| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0497/Э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2017-09-25 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 415
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Т.Оргил-Очир,
шүүгдэгч О.Галбадрах, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /¹0518/
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Дондрог тайж овогт Оргилын Галбадрахад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201701000138 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалахын Их сургуулийн Автын инженерийн ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгат гудамж 39 дүгээр байр 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өргөө хотхон 72 дугаар байр 15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дондрог тайж овогт Оргилын Галбадрах /РД- УК95112338/
Холбогдсон хэргийн талаар: О.Галбадрах нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Галбадрах нь 2017 оны 6 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын" тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр бусдаас хууль бусаар олж авч, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өргөө хотхон 72 дугаар байр 15 тоот дахь гэртээ болон 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө гялгар уутны хамт 24.7 грамм хэмжээтэйг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт биедээ авч явсан үүргэвчиндээ тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9х/, Хүний биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /түүний үүргэвчнээс гялгар уутны хамт 24.7 грамм хурц эхүүн үнэртэй хар ногоон өнгийн ургамал мэт зүйл хураан авсан/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32х/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 6507 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ. Эрүүгийн 201701000138 тоот хэрэгт хүргүүлсэн эд зүйл гэсэн хаягтай шар өнгийн картон хайрцган дахь гялгар уутны хамт 24,7 грамм гэх ногоон өнгийн ургамалд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн ...зиплок түгжээ бүхий гялгар уугны хамт 5,1 грамм дотроо бор өнгийн нунтаг зүйлтэй гаднаа Parliament гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн 1 ширхэг янжуур тамхи мэт зүйлд, Хужирт гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн цэвэр усны сав зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илрэв. ...Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг.." гэх дүгнэлт /хх-ийн 61-64х/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 6508 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Шинжилгээнд ирүүлсэн ..."Оргилын Галбадрах 2017.06.27" гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв..." гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69х/; Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-81х/.
Гэрч Н.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үүрийн 04 цагийн үед ажлын хамтрагч, цагдаагийн дэд ахлагч Ө.Эрдэнбаярын хамтаар 419-р пост буюу Үндэсний музейн зүүн урд уулзварын хойд зүгээс ирэх чиглэлд тээврийн хэрэгслүүдийг шалгаж байх үедээ 42-44 УНҮ улсын дугаартай хар хөх өнгийн Бенз маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч болох Барсболд гэх залуу жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул машиныг зогсоолд байрлуулж түүнийг албаны багажин дээр жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгах гэж байх үед машинаас өвс ургамлыг шатаасан мэт эхүүн үнэр үнэртэж байсан ба машиныг жолоодож явсан залуу болон хамт явсан залуус нүдээр харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байсан ч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тандах багажаар үлээлгэж шалгахад архи согтууруудах ундааны зүйл хэрэглээгүй гэж зааж байсан нь сэжигтэй санагдаж машины доторх эд зүйлийг ерөнхий байдлаар нүдээр харж шалгахад машины жолоочийн эсрэг талын суудал доор хар өнгийн үүргэвч хийсэн байсан ба түүнийг би энэ хэний цүнх юм бэ гэж асуухад машинд сууж байсан залуу миний цүнх гэж хэлсэн тул түүгээр цүнхэн доторх эд зүйлийг гаргуулан шалгаж байх үед цагаан өнгийн ууттай хүний атганы хэмжээтэй нунтаглаж хатаасан өвс, ургамал мэт зүйл гарч ирсэн юм. Тэгээд өөрийн удирдах дарга болох тасгийн дарга, цагдаагийн ахмад Бат-Эрдэнэд мэдэгдэж Хар тамхитай тэмцэх газарт дуудлага өгснөөр хар тамхитай тэмцэх газрын бүрэдэхүүн шуурхай ирж шалгасан. ...Бид хоёрыг шалгаж байх явцад тээврийн хэрэгсэл дотор мансууруулах бодис хэрэглэсэн байж болох шинж тэмдэг илэрч байсан ба тэр нь машин дотроос эхүүн хурц үнэр үнэртэж байснаас гадна, мансууруулах сэтгэцэт нөлөөт хэрэглэсэн, ашигласан байж болох хужирт гэсэн бичигтэй 0,5 литрийн цэвэр усны сав дотроо ямар нэгэн зүйлгүй, савыг цоолсон байдалтай байсан. Уг тээвриин хэрэгслиин жолоочийн хувьд ярихдаа удаан бөгөөд зөөж ярьж байсан, харин зорчигч залуугийн хувьд нилээн сонин сэжигтэй, үг яриа нь ойлгомжгүй ярихдаа удаан, биеэс нь эхүүн муухай үнэр үнэртэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 50х/
Гэрч Ө.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цагдаагийн ахлагч Н.Ганзоригийн хамтаар 419-р пост буюу Үндэсний музейн зүүн уулзварын хойд зүгээс ирэх чиглэлд тээврийн хэрэгслүүдийг шалгаж байх үедээ 42-44 УНҮ улсын дугаартай хар хөх өнгийн Бенз маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ...машинаас өвс ургамлыг шатаасан эхүүн үнэр үнэртэж байсан ба машиныг жолоодож явсан залуу болон хамт явсан залуус нүдээр харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байсан ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тандагч багажаар үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж зааж байсан нь сэжигтэй санагдаж машины доторх эд зүйлийг ерөнхий байдлаар нүдээр шалгахад машины жолоочийн эсрэг талын суудал доор хар өнгийн үүргэвч байсан ба Ганзориг энэ хэний цүнх юм бэ гэж асуухад машинд сууж явсан залуу миний цүнх гэж хэлсэн тул түүгээр цүнхэн доторх эд зүйлийг гаргуулан шалгаж байх үед цагаан өнгийн ууттай хүний атганы хэмжээтэй нунтаглаж хатаасан өвс, ургамал мэт зүйл гарч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51х/
Гэрч З.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн өдөр би өөрийнхөө 60-75 УБН улсын дугаартай импреза маркийн автомашиндаа хормой хийлгэхээр найз Галбадрахыг гуйж бид хоёр хамт хийхээр болоод орой ...найз Барсболдын байрны гадаа байдаг зогсоол дээр машиныхаа хормойг Галбадрахын хамтаар хийсэн, тэр үед Барсболд руу залгаж хаана байгаа талаар асуухад "гэрийн гадаа хүлээж бай, би аав ээж болон найз охиныхоо хамтаар гэртээ харихаар очиж байна" гэж хэлээд удалгүй гэрийнхээ гадаа ирж аав, ээжийгээ буулгаж өгчихөөд бид хоёр дээр ирээд найз охиноо хүргэж өгчихөөд ирье гээд явсан, ингээд ойролцоогоо 30 гаран минутын дараа ирсэн, би тэр үед машиныхаа хормойг янзлаад дуусаж байсан тул Барсболдыг ирсэний дараа ...би шөнийн 02 цаг дөхөж байх үед ядраад өглөө нь эмнэлэг рүү очих ажилтай байсан учраас хоёр найздаа ажилтай гэж хэлээд Барсболдод Галбадрахыг гэрт нь хүргээд өгчихөөрэй" гэж хэлээд машинаас Галбадрахын цүнхийг нь авч өгөөд гэртээ харихаар явсан. Харин 2017 оны 6 дугаар сарын 27-ны орой надруу Барсболдыи ээж нь утсаар залгаад Галбадрах, Барсболд хоёрыг хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагад баригдсан байна гэж надад хэлсэн. Энэ үед нь би өчигдөр орой уулзаад салсан болох талаараа хэлсэн, надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х/
Яллагдагчаар шалгагдсан Б.Барсболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би очоод бид нар 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл явах талаараа ярилцаж байх үед Тэмүүлэн найз нь ядраад байна өглөө эмнэлэг орох ажилтай чи Галбадрахыг хүргээд өгчихөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн, ингээд машинаа унаад түрүүлээд явсан, тэр үед Галбадрах Тэмүүлэнгийн машинаас өөрийнхөө үүргэвчийг аваад миний машинд сууж бид хоёр Галбадрахын гэр руү хөдөлсөн. Ингээд Галбадрахын гэр рүү явж байх замд Галбадрах өөрийнхөө цүнхнээс жижиг гялгар уутанд хийсэн зүйл гаргаж ирээд "энэ нөгөө өвс гэдэг юм ш дээ хоёулаа сонирхож, хэрэглэж үзэх үү" гэхээр нь "дэмий юм дэмий ш дээ" гэж хэлсэн, ингээд Гапбадрахын гэрийн гадаа очоод тухайн өвс гэх зүйлээс нь хэрэглэж үзэхээр болоод Хужирт цэвэр усны савыг дээр доор нь нэг, нэг удаа цоолж дотор нь өвснөөс нь хийж асааж үзсэн боловч болохгүй болохоор нь савыг нь базаад машины урд суудлын шалавчин дээр шидчихсэн. Үүний дараа бид хоёр ундаа зайрмаг авахаар Түц хайж явж байх үед Галбадрах машины урд суудал дээр суугаад юм хийж байх шиг байснаа янжуур тамхи мэт зүйл асаагаад өөрөө эхэлж 1-2 удаа сороод ханиалгаад надад өгөөд сороод үз гээд надад өгөхөөр нь би аваад 1 удаа сороод ханиалгаад хоолой гашуун оргиод бие эвгүй оргихоор нь буцаагаад Галбадрахад өгсөн, түүнийг Галбадрах таталгүй цонхоор хаясан гэж байсан. ...Тэр өдөр би машинаараа Галбадрахыг хүргэж өгөх гээд явж байсан болохоор усны сав болон янжуур тамхины тамхи байх хэсэгт хийсэн өвс гэх зүйл нь миний машинаас илэрсэн, тэдгээр зүйл нь минийх биш гэдгийг Галбадрах өөрөө мэдэж байгаа бөгөөд замын цагдаагийн ажилтанд баригдах үедээ цүнхнээсээ гялгар ууттай өвсөө гаргаж ирээд өөрийнхөө болох талаар хэлж хүлээн зөвшөөрсөн. Тэрнээс би дээрх хоёр эд зүйлийг ээжийнхээ машинд хадгалаагүй...” /хх-ийн 117-118х/
Яллагдагч О.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 6-8-ны өдөр санагдаж байна, ганцаараа 40 мянгатын байрны ойролцоо алхаж байх үед урьд өмнө нь зүс таньдаг байсан ПС тоглоомын газар тоглож байдаг, нэрийг нь мэдэхгүй тоглодог нэр нь "Shooter" буюу Монголоор буудагч гэсэн нэртэй 35-38 орчим насны залуутай таарсан, тэр үед юм ярьж байгаад салах үед надад гялгар ууттай гарын атганд багтах хэмжээний нунтаг зүйл өгсөн ба "үүнийг хэрэглээд ПС тоглоод үзээрэй, өөрчлөлт гарна хэрэглэх үедээ тамхин дотор хийгээд юм уу эсхүл интернетээр Каннабис гэдэг утгаар хайх юм бол яаж хэрэглэх нь гараад ирнэ" гэж хэлээд өгөхөөр нь аваад өөрийнхөө үүрч явсан хар өнгийн цүнхний пүүз хийдэг тасалгаа руу хийгээд орхисон байсан, ингээд 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр би өөрийн найз Тэмүүлэнгийн хамтаар гадуур машинтай нь явж байгаад шөнө 00 цагийн үед Барсболдын гэрийн гадаа очсон, Барсболд ...01 өнгөрч байх үед ганцаараа буцаж ирсэн, ингээд Тэмүүлэн ... "би ядраад байна, гэртээ харилаа" гээд түрүүлээд явсан ба явах үедээ миний цүнхийг аваарай гээд өгөхөөр нь авах үед дотор хэсэгт зүс таних ахаас авч байсан гялгар ууттай зүйл гарт баригдаад мэдрэгдсэн, тэр үед нь би мартсан байсан тул цүнхнээсээ гаргаж ирээд нөгөө ахын өгч байсан зүйл гэдгийг санаад Барсболдод хандан "нээрээ энэ өвс гээд ургамал байгаа, хоёулаа үүнийг хэрэглэж үзье" гэхэд Барсболд тэгье гээд манай байрны гадаа очиж хэрэглэхээр болоод Барсболдын ээжийнх нь 42-44 УНҮ улсын дугаартай Бенз Е320 маркийн аввтомашинаар манай байр болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 72 дугаар байрны ойролцоо очиж зогсоод машин дотроо миний i Pad-aap интернет орж Каннабис гээд хайлт хийхэд түүнийг хэрэглэх бичлэг гарч ирэхээр нь сонирхож машинд байсан Хужирт цэвэр усны савыг хоёр цоолж дотор нь өвснөөсөө хийж гаднаас нь халааж үзсэн боловч болохгүй болохоор нь болиод доторхыг нь сэгсэрч асгаад савыг нь машины урд суудалны шалавч хэсэг рүү хаясан. Ингээд тухайн өвсний үнэр нь машинаас үнэртээд муухай байсан тул бид хоёр тухайн өвсийг янжуур тамхины тамхи байх хэсгийг нь аваад оронд нь өвснөөсөө хийгээд татаж үзэхээр болоод нэг, нэг бэлэн тамхи авч байгаад доторхи тамхийг нь асгаж надад байсан өвснөөс тамхины оронд хийж урд хэсгийг нь чимхээд би өөрийнхөө бэлдсэн өвсийг асааж татаж үзэхэд эхүүн үнэртэй гашуун таатай зүйл биш байсан, ингээд түүнээс Барсболд аваад бид хоёр ерөнхийдөө хувааж татаад бага зэрэг үлдсэнийг нь татаж чадалгүй цонхоор гаргаад шидчихсэн, харин Барсболдын бэлдсэн өвсийг таталгүй машины голын хайрцганд үлдээсэн байсан. Ингээд би гэртээ орох гэтэл миний хувцас болон биенээс тухайн өвсний үнэр үнэртэж байсан ба хэл ам ээдрээд ярихад хэцүү бие сульдаад байгаа мэдрэмж төрөөд байсан учраас би Барсболдод хандан би "намайг Ард кино театр руу эмээгийнд хүргээд өгөөчээ" гэж хэлтэл хоёулаа замаараа ундаа зайрмаг аваад тэгээд хүргээд өгье гэж хэлээд замаараа түц орчихоод манай ээмээгийнх рүү явж байх үед замд замын цагдаа зогсоож машины бичиг баримтыг болон жолоо барьж байсан Барсболдын бичиг баримтыг шалгахад Барсболд жолооны үнэмлэхгүй байсан тул машиныг зогсоолд оруулж зогсоогоод хоёр цагдаа ирээд машинаас чинь өвс үнэртээд байна гэж хэлтэл Барсболдыг нэг цагдаа нь үлээлгэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж үзсэн ба үргэлжпүүлээд машины доторх байдлыг хараад миний хар цүнхийг хараад энэ хэний цүнх вэ гэж асуухаар нь би өөрийнхөө болох талаар хэлж доторх эд зүйлийг нь гаргаж шалгуулахад гялгар ууттай өвс гарч ирсэн. ...Би тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад зарж борлуулах санаа зорилго байгаагүй, тухайн зүс таних хүн өгөхөөр нь сонирхож аваад цүнхэндээ хийж мартаад 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гарах үедээ цүнхэн дотроо биеийн тамирын өмдөө хийгээд гарах үедээ аваад гарсан, түүнээс өмнө нь мартаад гэрт байлгаж байсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.Галбадрахад холбогдуулан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд яд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Галбадрах нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахыг зөвшөөрч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дондрог тайж овогт Оргилын Галбадрахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Галбадрахад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар О.Галбадрахыг тэнсэн хянан харгалзсан 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг болгох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гялгар уутны хамт 24.7 грамм ногоон өнгийн өвч ургамал мэт зүйл, дотороо бор өнгийн нунтаг зүйтэй гаднаа парламент гэсэн бичлэгтэй цагаан өнгийн 1 ширхэг янжуур тамхи мэт зүйл, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 5 грамм, дотор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон савны доод болон дээд хэсэгт нэг удаа цоолсон Хужирт гэсэн бичиглэлтэй 0.5 литрийн цэвэр усны сав зэргийг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
5.О.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ