, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, хоёр гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, духны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.   2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Зүүн сарвууны 5-р хурууны 3-р шивнүүр, баруун сарвууны 5-р хурууны 1-р шивнүүрийн хугарал, хоёр гарын бугуйнд мэдрэлийн дарагдал гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулайн орой хэсгийн шарх, дагзанд шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт, /1хх 87-88/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот дүгнэлтэд: “Сэтгэцийн онош: Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг F-43.1

1. ******* нь болсон хэргээс үүдэлтэй сэтгэцийн эмгэгтэй байх нь тогтоогдож байна. 2. F-43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг. 3. ******* нь 2022.03.16-ны өдөр хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан.  4. Өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай. 5. F-43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн улмаас стрессийг үзүүлэх цочмог хариу урвалын улмаас нийгэмд аюул учруулж болно.” гэсэн дүгнэлт, /1хх 81/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл, /1хх 07-08/  хохирогчийн гэрэл зураг, /1хх 09-11/  эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 13-15/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Дорнод аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч анхан шатны шүүх “... Хэрэг болсон цаг хугацаанд Хэрлэн сумын 7-р баг, 32 дугаар байрны 53 тоотод өсвөр насны шүүгдэгч *******, хохирогч ******* нар байсан бөгөөд тухайн үйл явдлыг харсан гэрч байхгүй, өсвөр насны шүүгдэгч, хохирогч нар нь сайн хөршийн харилцаатай, өсвөр насны шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн хүүхдийн хичээлийг давтуулах, ойр зуурын ажилд нь тусалж гэрээр нь орж гардаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд өсвөр насны шүүгдэгчид хохирогчийг алах шалтгаан, санаа зорилго байсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Өсвөр насны шүүгдэгч *******д хохирогч *******тэй холбоотой таагүй дурсамж удаан хугацаанд хадгалагдаж тухайн хэрэг болох үед тэрхүү таагүй дурсамж сэдрээх үйл явдал болсны улмаас хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот “... сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг...гэсэн онош бүхий дүгнэлт, шинжээч эмч Б.Батдуламын /1хх 68-69/ мэдүүлэг зэргээр нотлогдож байна.” гэсэн дүгнэлт хийж өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хохирогч *******ийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                                ШҮҮГЧИД                                            С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                             З.ЭНХЦЭЦЭГ