| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/05062/И |
| Дугаар | 102/ШШ2024/04070 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04070
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/04070 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б
Нэхэмжлэгч: Э.Э
Нэхэмжлэгч: Э.Б
Хариуцагч: Д.Э
Баянгол дүүргийн ...хамтран өмчлөгчөөр Э.Э., Э.Б., Э.Б. нарыг тогтоолгож, Г.Б., Э.Э., Э.Б., Э.Б. нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, өмчлөлийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөр 23,610,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
15.085.496 төгрөгийг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөс Г.Б.г хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, түүний өмгөөлөгч Н.Б, гэрч Н.С, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б, Э.Э, Э.Б нар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Э бид хоёр тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлуулах үед тус байр “Хаан” банк ХХК-ийн лизингийн түрээсийн зээлтэй байсан учраас тухайн шүүхийн шийдвэрээр банкны зээлийг дууссан үед байрны асуудлаа шийдээрэй гэж дүгнээд шийдвэрлээгүй орхисон. Ингээд байрны зээл 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дууссанаар миний бие 2023 оны 10 дугаар сарын 09-ний нэхэмжлэлээ гаргасан. Тухайн үед хоёр хүүхэд насанд хүрсэн боловч бага охин насанд хүрээгүй байсан учраас тэтгэмж тогтоосон. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны 16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Э, Э.Б, Э.Б нарыг тогтоолгож, Г.Б, Э.Э, Э.Б Э.Б нарын өмчлөлд орон сууцыг шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөр 23,618,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.“ гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь нийт 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэг дэх шаардлага буюу маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлийн гэрчилгээ дээрээ Г.Б, Д.Э нарын нэр дээр байдаг. 3 хүүхдийн нэрийг улсын бүртгэлд оруулах нь хууль ёсны биш. 2 том хүүхэд нь тусдаа гараад амьдраад явсан. Маргаан бүхий орон сууцнаас Д.Э...г гаргаж албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй. Харин бага хүүхдэдээ тэтгэлэг төлөөд явна. Д.Э нь тухайн орон сууцыг зээлээр авч тасралтгүй одоог хүртэл төлж ирсэн. Хариуцагч нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан сахрын өвчтэй, группт байдаг хүн. Хамтран өмчлөлийн бий болгоход оролцсон оролцооноос харахад Д.Э нь дангаараа төлж ирсэн. Харин ч хүүхдүүд нь аавыгаа өвчтэй учир тэжээн тэтгэх үүрэгтэй. Түрээсийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрлэлтээ цуцлуулсан хүнийхээ түрээсийн төлбөрийг төлөх үүрэг байхгүй. Түрээсэлж байгаа объект 2 хүний нэр дээр байсан боловч нэг хүн нь гарын үсэг зураагүй, мөн улсын бүртгэлд хуульд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулж бүртгүүлээгүй тул хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. 2 хүн гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн нэгнийгээ тэжээн тэтгэх үүрэг байхгүй. Насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу хуулийн дагуу тэтгэмжээ төлөөд явж байгаа. Асран хамгаалж байгаа хүн нь хүүхдээ хаана амьдруулахыг өөрсдөө мэднэ. 2 том хүүхэд нь бол аль хэдийн тусдаа гараад хүүхэдтэй болоод явсан. Харин ч 70 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг харин ч хүүхдүүд нь тэжээн тэтгэх ёстой.” гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагчаас 15.085.496 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.Б, Д.Э--тэй гэр бүлийн харилцаа хамааралтай байх үедээ мөнгөн хуримтлалыг бий болгосон. Нэхэмжлэгч өөрөө энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд ярьсан бөгөөд 25.000.000 төгрөгийн мөнгөн хуримтлалтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч ипотекийн зээлийн буцаан олголтын мөнгийг ямар ч төлөлт хийгээгүй боловч өөрөө авсан. Мөн сургалтын төлбөрийн буцаан олголт 5.170.000 төгрөг дээр 25.000.000 төгрөгийг нэмээд 30.170.982 төгрөг 82 мөнгөний мөнгөн хадгаламж бүрдүүлэн одоо түрээслэн амьдарч байгаа байраа худалдаж авсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд бидний сүүлд татварын албанаас авсан баримтаар энэ данс руу орсон нь тогтоогдож байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасны дагуу гэр бүл болсноос хойш олсон орлого хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзээд 15.085.496 төгрөгийг шаардсан. Хоёр дахь шаардлага маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс Г.Б-г хасуулах шаардлага бөгөөд хариуцагч зээлийн төлөлтийг 2011 оноос хойш 12 жил тасралтгүй төлж, анх урьдчилгаа 11.500.000 төгрөгийг төлж нийт 71.600.067 төгрөгийг ганцаараа төлсөн байдаг ба нэхэмжлэгчийн оролцоо байгаагүй. Нэхэмжлэгч эсрэгээрээ мөнгөн хуримтлал үүсгэж, байр авч, хамтын амьдралтай гэр бүлийн гишүүн байх үедээ эмч хүн инсулин тариа авсан зохисгүй үйлдэл гаргасан байдаг. Иймд хамтран өмчлөгчөөс хасуулах шаардлагыг гаргаж байна.” гэв.
4. Нэхэмжлэгч Г.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “ Тухайн байрыг ипотекийн зээлээр авахад 2012 онд татварын баримтаас харахад 3 хувааж 3.000.000 төгрөгийг авсан. Тэр үед би төрийн албанд ажиллаж байсан учраас буцаан олголт миний данс руу орж ирсэн. Буцаан олголтын мөнгө бидний амьдралд хэрэглэгдээд дууссан мөнгө. Э.Э төгсөхдөө 1.500.000 төгрөгийн төлбөр тушаадаг байсан бөгөөд буцаан олголтын мөнгөөр төлсөн. Надад хэдэн сая төгрөгөөр авсан зүйлгүй. Ямар шалтгаанаар миний нэрийг байрны эзэмшигчээс хасах болсон гэдгийг би ойлгогүй байгаа учраас зөвшөөрөхгүй. Байрны зээлийг Д.Э-г төлсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч би улсад тасралтгүй ажиллаж байсан. Д.Э 2014 онд хорт хавдар тусч, 2019 онд группээс хасагдсан. Үүнээс хойш 2022 онд сахраар групп тогтоолгосон байсан. Тэр үед сахартай байсан боловч би өөрөө эмч учраас эмнэлгийн хяналтад байлгаж, Д.Э эрүүл мэндийг бараг л авч явсны эцэст сүүлд нь шүүхэд дуудагдсан. Иймд Д.Э зээлийг төлсөн гэх үндэслэлээр намайг өмчлөгчөөс хасах үндэслэл биш гэж бодож байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дансны хуулга, ... засаг даргын тодорхойлолт, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээ, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0971 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0970 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0961 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулга, мемориалын баримт /хх 187-216/, төлбөрийн баримт /хх 217-218/, зээлийн гэрээний хавсралт /хх 222-223/, эсийн сорьцын шинжилгээний хуудас /хх 224-226/, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23/37 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт, Чингэлтэй дүүргийн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, дансны хуулга, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийдвэр, ... эрүүл мэндийн төвийн чанар аюулгүй байдлын алба, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтай хорооны Хариу хүргүүлэх тухай, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай “Батламж”, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Барьцааны гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нар нь ....16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Э., Э.Б., Э.Б. нарыг тогтоолгож, Г.Б., Э.Э., Э.Б., Э.Б. нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, өмчлөлийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөр 23,610,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 15.085.496 төгрөгийг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөс Г.Б...г хасуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Б...г эхийн асрамжид үлдээж, эцэг Д.Э...с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлүүлжээ.
Шүүх талуудын гэрлэлтийг цуцлах үед маргаан бүхий орон сууц “Хаан” банк ХХК-ийн зээл болон барьцааны гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэгдэж, зээлийн хугацаа 2023 онд дуусгавар болох шалтгаанаар хамтран өмчлөн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй орхисон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Б..., хариуцагч Д.Э... нар эрхийн улсын бүртгэлийн ...орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн болон үл хөдлөх хөрөнгийн үнэ 71.601.067 төгрөг талаар маргаагүйгээс гадна зах зээлийн үнэлгээ хийлгэхээс татгалзсан болно.
9. Шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо байгаа хөрөнгийн хэмжээг үндэслэл болгоно. Мөн гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Гэрлэгчид 2019 онд гэрлэлтээ цуцлуулах үед 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Э. 25 настай, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Б.19 настай, 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Б.12 настай байсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;”, 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.3 дахь хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” гэж зааснаар Д.Э., Г.Б. Э.Э., Э.Б. Э.Б. нар гэр бүлийн гишүүд байсан нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;” гэж зааснаар зохигчид 1994 онд хамтран амьдарч, 2000 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор дээрх үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хаан” банк ХХК-ийн орон сууцны зээлд хамрагдан авсан үйл баримт нотлогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.
Гэхдээ Г.Б. Д.Э. нарын өмчлөх эрхийг тодорхойлсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хүчин төгөлдөр, түүнд өөрчлөлт оруулахаар Г.Б., Э.Э. Э.Б.нар шаардлага гаргаж байгаагүй тул дээрх орон сууцыг гэрлэгчдийн буюу Г.Б., Д.Э. нарын дундын хөрөнгө гэж үзнэ. Иймээс Э.Э., Э.Б. нар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхгүй.
Иймээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт “гэрлэлт цуцалсан тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо хүүхдийн ашиг сонирхлыг харгалзах ба гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Мөн шүүх өөрөөр тогтоож болно” гэж зааснаар насанд хүрээгүй Э.Б, Г.Б, Д.Э нарт орон сууц адил тэнцүү ногдоно.
10. Зохигчид зээлийн төлбөрт 71.601.067 төгрөгийг төлснөөр зээл хаагдсан, орон сууны зах зээлийн үнийн талаар хэн аль нь хүсэлт гаргаж маргаагүй, үнэлгээ тогтоолгохоос татгалзсан тул орон сууцны зах зээлийн үнийг зээл төлж хаасан үнийн дүн 71.601.067 төгрөгөөс тооцож, гэр бүлийн гурван гишүүнд ногдох хэсгийг хуваарилах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлт цуцалсан хугацаанаас хойш хариуцагч нь орон сууцны зээлд 12,007,429 /нэхэмжлэгчээс суутгуулсан 525,000 төгрөгийг хасаж тооцов./ төгрөг төлснийг хуваарьт хөрөнгөөр төлсөн гэж үзэх тул түүнийг хасаж, үлдэх 59,593,638 төгрөгийн үнэлгээнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно.
Нэг хүнд 19,864,546 төгрөг ноогдох бөгөөд Г.Б Э.Б нарт 39,729,092 төгрөг байхад Д.Э хуваарьт хөрөнгөөрөө төлсөн 12,007,429 төгрөгийг оролцуулаад 31,871,975 төгрөг ноогдож байна.
Орон сууцны дийлэнх хэсэгт Г.Б, Э.Бнарт ногдож байх тул орон сууцны өмчлөгчөөр Э.Б тогтоож, Г.Б Э.Б нарын өмчлөлд орон сууцыг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс 31,871,975 төгрөг гаргуулан хариуцагчид олгох үндэслэл бүрджээ.
11. Нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулсны дараа хүүхдүүдийн хамт орон сууцнаас нүүж, ...орон сууцыг сарын 420.000 төгрөгөөр өнөөг хүртэл түрээслэн охин, хүү, ач, зээ нарын 7 ам бүл хамт амьдарч байгаа тул хариуцагчаас өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөрийн тал хувь 23,610,000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна.
Гэрлэлт цуцлагдсанаар гэрлэгчдийн бие биеэ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” заасан үндэслэлд хамаарахгүй байх тул түрээсийн төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
12. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн орон сууцны өмчлөлөөс Г.Б...г хасуулах сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүйгээс гадна Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан үйл баримт тогтоогдохгүй байх тул сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
13. Иймд ....орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Буян-Ундаргыг тогтоож, тус орон сууцыг Г.Б, Э.Б нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г.Б-с 31.871.973 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Э олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага буюу Э.Э, Э.Б нарыг хамтран өмчлөгчөөр тогтоолгох, тэдгээрт өмчлөлийг шилжүүлэх, түрээсийн төлбөрт 23,618,000 төгрөгийг гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 678.827 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн... дугаартай, ... орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Б-г тогтоож, орон сууцыг Г.Б, Э.Б нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д.Э-д даалгаж, орон сууцыг хариуцагч Д.Э-н эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г.Б-с 31,871,975 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон Г.Б-с 15.085.496 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөс Г.Б-г хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,827 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ