Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00995

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00995

Хөвсгөл аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01071/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Г банкны төв байр хаягт байрлах, Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.Б эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,009,100.83 (дөрвөн сая есөн мянга нэг зуун төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У овогтой Б нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Г банктай ЗГ2015179136 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 15 сарын хугацаатай цалин барьцаалан зээл авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3,087,260.75 төгрөг, зээлийн хүү 401,731.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,199.39 төгрөг, нийт 3,522,191.18 төгрөг байна.

2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 5 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 414,738.48 төгрөг, зээлийн хүү 62,011.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,159.92 төгрөг, нийт 486,909.65 төгрөг байна.

Иймд дээрх 2 зээлийн үлдэгдэл нийт 4,009,100.83 төгрөгийг У овогтой Б ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч У.Б 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр: Миний бие У овогтой Б нь Г банк ХХК-аас нэхэмжилсэн 4,009,100.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Миний бие сүүлийн 6 сар ажил эрхлээгүй байсан учир төлбөрөө төлж чадаагүй.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани нь хариуцагч У.Б эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,009,100.83 (дөрвөн сая есөн мянга нэг зуун төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 79,096 төгрөгийн 50 хувь болох 39,548 төгрөгийг хариуцагч У.Б ээс, 50 хувь болох 39,548 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,009,100.83 (дөрвөн сая есөн мянга нэг зуун төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч У.Б ээс 39,548 (гучин есөн мянга таван зуун дөчин найм) төгрөгийг, улсын орлогоос 39,548 (гучин есөн мянга таван зуун дөчин найм) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА