Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2024/00763

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,750,671.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* банк нь Ц.*******тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ2105101904 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээлдүүлсэн. Ц.******* нь зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Иймд Ц.*******аас ...нийт 4,750,671.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банкнаас 1,500,000 төгрөгийн цалингийн зээл авч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй нь үнэн болно. Иймд надаас нэхэмжилсэн 4,750,671.22 төгрөгийг ******* банкинд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,750,671.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь “******* банк” ХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ2105101904 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг жилийн 27.60 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 4,750,671.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,750,671.22 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,961 төгрөгийн 50 хувь болох 45,480.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 45,480.50 төгрөгийг, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 45,480.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Г.ЖАРГАЛТУЯА