| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01016/И |
| Дугаар | 155/ШШ2024/00980 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2024/00980
| 2024 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2024/00980 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01016/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С ,
Хариуцагч: Х аймгийн М сумын 13 дугаар багийн 44 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, Б.Б од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 762,906 (долоон зуун жаран хоёр мянга есэн зуун зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Б нь М ББСБ-тай 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 140000596102 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарын 99384078 дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтнаас зээл авч, төлж байсан болно. Б.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй.
Өнгөрсөн хугацаанд Б.Б оос зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан.
Б.Б ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 220,931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,974 төгрөг, нийт 762,906 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.
М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Б оос зээлийн гэрээний үүрэгт нийт 762,906 (долоон зуун жаран хоёр мянга есэн зуун зургаа) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Б.Б 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр: Миний бие Баасанжав овогтой Бямбацогт нь Мобикомын Монпей зээлийн сайтаас 500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн.
Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 762,906 (долоон зуун жаран хоёр мянга есөн зуун зургаа) төгрөгийг бүрэн төлж барагдуулна. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 762,906 (долоон зуун жаран хоёр мянга есэн зуун зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 22,860 төгрөгийн 50 хувь болох 11,430 төгрөгийг хариуцагч Б.Б оос, 50 хувь болох 11,430 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 762,906 (долоон зуун жаран хоёр мянга есэн зуун зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Б оос 11,430 (арван нэгэн мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг, улсын орлогоос 11,430 (арван нэгэн мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА