Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1222

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01206 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Б-ийн хариуцагч “ТС” ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг тус компанийн Хас банкны хамгаалалтыг хариуцан ахлах ажилтнаар ажиллаж сарын 1 000 000 төгрөгийн цалин авдаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/17 дугаар тушаалаар тус байгууллагын удирдлагын төвийн ээлжийн ахлах албан тушаалаас хамгаалалтын ажилтан болтол үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж салбарын хамгаалагчаар ажиллуулах болсон. Тушаал буурах болсон шалтгаан нь захирал өөрийн нохойг алах даалгавар өгсөн бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд байхгүй үүрэг даалгавар тул 2020 оны 01 дүгээр сард болсон хуралд нохойг алж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20/17 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж цалинг 600 000 төгрөг болгон хасаж, 100 айл дахь салбарт томилж ажиллуулах болсон. Иймд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулалт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б- нь манай компанид удирдлагын төвийн ээлжийн ахлахаар ажиллаж байсан. Гэрээт харуул хамгаалалтын байгууллага хагас цэрэгжүүлсэн байгууллага бөгөөд сар бүрийн эхэнд шуурхай зарлаж, ээлжийн ахлахууд ажлаа тайлагнадаг. Тухайн сарын ээлжийн ахлахуудын шуурхай хурал 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болсон бөгөөд тус хуралд гүйцэтгэх захирал болон ээлжийн ахлах Э.Б-, ээлжийн ахлах н.Аянга, шуурхай бүлгийн ахлах н.Галмандах нар байсан. Гүйцэтгэх захирал ямар ч хууль бус шаардлага тавиагүй бөгөөд тус хурлаар Э.Б-ийн талаар ээлжийн ахлах н.Отгонбаярын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийг хэлэлцсэн. Тус хүсэлтэд ээлжийн ахлах Э.Б-ийн талаар харилцагч байгууллагууд болон хамтарч ажилладаг ажилчдын зүгээс удаа дараа харилцааны талаар гомдол мэдээлэл ирж мөн шаардлага тавихад үл тоодог талаар мэдэгдсэн байсан. Удирдлагын зүгээс Э.Б-т зан аашаа засах харилцагч байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгч хамтран ажилладаг хүмүүстэй хүндэтгэлтэй хандахыг шаардсан боловч тус шаардлагыг эс зөвшөөрч дүрэм журмыг зөрчиж удирдлагатай зүй бус харьцан хурлыг орхиж гарсан. “ТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/17 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3-т “хагас цэрэгжүүлсэн байгууллагын удирдах, удирдуулах дүрэм, журам зөрчсөн, удирдах албан тушаалтантай зүй бус, ёс зүйгүй харьцсан доромжилсон” гэх заалт, тус журмын 13.1.6-д “ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн” гэх заалтыг тус тус үндэслэн Э.Б-т сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулан хамгаалалтын ажилтнаар салбарт шилжүүлсэн. гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ТС” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/017 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, Э.Б-ийг ахлах хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 382 386 төгрөгийг “ТС” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Э.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “ТС” ХХК-аас нэхэмжлэгч Э.Б-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг зохих журмын дагуу төлөх, төлсөн тухай бичилтийг дэвтэрт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд 382 386 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас 12 122 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Э.Б-ийн талаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн ахлах н.Отгонбаяраас “ТС” ХХК-ийн удирдлагад ирсэн хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд тус хүсэлтэд ээлжийн ахлах Э.Б-ийн талаар харилцагч байгууллагууд болон тэдний ажилчид, албан хаагчдаас гомдол мэдээлэл ирж, мөн шаардлага тавихад үл тоодог талаар мэдэгдсэн агуулга бүхий хүсэлтийг бичгээр өгсөн байсан. Гүйцэтгэх удирдлагаас зан харилцаагаа засах талаар Э.Б-т шаардлага тавьсныг эс зөвшөөрч удирдах, удирдуулах дүрэм журмыг зөрчиж, гүйцэтгэх удирдлагатай зүй бус, ёс зүйгүй харьцаж, доромжлон хурлын орхиж явсан. Тус хурал дээр хамт байсан ээлжийн ахлах Ц.Аянга, Б.Галмандах нар гэрчээр оролцож уг нөхцөл байдлыг нотолсон байхад шүүх гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан тайлбартай зөрүүтэй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Мөн манай байгууллага 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Хас секьюрити” ХХК-ийн оноосон нэрийг “ТС” ХХК болгон өөрчилсөн. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/046/19 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг хэвээр мөрдөхөөр баталсан ба энэхүү журам нь “Хас секьюрити" ХХК-д мөрдөж байсан хөдөлмөрийн дотоод журам бөгөөд нэр өөрчилсөн ч агуулга нь ижил агуулгатайгаар мөрдөгдөж байгаа билээ. Гэтэл анхан шатны шүүхээс Э.Б-ийг “ТС” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамтай танилцах хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтээр хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг мөн үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч “ТС” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулахаар хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“ТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/017 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-аар Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3, 13.1.6-д заасныг ноцтой зөрчсөн тул тухайн журмын 13.5.3-т зааснаар Э.Б-ийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн албан тушаал бууруулж, хамгаалалтын ажилтнаар 100 айл салбарт шилжүүлэн ажиллуулахаар сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-3/

 

Нэхэмжлэгч Э.Б- нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Хас секьюрити” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан хамгаалагч албан тушаалд ажиллаж, талууд хөдөлмөрийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сар, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан талаар зохигчид маргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. /хх 6-7, 28/

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч гэрээг цуцлах саналыг талуудын хэн аль гаргаагүй, ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн зэргээс үзэхэд Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээг сунгасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Э.Б-ийн зан харилцаа, ёс зүйн талаар удаа дараа харилцагч байгууллага болон бусад албан хаагчдаас гомдол ирсэн, энэ талаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэхэд удирдлагын шаардлагыг эсэргүүцэж, хурлыг орхин дотоод журмын 13.1.3-ыг зөрчсөн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан М.Д, н.О нарын тодорхойлолт нь хууль сануулж авсан нотлох баримтын шаардлага хангах баримт биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.Аянга, Б.Галмандах нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан тайлбартай зөрүүтэй байх тул шүүх зөрчил гаргасныг нотлохгүй гэж үзсэн нь зөв, эргэлзээ бүхий баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, шийдвэрийн үндэслэлгүй болгоогүй нь зөв.

 

Хариуцагч “ТС” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5.3-т ажилтны албан тушаалын зэрэглэл, шатлалыг бууруулах гэсэн

сахилгын шийтгэл ногдуулахаар журамласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн төрөлд заагдаагүй тул хуульд нийцээгүй журмаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж эрх зүйн байдлыг нь дордуулсныг хууль бус гэж үзнэ.

 

Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан “ТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/017 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ыг хүчингүй болгож, ээлжийн ахлах хамгаалалтын албан тушаалд томилж, нэхэмжлэгчийн цалинг албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан хавсралтад заагдсаны дагуу бодож олгохыг нягтлан бодогчид даалгаж, цалин хөлсний зөрүүг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг зохих байгууллагад тушааж дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгохоор шийдвэрлэсэн нь мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ