Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00996

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00996

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01069/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х банкны Төв Албаны байр хаягт байршилтай, Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банкны Х аймаг дахь салбарын банкир М.Б ,

Хариуцагч: х, Ц.У ,

Хариуцагч: Б.Н нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 11,560,615.12 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 2,539,693.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,793.42 төгрөг, нийт 14,407,102.46 (арван дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга нэг зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Ц.У , Б.Н нар нь Х банктай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1170034798 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 24,300,000 (хорин дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч Ц.У ын Хасбанк дахь 5002544356 дугаартай дансанд 24,300,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1170034798 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 479 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч Ц.У , Б.Н нарын 1170034798 дугаартай зээлийн үлдэгдэл 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 11,560,615.12 төгрөг, хүү 2,539,693.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,793.42 төгрөг, нийт 14,407,102.46 төгрөг болоод байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1170034798 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 11,560,615.12 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 2,539,693.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,793.42 төгрөг, нийт 14,407,102.46 төгрөгийг зээлдэгч Ц.У , Б.Н нараас гаргуулахаара шаардаж байна... гэжээ.

Хариуцагч Б.Н нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр: Б.Н миний бие нь хань Ц.У ын цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр зээл авсан нь үнэн. Гэтэл миний хань ажлаар явж байхдаа осолд орж хүзүүгээ гэмтээж хагалгаанд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт орсон.

Иймээс цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм. Х банкнаас нэхэмжилсэн 14,407,102.46 төгрөгөөс төлөхийг зөвшөөрч байна. гэх,

Хариуцагч Ц.У нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд: Миний бие Цогбадрах овогтой Уламбаяр Х банкнаас нэхэмжилсэн 14,407,102.46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ослын улмаас хоёр жил ажилгүй болж зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо миний бие эрүүл болж, Х аймаг Тариалан сум дахь Онцгой байдлын аврах 46 дугаар ангид аврагчаар ажиллаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү . гэх хариу тайлбаруудыг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Ц.У , Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,560,615.12 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 2,539,693.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,793.42 төгрөг, нийт 14,407,102.46 (арван дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга нэг зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагч Ц.У , Б.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Ц.У , Б.Н нарын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 229,986 төгрөгийн 50 хувь болох 114,993 төгрөгийг хариуцагч Ц.У , Б.Н нараас, 50 хувь болох 114,993 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Ц.У , Б.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,560,615.12 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 2,539,693.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,793.42 төгрөг, нийт 14,407,102.46 (арван дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга нэг зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.У , Б.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.У , Б.Н нараас 114,993 (нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг, улсын орлогоос 114,993 (нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА