| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00894/И |
| Дугаар | 155/ШШ2024/01008 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/01008
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/01008 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00894/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 2 дугаар гудамжны 2б тоотод оршин суух, Ү.М ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ү.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ү.М нь шүүхэд Х аймгийн Ж сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн Худалдаа бэлтгэлийн ангид анх ажилд орсон тушаал нь Х аймгийн архивт байхгүй, 1989 оны хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны тушаал бичсэн зөрчилтэй учраас миний тус байгуулллагад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм...гэв.
Хүсэлт гаргагч Ү.М нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Худалдааны техникумаас 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ү.М д олгож, цээж зургийг наан, зохих бичилтүүд хийгдсэн 339912 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 08/91 дүгээр албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Ж сумын ХБ ангийн даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр Буцалтгүй тэтгэмж олгох тухай, 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр Тооллогын комисс томилох тухай, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар Зөвлөл байгуулах тухай, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 15-ний өдөр гэсэн дардас дарагдсан Ж сумын Жаргалант хэрэглээний хоршооны даргын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалууд зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж, Д.Ц-ыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн Худалдаа бэлтгэлийн ангид анх ажилд орсон тушаал нь Х аймгийн архивт байхгүй, 1989 оны хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны тушаал бичсэн зөрчилтэй учраас миний тус байгуулллагад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Худалдааны техникумаас 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ү.М д олгож, цээж зургийг наан, зохих бичилтүүд хийгдсэн 339912 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасгаас 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 08/91 дүгээр албан бичгээр ирүүлсэн: 1989 оны 7 дугаар сар 225, 8 дугаар сар 489, 1990 оны 01 дүгээр сарын 500, 9 дүгээр сар 594, 10 дугаар сар 1487, 11 дүгээр сар 936, 12 дугаар сар 432 гэсэн түүвэр бүхий Х аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Ж сумын ХБ ангийн даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр: Нэг:...Ү.М нарт тус бүр 250 төгрөг ...буцалтгүй тэтгэмж болгон олгосугай... гэсэн бичвэр бүхий Буцалтгүй тэтгэмж олгох тухай,
1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр: Нэг: ХБАнгийн бараа материалын 8-р сарын тооллого явуулах комиссыг доорх бүрэлдэнхүүнтэй томилсугай...
...гишүүд Ү.М туслах ня-бо... гэсэн бичвэр бүхий Тооллогын комисс томилох тухай,
1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар: Нэг: ХБАнгийн ариун цэвэр үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор ариун цэврийн зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй томилсугай.
...гишүүдэд Ү.М , тооцооны ня-бо... гэсэн бичвэр бүхий Зөвлөл байгуулах тухай,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 15-ний өдөр гэсэн дардас дарагдсан Ж сумын Жаргалант хэрэглээний хоршооны даргын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр: 1.Туслах ня-бо Ү.М г 15/X-аас,...тасалбар болгон тус тус ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалууд зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Ү.М нь Х аймгийн Ж сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Д.Ц-ын:...Ү.М нь 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Х аймгийн Ж суманд Худалдаа, бэлтгэл ангид Тооцооны нягтлан бодогчоор анх ажилд орж, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд шүүх хүсэлт гаргагч Ү.М гийн Х аймгийн Ж сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ү.М гийн Х аймгийн Ж сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА