Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

 2022          10           25                                    2022/ДШМ/20                   

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

1.Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч   

Б.Энхтүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 155 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2130002140221 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 09  дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв. 

                                                 Биеийн байцаалт:  

   1.2. Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, Дашгайн 11-06 тоотод оршин суух,

Урьд нь Төв аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацааны хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж  байсан,

Боржигон овогт ******* /РД:НВ78031615/

Холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Баянцагааны тал” гэх газар “Nissan Advan” маркийн 67-17 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “3.4.б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, ослын улмаас зорчигч Э.Энхбатын эрүүл мэндэд хүзүүний 5, 6-р нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал бүхий хүнд хохирол учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

  2.2. Сүхбаатар аймгийн Прокурорын хяналтын прокурор М.Сумъяа нь шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

   2.3. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт *******ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Боржигон овогт *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн №437353 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10,200,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

2.4. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 9 дэх заалтад тэжээгчээ алдсаны  тэтгэмжийн зөрүүг буруу тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж байна. Тухайлбал: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж хуульчилсан байна. Шүүхээс амь хохирогчийн дундаж цалин буюу 1.477.993 төгрөгөөс амь хохирогч  болон хөдөлмөрийн чадвар бүхий этгээд болох эхнэр *******т оногдох хэсгийг хасаагүйн улмаас нэг хүүхдэд оногдох тэтгэмжийн хэмжээг буруу тооцож шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн 5 гишүүнээс нэг хүнд оногдох хувь хэмжээ /1,477,993:5 хүн/ 295.598 төгрөг, нэг сарын дундаж цалин хөлсийг нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай  эхнэрт нь оногдох хэсгийг буюу /295.598 төгрөг *2 хүн/ 591.196 төгрөгийг хасахад, насанд хүрээгүй гурван хүүхдэд оногдох хэмжээ 886.797 төгрөг байгаагаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон 665.096  төгрөгийг хасаж тооцоход тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд 3 хүүхэд сар болгон 221.700 төгрөгийг буюу хүүхэд тус бүрд 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон 73.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгуулахаар байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан  ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлын арга хэмжээ  хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх,  албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримлан шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн  2022 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 9 дэх заалтад тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг буруу тогтоосныг зөвтгөж, “тогтоох” хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан ял оногдуулсныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан ял оногдуулах гэсэн өөрчлөлт оногдуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 2.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 9-р заалтад “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэг хүүхдэд оногдох 270.965  төгрөг буюу сар бүр 812.897 төгрөгийг  шүүгдэгч *******ээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор заажээ. Шүүх хүүхдийн тэтгэмжийг тооцохдоо Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т ” Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэсэн заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журмын”-ын 2.1-ийн 2.1.1-т “ нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд  олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж”  гэсэн заалтыг тус тус зөрчиж тэтгэмжийн хэмжээг буруу тооцож тогтоосноос миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хохирч байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2022.08.05-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг хянаж, 9 дүгээр заалтыг зөвтгөж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

2.6. Шүүгдэгч ******* анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр найз *******, түүний найз гээд нэг эмэгтэй /нэр мэдэхгүй, танихгүй/ нарын хамт *******ын “Sonota 7” маркийн авто машинтай Төв аймгийн Баян сумаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу Энхтөр гэдэг найзынхаа унага тамгалах найрт очих гээд өглөө 10 цагийн үед гарч яваад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас урагш машин эвдэрч, би сүлжээтэй газраас Төв аймгийн Баян сум руу найз Энхбатыг машин аваад хүрээд ир гэж ярьчихаад ирэхэд *******ын найз хүүхэн нь замын унаанд суугаад Налайх руу буцсан. Маргааш өглөө нь манай найз Энхбат, Цэрэнпагам нар манай аавын “Nissan Advan” маркийн 67-17 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж ирэхэд, эвдэрсэн машинаа орхиод бид дөрөв цааш Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу явж, засмал замаас урагш бууж 40 гаруй километр явж байхад машины дугуй гэнэт замын ховилд гуядуулаад замын зүүн гар тал руу гарч нэг удаа өнхөрч онхолдон 4 дугуйн дээрээ боссон. Тухайн үед би өөрөө машин барьж явсан. Миний хажуугийн суудалд Цэрэнпагам, арын суудалд Энхбат, ******* нар  сууж явсан. Гэтэл манай найз Энхбатын “бөгсөн бие огт хөдлөхгүй мэдээгүй боллоо, хүзүү нь эвгүй байна” гэхээр нь машины урд суудлыг дэлгэж хэвтүүлээд машинаа ослын газраас хөдөлгөж, 10 орчим километр явж Энхтөрийнд очиж,  Энхтөрийн машинд Энхбатыг шилжүүлж суулгаад  Хөлөнбуйр сумын эмнэлэг рүү  явсан. Би тухайн үед 60 километр цагийн хурдтай явж байсан шиг санаж байна. Миний хажууд сууж явсан Цэрэнпагам суудлын бүс зүүж явсан. Харин би болон хойд талын суудал дээр сууж явсан Энхбат, ******* нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би жолоо барьж явсан болохоор согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл байсан. Харин Энхбат, ******* нар Хэнтий аймгийн төвөөс нэг шил архи авч уусан. Би *******ыг буцахдаа машин барьж явна гээд архи уулгаагүй,  тэр архинаас 3-4 татсан. Харин Энхбат тэр архийг ихэнхийг уусан бөгөөд их согтолттой байсан. Би 2006 онд анх жолооны дамжаа төгсөж жолооч болсон, А, В, С ангиллын жолооны үнэмлэхтэй. Зам тээврийн ослын улмаас миний болон Цэрэнпагам, ******* нарын биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Ослын улмаас унаж явсан машины дээвэр бага зэрэг цөмөрч, салхины шил хагарснаас өөр гэмтэл учраагүй. Би найз Энхбатыгаа гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 800,000 гаруй төгрөгийн эм тариа авч өгсөн. Миний бие оршуулгын зардал болон ар гэрт нь тусламж өгч, хохирлыг барагдуулахаа илэрхийлж байгаа гэжээ.  

2.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... талийгаач маань сард дунджаар 1.500.000 төгрөгийн цалин авдаг байсан. Нийгмийн даатгалын сангаас олгогдсон тэтгэмжийн лавлагаагаар талийгаач 1.477.993 төгрөгийн цалин орлоготой байсан, 3 хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хуулийнхаа дагуу тооцож  *******ээс гаргуулж өгнө үү, би энэ талаар нарийн мэдэхгүй гэв .

2.8. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан байна. Энэ заалтын дагуу талийгаач Э.Энхбатын сарын дундаж хөдөлмөрийн хөлс  1,477,993 төгрөгөөр тогтоогдсон ба үүнийг гэр бүлийн  5 гишүүнд хувааж талийгаач болон түүний эхнэр ******* нарт оногдох хэсгийг хасаж, төлбөр гаргуулах хэмжээг тогтоох байсан. Гэтэл анхан шатны шүүхээс талийгаач Э.Энхбатын сарын дундаж хөдөлмөрийн хөлс 1,477,993 төгрөгөөс  талийгаач болон түүний эхнэр ******* нарт оногдох хэсгийг хасалгүй шууд 3 хүүхдийн тоонд нь хувааж тооцсон нь буруу болжээ. Талийгаачийн 3 хүүхдэд оногдох төлбөр гаргуулах хэмжээ нь 886,797 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрт тогтоогдсон 665,096 төгрөгийг хасаж тооцоход 221,701 төгрөг болж байна. Энэ мөнгөн дүн бол талийгаачийн 3 хүүхдэд оногдох мөнгөн дүн юм. Ингэхээр шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 9 дэх заалтад байгаа “...нэг хүүхдэд оногдох 270,965 буюу сар бүр 812,897 төгрөгийг...” гэснийг “...нэг хүүхдэд оногдох 73,900 буюу сар бүр 221,701 төгрөгийг...” гэж өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх юм. Прокурорын эсэргүүцлийн нөгөө нэг үндэслэлийн тухайд шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь ял шийтгэлийн хувьд 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Гэтэл анхан шатны шүүхээс хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл хугацаагаар тогтоосон хэрэгт хэрэглэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг мөн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад байгаа “...6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан...” гэснийг “...7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан...” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэв.

  2.9. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлол журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-т “Нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана” гэж заасныг тус тус зөрчсөнөөр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

   2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 9 дэх заалттай холбоотойгоор тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудал дээр *******т Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэмж, түүнтэй адилтах орлогыг тогтоосон байгаа.  Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу амь хохирогчийн сарын дундаж цалинг 1,477,993 төгрөг гэж тогтоосон. Улсын яллагч *******ийг оролцуулсан гэж байна. Анхан шатны шүүхээс *******ийг оролцуулаагүй, 1,477,993 төгрөгийг гурван хүүхдэд нь хуваахаар нэг хүүхдэд 492,664 төгрөг ноогдож байгаа. Эрх бүхий байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 665,096 төгрөгөөр тогтоосон. Үүнийг хуульд заасны дагуу хасаад 812,896 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэдэг байдлаар мөнгөн дүн тогтоож  гурван хүүхдэд хуваахаар нэг хүүхдэд 270,965 төгрөг ноогдож байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой байсан гэж байна. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн хуульд заасны дагуу шүүхээс гаргасан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төлөхөө илэрхийлсэн. Хохирол 17,000,000 төгрөг дээр хугацаа зааж тохирсон болохоор гомдол, санал байхгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа *******т утсаар танилцуулсан гэж дурдсан байна. Давж заалдах гомдол гаргасны дараа хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчтэй холбогдоход ийм давж заалдах гомдол гаргасныг мэдээгүй гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж байгаа тохиолдолд шүүгдэгчид урьдчилан танилцуулна гэж заасан байдаг. Шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  *******т  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд  хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

          3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэн, хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тухайлбал:

3.а. Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Баянцагааны тал” гэх газар Nissan Advan маркийн  67-17 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашиныг жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх,  хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж, зорчигч Э.Энхбатын эрүүл мэндэд хүзүүний  5, 6-р нугалмын хугарал, мултрал, нугас дарагдан, няцарсан хүнд хохирол учирснаас амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн  нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

3.б. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн: “Би 2 Алтай хотод байхдаа нөхрийгөө осолд орсон талаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед сонсоод маргааш нь хот руу гараад шөнө 01 цагт гэмтлийн эмнэлэг дээр очиход манай нөхрийг Дорнодоос авчраад хүлээн авахын өрөөнд оруулсан байхад нь  уулзаад “бие нь яаж байна, хаана чинь өвдөж байна” гэхэд нөхөр “гар өвдөж байснаа өвдөхөө больсон, гар, хөл, ямар ч мэдээгүй байна” гээд ойр зуурын юм ярьж байхад эмч нар сэхээний тасаг руу аваад явсан. Манай нөхрийг дүү нь сахиж байсан, түүнээс хойш уулзаагүй байж байгаад 9 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан. Нөхөр маань дүүдээ “Түмэнцэрэг машин барьж явахдаа ширүүн яваад байхаар нь зөөлөн яв гэж  хэлсэн” талаар ярьсан байсан. ******* одоогийн байдлаар 3,500,000 төгрөг миний данс руу шилжүүлж, эмнэлэгт хэвтэж байхад нь 624,000 төгрөгийн эм, тариа авч өгсөн. Эмчилгээний зардал 10,641,000 төгрөг, оршуулгын зардал 15,620,000 төгрөг нийт 27,000,000 төгрөг болсныг төлнө гэдгээ илэрхийлсэн. Нөхөр маань сард 1,200,000-1,500,000 төгрөгийн цалин авч амьдралаа залгуулдаг байсан. 3 хүүхэд минь өнчирч, настай ээж нь одоо ч хүүтэйгээ уулзаж чадаагүй гээд уйлж байдаг, би ч гэсэн амьдралын түшиг болсон ханиа алдсан. ******* 10,200,000 төгрөг өгсөн, эмчилгээний болон оршуулгын зардлаас үлдсэн мөнгийг  нэхэмжилнэ”  гэх   мэдүүлэг /1хх-28/,  

3.в. Гэрч Д.Цэрэнпагмын: “Манай найз ******* 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойролцоо машин эвдэрлээ, Энхбатыг дагуулаад хүрээд ир” гэж утсаар ярьсан. Би Энхбатын хамт Nissan Advan маркийн 67-17 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Цэнхэрмандал суманд ирж *******тэй цааш Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд байдаг түүний найз Энхтөрийн унага тамгалах найранд очихоор хамт явсан. Би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан, шороон зам дээр 40-50 км хурдтай явж байсан санагдаж байна. Осол болох үед би унтаж байсан, дотор муухай оргиод дайвалзах шиг болохоор нь сэрэхэд машин газарт хөмөрч эргээд дугуйн дээрээ тогтсон байсан, надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэр үед ******* машин бариад явж байсан, архи уугаагүй байсан.” гэх мэдүүлэг /1хх-42/ ,

3.г. Гэрч Б.*******ын: “******* бид 2 миний эзэмшлийн 95-30 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу явж байгаад машин эвдэрсэн.   ******* Жаргалтхаан сум руу яваад 11-ний өглөө аавынхаа Nissan Advan маркийн машиныг найз Энхбатаар бариулаад  эхнэртэйгээ ирсэн, бид ачаагаа тэр машинд ачаад цааш яваад шороон замд орж, очих газартаа 7-8 км ойртож байхад машин бүтэн эргэлдэж 4 дугуйн дээрээ буусан. Энхбатын ухаан эрүүл, 4 мөч мэдээгүй болчихлоо гэсэн... ******* машинаа жолоодож явсан, архи уугаагүй, 80-90 км/ц-ийн хурдтай явж байсан. Ослын үед надад гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг   /1хх-44/  ,

3.д. Гэрч *******гийн: “Nissan Advan маркийн 67-17 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай хүү Түмэнцэрэг надад худалдан авч өгсөн, гэрчилгээ миний нэр дээр байдаг хэдий ч бид хоёр ээлжээр жолооддог, жолоочийн хариуцлагын даатгалд *******ийн нэр бичигдсэн байгаа” гэх мэдүүлэг /1хх-48/ ,

3.е. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1852 дугаар шинжээчийн : “1. Цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний 5, 6-р нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  3.Талийгаач нь ходоодны шархлаат үрэвсэл, ходоод, гэдэсний замын цус алдалттай байсан нь үхэлд хүргээгүй байна.  4.Талийгаач нь хоёр уушгины хатгалгааны улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.  5.Талийгаачийн ходоод цусархаг шингэнтэй байна.  6.Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна.  7.Талийгаач нь эмчлэгдэж байсан тул согтолтын хэмжээг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1хх-50-55/

3.ж. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 478 дугаартай шинжээчдийн “1.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1852 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Зам тээврийн ослын улмаас хүзүүний нугалмуудын хугарал үүсэн нугас гэмтэх нь түгээмэл үүсдэг. Талийгаач Энхбатад зам тээврийн ослын улмаас хүзүүний 5. 6 дугаар нугалмын хугарал, нугасны няцралын улмаас их хэмжээний цээжний дээд хэсгээс доош бүх биеийн мэдээгүйжүүлэлтийн алдагдал, дөрвөн мөчдийн саажилт үүсэж албадмал  хэвтрийн байдалд орсноос амьсгал, цусны эргэлтийн алдагдал үүсэн хоёр уушгины  цочмог хатгаа / хэвтрийн хатгаа гэж нэрлэх нь бий/  үүсэн амьсгалын дутагдал болон  идээт хордлого хавсран олон эрхтний дутагдлаар нас барсан байна.  3. Хүзүүний нугалмын түвшинд нугас гэмтсэн үед үүсэх хүндрэлүүд мэс засал болон эмийн эмчилгээнд үр дүн өгдөггүй...” гэх дүгнэлт   /  2хх- 34,35/,

3.з. Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “******* нь Nissan Advan маркийн 67-17 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай” магадалгаа  /1хх-7-9/,

3.и. Зам тээврийн ослын акт, хэргийн газар, цогцос, болон тээврийн хэрэгсэлд  үзлэг хийсэн тэмдэглэл, Эд эсийн шинжилгээний илгээлт, биологийн шинжилгээний хариу, гэрэл зургууд   /1хх-13-17,18-19, 60-64, 56-59/ зэргээр тогтоогдсон болно.

4. Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  замын  нөхцөл байдлыг харгалзан  хурдаа тохируулаагүй,  хамгаалах бүсээр тоноглогдсон машинд хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, жолооч хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдмэгц хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ  аваагүйгээс зам тээврийн осолд орж зорчигчийн амь хохирчээ.

5. Шүүх шүүгдэгч *******ийн гэм бурууг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн үйл баримтыг тогтоон, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

6. Шүүгдэгчийг 7-14 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон  эцэг,  зорилтод бүлгийн иргэн болохыг  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн Засаг даргын болон Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолтууд нотолсон байна.  /1хх-83-90/

7. Шүүх *******т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  учирсан хохирлоос төлсөн, үлдсэнийг төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдал зэрэгт тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Прокурорын эсэргүүцэлд шүүх тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг буруу тооцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болон албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ мөн хуулийн нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт  заасан журмыг баримтлан шийдвэрлэхээр байна гэжээ.

9. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч *******ээс гаргуулсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг анхан шатны шүүх буруу тооцсоныг зөвтгүүлэхээр гомдол гаргасан гэжээ.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл ... нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх , эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан,  эсхүл ... нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор тус тус хуульчилсан байна.

11. Шүүх шүүгдэгч *******ийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчиж хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилсэн нь зөв боловч түүнд ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамласныг  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

12. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хорих ялын хэмжээ 1-5 жил хүртэл байх бөгөөд энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 10,200,000 төгрөг төлж, үлдэх 17,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, 7-19 насны 4 хүүхэдтэй,  өрх толгойлсон, ганц бие эцэг зэрэг хувийн байдлуудыг  харгалзан үзэж  шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь хуульд нийцнэ.

13. Хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон  түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заажээ.

14. Иргэний хуулийн дээрх заалтад талийгаачийн сарын цалин, орлогын 1,477,993 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хуваан /нэг гишүүнд оногдох 295598 төгрөг/, үүнээс амь хохирогч болон хөдөлмөрийн чадвартай эхнэрт нь оногдох / 591197 төгрөг/  хэсгийг хасаж, үлдэх 886795 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийн 665096 төгрөгийг хасаж, үлдэх 221699 төгрөгийг 3 хүүхдэд хуваан нэг хүүхдэд сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 73900 төгрөг олгогдохоор байна.

15. Анхан шатны шүүх тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тооцохдоо талийгаачийн сарын цалин орлого болох 1,477,993 төгрөгөөс амь хохирогч болон хөдөлмөрийн чадвартай эхнэрт нь оногдох хувийг хасаж тооцолгүйгээр Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул прокурорын  эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Нэг: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

            1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ”Боржигон овогт *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг  ”Боржигон овогт *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

            1.2. Тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэг хүүхдэд оногдох 270965 / хоёр зуун далан мянга есөн зуун жаран тав/  буюу сар бүр 812897 /найман зуун арван хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн *******, 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн *******, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ******* нарыг 16 нас хүртэл / суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.” гэснийг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү нэг хүүхдэд оногдох 73900 / далан гурван мянга есөн зуу/  төгрөг буюу сар бүр  гурван хүүхдэд ногдох нийлбэр дүн 221700 /хоёр зуун хорин нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн *******, 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн *******, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ******* нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

            1.3. Тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.БАЙГАЛМАА

       ШҮҮГЧИД                    О.БААТАРСҮХ

                                                            С.ОЮУНТУНГАЛАГ